| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/0104/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2261 |
| Огноо | 2025-09-29 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Б.Гантулга |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2261
2025 09 29 2025/ШЦТ/2261
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,
улсын яллагч Б.Гантулга,
шүүгдэгч Б.*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******т холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
***.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.*** нь 2025 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8-р хороо, *** урд талд байрлах өөрийн ажилладаг “***” авто угаалгад ченж угаалга хийлгэхээр үлдээсэн иргэн У.***ийн эзэмшлийн “***” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж улмаар шонгийн мод мөргөн хохирогч У.***ид 10.797.500 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*** мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хохирогчид учирсан хохирлоос 7.000.000 төгрөгийг төлсөн байгаа. Үлдэх төлбөрийг нөхөн төлөх болно...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 3-6 дахь тал/,
Хохирогч У.***ийн:
“...Би 2025 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 18 цаг 30 минутын үед өөрийн “***” *** улсын дугаартай тээврийн хэрэгслээ ченж угаалга хийлгэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 8-р хороо, *** урд талд байрлах “***” нэртэй угаалгад үлдээсэн ба тухайн өдрийн 16 цагийн үед уг хаалга дээр ирж уулзан угаагч бололтой 19 орчим насны эрэгтэй хүнтэй 200.000 төгрөгөөр ченж угаалга хийлгэхээр тохиролцсон байсан учир тээврийн хэрэгслээ үлдээсэн. Харин өнөөдөр буюу 2025 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 13 цагийн үед уг угаалга дээр ирж угаалгын явц хэр явж байгаа вэ гэдгийг харах гэж ирэхэд машины маань урд копуд хэсэг буюу нүүрээрээ шон мөргөсөн бололтой чихэгдсэн байдалтай угаалга дотроо оруулан байршуулсан байсан. Угаалгын газрын ажилчдаас юу болсон талаар асуухад юм хэлж өгөхгүй байхаар нь машиныхаа баруун талын урд хаалгыг нээж үзэхэд голын ус ундаа хийх зориулалттай тасалгаанд эхүүн үнэртэй шингэн зүйлээр дүүрсэн байсан тул үнэртэж үзэхэд пиво асгарч дүүрсэн байдалтай байсан тул цагдаад хандсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,
“Тэргүүн үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаартай “Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар 10.797.500 төгрөгийн хохирол учирсан” гэсэн хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 16-24 дэх тал/,
Шүүгдэгч Б.***ийн:
“...Би 2025 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 19 цагийн үед “***” авто угаалгын газар ажлаа хийж байхад “***” маркийн *** улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэл ченж угаалга хийлгэхээр орж ирсэн би тухайн машиныг жолоочоос хүлээн авч, тэгээд угааж байтал угаалгын бодис дууссан тэгээд таньдаг угаалгаас очиж бодис авах зорилгоор тухайн машиныг угаагч найз ***ийн хамт угаалгаас унаж гарсан. Би тухайн машиныг унаж гараад Баянхошууны тойрог руу чиглээд явж байтал гэнэт машины хааз шалавчиндаа гацаад замын хажуугийн шонгийн мод мөргөөд зогссон угаалгаас гараад холдоогүй байсан болохоор тухайн машиныг буцаагаад оруулсан. Өглөө машины жолооч мэдээд цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/ болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч Б.*** нь хохирогч У.***ийн автомашиныг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч Б.***өөс 3.800.000 төгрөгийг гаргуулж хохирог ***ид олгох” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.***т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Б.*** нь:
2025 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8-р хороо, *** урд талд байрлах өөрийн ажилладаг “***” авто угаалгад ченж угаалга хийлгэхээр үлдээсэн иргэн У.***ийн эзэмшлийн “***” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж улмаар шонгийн мод мөргөн хохирогч У.***ид 10.797.500 төгрөгийн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч У.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, “Тэргүүн үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаартай үнэлгээ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.***ийг “Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч У.***ийн эд хөрөнгө буюу авто машинд 10.797.500 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Б.*** нь хохирогчид 7.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул үлдэгдэл 3.800.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогч У.***ид нь зүйтэй гэж үзлээ.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “шүүгдэгч Б.***ийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Б.*** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.***ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирол төлбөрийн тодорхой хувийг төлж барагдуулсан түүний хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******ийг “Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин *** болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***өөс 3.800.000 төгрөгийг гаргуулж хохирогч У.***ид олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин *** болох хүртэл шүүгдэгч Б.***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ