Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 183/шш2023/00285

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2023/00285

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Р ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  С ХХК-д холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт 46.340.806,5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1. Нэхэмжлэгч Р ХХК нь хариуцагч С ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 46.340.806,5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Р  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Манай компани 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр С ХХК-тай 03/04-1/01 дугаартай Машин механизмын түрээсийн гэрээ байгуулж, далангийн индүүг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт баригдаж байсан Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замд ажил гүйцэтгэхэд нь зориулж 4 сарын хугацаатай түрээслүүлсэн. Үүний дараа хоёр компанийн санхүүгийн албанаас 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд өгч, авалцсан зүйлээ нэг бүрчлэн тооцож, тооцоо нийлсэн. Түүнчлэн гэрээний 8.3-т зааснаар түрээслэгч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу түрээсийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алдангийг хоног тутамд тооцохоор тохиролцсон байдаг. Иймд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаарх түрээсийн төлбөрийн үлдэгдэл 30.893.871 төгрөг, алданги 15.446.935,5 төгрөг, нийт 46.340.806,5 төгрөгийг гаргуулж өгнө үү. Манайх хариуцагч байгууллагатай ямар нэгэн хэлбэрээр эвлэрлийн гэрээ байгуулсан зүйл байхгүй бөгөөд алданги заавал гаргуулж авах хүсэлтэй байна. Нөгөө талаар, хариуцагч талаас алданги төлөх үндэслэлгүй гэх боловч үүнтэй холбоотой нотлох баримтаа ирүүлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч С ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ш  шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компани нь Р ХХК-тай 2021 оноос хамтран ажилласан бөгөөд гэрээний дагуу төлбөрөө цаг тухайд нь төлж байсан. Энэ жилийн хувьд 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1 сарын хугацаатай 03/04-1 тоот машин механизмын түрээсийн гэрээ байгуулж, тус гэрээг 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн машин, механизмын түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах №1 тоот гэрээгээр 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар сунгаж ажилласан. Гэтэл манай компанийн гүйцэтгэсэн ажлын хөлс хугацаандаа орж ирээгүйн улмаас түрээсийн гэрээний үүргийг биелүүлээгүй 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүрсэн. С ХХК болон Р ХХК-ийн хооронд 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 03/04-1 тоот гэрээнд 8.3 дахь заалт гэж байхгүй тул алданги тооцох үндэслэлгүй. 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Р  ХХК-ийн хуулийн зөвлөх Л.М  ярьж, үндсэн төлбөр болон улсын тэмдэгтийн хураамж нийт 31.283.525,02 төгрөгийг шилжүүлчихвэл шүүхээс нэхэмжлэлээ татан авна гэж харилцан тохиролцсон болно гэжээ.

 

3. Нэхэмжлэгч талаас иргэн Л.М олгосон итгэмжлэл, талуудын хооронд 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан 03/04-1 тоот Машин, механизмын түрээсийн гэрээ-ний хуулбар, 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн акт № ТҮ07/02 гэх баримт, Р ХХК-иас С  ХХК-д 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүргүүлсэн шаардлага,   р ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тус компанийн дүрэм зэрэг баримт ирсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэмэлт тайлбар ирсэн.

 

4. Хариуцагч талаас С  ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээлэл, хариу тайлбар, С ХХК-иас Г.Э  олгосон итгэмжлэл, Г.Э  иргэний үнэмлэхний хуулбар, талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 03/04-1 тоот Машин, механизмын түрээсийн гэрээ-ний хуулбар, Р  ХХК-ийн нэхэмжлэх гэсэн баримтуудыг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй хэмээн шүүх үзэв.

2. Нэхэмжлэгч Р ХХК болон хариуцагч С ХХК-ийн хооронд 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 03/04-1 тоот Машин, механизмын түрээсийн гэрээ байгуулагдаж, хариуцагч нь нэхэмжлэгчээс 2 ширхэг далангийн индүүг 1 сард тус бүр нь 13.000.000 төгрөгөөр, нийт 26.000.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож, 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр техникийг хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн байна.

Түүнчлэн хэргийн 10 дугаар талд талуудын хооронд нийлсэн тооцооны акт авагдсан бөгөөд тухайн баримтад дурдсанаар 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хариуцагч С  ХХК нь түрээсийн төлбөрт 30.893.871 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй болохыг баталгаажуулсан, мөн нэхэмжлэгч нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мэдэгдэл хүргүүлэхдээ Үндсэн төлбөр 30.893.871 төгрөг болон алданги 15.446.935 төгрөг, нийт 46.340.806 төгрөг төлөгдөх ёстой болохыг дурджээ.

3. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүрэг шаардах эрхтэй байна.

4. Хариуцагч С ХХК нь Бидний хооронд байгуулагдсан түрээсийн гэрээнд 8.3 гэх заалт байхгүй тул алданги төлөх үндэслэлгүй хэмээн маргаж, тэрээр талуудын хооронд байгуулагдсан гэх 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 03/04-1 тоот Машин, механизмын түрээсийн гэрээ-ний хуулбарыг ирүүлсэн.

 

Гэвч тухайн баримтыг хариуцагч хуурамчаар нөхөн үйлдсэн байх ба нэхэмжлэгчийн ирүүлсэн гэрээний хуулбартай тохирохгүй, бичвэр болон гарын үсэг өөр, мөн тус гэрээнд 8.3, 8.4 гэсэн 2 заалтыг орхигдуулж хийсэн, Р ХХК-ийн тамганы дардас таарахгүй, харин Р  ХХК-ийн ирүүлсэн гэрээнд дарагдсан С ХХК-ийн тамганы дардас нь 5-8 дугаар хуудаст авагдсанаар таарах бөгөөд үүнийг үндсэн гэрээ мөн гэж үзлээ.

 

Мөн хоёр талаас ирүүлсэн гэрээнүүдийн 7.5 дахь хэсэгт зааснаар тухайн гэрээ нь заавал хавсралттай байна гэсэн бөгөөд хариуцагчийн ирүүлсэн гэрээний хуулбарт хавсралт авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Иймээс шүүх хариуцагчийн ирүүлсэн гэрээг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзсэн бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдав.

 

5. Нэхэмжлэлд алдангийг 15.446.935,5 төгрөг хэмээн дурдсан боловч шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М 15.057.281,48 төгрөг хэмээн тодорхойлсон бөгөөд энэхүү хэмжээнд нь шүүх дараах дүгнэлтийг хийж, зарим хэсгийг хангахаар шийдвэрлэв.

 

Талууд 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар өгсөн, авснаа тооцож тооцоо нийлсэн актаар үндсэн төлбөрийн үлдэгдэл 30.893.871 төгрөг хэмээн тогтоосон бөгөөд 2022 оны 8 дугаар сар 31 хоногтой, 2022 оны 9 дүгээр сар 30 хоногтой, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 25 хоног, нийт 86 хоногт алданги тооцно.

 

Ингээд 30.893.871 төгрөгийн 0,3 хувь нь 92.681,6 төгрөг бөгөөд 86 хоногт үржүүлэхэд 7.970.617,6 төгрөг болох ба нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 7.086.663,8 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

6. Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч С  ХХК-иас түрээсийн гэрээний үүрэг 30.893.871 төгрөг, алданги 7.970.617,6 төгрөг, нийт 38.864.488,6 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7.086.663,8 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Р ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 389.654 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С  ХХК-иас 352.272 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р  ХХК-д олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч С  ХХК-иас түрээсийн гэрээний үүрэг 30.893.871 төгрөг, алданги 7.970.617,6 төгрөг, нийт 38.864.488,6 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7.086.663,8 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Р ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 389.654 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С  ХХК-иас 352.272 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА