2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2316

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

Улсын яллагч: Д.Хонгорзул,

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *** овогт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405026310960 дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дүгээр худгийн хажууд “миний дүүг алгадлаа” гэх шалтгаанаар ***ийн нүүр тус газарт гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, дух, чамархай, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2024 оны 6 дугаар сарын 15-наас 16-ны шилжих шөнө 00 цагийн үед манай төрсөн дүү болох Э.О миний фейсбүүк хаяг руу чат бичих дээ "зодлоо, зодлоо" гэж бичсэн, удалгүй дахиад над руу залгаж орж ирээд "намайг гэрийн доод талын сааданд хүүхдүүд зодох гээд байна, та хүрээд ир" гэсэн. Тэгээд би гэрээсээ гараад 00 цаг 10 минутын үед гэрийнхээ доод талын саадан дээр очиход нэлээн олон хүүхдүүд манай дүүг тойроод зогсож байсан. Тухайн хүүхдүүдийн голд нь манай дүүг 3 охин тойроод зогсож байсан тэр гурван охины нэг охин нь манай дүүгийн мөр лүү нь хатгаад үг хэлээр хараагаад зогсож байсан. Тухайн үед манай дүүг доромжлоод мөр лүү нь хатгаад байж байсан охиныг би алгадаж аваад дүүгээ аваад гэр лүүгээ явсан. Тэгээд дүүгээ аваад явж байтал тухайн үед надад алгагдуулсан хүүхэд намайг “балай авгай минь, янхан минь” гээд хараагаад байсан. Тэгэхээр нь тоолгүй дүүгээ аваад явж байх замдаа цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Тэгээд цагдаагаа дуудчихаад *** дугаар хорооны доод талд байх худаг дээр цагдаа ирэхийг хүлээж байсан. Тэгтэл араас саарал өнгийн жижиг машин ирээд нэг хүүхэн, залуу хоёр бууж ирээд манай дүүг "хөөе янхан минь, чи манай дүүг зодохгүй шүү" гэсэн. Тэгэхээр нь тухайн хүүхэн, залуу хоёрт "тайван бай" гэж хэлэхэд тухайн эмэгтэй "чи надад заадаг хэн бэ" гэж хэлээд манай дүүг цохих гээд байхаар нь "хөөе боль" гэхэд, тухайн эмэгтэй гараа атгаж байгаад миний зүүн нүд, дух, зүүн талын хацар, шанаа хэсэг рүү 3 удаа хүчтэй цохиод намайг түлхсэн, тэгэхэд нь би хойшоогоо цохиулсан эрчиндээ унахад миний дээрээс дарсан. ...тухайн *** гэх эмэгтэй гараа атгаж байгаад миний зүүн нүд, дух, зүүн талын хацар, шанаа хэсэг рүү 3 удаа маш хүчтэй цохисон тухайн цохилтод нь миний толгой эргэж, нүд бүрэлзэж юу ч харахгүй 10-20 секунд болсон. Би *** гэх эмэгтэйд цохиулаад *** дүгээр худгийн боржур дээр хойшоогоо савж унасан. Тухайн эмэгтэй надаас биеэр том, масс ихтэй цохисон цохилтууд нь маш хүчтэй байсан. Нөхөр нь болох залуу намайг газар унасан байх үед *** над руу дайрах гэх үед голоор орж ирж салгасан бусдаар миний биед халдаж зодож цохисон зүйл байхгүй. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ тэр үеийн цочирдлоос болоод, мөн тэр үеийн цохиулсан цохилтдоо их манарсан байсан тул нөхөр нь цохисон гэж мэдүүлсэн байх. Мөн *** гэх эмэгтэй над руу хэрэг учрал болсны дараагаар буюу 2024 оны 7 дугаар сард эгчээ хоёулаа тохирчихъё гэх зэргээр над руу мессеж бичээд байсан" гэсэн мэдүүлэг /хх-н 42-43, 46-47/,

Насанд хүрээгүй гэрч Э.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2024 оны 6 дугаар сарын 15-ны орой *** цагийн үед өөрийн ашигладаг фейсбүүк хаяг дээрээ унадаг дугуйгаа зарах гэж зар тавьсны дагуу оройны *** цаг өнгөрч байхад миний фейсбүүкээр танихгүй хүүхэд чатаар орж ирээд дугуйг чинь худалдаж авъя гэж чат бичээд би өөрийн дугуйгаа зарахаар зурагтын автобусны буудал руу шөнийн 00 цагийн үед яваад дугуй авах хүүхдэдээ өгчхөөд гэр лүүгээ буцаж явж байхад миний араас манай танил найз болох ЭУ ирээд миний зүүн гараас татаад "чамтай ярих юм байна" гэж хэлээд *** дугаар хорооны доор байх далангийн хажууд байх хүүхдийн тоглоомтой саад руу дагуулж очоод тус тоглоомын талбайн камергүй хэсэгт Энх-Учрал болон түүний найз М, А нар намайг дагуулж очоод "яагаад чи худлаа яриад байгаа юм" гэх зэргээр хоорондоо маргалдаад над руу орилж хэл амаар доромжлоод байхаар нь өөрийн төрсөн эгч болох ***э рүү  Фэйсбүүк чатаар "эгч ээ манай гэрийн доор саадан дээр хүүхдүүд зодох гээд дээрэлхээд байна" гэж хэлэхэд М гэх охин намайг "лалар гичий" гэх зэрэг элдэв янзын хараалаар хэлээд намайг цохих гээд байхад тэнд байсан хүүхдүүд голоор орж ирээд салгаад болиулсан.Тэггээд М гэх хүүхэд над руу дайраад орилоод байж байхад манай төрсөн эгч болох ***э ирээд М гэх хүүхдийг түлхэж унагаагаад намайг дагуулаад гэр лүүгээ явж байх замд М гэх хүүхэд араас “гичий минь” гэж орилоод буцаад хүрээд ир гээд байхаар нь нь манай эгч замдаа цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгчхөөд *** дугаар хорооны доор байх цагаан худгийн хажууд эгч бид хоёр цагдаа хүлээгээд сууж байхад тоглоомын талбай дээр байсан М өөрийн төрсөн эгч, болон хүргэн ах нарынхаа хамтаар машинтай ирээд, машинаас М гэх хүүхдийн эгч нь бууж ирээд манай эгч дээр очоод барилцаж аваад байсан. Тэр үед М гэх хүүхэд намайг цагаан худгийн араар дагуулж ороод хэл амаар доромжлоод байсан тэр үед манай эгчийг яасныг нь сайн харж чадаагүй. Тэгээд эгч дээрээ очиход манай эгчийг М гэх хүүхдийн эгч нь газар унагаачихсан цохиж байгаад Мгийн эгч нь над дээр хүрч ирээд намайг үсдэж унагаад газарт чирээд миний нүүр хэсэг рүү 2 удаа алгадсан...." гэсэн мэдүүлэг /хх-н 51-52/,

Насанд хүрээгүй гэрч Ш.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2024 оны 6 дугаар сарын 15-наас 16-ны шилжих шөнө гэрээсээ гараад дэлгүүр орох гээд явж байсан. Тэгээд гэрийн доод талын сааданд Э.О гэх хүүхэд манай найз болох Энх-Учралтай сааданд юм яриад байж байсан. Тэгээд манай найз Энх-Учрал намайг дуудсан. Тэгээд очоод Э.О гэх хүүхэдтэй өмнө болсон манай дүүг худлаа хэлж хүнд зодуулсан талаар нь хоорондоо ярилцаад байж байхад Э.О гэх хүүхдийн эгч нь ирээд үгийн зөрөөгүй намайг ирээд алгадаад авсан. Тэгээд тэр эгч дүүгээ аваад явсан. Тэгээд би өөрийн төрсөн эгч болох ***ыг дуудсан тэгээд манай эгч ирээд, Э.О гэх хүүхдийн араас явсан..." гэх мэдүүлэг /хх-н 60-61/,

Шинжээчийн 8302 дугаартай дүгнэлтэд: “...***ийн биед зүүн нүдний зовхи, дух, чамархай, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй" гэх шинжээч эмчийн дүгнэлт /хх-н 79/,

Шинжээч эмч Э.Эрхэмбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...хохирогч ***ийн биед учирсан зүүн нүдний зовхи, дух, чамархай, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтлүүд нь 1 удаагийн үйлчлэлээр үүссэн нэг гэмтэл юм. Нийтдээ хөнгөн зэрэгт хамаарна, тус гэмтэл нь хэрэг гарсан гэх өдөр үүссэн шинэ гэмтэл байна..." гэсэн мэдүүлэг /хх-н 95-96/,

Шинжээчийн 1739 дугаартай дүгнэлтэд: "Тухайн гэмт хэргийн улмаас ***э /РД: УШ97091745/-ийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас  хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай" гэх дүгнэлт /хх-н 104/,

Яллагдагчаар ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө манай дүү болох Ш.М *** цагийн үед гэрээсээ дэлгүүр орно гэж хэлээд явсан. Тэгээд 00 цаг өнгөрч байх үед манай дүү над руу залгаж орж ирээд би хүнд зодуулчихлаа гэж уйлаад залгасан. Тэгээд манай гэрийн хажуухан талд байх саадад байсан тул очиж уулзахад найзуудтайгаа байж байсан. Тэгээд би дүүгээсээ, зодсон хүмүүс чинь хаана байна гэхэд Баянгол дүүргийн *** дугаар хороо руу өгсдөг шороон замаар дээшээ зугтаагаад явсан дуудсан чинь ирэхгүй байна гэж надаа хэлсэн. Тэгээд би араас нь өөрийнхөө эзэмшлийн *** УНС улсын дугаартай тээврийн хэрэгслээрээ *** дугаар хорооны хараалдаа байх цагаан худаг дээр очоод манай дүүг зодсон хүн нь хэн бэ гэж асуусан ***э гэх эмэгтэй намайг “чи зүгээр цаашаа байж бай” гээд байхаар нь би очоод тухайн ***э гэх эмэгтэйн зүүн хацар шанаа хэсэг рүү нь 3 удаа алгадсан. Тэгээд намайг алагдаж байхад миний гэдэс хэсэг рүү хөлөөрөө нэг удаа хүчтэй жийсэн. Тэгээд манай нөхөр болох О тухайн *** гэх эмэгтэйг түлхээд салгаж авч байх шиг байсан. Тэгээд салгаад би босож ирээд *** гэх эмэгтэйн дүү болох эмэгтэйг нэг удаа алагдаж авсан. Тэгсэн манай нөхөр одоо чи болиоч гээд намайг салгасан. Надаас өөр хүн халдаж цохисон зүйл болоогүй. Би тухайн эмэгтэйн зүүн талын хацар, шанаа хэсэг рүү нь 3 удаа алгадсан. Надад гэм буруугийн асуудал дээр маргаж байгаа зүйл байхгүй. Миний буруутай зүйл байсан..." гэсэн мэдүүлэг /хх- н 117-118/,

 

Дуудлагын лавлагааны хуудас /хх-н 2/, Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 18-22/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н ***-25/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 121, 1***-128, 136-137/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. . Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч *** нь 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дүгээр худгийн хажууд “миний дүүг алгадлаа” гэх шалтгаанаар ***ийн нүүр тус газарт гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, дух, чамархай, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгчийн шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч ***э, насанд хүрээгүй гэрч Э.О нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. . Нотлох баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. . Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. . Эрх зүйн дүгнэлт

      Шүүгдэгч *** нь “миний дүүг алгадлаа” гэх шалтгаанаар хохирогч ***ийн нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** нь гэм буруугийн талаар маргаагүй ба улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. . Хохирол, хор уршиг

Шүүгдэгчийн хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ***ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогчид шинжээчийн дүгнэлтээр сэтгэцэд нэгдүгээр зэргийн хохирол учирсан ба хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэргийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцохоор заасан тул гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3.293.400 төгрөгийг шүүгдэгч ***аас гаргуулж хохирогч ***эд олгохоор шийдвэрлэв.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд хохирлын баримт гаргаж өгөөгүй тул хохирогч нь хохирол хор уршиг болон цаашид гарах зардлаа баримтаа бүрдүүлэн жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Хохирогч ***э нь тухайн гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 93.642 төгрөгийн үйлчилгээ авсан ба дээрх хохирлыг шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн баримтыг шүүхэд өгсөн болохыг дурдав.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. . Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт гаргасан болохыг дурдав.

 

    1. . Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хохирлыг барагдуулаагүй зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

    1. . Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч *** овогт ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүл мэндийн даатгалын санд 93.642 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас 3.293.400 төгрөг гаргуулж хохирогч ***эд олгосугай.
  6. Хохирогч ***э нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР