| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 104/2022/00253/И |
| Дугаар | 183/шш2023/00016 |
| Огноо | 2022-12-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 183/шш2023/00016
| 2022 оны 12 сарын 23 өдөр | Дугаар 183/ШШ2023/00016 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.М-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 84.009.753 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б , хариуцагч Д.Мө , хариуцагчийн өмгөөлөгч Д.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч Д.М-д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 84.009.753 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Д.М нь манай банк бус санхүүгийн байгууллагатай хоёр удаагийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан дараах зээлүүдийг авсан. Үүнд: 1. 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр . тоот зэ...элийн болон барьцааны гэрээ байгуулж, 20.000.000 төгрөгийг сарын 4,2 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан ба зээлийн барьцаанд Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, .........тоотод байрлах, хувийн орон сууц, гаражийн зориулалттай, 263,62 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, нэгж талбарын 10000000000000000000 дугаартай, 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт, 2. 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр .... дугаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 30.000.000 төгрөгийг сарын 4,2 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж, барьцаанд эргэлтийн бүх хөрөнгө буюу тоног төхөөрөмж, гэрийн эд хогшил, 08-02 УНП улсын дугаартай Хьюндай Санта Фи маркийн, 2012 онд үйлдвэрлэгдсэн автомашин зэргийг тус тус барьцаалсан. Дээрх зээлүүдээс үндсэн төлбөрт 49.999.998 төгрөг, хүү 12.934.003 төгрөгийг тус тус төлсөн. Зээлдэгч нь манайд хүсэлт гаргасны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр болон 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хоёр гэрээний үндсэн төлбөрийг бүрэн төлсөн бөгөөд хамгийн сүүлийн төлөлт 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар бодогдсон байсан хүүгийн төлбөрөө одоо болтол төлж барагдуулаагүй байна. Тухайлбал, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 20.000.000 төгрөгийн зээлийн үндсэн төлбөр 1 төгрөг, хүүгийн төлбөр 20.493.891 төгрөг байсан бол одоо 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1 төгрөг, хүүгийн төлбөр 20.493.892 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 4.142.791 төгрөг буюу нийт 24.636.684 төгрөг байна. Харин 30.000.000 төгрөгийг зээлийн төлбөрийн үлдэгдэл 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 1 төгрөг, хүүгийн төлбөр 49.657.276 төгрөг байсан бол одоо 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1 төгрөг, хүүгийн төлбөр 49.657.277 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 9.715.791 төгрөг буюу нийт 59.373.069 төгрөг болсон байна. Бид зээлдэгчийг гэрээний үүргээ биелүүлж, зээлийн хуримтлагдсан хүүгийн төлбөрөө хийхийг удаа дараа сануулсан боловч одоо болтол төлөлт хийгдэхгүй, үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж байна. Иймд бид Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: Д.М-аас 2014 оны 0000 тоот зээлийн гэрээний үүрэг 24.636.684 төгрөг, 2014 оны ...... тоот зээлийн гэрээний үүрэг 59.373.069 төгрөг, нийт 84.009.753 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Д.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие М ББСБ ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 20.000.000 төгрөгийг зээлж, өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн ........ тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө болон газар, мөн 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 30.000.000 төгрөгийг зээлж, өөрийн эзэмшлийн 0000 УНП улсын дугаартай автомашинаа барьцаалан авсан нь үнэн. Миний бие гэрээнд заасан үүргээ биелүүлж, зээлийн төлбөрийг цаг хугацаанд нь төлж байсан. Гэтэл давагдашгүй хүчин зүйл тохиолдож, мөн өөрийн болон хүүхдийн эрүүл мэндийн нөхцөл байдлаас үүдэн зээлийн үндсэн төлбөрийг төлөх хүсэлтийг гаргаж, төлбөрөө төлсөн. Тус байгууллагын захирал Золзаяа болон Түвшин нартай байнга холбоотой байж, энэ асуудлаа дуусгавар болгох талаар идэвхи санаачилга гаргаж, хүсэлт тавьж өөрийн санхүүгийн талаарх бүх зүйлээ хэлдэг байсан. Мөн миний бие боловсролын салбарт ажилладаг бөгөөд дэлхий нийтийг хамарсан цар тахалын нөлөөгөөр бизнесийн орлогогүй болж, хүнд нөхцөлд орсон. М ББСБ ХХК-ийн нэхэмжилж байгаа хаагдсан зээлийн гэрээний үүрэг болох хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх боломжгүй байгаа бөгөөд миний барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага нь хуульд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 577.999 төгрөг, 70.200 төгрөг тус тус төлсөн баримт /хх-4-5/, М ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-6/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх-7/, талуудын хооронд 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан 14/30 дугаар Зээлийн гэрээ /хх-8-9/, мөн өдрийн 14/30 дугаартай Зээлийн барьцааны гэрээ /хх-10-12/, мөн 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ....дугаартай Зээлийн барьцааны гэрээ /хх-13/, 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 19.800.000 төгрөгийг Д.М-д шилжүүлсэн тухай төлбөрийн баримт /хх-14/, 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 29.700.000 төгрөг шилжүүлсэн тухай төлбөрийн баримт /хх-15/, зээл хүүний тооцоолол /хх-16-17/, Д.М-ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-18/, Д.М-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд /хх-19-20/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-21/, М ББСБ ХХК-иас Ч.Б-д олгосон итгэмжлэл /хх-27/ зэргийг ирүүлсэн.
4. Хариуцагчаас Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-44/, Д.М-аас Г.Г-т олгосон итгэмжлэл /хх-45/, Д.М-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд /хх-46-47/, 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 19.800.000 төгрөгийг Д.М-д шилжүүлсэн тухай төлбөрийн баримт /хх-49/, 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 29.700.000 төгрөг шилжүүлсэн тухай төлбөрийн баримт /хх-48/, Д.М-ын Хаан банк дахь ............ тоот дансны хуулга /хх-69/, Д.М-аас 2015 онд 2.000.000 төгрөг болон 300.000 төгрөг төлсөн тухай кассын орлогын ордер /хх-116-117/, Д.М-ын Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх-139/, иргэн Д.Д-ын нас барсны гэрчилгээний хуулбар /хх-140/, төрөл садангийн лавлагаа /хх-141/, М.Т-ын төрсний гэрчилгээний хуулбар /хх-142/, Эрүүл мэндийн сайдад гаргаж байсан өргөдөл /хх-143-144/, 2009-2017 оны эмчилгээний зардлын тайлан /хх-145-152/ зэргийг ирүүлсэн.
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар бүрдсэн Автотээврийн үндэсний төвийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 235 дугаар тодорхойлолт, хавсралтын хамт /хх-80-81/, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 1596 дугаар албан бичиг /хх-82/, Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 9/3239 дүгээр албан бичиг, түүнд хавсаргасан аудитын тайлан /хх-84-94/, М ББСБ ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 22/45 тоо т албан бичиг /хх-95-97/, М ББСБ ХХК-ийн Хаан банк дахь дансны хуулга /хх-98/, зээлийн дансны хуулга /хх-99-103/, Х ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 56/5360 тоот албан бичиг, дансны хуулга /хх-132-133/ зэрэг баримт авагдсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хариуцагч Д.М д холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 84.009.753 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Хариуцагч Д.М нь нэхэмжлэгч М ББСБ ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 0000 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 20.000.000 төгрөгийг сарын 4,2 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан ба зээлийн барьцаанд Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчин 82 дугаар гудамж, 15 тоотод байрлах, хувийн орон сууц, гаражийн зориулалттай, 263,62 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, нэгж талбарын 0000000000 дугаартай, 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт барьцаалсан.
Мөн 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 0000 дугаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 30.000.000 төгрөгийг сарын 4,2 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж, барьцаанд эргэлтийн бүх хөрөнгө, бараа материал, тоног төхөөрөмж, гэрийн эд хогшил,0000 УНП улсын дугаартай Хьюндай Санта Фи маркийн, 2012 онд үйлдвэрлэгдсэн автомашин зэргийг тус тус барьцаалсан байна.
3. Өөрөөр хэлбэл, М ББСБ ХХК болон Д.М нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргийн гүйцэтгэл шаардах эрхтэй байна.
4. Хариуцагч Д.М нь зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон, нөгөө талаар 2009-2017 оны хооронд хүүгийн эмчилгээний зардалд нилээдгүй их хэмжээний төлбөр төлсөн тул дахин зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан төлбөрийг төлөх боломжгүй гэх тайлбар гаргасан.
5. Хэрэгт авагдсан буюу хэргийн 99-100, 102-103 дугаар талд авагдсан зээлийн дансны хуулгуудаас үзэхэд хариуцагч Д.М нь 2014 оны 14/30 тоот зээлийн гэрээний үүрэгт хамгийн сүүлд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үндсэн төлбөрт 4.709.388 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүү 500.000 төгрөгийг төлж, үндсэн зээл 1 төгрөг, хүү 17.235.170 төгрөгийн үлдэгдэлтэй болсон, харин 2014 оны 14/38 тоот зээлийн гэрээний үндсэн төлөлт хамгийн сүүлд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 5.719.933 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүү 500.000 төгрөг төлөгдөж, үлдэгдэл зээлийн төлбөр 1 төгрөг, хүү 49.198.700 төгрөг үлдсэн байна.
Зээлийн гэрээний хугацаа 6 сар бөгөөд 14/30 тоот зээлийн гэрээний хугацаа 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр, 14/38 тоот зээлийн гэрээний хугацаа 2015 оны 2 дугаар сарын 20-ны өдөр тус тус дуусгавар болсон боловч зээлийн гэрээний үүрэг зохих ёсоор гүйцэтгэгдээгүйгээс хүүгийн болон нэмэгдүүлсэн хүүгийн хуримтлал үүссэн нь тогтоогдлоо.
6. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүдийн 4.4.-т Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаа дуусахад зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиролдолд энэхүү хугацаа нь цаашид зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ. Зээлийн гэрээнд заасан хугацаа дууссан нь цаашид хугацаа хэтэрсэн зээл, түүний хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж, мөн 4.9-д Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээл төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд зээл төлөгдөх хугацааны эцсийн өдрийн дараах ажлын өдрөөс төлбөр дутуу гүйцэтгэсэн зээлийн өрийн үлдэгдлээс үндсэн хүүг 20 хувиар нэмэгдүүлэн тооцож, зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү авна гэж заажээ.
Энэхүү гэрээний заалт нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэнтэй нийцсэн байна.
7. Харин нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад 2014 оны 14/30 тоот зээлийн гэрээний үүрэг 24.636.684 төгрөг гэж дурдагдсан нь хэргийн 99-100 дугаар талд авагдсан зээлийн дансны хуулгаар нийт 21.380.725 төгрөг болсон, 2014 оны 14/38 тоот зээлийн гэрээний үүрэг 59.373.069 төгрөг гэж дурдагдсан нь хэргийн 102-103 дугаар талд авагдсан зээлийн дансны хуулгаар нийт 58.922.778 төгрөг, нийт 80.303.503 төгрөг болсон ба энэхүү шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б гаргасан тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 80.303.503 төгрөг хэмээн тооцов.
Гэвч хариуцагч Д.М тохиолдсон давагдашгүй хүчин зүйл буюу түүний болон түүний хүү М.Тайванбатын эмчилгээний төлбөр төлсөн баримт, Д.М эх Д.Д нь 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нас барсан тухай баримтуудыг үнэлээд шүүх зээлийн гэрээний үүргээс 50 хувийг хасаж, дараах тооцооллоор нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан болно.
14/30 тоот зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн хүүгийн төлбөр 17.235.171 төгрөгийн 50 хувь болох 8.617.585,5 төгрөг, 8.617.585,5 төгрөгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү 1.723.517,1 төгрөг, нийт 10.341.102,6 төгрөг,
14/38 тоот зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн хүүгийн төлбөр 49.198.701 төгрөгийн 50 хувь болох 24.599.350,5 төгрөг, 24.599.350,5 төгрөгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү 4.919.870,1 төгрөг, нийт 29.519.220,6 төгрөгийг тус тус хариуцагч Д.М гаргаж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
8. Хариуцагчийн өмгөөлөгч Д.О нь Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр олгогдсон 1/346 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгчийг банк, санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, энэхүү үндэслэлээр хариуцагчаас гэрээний үүрэг шаардах эрх бүхий этгээд гэж үзэх үндэслэлгүй хэмээн маргасан.
Хэдийгээр нэхэмжлэгч М ББСБ ХХК нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа дээр дурдсан тусгай зөвшөөрлийн хавсралтыг ирүүлээгүй байх боловч нийтэд илэрхий үйл баримт буюу Санхүүгийн зохицуулах хорооны албан ёсны сайтаас авсан мэдээллээр банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээдүүдийн жагсаалтад нэхэмжлэгч нь 2014 оноос хойш бүртгэлтэй байх бөгөөд тухайн тусгай зөвшөөрөл цуцлагдсан, түдгэлзсэн үйл баримт тогтоогдоогүй. / http://www.frc.mn/o/199791/
Түүнчлэн хэргийн 84-94 дүгээр талд Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлсэн М ХХК-ийн 2018, 2019 оны аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан авагдсан бөгөөд тухайн банк бус санхүүгийн байгууллага хариуцагч Д.Мөнхсаруулыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хамгийн сүүлд зээлийн төлбөр төлөх хүртэл банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байсан.
Мөн хариуцагчийн өмгөөлөгч нь 14/30 тоот зээлийн гэрээний үүрэг шаардах нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон хэмээн маргасан боловч хариуцагч Д.М 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хамгийн сүүлийн төлөлт хийдсэн нь баримтаар тогтоогдсон ба Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн энэхүү татгалзлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
9. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 22 дугаар зүйлийн 1, 3, 24 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.М 2014 оны 14/30 тоот зээлийн гэрээний үүрэгт 10.341.102,6 төгрөг, 2014 оны 14/38 тоот зээлийн гэрээний үүрэгт 29.519.220,6 төгрөг, нийт 39.860.323,2 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 40.443.179,8 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10. Түүнчлэн хариуцагч нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Д.М өмчлөлийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин ........... тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартай, 263,62 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-0000000, нэгж талбарын 00000000 дугаартай, 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д зааснаар 0000 УНП улсын дугаартай, Хьюндай Санта Фи маркийн, аралын 000000000 дугаартай, 2012 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн тээврийн хэрэгсэл болон эргэлтийн хөрөнгө, бараа материал, тоног төхөөрөмж, гэрийн эд хогшил зэргээс тус тус үүргийн гүйцэтгэл хангуулах нь зүйтэй.
11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 577.999 + 70.200 = 648.199 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М 39.860.323,2 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 357.252 төгрөг, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох 70.200 төгрөг, нийт 427.452 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 22 дугаар зүйлийн 1, 3, 24 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.М 2014 оны 14/30 тоот зээлийн гэрээний үүрэгт 10.341.102,6 төгрөг, 2014 оны 14/38 тоот зээлийн гэрээний үүрэгт 29.519.220,6 төгрөг, нийт 39.860.323,2 /гучин есөн сая найман зуун жаран мянга гурван зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 40.443.179,8 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Д.М өмчлөлийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 82 дугаар гудамж, 15 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаартай, 263,62 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-0000000, нэгж талбарын 0000000000 дугаартай, 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 0000 УНП улсын дугаартай, Хьюндай Санта Фи маркийн, аралын 000000000000 дугаартай, 2012 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн тээврийн хэрэгсэл болон эргэлтийн хөрөнгө, бараа материал, тоног төхөөрөмж, гэрийн эд хогшил зэргээс тус тус үүргийн гүйцэтгэл хангуулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 648.199 /зургаан зуун дөчин найман мянга нэг зуун ерэн ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М 427.452 /дөрвөн зуун хорин долоон мянга дөрвөн зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА