Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 183/шш2023/00261

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2023/00261

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Д холбогдох,

Тоёота ланд круйзер 200 маркийн, 0000 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, тус тээврийн хэрэгслийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чу , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.г хариуцагчийн өмгөөлөгч Т.М  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1. Нэхэмжлэгч А  ХХК нь хариуцагч Д.Д холбогдуулан Тоёота ланд круйзер 200 маркийн, 0000 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, тус тээврийн хэрэгслийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 БНМАУ-ын иргэн Л  нь 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр А ХХК-ийн барилгын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулж өгнө гэж хэлээд тус компанийн захирал Чан Гөү Хуагаас компанийн гэрчилгээ, барилгын тусгай зөвшөөрөл, мөнгө, Тоёота ланд круйзер 200 маркийн, 0000 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус авч явсан. Улмаар Лиу Хуай Жүн нь авч явсан зүйлээ эргүүлэн өгөөгүй бөгөөд уг асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ба тухайн гомдолд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 180506229 дүгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж, эрүүгийн хэргийг шалгасан. Эрүүгийн хэргийг шалгах явцад компанийн баримт бичиг болон мөнгийг буцаан өгч, харин тээврийн хэрэгслийг Эрхээсаваан гэх хүнд өгсөн, Эрхээсаваан нь Д.Д  гэх хүнд өгсөн, одоо надад байхгүй гэж хэлээд өгөөгүй. Ингээд залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй хэмээн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 269 дүгээр прокурорын тогтоолоор тус хэргийг хаасан. Ингээд Д.Д холбогдуулан иргэний журмаар нэхэмжлэл гаргасан боловч түүний оршин суух хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр эрэн сурвалжлах ажиллагааг хийлгэж, хаягийг олж тогтоолгосон. Автотээврийн үндэсний төвөөс авсан лавлагаагаар тухайн тээврийн хэрэгсэлийн эзэмшигч нь  ХХК болох нь тогтоогддог боловч Д.Д  нь тухайн тээврийн хэрэгслийг үндэслэлгүйгээр 2015 оноос хойш эзэмшиж, ашиглаж байх тул Тоёота ланд круйзер 200 маркийн, 0000 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, тус тээврийн хэрэгслийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

2. Хариуцагч Д.Д  өмгөөлөгч Т.М  шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Д.Д  нь А  ХХК-ийн өмнөх өмчлөгч Дү Жүнь-ээс авах авлагатай байсан ба тухайн авлагадаа тооцон уг автомашиныг авсан. Хэдийгээр уг автомашины эзэмшигч нь А ХХК болохыг мэдэж байгаа боловч түүнд өгөх ёстой мөнгөө өгчихвөл уг автомашиныг буцаан өгөхөд татгалзахгүй гэсэн. Энэ бүхэн Дү Жүньтэй холбоотой бөгөөд тэрээр энэ талаар шүүхэд мэдүүлэх боломжтой байсан боловч шүүгч миний хүсэлтийг хүлээн авсангүй. Нөгөө талаар уг тээврийн хэрэгсэл нь А ХХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байна гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 578.150 төгрөг төлсөн баримт, А  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тус компанийн дүрэм, А ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 01 тоот ажилд томилох тухай тушаал, А    ХХК-иас Б.Ч  олгосон итгэмжлэл, М ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 100 дугаар тээврийн хэрэгслийн үнэ, ханшийн тухай мэдээлэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2022/01417 дүгээр шийдвэрийн хуулбар, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 26ё1-1/3593 дугаартай албан бичиг, өмгөөлөгч Г.Г  байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ, Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 180506229 дүгээр тогтоолын хуулбар, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Чанг Гуо Хуагаас авсан мэдүүлгийн хуулбар, 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн тээврийн хэрэгслийн барьцааны гэрээний хуулбар, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 269 дүгээр тогтоолын хуулбар, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 3638 дугаар тогтоолын хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШЗ2020/13865 дугаар захирамжийн хуулбар зэргийг ирүүлсэн.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу бүрдсэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1/3556 дугаар албан бичиг, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн гэрч Энхүүдээс авсан мэдүүлгийн хуулбар, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн гэрч Д.Д авсан мэдүүлгийн хуулбар зэрэг баримт авагдсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.

2. Нэхэмжлэгч А ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс хойш маргаан бүхий 0000 УНС улсын дугаартай, Тоёота ланд круйзер 200 маркийн, аралын JTMDU09J9A4028276 дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн тээврийн хэрэгслийн эзэмшигчээр бүртгэлтэй байх ба талууд энэ талаар маргаагүй.

Гагцхүү хариуцагч Д.Д  нь А ХХК-ийн өмнөх өмчлөгч буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд БНХАУ-ын иргэн Дү Жүнь нь түүнд өглөгтэй, уг өр төлбөрөө төлсөн тохиолдолд тээврийн хэрэгслийг компанийн эзэмшилд шилжүүлж өгөхөд татгалзахгүй хэмээн тайлбарласан.

3. А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд Дү Жүнь нь 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд тухайн компанийн захирал байсан байх ба 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс хойш БНХАУ-ын иргэн Чанг Гуо Хуа захирлаар бүртгэгдэж, компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон болох нь тогтоогдов.

Түүнчлэн хариуцагч Д.Д  нь эрүүгийн хэргийг шалган шийдвэрлэх явцад буюу 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ Дү Жүн болон Энхүүд нарыг танина, харин Чанг Гуо Хуаг танихгүй, би Дү Жүн болон Энхүүд нараас багаар бодоход 60.000.000 төгрөгийн авлагатай. Дү Жүнийг мөнгө өгөхгүй болохоор нь түүний унаж явсан Тоёота ланд круйзер 200 маркийн, 07-89 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг аваад, унаж байгаа. Уг автомашиныг аваад 4-5 жил болж байна. Дү Жүн хааяа ажил гарахаараа надаас аваад унадаг. Дү Жүнийг А ХХК-тай байсныг мэднэ. Мөн тухайн тээврийн хэрэгсэл нь тус компанийн нэр дээр бүртгэлтэй болохыг мэднэ. Гэвч компанийг бусдад зарсан талаар саяхан цагдаагаас залгах үед мэдсэн. Одоо автомашин бүрэн бүтэн байгаа бөгөөд би тухайн 2 хүнээс авах ёстой авлагаа авсны дараа буцаан өгнө гэдгээ хэлсэн гэж мэдүүлжээ.

Мөн гэрч Энхүүд нь 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ Дү Жүнтэй хамт тухайн тээврийн хэрэгслийг худалдан авсан бөгөөд тэрээр өөрийн А ХХК-ийн нэр дээр тээврийн хэрэгслийг бүртгүүлснийг мэднэ. Одоо тус автомашиныг Дэлгэр унаж, ашиглаж байгаа, би түүнд 2018 оны өвөл өгч явуулсан гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч нь хэргийн 27 дугаар талд авагдсан барьцааны гэрээний талаар маргасан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч  нь тухайн баримтыг компанийн барилгын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар мөнгө өгч явуулахдаа 60.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг барьцаалсан гэх агуулгаар тухайн гэрээг байгуулсан бөгөөд бодит байдал дээр ямар нэгэн зээлийн болон барьцааны гэрээний харилцаа байгаагүй гэж тайлбарласан.

Гэвч нэгэнт тухайн тээврийн хэрэгсэл нь компанийн нэр дээр бүртгэлтэй болохыг нотлох баримт гэрчилж, талууд өөрсдөө маргахгүй байгаа тохиолдолд энэхүү барьцааны гэрээ нь хэрэгт ач холбогдолгүй, хариуцагчийн татгалзлыг нотлох баримт болж чадахгүй байна.

Түүнчлэн тухайн тээврийн хэрэгсэл нь компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эсэх талаараа нотлоогүй хэмээн хариуцагчийн өмгөөлөгч тайлбарлах боловч энэхүү үйл баримт нь мөн л хэргийн нөхцөл байдлыг өөрчлөхгүй болно.

Хариуцагч Д.Д  нь Дү Жүнь болон бусад этгээдээс авах ёстой авлагадаа тухайн тээврийн хэрэгслийг барьцаалах үндэслэлгүй байх бөгөөд энэхүү өр төлбөртэй асуудлыг тусдаа шийдвэрлүүлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдав.

4. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно гэж, мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж заажээ.

Иймд дээрх хуульд зааснаар 0000 УНС улсын дугаартай, Тоёота ланд круйзер 200 маркийн, аралын JTMDU09J9A4028276 дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь нэхэмжлэгч А ХХК мөн болохыг тогтоож, тухайн тээврийн хэрэгслийг хариуцагч Д.Д  хууль бус эзэмшлээс гаргуулж нэхэмжлэгч А   ХХК-д олгож шийдвэрлэлээ.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 578.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д  578.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А  ХХК-д олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар 0000 УНС улсын дугаартай, Тоёота ланд круйзер 200 маркийн, аралын JTMDU09J9A4028276 дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь нэхэмжлэгч А ХХК мөн болохыг тогтоож, тухайн тээврийн хэрэгслийг хариуцагч Д.Д  хууль бус эзэмшлээс гаргуулж нэхэмжлэгч А  ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч А  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 578.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д  578.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А  ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА