Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2023/00435

 

 

2023 оны 02 сарын 02 өдөр                Дугаар 183/ШШ2023/00435                   Улаанбаатар хот

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Д.Мөнхцэцэг, шүүгч Н.Гэрэлтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х дүүрэг, 1102 тоотод оршин суух, Д овогт С.Б /РД:*********/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, 1 тоотод  хаягт байрлах, М ХХК /РД:*******/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 22/12 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан ажил болох Үйл ажиллагааны менежерийн ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш шүүх хуралдаан болох өдөр хүртлэх хугацааны цалингийн зөрүүг гаргуулах, нэр төрийг үндэслэлгүйгээр гутаасан мэдээг тараасан хэлбэр хэрэгслээрээ няцаах үүргийг хариуцагчид даалгуулах тухай  нэхэмжлэлийг 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б,

Хариуцагчийн төлөөлөгч А.Б

Хариуцагчийн өмгөөлөгч К.Ж,

Иргэдийн төлөөлөгч Д.Э, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Үүрийнцолмон нар оролцов.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч С.Бнь хариуцагч М ХХК-д холбогдуулан 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 22/12 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан ажил болох Үйл ажиллагааны менежерийн ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш шүүх хуралдаан болох өдөр хүртлэх хугацааны цалингийн зөрүүг гаргуулах, нэр төрийг үндэслэлгүйгээр гутаасан мэдээг тараасан хэлбэр хэрэгслээрээ няцаах үүргийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр М ХХК-д “Үйл ажиллагааны менежер”-ийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Гэтэл 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр тус компаний Гүйцэтгэх захирлын 22/12 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.1, 78.1.9-р зүйлийг үндэслэн намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Миний бие ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэж байсан ба ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүйг надтай хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ. Гэтэл 2022 оны 5 дугаар  сарын 04-ний өдөр М ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Б-ийн нөхөр ахлах зөвлөх Т.Г нар намайг 30000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг силикон хулгайлсан гэж миний нэр төрд халдаж, нэр хүндийг минь гутаасан. Улмаар миний бие энэ талаар компаний удирдлагуудад хандаж яагаад намайг ингэж гүтгэж, миний нэр төрийг гутааж байгаа талаар хэлсэн боловч тэдний зүгээс ямар ч үндэслэл нотлох баримтгүй атлаа “чи авсан, чамайг авсан гэж бодож байна” хэмээн гүтгэж миний нэр хүндийг гутаасан. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж заасан. Ийнхүү үндэслэлгүй, нотлох баримтгүйгээр миний нэр төрд халдаж нэр төрийг минь гутааснаар барахгүй намайг ямар ч үндэслэлгүйгээр 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 22/12 дугаартай тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Мөн надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнийхээ 9 дүгээр зүйлд цалин хөлсийг сарын 2 500 000 төгрөгөөр тохирч тусгасан боловч надад гэрээнд заасан цалингаас бага хэмжээгээр буюу 2 000 000 төгрөгөөр цалин олгож гэрээгээ зөрчиж байсан.

Иймд М ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 22/12 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил болох М ХХК-ийн Үйл ажиллагааны менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш шүүх хуралдаан болох өдөр хүртлэх хугацааны цалингийн зөрүүг гаргуулах,  хамт олны минь дунд миний нэр төрийг үндэслэлгүйгээр гутаасан мэдээг тараасан хэлбэр хэрэгслээрээ буюу хамт олны минь дунд няцаах үүргийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

1.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргааны гол нотлох баримт бол тус компанийн Гүйцэтгэх захирлын 22/12 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан эсэхэд хууль зүйн дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлага хангах эсэхийг шүүх бүрэлдэхүүн шийднэ. Хариуцагч хариу тайлбартаа нэхэмжлэгчийг өөрийн хүсэлтээр өөрөө зөвшөөрөөд ажлаас гараад явсан гэж байна. Хэрэв нэхэмжлэгч өөрөө зөвшөөрөөд гарсан бол нэхэмжлэгчийн ажлаас гарахыг хүссэн өргөдөл байх ёстой. Гэтэл тийм өргөдөл байхгүй, одоо ч шүүхэд үндэслэлгүй халагдсан гэж гомдлоо гаргасан явж байна. Дараагаар нь тухайн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх хэсэг, 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх хэсгүүдийг үндэслэн үйл ажиллагааны менежер С.Б-г 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосугай гээд гүйцэтгэх захирал А.Б гэсэн байгаа юм. Тушаалын үндэслэл болгож байгаа 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх хэсэгт талууд харилцан тохиролцсон гэх зүйл заалт байгаа хэдий ч үүнтэй холбоотой баримт хавтаст хэрэгт огт байхгүй, харилцан тохиролцсон гэдгийг нэхэмжлэгч зөвшөөрдөггүй. Тушаалын үндэслэл хангагдаагүй учир тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрэв нэхэмжлэгчийг өөрөө хүсэж гарсан гэж үзэж байгаа бол тушаал дээр 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх хэсэг биш 79  дүгээр зүйлийн 79.1.1 дэх хэсгийг баримтлах ёстой байсан. Мөн хариу тайлбар болон гэрчүүдийн мэдүүлэгт дурдсан хугацаа нь бүгд зөрүүтэй байгаа тул энэ нь тогтворгүй, эргэлзээтэй байна гэж үзэж байна. Тиймээс эдгээр байдал болон тушаал нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн ажилд эгүүлэн тогтоох шаардлагыг хангаж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэг зүйлийг тодруулж хэлбэл хөдөлмөрийн гэрээнд цалинг 2 500 000 төгрөг гэсэн хэдий ч нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримтаар 2 000 000 төгрөгийг олгож байсан болох нь тогтоогдож байна. Гэрээнд 4 дэх сараас эхлээд 2 500 000 төгрөг гэж бас тусгагдсан ч нийгмийн даатгалын шимтгэлээр цалин нь 2 000 000 төгрөгөөр бодогдсон байдаг. Тиймээс  2021 оны 12 дугаар сарын 06-ны нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын А192 тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2,3 т заасны дагуу сүүлийн 3-н сарын цалингийн дунджаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүй цуцлагдсанг давхар тооцно гэсний дагуу 5 дугаар сарын 04-өөс эхлэн өнөөдрийг хүртлэх 8 сарын цалин болох 16 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн нэхэмжлэлийн бусад шаардлагыг дэмжиж байгаа гэв.  

 

2.Хариуцагчийн төлөөлөгч А.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр даваа гараг бүрийн хуваарийн дагуу өглөөний шуурхай хурал цагтаа болсон. Ажлын байранд байсан Dymonic100 нэртэй супер замаск /Силикон/ алга болсон байна, бид нэг гэр бүл шиг баг бүрдүүлж байгаа учир жижиг гэлтгүй зүйл дээр итгэлцэлтэй, ёс зүйтэй ажиллахыг хамт олондоо анхааруулж хэлсэн. Хэн нэгнийг авсан гэж нэр зааж нэг ч үг хэлээгүй болно. Үүний дараа зөвлөх Т.Г болон С.Б нар тусдаа өрөөнд уулзсан. Удалгүй Т.Г гарч явсан бөгөөд гарсны дараа С.Б нь ажиллахгүй гэж хэлээд гараад явсан. С.Б нь 5 дугаар сарын 2, 3, 4-ний өдрүүд болох бүгд 3 өдөр бүтэн ажилдаа ирээгүй. Тэрээр 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ажилтан Н.Сруу утсаар: Захирал ажил дээрээ байна уу? Би очиж тушаалаа авъя гэж ярьсан байсан. Удалгүй тушаалаа авъя гээд орж ирэхэд ажилтан Н.М болон Н.С нар нэг өрөөнд хамт байсан бөгөөд тушаалыг нь өөрийх нь хүсэлтийн дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 78.1.9 дэх заалтыг үндэслэн гаргаж өөрт нь өгсөн. С.Б нь өөрийн хүсэлтийн дагуу үйлдсэн тушаалаа аваад амжилт хүсье гээд гар бариад л гараад явсан. С.Б надад хандаж намайг гүтгэлээ нэр төр гутаалаа гэсэн ямар ч яриа Гүйцэтгэх захирал надтай яриагүй, мөн ажилчдын хажууд би түүнийг чи авсан гэж нэг ч өгүүлбэр хэлээгүй. Ажилтан сэтгэлийн хөдлөлөө барихгүй 3 хоног ажлаа хаяж яваад, 4 дэх өдрөө тушаалаа авъя гээд ирэхэд нь хүн ёсоор өөрт нь дараагийн ажилд ороход асуудалгүй байхаар бодож хүсэлтээр нь тушаалыг нь гаргаж өгсөн. Ажилтны цалин болон НДШ-ийг цаг хугацаанд нь төлж байсан. Хэдийгээр манай компани ямарч орлогогүй стартап компанийн төвшинд таниулах сурталчлах шатандаа явж байсан ч гэсэн ажилтны цалин болон НДШ-ийг цаг хугацаанд нь төлж байсан. С.Б нь ажилд ороод удаагүй ажилтантайгаа ажлын байран дээр согтууруулах ундаа уусан байсныг тогтоон Хөдөлмөрийн дотоод журмын дагуу сахилгын шийтгэл ногдуулж болох байсан. Энэ мэт зөрчил гаргасныг тухайн үед ордог зориулалтын газар нь орох хэрэгтэй гэж хэлж сануулж байсан. С.Б-ийн нэхэмжлэлийг дүгнэхэд манай компани өөрийг нь хохироосон мэтээр нэхэмжлэл гаргаж байгаа нь компаниас санаатай шалтаглаж дөнгөж оршин тогтнох гэж хариуцлагаа үүрээд хүмүүсийг цалинжуулах гэж хэдийгээр орлогогүй ч хичээж байгаа ажил олгогч бидэнд хүндрэл учруулж, цалин хөлс авах, цаг хугацаа хожиж, ашиг сонирхлын үүднээс (ажлаас сайн дураараа гарч явчихаад) цалин нэхэмжилж байна гэж үзэж байна. М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 22/01 дугаартай тушаалаар С.Б-г Үйл ажиллагааны менежерээр томилон ажиллуулсан. Манай зөвлөх Т.Г нь С.Б-тай тусад нь уулзаж, компанийн хэрэглэгчдэд танилцуулахаар импортолсон нэгжийн үйлдвэрийн үнэ 125.38$ буюу монгол төгрөгөөр 391 255.8 төгрөгийн үнэ бүхий Dymonic 100 силикон алдагдсан бөгөөд үүнийг үйл ажиллагааны менежерийн Ажлын байрны тодорхойлолтын 2.27-д заасан бараа материалын бүртгэл, багаж тоног төхөөрөмж хяналт тавьж ажиллах үүргийн хүрээнд бараа материалтай шууд харилцдаг албан тушаал эрхэлдэг тул тус силиконыг авсан байх боломжтой гэж үзэн асуусан,  дараагийн удаа хэрэглэхээр бол мэдэгдэх хэрэгтэй гэж хэлсэн гэж надад хэлсэн. Уг уулзалтад Т.Г болон С.Б нараас өөр хүн байгаагүй, хамт олноос болсон үйл явдал, яригдсан яриатай холбоотой асуудлыг тэр хоёроос өөр хүн сонсоогүй. Манай компани болон гүйцэтгэх удирдлагын зүгээс С.Б-г тус силиконыг хулгайлсан гэж байгууллагын ажилчдад мэдээлэл тараасан үйлдэл огт гаргаагүй. Ямар ч баримт, нотолгоогүй нэхэмжлэл гаргаж, манай компанийг буруутгаж байна. С.Б-ийн нэр төрийг гутаасан үйлдэл огт гаргаагүй тул хамт олны дунд нэр төрийг үндэслэлгүйгээр гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүргийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэл нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч С.Б нь дур мэдэн ажлаа 3 өдөр орхиж явсан бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ажилдаа ирэхдээ тушаалаа авч, чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хүлээн авч, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дараах үндэслэлээр дуусгавар болно: 78.1.1.-д талууд харилцан тохиролцсон, 78.1.9-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан гэж тус тус заасныг үндэслэсэн. С.Б-г хууль зүйн үндэслэлгүйгээр, түүний хүсэлт гаргаагүй байхад ажил олгогчийн санаачилгаар чөлөөлсөн зүйл байхгүй бөгөөд 3 өдөр ажил тасалсны дараа 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр өөрийн биеэр ирж, бусад ажилчдын хажууд амаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу гүйцэтгэх захирлын 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 22/12 дугаартай тушаалыг бичиж гаргасан. Гэхдээ 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 22/12 дугаартай тушаалыг гаргахдаа огноог техникийн алдаа гаргаж, 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гэж бичигдэх байсныг 2022 оны 5 сарын 04-ний өдөр гэж бичигдсэн байна. Энэ нь хууль тогтоомж зөрчөөгүй, бодит байдлыг үгүйсгэхгүй гэж үзэж байна.

С.Бнь 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр өөрийн биеэр ирж, хүлээж байгаад тушаалаа бичүүлж аваад явсныг ажилтан Н.М болон Н.С нар гэрчилнэ.

Мөн 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 22/01 дугаартай тушаалын 3-т "Туршилтын эхний 3 сард цалинг 2 000 000 төгрөгөөр бодож олгох ба 4 дэх сараас зөрүү 500 000 төгрөгийг үндсэн цалин дээр нэмж тооцож цалинжуулахыг ... даалгасугай" гэж тогтоосон гэж нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээгээр тохирсон хөлсөө өгөөгүй гэсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэгч нь тушаалтай танилцаж, зөвшилцөөд ажиллаж ирсэн. Ажилд томилогдсоноос хойш сар бүр 2 000 000 төгрөгийн цалин хүлээн авч байсан, ямар нэгэн гомдол, санал гаргаж байгаагүй, компанийн зүгээс борлуулалт хийж, ашиг, орлого олохгүй байгаа тул орлого олж, үйл ажиллагаа хэвийн явагдах хүртэл 2 000 000 төгрөгийн цалингаа авч ажиллах талаар манай компанийн саналыг хүлээн зөвшөөрч, амаар харилцан тохиролцсон байсан. Уг тохиролцооны дагуу 2022 онд 4 сарын цалингаа 2 000 000 төгрөгөөр тооцож авсан бөгөөд түүнд тохирсон үндсэн цалинг бүрэн олгож байсан болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаар бүрэн нотлогдож байна. Иймд С.Б-д 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш шүүх хуралдаан болох өдөр хүртэлх хугацааг цалингийн зөрүү олгох үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгч С.Баярмаагийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

2.1.Хариуцагчийн өмгөөлөгч К.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 5 дугаар сарын 05-ны өдрийн зурвасаар А.Б захиралтай холбогдсон гэдгээ хүлээн зөвшөөрдөг. С гэх ажилтантай бичсэн зурвас дээр эгч нь ажлаасаа гарсан, тушаалаа авмаар байна гэх зурвасыг 5 дугаар сарын 05-ны өдөр бичсэн байдаг. Болсон үйл явдал бол маш тодорхой, тухайн өдөр Т.Г гэх хүнтэй уулзсан, тэгээд түүнд гомдож уурлаад би ингэж ажиллаж чадахгүй гээд ажлаа хаяад гараад явсан. Тэгээд 5 дугаар сарын 05-ны өдөр тушаалаа авмаар байна гээд 5 дугаар сарын 06-ны өдөр тушаалаа ирээд аваад явсан байдаг. Нэхэмжлэгчийн ярьж байгаа хулгайд гүтгэгдсэн гэх зүйл байхгүй. Өөрөө тухайн байгууллагад ажиллах хүсэлгүй болсон учраас өөрөө хүсэж тушаалаа аваад ажлаасаа гарсан. Энэ нь гэрчүүдийн мэдүүлэг дээр тодорхой байдаг. Тушаалын хууль зүйн үндэслэлийн тухайд бол Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх хэсэг болон  78 дугаар зүйлийн 78.1.9 дэх хэсгүүдийг үндэслэл болгон гаргасан. Эдгээр нь тус хуулийн 79 дүгээр зүйлд заасан үндэслэлд хамаарч байгаа бөгөөд тушаалд заасан харилцаа агуулагдаж байгаа гэж үзэж болох юм. Иймээс тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байна. 5 дугаар сарын 03-ны өдрөөс 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд ажилдаа битгий ир гэж хэн ч хэлээгүй. Хөдөлмөрийн гэрээнд дурдсан цалингийн зөрүүг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш гаргуулах гэж байгаа дээр тайлбар хийхэд тухайн үед компани дөнгөж үйл ажиллагаа явуулж эхлэж байгаа тул амаар 2 000 000 төгрөгөөр цалинжуулна гэж хэлээд тушаалдаа тусгаад хөдөлмөрийн гэрээнд энэ байдлаар тусгая гэж гэрээг хийсэн гэдэг. Анх ажилд томилогдсон буюу 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн тушаалаар туршилтын эхний 3 сарын цалинг 2 000 000 төгрөгөөр бодож олгон 4 дэх сараас зөрүү буюу 500 000 төгрөгийг нэмж 2 500 000 төгрөгөөр цалин олгохыг даалгасугай гэх тушаал гарсан. Тиймээс эхний 3-н сар дээр анхнаасаа зөрүү тооцох үндэслэлгүй юм. Мөн Т.Г болон С.Б гэх хүмүүс өрөөндөө ярьсан ярианд манай компани огт хамааралгүй. Нэхэмжлэлийн шаардлагад байгаа нэр төрд халдсан гэх зүйл байхгүй. Энэ нь мөн адил нотлогдохгүй байна. Ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар зүйлийн 2.27 дахь хэсэгт зааснаар ажлын чиг үүргийн дагуу нэхэмжлэгч нь силикон алга болсон эсэх талаар асуугдсан гэдэг түүнийг түүнийг авсан гэж хэлээгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, М ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Ажил эрхлэлтийн гэрээ /англи, монгол хэл дээрх/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн албан бичиг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, B***aa /хэргийн 5-14, 83, 86-100-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас М ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар, 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Ажилд томилох тухай тушаал, ажлын байрны тодорхойлолт, 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай тушаал, М ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын тайлан, ажилтны цагийн бүртгэл, Н.С-гийн гаргасан тайлбар, Н.М-гийн тайлбар, Т.Г-ийн тайлбар, хариу тайлбар /хэргийн 28, 33-49, 136-137-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсээс Ц.Б-гийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 110*****03721 дугаарт бүртгэлтэй гомдол, түүнийг шийдвэрлэсэн талаарх баримт, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Н.М, Т.Г  нарыг гэрчээр асууж тэмдэглэлийг хавсаргасан, нэхэмжлэгчийн 95****066, 88*****61 дугаарын вайбераар харилцсан зурваст, Bayarmaa /хэргийн 60-61,109-135-р хуудас/ баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч С.Б-ийн хариуцагч М ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг хангаж, цалингийн зөрүү гаргуулах, нэр төрийг үндэслэлгүйгээр гутаасан тул уг мэдээг тараасан хэлбэр хэрэгслээр буюу хамт олны дунд гутаасан мэдээллээ няцаахыг хариуцагчид даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

-М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 22/12 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах,

-өмнө эрхэлж байсан ажил болох үйл ажиллагааны менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох,

-ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах,

-нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх,

-хөдөлмөрийн гэрээнд тусгасан цалингийн зөрүүг 2021 оны 12 дугаар сарын 20-ноос хойш шүүх хуралдаан болох өдөр хүртэл гаргуулах,

-силикон хулгайлсан гэж хамт олны дунд нэр төрийг үндэслэлгүйгээр гутаасан тул уг мэдээг тараасан хэлбэр хэрэгслээр хамт олны дунд гутаасан мэдээгээ няцаахыг хариуцагчид даалгахаар шаардсан.

 

3.Хариуцагч нь 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 22/12 дугаартай тушаал нь үндэслэлтэй, нэхэмжлэгч С.Б нь өөрийн хүсэлтээр ажиллахгүй гэж ажлаа орхин явсан тул өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох боломжгүй, силикон хулгайлсан гэж түүний нэр төрийг хамт олны дунд гутаагаагүй гэж үгүйсгэсэн.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

М ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” №22/12 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.1, 78.1.9 дүгээр заалтыг үндэслэн үйл ажиллагааны менежер С овогтой Б-г 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ. 

            Нэхэмжлэгч  ажлаас чөлөөлсөн тухай 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн №22/12 тоот тушаалыг хүлээн авч, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, эсхүл дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч уг хороо нь байгуулагдаагүй, байгууллага дээр маргаан таслах комисс байгуулаагүй тул мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцласан тухай гомдлоо шүүхэд гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй, энэ тухайд талууд маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч М ХХК-нд үйл ажиллагааны менежерээр 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн №22/01 дугаартай “Ажилд томилох тухай” гүйцэтгэх захирлын тушаалаар 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нарын тайлбар, ажил эрхлэлтийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

5.Талуудын маргааны зүйл нь хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүй цуцласан талаар байх бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан талаараа маргаагүй болно.

 

6.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцласан, хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлаагүй, ажлаас чөлөөлөгдөх талаар харилцан тохиролцоогүй, силикон алга болгосон, хулгайлсан гэж гүтгэсэн гэж тайлбарласан.

Хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлаагүй, С.Б нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн ажилдаа ирээгүй, тушаалаа сахиж зогсоод авсан, силикон алга болгосон, түүнийг хулгайлсан гэж гүтгээгүй гэж мэтгэлцсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д “талууд харилцан тохиролцсон”, 78.1.9-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан” бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор заажээ.

Хариуцагчаас нэхэмжлэгчийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг гаргасан, харилцан тохиролцсоноор хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэх боловч харилцан тохиролцсон гэдэг нь хэн аль нь санал нэгдэх замаар тохиролцохыг хэлэх бөгөөд ажилтан өөрөө санаачилга гаргасан нь ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр тухайн ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр гаргасан хүсэлтийг ойлгоно.

Нэхэмжлэгч нь хариуцагч М ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Б-гийн нөхөр ахлах зөвлөх Т.Г силикон хулгайлсан гэж миний нэр төрд халдаж, нэр хүндийг минь гутаасан, улмаар гүйцэтгэх захирал А.Б нь ажлаас чөлөөлөх тушаал гаргасан гэсэн бөгөөд хариуцагч нь манай зөвлөх Т.Г нь С.Б-тай тусад нь уулзаж “үйл ажиллагааны менежерийн ажлын байрны тодорхойлолтын 2.27-д заасан бараа материалын бүртгэл, багаж тоног төхөөрөмж хяналт тавьж ажиллах үүргийн хүрээнд бараа материалтай шууд харилцдаг албан тушаал эрхэлдэг тул тус силиконыг авсан байх боломжтой гэж үзэн асуусан, дараагийн удаа хэрэглэхээр бол мэдэгдэх хэрэгтэй гэж хэлсэн” гэсэн тайлбараар ажилтнаас өөрийн хүсэлт зориг байсан гэдэг нь няцаагдаж байна гэж үзэв.

Учир нь Т.Г нь компанийн зөвлөх гэж талууд шүүх хуралдаанд тайлбарласан боловч Т.Г нь М ХХК-нд зөвлөхөөр ажилладаг эсэх талаарх баримтгүй, компанид ямар нэгэн ажил албан тушаал эрхэлдэггүй атлаа нэхэмжлэгчээс ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэхийг шаардсан нь гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч нь өөрийн хүсэлт санаачилга гаргасан, ажлаа орхин явсан болох нь гэрч Н.С-гийн тайлбар, Н.М-гийн мэдүүлгээр нотлогдоно гэсэн боловч хариуцагчийн шүүхэд ирүүлсэн Н.С-ийн тайлбар нь нотлох баримтаар үнэлэгдэхгүй, хуульд заасан журмыг зөрчсөн буюу хууль сануулж гэрчийн мэдүүлэг өгөөгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.

Шүүх хуралдаанд гэрч Н.М “...2022 оны 5 сарын 03-ны өдөр өглөөний хурал дууссаны дараа С бид хоёрыг байхад та орж ирсэн. Би та бүхэнтэй ажиллахад баяртай байна гээд уйлаад ахиж цаашдаа би энд ажилламааргүй байна гээд араас нь Болормаа захирал орж ирсэн. Нэгдэх өдөр болгон бид шуурхай хурал хийдэг. Нэг дэх буюу 5 сарын 02-ны оройны хурал дээр бид нарт хэлсэн. Би хэлсэн үг бүрчлэн сайн санахгүй байна. Ерөнхий агуулга нь бид нар нэг гэр бүл байх ёстой. Тийм учраас дахиж ийм үйлдэл гаргамааргүй байна гэсэн утгатай зүйл хэлсэн, хуралд бүгд байсан” гэх мэдүүлэг, гэрч Т.Гийн “...хоёр долоо хоноод эсвэл 7 хоног болоод М ХХК дээр очдог. Очихдоо зөвлөгөө үзүүлэх гэж очдог. Би компанийн үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал А.Б-ийн гэр бүлийн хүн, Би энэ компанид ямар ч ажил хийдэггүй, цалин авдаггүй. Б өөрөө силикон алга болсон байна гэж хэлсэн. Би тэгэхлээр нь чи үүнийг хариуцах ёстой хүн шүү дээ. Хэрвээ энэ компаниас юм авахаар бол хэлээд авч байгаарай гэж хэлсэн. ...шүүхийн түвшинд ийм асуудал аваачвал гарааны бизнес эрхэлж буй компанийн хувьд ажил олохгүй ч гэсэн ажлын байр бий болгоод яваа компани яаж цаашаа амьдрах вэ, тэр агуулга утгаараа би уучлал гуйж бичсэн” гэх мэдүүлгээр нэхэмжлэгчийг өөрөө сайн дураараа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.

Мөн хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээр баталгаажуулсан Т.Гын нэхэмжлэгч С.Б-д бичсэн гэх захидалд “...Баярмаа чамайг гомдоосондоо уучлалт хүсье, Надад орлого байхгүй. Чиний цалинг би өөрийн цалингаас өгдөг байсан. Одоо би хөдөө ажиллаж байгаа. Ямартаа ч цалинг нь 1 өдөр хоцроохгүй, татвар даатгалыг бүрэн төлсөн” гэсэн байх ба хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлын байраа орхин явсан, ажилдаа 2022 оны 5 сарын 02-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ирээгүй болох нь ирцийн баримтаар нотлогдоно гэсэн боловч 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн №22/12 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас чөлөөлсөн болох нь тогтоогдож байна.  

  Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч С.Б-г МХХК-ийн үйл ажиллагааны менежерийн ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалинг гаргуулах нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

 7.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заажээ.

Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх дундаж цалинг тооцохдоо түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын” 2.3.5-д зааснаар тооцвол нэг сарын дундаж цалин 2 000 000 төгрөг /2 000 000+2 000 000+2 000 000=6 000 000:3=2 000 000/ байх тул түүний ажилгүй байсан хугацааны 8 сар 20 хоногийн цалин нийт 18 000 000 төгрөгийг /2 000 000х8сар=16 000 000 төгрөг, 4 сарын ажлын хоног 21, 3 сарын ажлын хоног 22, 2 сарын ажлын хоног 17, нийт ажлын 60 хоног, 6 000 000:60 хоног=100 000, 20хоног х 100 000 =2 000 000, 16 000 000+2 000 000=18 000 000/ хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор байна.

Гэвч нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ажилгүй байсан хугацааны цалинд 16 000 000 төгрөгийг гаргуулахаар тодорхойлсон тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд 16 000 000 төгрөгийг хариуцагч М  ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч С.Б-д олгохоор  шийдвэрлэлээ.

 

8.Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээнд тусгасан цалингийн зөрүүг 2021 оны 12 дугаар сарын 20-ноос хойш шүүх хуралдаан болох өдөр хүртэл гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд ажил олгогчтой байгуулсан Ажил эрхлэлтийн гэрээний 9-д “ажилчны нийт цалин /хувь хүний орлогын албан татвар авахаас өмнө болон нэмэлт тэтгэлэгүүдийг оролцуулалгүйгээр/ 2 500 000 төгрөг” байхаар харилцан тохиролцсон гэсэн.

Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээнд заасан боловч ажилд томилох тухай тушаалд цалинг 2 000 000 төгрөг байхаар харилцан тохиролцож, цалинг олгож байсан гэж маргасан.

Хэрэгт авагдсан Мэргэн инженеринг сервисис ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн №22/01 дугаартай “Ажилд томилох тухай” гүйцэтгэх захирлын тушаалд “...2.үйл ажиллагааны менежер С.Б-г сард 2 500 000 төгрөгөөр цалинжуулахыг нягтлан бодогчид даалгасугай., 3.туршилтын эхний 3 сард цалинг 2 000 000 төгрөгөөр бодож олгох ба 4 дэх сараас зөрүү 500 000 төгрөгийг үндсэн цалин дээр нэмж тооцож цалинжуулахыг нягтлан бодогчид даалгасугай” гэжээ.

Хариуцагч М ХХК-ийн цалин олгох хүснэгт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд нэхэмжлэгч С.Б-гийн цалинг 2 000 000 төгрөгөөр тооцож олгож байсан байх бөгөөд хөдөлмөрийн гэрээний талууд цалинг харилцан тохиролцож тогтоосон, мөн 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн №22/01 дугаартай ажилд томилох тушаал гарсан атал 2021 оны 12 дугаар сарын 20-ноос хойш шүүх хуралдаан болох цалингийн зөрүү гаргуулах гэсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээнд тусгасан цалингийн зөрүүг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

9.Хөдөлмөрийн тухай хуулийн  дугаар зүйлийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” гэж зааснаар хариуцагч М ХХК-нд нэхэмжлэгч С.Б-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.

 

10.Нэхэмжлэгч нь түүнийг силикон хулгайлсан гэж хамт олны дунд гүтгэж, нэр төрийг гутаасан тул уг мэдээг тараасан хэлбэр хэрэгслээр няцаахыг хариуцагчид даалгахаар шаардсан.

Хариуцагч нь түүнийг силикон хулгайлсан гэж хамт олны дунд гүтгээгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийн хүрээнд Т.Г-ээс асууж тодруулсан гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д “иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж заасан.

Мөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д “бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ”, 511.2-д “эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг силикон алга болгосон гэж нэр хүнийг гутаасан, энэ талаар холбогдох байгууллагад гомдлоо гаргасан гэж тайлбарласан бөгөөд энэ нь хэрэгт авагдсан 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны №666 тоот “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай” тогтоолоор иргэн С.Баярмаагаас гаргасан зөрчлийн талаарх гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна.

Нэхэмжлэгч нь түүнийг силикон авсан гэж гэрч Т.Г нь гүтгэсэн гэж тайлбарласан боловч нэр төрөө сэргээлгэх, няцаалт хийхийг хариуцагч М ХХК-иас шаардаад байгаа нь үндэслэлгүй, гэрч Т.Г нь М  ХХК-нд ажил албан тушаал эрхэлдэг эсэх нь баримтаар тогтоогдоогүй, мөн хариуцагч нь нэхэмжлэгчийг силикон хулгайлсан гэж хамт олны дунд гутгаасан мэдээ тараасан гэдэг нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэв.

Иймд нэхэмжлэгчийн хариуцагч М ХХК-нд холбогдуулан гаргасан нэр төр сэргээлгэх, хамт олны дунд тараасан хэлбэрээр няцаалт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

            11.Нэхэмжлэгч нь 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн №22/12 тоот гүйцэтгэх захирлын тушаалыг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан боловч шүүхээс ажил олгогчийн гаргасан тушаалын хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн бөгөөд цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэв.

 

12.Иргэдийн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...нэхэмжлэгч нь тухайн байгууллагад эд материал хариуцдаг байсан тул алга болсон эд зүйлийн тухай асууж лавлах байдлаар хандсан бөгөөд М ХХК-ийн нотлоогүй хувь хүмүүсийн хоорондын асуудал гэж үзэж байна. Цалингийн зөрүү гэсэн асуудал нь ажилтан ажил олгогч нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэсэн болно.

13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 237 950 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон    

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч Д овогт С.Б-г М ХХК-ийн үйл ажилллагааны менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч М ХХК-иас нэхэмжлэгч С.Б-гийн ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 16 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Б-д олгож, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш шүүх хуралдаан болох өдөр хүртлэх хугацааны цалингийн зөрүүг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч М ХХК-иас нэхэмжлэгч С.Б-г ажилгүй байсан хугацаанд төлөгдвөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгасугай. 

 

4.Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-д зааснаар нэхэмжлэгч С.Б-гийн хариуцагч Мс ХХК-нд холбогдуулан гаргасан нэр төрийг үндэслэлгүйгээр гутаасан мэдээг тараасан хэлбэр хэрэгслээрээ няцаах үүргийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Б нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, түүний нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч С.Б-д олгож, хариуцагч М ХХК-иас улсны тэмдэгтийн хураамжид 237 950 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

 6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

                                 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ                                 Д.ХУЛАН