| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/06018/И |
| Дугаар | 102/ШШ2023/01000 |
| Огноо | 2023-03-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2023/01000
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ...
Хариуцагч: ...
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г....,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийг төлөөлөн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Д.... болон иргэн М...., М...., Н...., О.... нартай ... улс руу 3 машинтай цуваа болон хамт явсан. ... улс руу явах замд М....гийн ... маркийн ... улсын дугаартай автомашины мотор нь эвдэрч, хамт явсан хүмүүсээс мөнгө зээлэх боломж байна уу гэж асууж байсан. Тухайн үед М.... нь Д....гээс мотор засуулахад 4,000,000 төгрөг зээлээч, ...д очоод машинаа зараад өгье гэж хэлсэн. Ингээд Д.... нь өөрийн ажилтан Э....тай ярьж 4,000,000 төгрөгийг М....гийн хүргэн хүү болох М....ий Худалдаа хөгжлийн банк дахь дансанд шилжүүлсэн. Гэтэл М.... нь одоо хүртэл зээлсэн мөнгөө төлөхгүй, утсаа авахгүй байна.
Хариуцагчийн хүргэн хүү болох М.... нь 2019 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын хооронд нийт 13,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д....гээс зээлсэн. Уг зээлсэн мөнгөө өгөхгүй байсан тул нэхэмжлэгч Д.... нь 2021 оны 4 дүгээр сард энэхүү мөнгийг нэхэмжилж Баянгол дүүргийн Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ тухайн 13,000,000 төгрөгтөө одоогийн нэхэмжилж буй 4,000,000 төгрөгийг хамтад нь нэхэмжилсэн. Учир нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ... улс руу явах замд хариуцагч М....гийн машин эвдэрсэнтэй холбоотой 4,000,000 төгрөгийг зээлүүлээч гэж М.... болон М.... нар нэхэмжлэгчээс гуйсны дагуу М....ий Худалдаа хөгжлийн банкны дансанд мөнгийг шилжүүлсэн учраас энэхүү мөнгийг М....ээс шаардах нь зүйтэй гэж анх нэхэмжлэл гаргасан. Гэтэл Анхан шатны шүүх болон Давж заалдах шатны шүүх энэхүү хэргийг шийдвэрлэхдээ 13,000,000 төгрөгөөс 9,000,000 төгрөгийг нь хангаж, үлдэх 4,000,000 төгрөгтэй холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн буюу энэхүү 4,000,000 төгрөгийг М.... хариуцахгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ... явах замд машины мотор эвдэрчихлээ, мөнгө зээлэх хүн байна уу? гэж нэхэмжлэгчээс хариуцагч М.... болон түүний хүү М.... нар асууж байсан талаарх гэрчийн мэдүүлэг байдаг. Энэхүү гэрчийг өмнөх шүүх хуралдаанд оролцуулж, мэдүүлгийг нь авсан байдаг. Хариуцагч М.... нь уг мөнгийг өөрт нь хамаагүй, өөрөө зээлээгүй гэж байх боловч түүний машины мотор эвдэрснээр мөнгө зээлэх шалтгаан болсон гэдгийг шүүх онцгой анхаарахыг хүсье. Хариуцагч хариу тайлбар болон нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсантай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Мөн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг үндэслэж М....гээс 4,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож өгнө үү...гэв.
2.Хариуцагч М.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
Миний бие ... овогтой ... нь нэхэмжлэгч Д.... болон хамт явсан М...., О...., Н.... нартай 3 машинтай 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ... улс руу явсан. ... улс руу явах замд миний эзэмшлийн ... ... маркийн улсын дугаартай автомашины мотор эвдэрсэн. Миний машин ОХУ-ын ... хотод эвдэрсэн. Тухайн үед тухайн газар ямар ч машин засах мотор засах тийм үйл ажиллагаа болоогүй. Би тэр засварын газар машинаа орхиод бусад хамт явсан хүмүүсийн хамт цааш явсан. Д....гээс ямар ч мөнгө зээлэх гэрээ хэлэлцээр хийгээгүй. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Энэ нэхэмжлээд байгаа 4,000,000 төгрөгийг Д.... нь миний хүргэн хүү М....ий Худалдаа хөгжлийн банкны ... тоот дансанд шилжүүлсэн гэх боловч өөрөө хэрэглээд дуусгасан. Мөн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... дугаартай шийдвэр дээр мөн адил энэ дансыг ашиглаж бас моторын засвар гэж мэдүүлээд миний хүргэн М....ээс 4,000,000 төгрөг нэхэмжлээд авчихсан. Энэ мөнгө өмнөх шүүхийн шийдвэрээр авчихсан. Надад ямар нэг хамаагүй асуудал буюу нэхэмжлэл учраас би хүлээн зөвшөөрөхгүй. Миний мэдүүлгийг миний хүргэн хүү М...., хамт явсан Н...., О.... нар батлана...гэжээ.
3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: Хаан банк ХХК-ийн шилжүүлгийн баримт /хх-4/, фото зураг /хх-5/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ...дугаар шийдвэрийн хуулбар /хх-6-8/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаар магадлалын хуулбар /хх-9-14/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.
4.Хариуцагч М.... шүүхэд аливаа бичмэл нотлох баримт гаргаагүй болно.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн ...дугаар захирамжаар Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /хх-23-24/, захирамжийн дагуу Э...., Т...., М.... нарын гэрчийн мэдүүлэг /хх-28-35/, 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ...дугаар шүүх хуралдааны тэмдэглэл /хх-36-41/ зэрэг баримтыг шүүхийн журмаар бүрдүүлсэн.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх М....гээс 4,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан Д....гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч шаардах эрхээ хариуцагчийн хүсэлтийн дагуу 4,000,000 төгрөгийг автомашины мотороо засуулахад нь зориулан зээлдүүлж, хариуцагчийн хүргэн хүүгийн дансаар шилжүүлсэн, хариуцагч буцааж төлөх үүргээ биелүүлээгүй учир түүнд зээлдүүлсэн 4,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардана гэж тодорхойлжээ.
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгчээс мөнгө зээлж аваагүй, уг зээлдүүлсэн гэх 4,000,000 төгрөгөө нэхэмжлэгч нь хүргэн хүү М....ээс гаргуулахаар шүүхэд мөн нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн учир төлбөр төлөх үүрэг хүлээхгүй, уг 4,000,000 төгрөгөө нэхэмжлэгч өөрөө үрж дуусгасан гэх агуулга бүхий тайлбар гаргасан байна.
4.Хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
5.Зохигчид Д....гээс М....гийн хүргэн хүү М....ий банк дахь харилцах данс руу 4,000,000 төгрөг шилжсэн гэх үйл баримтын талаар маргаагүй. Харин тухайн мөнгийг нэхэмжлэгч нь хариуцагчид зээлдүүлсэн эсэх, төлбөрийг М.... нь Д....д буцаан төлөх үүрэг хүлээх эсэх талаар маргаантай байна.
6.Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
6.1.Нэхэмжлэгч Д.... нь хариуцагч М.... болон түүний хүргэн хүү М...., мөн Т...., О.... нарын хамт 2019 оны 11 дүгээр сард Бүгд Найрамдах ... улс руу автомашин зарах зорилгоор зорчиж, аяллын явцад М....гийн эзэмшлийн автомашины мотор эвдэрсний улмаас засварлуулах шаардлагатай болжээ.
6.2.Аяллын хугацаанд буюу 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Э....гийн Хаан банк ХХК дахь ... тоот данснаас иргэн М....ий Худалдаа хөгжлийн банк ХХК дахь ... тоот данс руу 4,000,000 төгрөгийг ... гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн байна.
6.3.Дээрх гүйлгээтэй холбоотойгоор нэхэмжлэгч Д.... нь иргэн М....д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ...дугаар шийдвэрээр М....ээс 9,000,000 төгрөг гаргуулан Д....д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг хянаад 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээснээр тухайн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
6.4.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдсан, Д....гийн нэхэмжлэлтэй, М....д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад:
- Гэрч Э.... ...Д.... захирал хамт яваа хүмүүсийн машины мотор эвдэрсэн мөнгө шилжүүлж өг гээд энэ хүний дансыг өгсөн. Компанийн харилцах дансанд мөнгө байхгүй байсан учраас тэр өдрийн орлогоосоо аваад М....ий данс руу Д.... нэрээр хийсэн. Энэ 4,000,000 төгрөг Д.... захирлын мөнгө. Захирлын даалгаснаар шилжүүлсэн. Энэ мөнгө компанийн мөнгө. Мөнгийг шилжүүлэх үед Д.... гэдэг хүний эзэмшилд дангаараа байсан. 2019 оны 11 сард саяхан хувьцаа эзэмшигчдийн хурал болсон гэж байсан. Би сайн мэдэхгүй байна, би жирэмсний амралтаа аваад явсан, намайг хариуцдаг байхад өөрийнх нь эзэмшлийн компани байсан. Д....г ... явсан гэдгийг харсан, мэднэ. Шинэ жилийн өмнө ирсэн. Энэ мөнгө шилжүүлэх үед ...д байсан... гэж мэдүүлсэн;
- Гэрч Т.... ...Д....гээс М....ий аав мөнгө зээлээч гэсэн. Торгууль төл эсвэл хорино гэж байна гээд хэлсэн. Тэгээд аав нь мөнгө зээлсэн. ...машиныг янзлуулах гэж Оросын засварын газар аваачсан. Үнэтэй байна гээд янзлуулаагүй. Тэгэхдээ ачилтын мөнгө төгрөгийг төлсөн. Д....гээс моторын засварын мөнгө авсан. Хэдийг авсныг нь мэдэхгүй. Мөнгө шилжүүлснийг нь мэднэ. Замдаа ачилт хийх явцад шилжүүлсэн. ...Цагдаатай холбоотой асуудалд 1,000,000 тэнгээ торгуульсан гэж сонссон. 1,000,000 тэнгээ нь 7,000,000 төгрөг байсан байх. Д.... дүү рүүгээ яриад дүү нь шилжүүлсэн. М....ий данс гадаад данс гээд шилжүүлж байсан. Бидний дунд өөр олон улсын карттай хүн байгаагүй. М...., н.Тэгшээ хоёрыг урьд нь ... ирж асуудалд орж байсан талаар аав ярьж байсан. Тэгээд Д.... хот руу яриад мөнгө авч байсныг мэдэж байна. М....ий ааваас сонссон, тэрийгээ ярьж байна. ...Тухайн үед мөнгөтэй хүмүүс байгаагүй. Д.... Улаанбаатар руу яриад шилжүүлж авсан... гэж мэдүүлсэн;
- Гэрч М.... ...М...., Д.... нарын машиныг зарахаар явсан. 4,000,000 төгрөгийн хувьд тэр үед М.... ганцаараа олон улсын карттай байсан тул дансанд нь Д.... мөнгө байршуулмаар байна гээд байршуулсан байсан. Би энэ талаар сүүлд мэдсэн. Эхлээд н.... явчихсан. Дараа нь Д.... бид хамт Монгол руу явах болсон. Тэгээд дэлгүүр орж гэртээ юм авах болоод би мөнгөгүй байсан тул хүүгээсээ хэдэн төгрөг авсан. Хүү маань надад мөнгө өгөхдөө Д.... эгч картыг маань авсан, та картнаас мөнгөө аваарай гэсэн юм. Тэр үед Д.... М....ий картанд мөнгөө байршуулсан байсан гэж надад хэлсэн. 4,000,000 төгрөгийг байршуулаад бага багаар аваад хэрэглэж байсан. 5,000,000 төгрөгийн хувьд тэнд очоод цагдаад шалгагдсан. Н....ын зургийг цагдаа нар надад үзүүлээд энэ хүнийг таних уу гэсэн. Би танина энд байгаа гэж хэлсэн. Дахиад нэг зураг үзүүлсэн нь танихгүй хүний зураг байхаар нь танихгүй гэдгээ хэлсэн. ...Гараад н....ыг авч явна, баривчлана гээд байхаар нь би юу болоод байгаа юм, надад тайлбарлаач гээд цагдаагаас зуураад зогсоод байсан. Цагдаа нь хулгайн хэрэг болсон гэхээр нь одоо бид нар яах вэ, бид нар хамт явж байгаа, учрыг олмоор байна гээд Д....д энэ талаар хэлэхэд за наадахыг чинь зохицуулъя, Монголоос мөнгө авчруулъя гэсэн. Тэр цагдаа бид нараас шууд мөнгө нэхсэн. Нэхсэн мөнгийг өг тэгээд салъя гэсэн. Зураг дээр үзүүлсэн хүнийг нь би танихгүй, харин н....ын зургийг харуулсан таньж байсан. Д.... Монголоос мөнгө авч М....ий дансаар шилжүүлж би хамт явж аваад цагдаад өгөөд салсан. 5,000,000 төгрөгийг ...ы цагдаад өгсөн. Бид нар өөр мөнгө байхгүй гэдгээ хэлсэн. ...Машинтай явж байхад машины мотор эвдэрсэн. Тэр машиныг янзлуулаагүй Оросын холбооны улсад орхисон. Би тухайн үед мөнгөгүй байсан. Миний машин байсан. ...Тэр машиныг засуулах гэтэл наана нэг хотод ирэхэд үнэтэй байна гээд ... хотод ирэхэд бүр үнэтэй болоод засуулж чадалгүй засварын газрын гарашид хаяад явсан. Д.... хаана АТМ-с мөнгө авсныг мэдэхгүй. ... улсын ... хотын Мега гэдэг дэлгүүрт явж байгаад АТМ-аас мөнгө авсан. М.... ч надаас код асуугаад карт аваад явсан гэж энэ талаар надад бас хэлсэн. Би хараа муутай тул н....тай хамт гарсан. Би зүрх муутай тул салгалаад ортол М...., н.... хоёрыг хоёуланг нь аваад гарч ирсэн. Ержан гэх цагдаа надад зураг үзүүлээд би гүйлгээд харахад М....ийг байна гэж хартал өөр адилхан хар хувцастай нөгөө залуу байсан. Би буруу харсан байна гэж бодсон. Тэр зурган дээр М.... байгаагүй. Анх би Д....д яах вэ энэ хоёрыг хоёулаа гэж ярьсан. Д.... араас чин ьби зохицуулахыг бодъё гээд үлдсэн. Би гараад юм яриад зогсож байтал Д.... над руу Монгол руу утасдаад мөнгө зохицуулъя гэж ярьсан. ...Би ... явж ирээд Д....гээс нэг удаа мөнгө зээлсэн. Шинэ жилээс өмнө ирсэн... гэж мэдүүлсэн байна.
7.Нэхэмжлэгч шаардах эрхээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу тодорхойлсон бол хариуцагч талын зүгээс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан бөгөөд М....ээс 4,000,000 төгрөг нэхэмжлээд авчихсан гэж тайлбарласан.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж хуульчилсан.
Нэхэмжлэгч Д.... нь хариуцагч М....гийн хүргэн хүү гэх иргэн М....д холбогдуулан, түүнд машины мотор засуулахад зориулж зээлдүүлсэн гэх 4,000,000 төгрөг, мөн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зээлдүүлсэн 6,000,000 төгрөг болон 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зээлдүүлсэн гэх 3,000,000 төгрөг, нийт 13,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр М....ээс 9,000,000 төгрөг гаргуулан Д....д олгож, машины мотор засварлуулахад зориулан зээлдүүлсэн гэх 4,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг ...Д....гийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч М....ий Худалдаа хөгжлийн банкин дахь ... тоот дансаар Монголоос шилжүүлсэн гэх 4,000,000 төгрөгийг хариуцагч М.... зээлж аваагүй байх бөгөөд тухайн зээлийг хариуцвал зохих этгээд нь хариуцагч М.... биш.. гэж дүгнэн, нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
9.Ийнхүү Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ...дугаар шийдвэрээр Д....гийн М....ээс шаардсан 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэснээр хүчин төгөлдөр болсон бөгөөд хариуцагч М....гийн шүүхэд бичгээр гаргасан М....ээс 4,000,000 төгрөг нэхэмжлээд авчихсан гэх тайлбар татгалзлыг үгүйсгэсэн ба энэ талаар шүүх дахин нотлохгүй. Мөн хариуцагч М.... шүүхэд гаргасан тайлбар татгалзлаа баримтаар нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
10.Хариуцагч М....гийн барьж явсан автомашины мотор эвдэрсний улмаас нэхэмжлэгч Д.... нь Монгол улсаас 4,000,000 төгрөгийг өөрийн ажилтан Э....гийн Хаан банк дахь харилцах данснаас М....гийн хүргэн хүү гэх М....ий Худалдаа хөгжлийн банк дахь харилцах данс руу шилжүүлүүлэн зээлж авсан байх тул Д...., М.... нарын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
11.Хариуцагч М.... нь нэхэмжлэгч Д....д шилжүүлэн авсан 4,000,000 төгрөгөө буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас 4,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.
12.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М....гээс 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д....д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА