| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2022/04651/И |
| Дугаар | 183/ШШ2023/00338 |
| Огноо | 2023-01-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 183/ШШ2023/00338
| 2023 оны 01 сарын 27 өдөр | Дугаар 183/ШШ2023/00338 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.М,
Хариуцагч: б.у нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 132.065.079,04 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Э.М , Б.У нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 132.065.079,04 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Зээлдэгч Э.М , Б.У нар Х ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Орон сууцны зээлийн гэрээ-г байгуулан 110.400.000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар жилийн 8 хувийн хүүтэйгээр, 240 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нар нь дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ"-ний дагуу Э.М , Б.У нарын өмчлөлийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг, Наадамчдын зам гудамж 304 дүгээр байр, 11 тоот хаягт байршилтай 81.89 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан болно. Зээлдэгч нарын хүсэлтийг үндэслэн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн "Орон сууцны зээлийн нэмэлт гэрээ-ний дагуу жилийн хүүг 7 хувь, хугацааг 312 сар болгон өөрчилсөн. Зээлдэгч Э.М нь Х ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн тул 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн "Орон сууцны зээлийн гэрээ"-ний 2.5.1-д зааснаар зээлийн хүүг жилийн 18.6 хувийн хүү болгон өөрчилсөн. Хариуцагч нараас "Орон сууцны зээлийн гэрээ"-ээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр №6/3112-н тоот мэдэгдлийг гардуулан, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн "Орон сууцны зээлийн гэрээ"-ний 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах бүрэн үндэслэлтэй болно. Зээлдэгч нар гэрээний 6.2.4-д заасны дагуу төлбөрийн хуваарь зөрчигдсөн өдрөөс эхлэн төлөгдөөгүй байгаа зээлд үндсэн хүүгийн хамт нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцож төлөх үүрэгтэй. Зээлдэгч нь зээл зээлийн хүүгийн төлбөрт төлөлт хийгээгүйгээс 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд үндсэн зээл 106.520.675,48 төгрөг, зээлийн үндсэн хүү 25.522.730,40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.173,16 төгрөг, нийт 132.048.579,04 төгрөгийн үлдэгдэлтэй ба нотариатын зардал 16.500 төгрөг, нийт 132.065.079,04 төгрөг болно. Иймд талуудын хооронд байгуулсан 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ-2018/000387/0067 тоот "Орон сууцны зээлийн гэрээ"-г цуцалж, хариуцагч Э.М , Б.У нараас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 132.065.079,04 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн хариуцагч Э.М , Б.У нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд "Орон сууцны зээлийн гэрээ-гээр хүлээсэн үүргийн баталгаа болгож "Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-гээр барьцаалсан Э.М , Б.У нарын өмчлөлийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг, Наадамчдын зам гудамж, 304 дүгээр байр, 11 тоот хаягт байршилтай, 81.89 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн агуулгаас маргааны асуудал гарч ирж байна. Сөрөг нэхэмжлэлийн хувьд гэрээний 2.5, 2.5.1, 6.2.11 дэх хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж байна. Анх зээлийн гэрээг байгуулахдаа тухайн гэрээний зүйл заалтыг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож зээл авсан байдаг. Худалдаа хөгжлийн банкинд ажиллаж байгаа ажилчиддаа олгодог тусгай боломж байдаг гэж ойлгож болно. Хэрэв ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байгаа бол 8 хувиар олгосон зээл нь буцаад энгийн зээл рүү шилжихээр талууд тохиролцсон байдаг. Зээлдэгч Э.М нь Худалдаа хөгжлийн банкинд ажиллаж байхдаа өөрийн эх үүсвэртэй биш, тухайн зээлийг Монголын ипотекийн 6 хувийн зээл рүү шилжүүлэх тухай хүсэлтийг гаргасан байдаг. Тухайн хүсэлтийг шийдвэрлээгүй шалтгаан нь 80 м.кв талбайгаас доош байх тодорхой нөхцөл байдаг. Тухайн үндсэн шаардлагад үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ нийцдэггүй учир ажиллаж байх үед нь шийдэх боломжгүй байсан. Хариуцагчийн хариу тайлбар гаргасан нөхцөлийг хэрэгжүүлэх боломжгүй, үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Э.М , Б.У нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие эхнэр Б.У хамт 2018 оны 8 дугар сарын 31-ний өдөр Худалдаа хөгжлийн банк ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 110.400.000 төгрөгийн орон сууцны зээлээр улсын бүртгэлийн Ү-0000000 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг /17110/, Наадамчдын зам гудамж, 304 дүгээр байр, 00 тоотод байрлах, 81,89 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдан авсан. Уг зээл нь тухайн банкны ажилтан байх үедээ авсан 2 дахь зээл юм. Монгол Улсад хэрэгжиж байгаа ипотекийн зээлийн журамд орон сууцны нийт талбайн хэмжээ 80 м.кв-аас хэтрэхгүй гэж заасан. Миний худалдаж авсан орон сууцанд манай байртай ижил хэмжээтэй байрнуудын талбайн хэмжээ 80 м.кв-аас доош гарч, бусад банкны ипотекийн зээлд хамрагдсаныг мэдээд 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тусгай зөвшөөрөл бүхий "Зол-Ач ХХК-иар орон сууцны нарийвчилсан хэмжилтийг дахин хийлгэж талбайн хэмжээг 79,64 м.кв байгаа тухай акт гаргуулан, улмаар зээлийг ажилтны гэрээт тусгай нөхцөлөөс энгийн харилцагчийн ипотекийн зээл рүү шилжүүлэх хүсэлтийг 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр тус банкны Хүний нөөцийн хэлтсийн ажилтан О.Д банкны дотоод цахим шуудангаар илгээсэн. Мөн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр, 2021 оны 5 дугаар сарны 14-ний өдөр, 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг бичгээр банкны миний зээлийг хариуцаж байгаа ажилтнуудад өгсөн. Ажилтны хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийг харилцагчийн ипотекийн зээл рүү шилжүүлж, зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулж нэмэлт гэрээ байгуулах үйл ажиллагаа нь миний мэдэж байгаагаар ажилтны хүсэлтийн дагуу тогтмол хийгддэг ажил юм. Би өмнө нь авч байсан ажилтны зээлээ мөн хүсэлт гаргаад харилцагчийн 8 хувийн зээлд шилжүүлж байсан. Гэвч нэхэмжлэл гаргасан уг зээл дээр Орон сууцны зээлийн гэрээний 11.5, 11.6-д заасны дагуу зээлдэгчийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтээ удаа өгсөн боловч тодорхойгүй шалтгаанаар нэмэлт гэрээ байгуулах, зээлийн хүү, нөхцөлийг өөрчлөх шийдвэр гаргаж хариу мэдэгдээгүй. Би 2009-2021 онуудад Х ХХК-д ажилласан. Үүнээс 2013-2020 онд данс хариуцсан ажилтнаар ажиллаж байсан, миний зээлийн тухайд орон сууцны талбайн хэмжээ 81,89 м.кв, мѳн ажилтны хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцны урьдчилгаа төлбөрт орон сууцны үнийн 20 хувийг төлөх боломжтой байсан зэргээс шалтгаалан анх банкны ажилтны нөхцөлөөр зээл авсан. Гэвч зээл авсны дараа талбайн хэмжээ өөрчлөгдөж, урьдчилгаа төлбөрийг 30 хувьд хүргэн нэмж төлөх боломжууд бүрдсэний үндсэн дээр зээлийг харилцагчийн буюу ипотекийн зээлд шилжүүлэх хүсэлтээ удаа дараа өгсөн. Би 2021 оны 6 дугаар сард ажлаас гарч, өөр байгууллагад ажиллах болсон. Зээлийг зээлдэгчийн хүсэлтээр ипотекийн зээлд шилжүүлж чадаагүйгээс үүдэн үндсэн гэрээний 2.5-д заасан хүүгийн өөрчлөлт орж, зээлийн эргэн төлөх хэмжээ ихээр нэмэгдсэн. Удаа дараа өгсөн хүсэлтийг хүлээж авсан боловч шийдвэрлэж өгөөгүй, би зээлээ төлөхгүй гэж энэ өрийг үүсгээгүй 312 сар нь 20 хэдэн жил төлөх учир ипотекийн зээлд хамруулах, хөнгөлөлт чөлөөлтөд хамрагдах хүсэл зоригийн үндсэн дээр хүсэлтүүдээ олон удаа өгсөн боловч шийдвэр гаргаж хариу өгөөгүй шалтгааныг нь би хэлж мэдэхгүй байна. Гэрээний 11.5-т зааснаар шийдэж болно. 18.6 хувийн зээлээс ипотекийн шаардлага хангасан бол шилжиж болох талаар заасан байгаа. Өмгөөлөгчөөс хууль зүйн зөвлөгөө авахад өмнөх хүүгээр нь тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргаж болно гэсний үндсэн дээр сөрөг нэхэмжлэл гаргасан. Тооцоолоод үзэхээр 25 хэдэн сая төгрөгийн зээлийн хүү хуримтлагдсан байсан. Өмнөх хүүгээр хувиар тооцоолж үзвэл 10 хэдэн сая төгрөгийн өр үүсэх байсан. Би болон хамтран зээлдэгч манай эхнэр сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжтой гэж үзвэл цаашид ипотекийн зээлд хамрагдагч зээлээ хэвийн төлөх хүсэлтэй байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гүйцэтгэх захирал О.О Ц.Г олгосон итгэмжлэл, гүйцэтгэх захирлын орлогч Ц.Г Х.Х олгосон итгэмжлэл, Х ХХК-ийн ажилтнуудын орон сууцны зээлийн өргөдөл, хамтран зээлдэгчийн анкет, талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ-2018/000387/0067 дугаар Орон сууцны зээлийн гэрээ-ний хуулбар, эргэн төлөлтийн хуваарийн хамт, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ-2018/000387/0067-01 тоот Орон сууцны зээлийн нэмэлт гэрээ-ний хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ҮХЭХТХЭБГ-2018/000387/0067 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-ний хуулбар, Э.М , Б.У нарын өмчлөлийн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалбар, барьцаалбар өөрчлүүлэх тухай тэмдэглэл, Х ХХК-иас Э.М 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр болон 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр тус тус хүргүүлсэн мэдэгдэл, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, нотариатын зардал 16.500 төгрөг төлсөн баримт, улсын тэмдэгтийн хураамж 888.475 төгрөг төлсөн баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.Э олгосон итгэмжлэл зэргийг ирүүлсэн.
4. Хариуцагч нараас тэдний иргэний үнэмлэхний хуулбар, Б.У Э.М олгосон итгэмжлэл, сөрөг нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй хэмээн шүүх үзэв.
2. Нэхэмжлэгч Х ХХК болон хариуцагч Э.М , Б.У нар 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ-2018/000387/0067 дугаар Орон сууцны зээлийн гэрээ, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ҮХЭХТХЭБГ-2018/000387/0067 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ болон 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ-2018/000387/0067-01 тоот Орон сууцны зээлийн нэмэлт гэрээ тус тус байгуулж, хариуцагч нар банкнаас 110.400.000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар зээлж авсан, мөн барьцааны гэрээний дагуу Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо /одоо 24 дүгээр хороо/, Яармаг /17110/, Наадамчдын зам гудамж, 304 дүгээр байр, 11 тоотод байрлах, 81,89 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна.
Зээлийн гэрээ болон гэрээний нэмэлтэд дурдсанаар зээлийн хүүг талууд 2 янзаар тохиролцсон байх ба үүнд Х ХХК-нд ажиллаж байх хугацаанд жилийн хүү 8 хувь байгаад сүүлд 7 хувь болгож, хугацааг 240 сар байсныг 312 сар болгосон, харин банкны ажилтнаас чөлөөлөгдсөн буюу гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөх тухай тушаал гарсан өдрөөс хойш 72 цагийн дотор зээлээ бүрэн төлөөгүй нөхцөлд хүүгийн хэмжээ жилийн 18,6 хувиар тооцон төлөхөөр тус тус тохиролцжээ.
3. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа дуусаагүй боловч зээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийгээгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт, мэдэгдэл зэрэг баримтаар тогтоогдож байна.
4. Хариуцагч Э.М , Б.У нар Ажлаас чөлөөлөгдсөн хугацаанаас хойш нэмэлт гэрээ, хэлцэл байгуулахгүйгээр зээлийн хүүг жилийн 18,6 хувь болгон нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Төрийн орон сууцны корпораци руу бидний зээлийн үүргийг шилжүүлэх хүсэлтийг үндэслэлгүйгээр шийдвэрлээгүй орхигдуулсан. Манай орон сууц 81,89 м.кв талбай бүхий хэмжээтэй гэдэг боловч сүүлд албан ёсны эрхтэй компаниар дүгнэлт гаргуулахад 79,64 м.кв талбайтай болох нь тогтоогдсон. Зээлийн гэрээний 2.5, 2.5.1, 6.2.11-д заасныг хүчин төгөлдөр бусад тооцож, зээлийн хүүг жилийн 8 хувийн хүүгээр үргэлжлүүлэх төлөх хүсэлтэй байна хэмээн маргасан.
5. Орон сууцны зээлийн гэрээний 2.5-д Гэрээний 2.5.1-2.5.3-д заасан тохиолдол үүссэн үед гэрээний 2.2-д заасан хүүг доор дурдсан хэмжээгээр тооцож төлөхөөр талууд тохиролцов. Үүнд зээлийн хүү 18,6 хувь, хэтэрсэн хугацааны хүү сарын 1,55 хувь болно гэж, 2.5.1-д Зээлдэгч энэхүү гэрээний 6.2.11-д заасан хугацаанд зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй бол ажлаас чөлөөлөхөөр Гүйцэтгэх захирлын тушаалд заасан өдрөөс эхлэнэ гэж, 6.2.11-д Ажилтан ажлаас чөлөөлөхөөр тушаалд заасан өдрөөс хойш 72 цагийн дотор орон сууцны зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах бөгөөд энэ хугацаанд бүрэн төлөөгүй тохиролдолд ажлаас чөлөөлөхөөр Гүйцэтгэх захирлын тушаалд заасан өдрөөс эхлэн Гэрээний 2.5-д заасан зээл, хүүг төлөхөөр тохиролцов. Дээр дурдсан 72 цагийн дотор орон сууцны зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд 2.2-д заасан хүүгээр тооцож болно гэж тус тус заажээ.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд энэхүү эрхийнхээ хүрээнд талууд гэрээний нөхцөлийг тодорхой тусгаж, ажилтан ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд зээл, хүүгийн төлбөрийг 72 цагийн дотор төлж чадаагүй бол хүүгийн хэмжээг жилийн 18,6 хувиар тооцон төлөхөөр анхнаасаа тохиролцсон, тухайн тохиролцооны утга, хариуцлагыг талууд гэрээ байгуулах үедээ мэдэж байсан. Энэ талаар нэмэлт гэрээ байгуулах шаардлагагүй байна.
Өөрөөр хэлбэл, нэгэнт хүүгийн хэмжээг тогтоосон тохиролцоог хүчин төгөлдөр гэж үзэх бөгөөд үүнийг зөвхөн талууд тохиролцон өөрчлөх эрхтэй. Харин хариуцагч Э.М гаргасан хүсэлтийг Х ХХК ямар учир шалтгааны улмаас хянан шийдвэрлээгүй болох талаар шүүх дүгнэлт өгөх, банкны дотоод асуудалд хөндлөнгөөс оролцох боломжгүй болно.
Иймээс хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага буюу орон сууцны зээлийн гэрээний 2.5, 2.5.1, 6.2.11 дэх хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлийн аль нэгд хамааруулан, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл тогтоогдсонгүй.
6. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Э.М , Б.У нараас зээлийн гэрээний үүрэг буюу 106.520.675,48 төгрөг, зээлийн үндсэн хүү 25.522.730,40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.173,16 төгрөг, нотариатын зардал 16.500 төгрөг, нийт 132.065.079,04 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэв.
7. Мөн Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т тус тус зааснаар хариуцагч нар үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч Э.М Б.У нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаар бүхий, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо /одоо 24 дүгээр хороо/, Яармаг /17110/, Наадамчдын зам гудамж, 304 дүгээр байр, 00 тоотод байрлах, 81,89 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 888.475,4 төгрөг, хариуцагч Э.М сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.М , Б.У нараас 888.475,4 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Э.М , Б.У нараас зээлийн гэрээний үүрэг буюу 106.520.675,48 төгрөг, зээлийн үндсэн хүү 25.522.730,40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.173,16 төгрөг, нотариатын зардал 16.500 төгрөг, нийт 132.065.079,04 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т тус тус зааснаар хариуцагч нар үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч Э.М , Б.У нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаар бүхий, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо /одоо 24 дүгээр хороо/, Яармаг /17110/, Наадамчдын зам гудамж, 304 дүгээр байр, 00 тоотод байрлах, 81,89 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х ХХК-д холбогдох Орон сууцны зээлийн гэрээний 2.5, 2.5.1, 6.2.11 дэх хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 888.475,4 төгрөг, хариуцагч Э.М сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.М , Б.У нараас 888.475,4 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА