| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2022/03347/И |
| Дугаар | 183/шш2023/00403 |
| Огноо | 2023-01-31 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 183/шш2023/00403
| 2023 оны 01 сарын 31 өдөр | Дугаар 183/ШШ2023/00403 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Т-д холбогдох,
Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион Оргил хотхон, Зайсан гудамж, 56 дугаар байр, 2 тоотод байрлах орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион Оргил хотхон, Зайсан гудамж, 56 дугаар байр, 00 тоотод байрлах орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д , М.Идэрхангай, хариуцагч Э.Т , хариуцагчийн өмгөөлөгч Б.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Э.Т холбогдуулан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион Оргил хотхон, Зайсан гудамж, 56 дугаар байр, 00 тоотод байрлах орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. Хан-Уул дүүргийн, Оргил стар хотхон 56 дугаар байрны 0 тоотод байрлах, 0 өрөө орон сууцыг манайх өндөр хүүтэй зээлээр худалдан аваад улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж авсан. Хариуцагч 2 тоотод нэлээн хэдэн жил амьдарсан тул манай байрыг чөлөөлж өгнө үү гэсэн ганцхан том хүсэлт байна. Тус 56 дугаар байрын 2 тоотод миний мэдэхээр 2016 оноос хойш амьдарч байгаа. Манайх Байрыг чөлөөлж өг, өмнө манай ээжийн нэр дээр байсан, одоо манай хүүгийн нэр дээр байгаа тул байрыг чөлөөлж өгнө үү гэхээр Оргил стар хотхоны 0 тоот орон сууцны гэрчилгээг ахаасаа авч өг, 0 тоот орон сууцны гэрчилгээг мөн гаргаж өг, яаж энэ байрыг худалдаж авснаа нотол гэж ярьж байсан. 0 тоот орон сууцыг Г.Б ахтай холбоотой Х ХК-д ажиллах үед нь н.Т гэх хүн гэрээ хийж, авсан гэдгийг сая л мэдсэн. Сөрөг нэхэмжлэл нь манай ээж, хүү, бид нарт ямар ч хамааралгүй, 0 тоотыг Э.Т байр байж яагаад байрандаа орохгүй, манай байранд амьдраад байгаа юм бол гэсэн чинь наран талдаа арай том цонхтой, цэлгэр том болохоор нь тэгсэн байх. 20 тоотын түлхүүр нь хүртэл надад байсан. Гэрчийн мэдүүлэг өгсөнтэй холбоотой зургийг нь хүртэл дарж байсан. Э.Т мессеж бичээд 20 тоотод өөрөө орооч гэхэд Гэрчилгээг нь гаргаж өг гээд байсан. Гэрчилгээг гаргаж өгдөг хүн нь би биш гэхээр Г.Б ахдаа хэлж өг, тэгэхгүй бол 2 тоотыг чөлөөлж өгөхгүй гээд байсан. Энэ байрыг барьцаалаад дарамталж байна. Г.Б ах энэ хүмүүстэй холбоотой байгаад Г.Б ахаар мөнгө төлүүлэхийн тулд 0 тоотыг гэрчилгээг гаргаж өгсөн тохиолдолд 0 тоотыг чөлөөлж өгнө, тэгэхгүй бол манай эхнэрийн нэр лүү шилжүүл гэж хүртэл бичиж байсан. Худалдах худалдан авах гэрээ гэдэг нь ондоо зүйл. Дуугүй байж байгаад гэнэт та нар гарч ирлээ гэж байсан. Тухайн үед би үнэнээ хэлсэн, ээж үнэхээр хүнд өвдсөн, би өөрөө бас асуудалтай байсан. Бид нарын ганц анхаарал хандуулж байсан хүн бол манай ээж, бас тэр үед Г.Б ахад найдчихсан байсан нь миний буруу байсан би буруугаа хүлээнэ. Энэ хүн бас буруугаа хүлээхгүй бусдад буруугаа чихээд байна. Хөнгөлөлттэй нөхцөл байдлаар гэрээ хийгээд 0 өрөө байр авах ийм гоё боломжийг авчихаад энэ 5, 6 жилийн дотор төлбөр мөнгөө төлөөд авч болно. Гэтэл өнөөдрийн өгсөн баримт бид нарт огт хамаагүй, 48 сая төгрөг өгчихөөд 0 тоотын гэрчилгээг өөрийнхөө орон байранд орохын тулд Э.Тэмүүжинд авч өгөх ёстой гэж дарамталсан. Эрүүл саруул ухаантай хүн хүнээс хүнийг ингэж дарамтлахгүй байх. Төлбөр мөнгөө өгөөд 0 тоотоо авах хэрэгтэй. Хэрэгт авагдсан баримтаас ингэж дүгнэлт хийж байна. 0 тоот сул байна, чи ороод сайхан ажил хийж байгаад сайхан тохижуулаад амьдарч болно. Би тэтгэврийн хэдэн төгрөгөөрөө эмээ аваад, өөрөө хүүхдүүддээ төвөг удахгүйн тулд амьдарч байгаа. Би өөрийнхөө байрны мөнгийг өгчихөөд хүний байрны мөнгө төлөөд явж чадахгүй. 0 тоотыг чөлөөлөөд өгчих, өөрт ямар ч гэм хийгээгүй бид хэдийг дарамталж шахах ямар ч шаардлагагүй, Г.Б баян хүн гэж ойлгоод байна. Хувиараа ажил хийж байхдаа боломжтой байсан. Яг хэний өмнөөс нэхэмжлэл гаргаад байгаа нь мэдэгдэхгүй, мөнгө төгрөгөө төлөөд 0 тоотоо авна уу, надад огт хамаагүй. Худалдан авсан тэр компанитайгаа тооцоо хийгээд авч болно. Г.Б гэх хүн энэ 2 тоот байранд нэг ч төгрөг оруулаагүй, нэг ч удаа оролцож байгаагүй. Байрны гэрчилгээгээр батлагдана, манай хүргэн дүү баталгаа хийж өгч байсан. Миний өмнөх 2 өрөө байрыг зарж байж энэ байрын төлбөрийг хийсэн. Би 2 тоотдоо л орно, 00 тоотоос амьдрахгүй байгаа биднийг гаргуулна гэдэг нь утгагүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Э.Т шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Анх 2015 онд 7 давхрын 00 тоотод байрлах байранд орсон. 2015 оны 4, 3 сард манай аав Г.Б ахтай яриад, би одоо маргаад байгаа 0 тоотод байрлах байранд орсон. Тухайн үед метр квдарт нь 2.300.000 төгрөгөөс 2.400.000 төгрөгийн хооронд байсан. Хямдралтай мөнгөөр гуйж аваагүй, бартерын шугамаар байр авч болдог гэхээр нь энэ байрны урьдчилгаанд 48 сая төгрөг өгөөд эхнэр нэг хүүхэдтэйгээ орсон. н.Амарсайхан бол манай үеэл жүжигчин, найруулагч мэргэжилтэй, хөдөө орон нутагт зураг авалттай байнга явдаг. Би өөрөө амжихгүй үедээ эхнэрээрээ төлбөр төлүүлэх, гэрээ хийлгэх ажил хийлгэдэг. Г.Батдорж ах 7 давхартаа ор гээд туслах залуу нь түлхүүр авчирч өгсөн. Захирал чамд өглөө 7 давхартаа ор гэснээ болиод 5 давхар луу орчих, би ээжийгээ 7 давхар луу оруулна гэж байсан боловч жолоочоо оруулсан байсан. 2 хүүхэдтэй залуу 7 давхар луу ороод би 5 давхар луу орсон. Г.Б ах өөрөө 0 тоотод манай ээж орох гэж байна. Гал тогооны тавилга хийгээд өг гэхээр нь тавилгыг нь хийж өгчихөөд ахад хэлсэн чинь Бичиг баримтыг удахгүй зохицуулж өгнө гээд Г.Д гэх эгчийг гарч ирэхээс өмнө ямар ч холбоогүй байсан. Би аавд хүртэл хэлсэн Энэ хүн хааччихваа гэсэн чинь Аавд нь хүртэл олдохгүй байна. Алга болохгүй байх гэсэн. Г.Д гэх эгч гарч ирсний дараа миний мессежинд баахан хариу өгсөн. Би баахан газраас хайж үзсэн боловч олоогүй. Г.Д эгч намайг муухайгаар ярьж байна. Анх манайд ирэхэд нь Сайн уу эгчээ Г.Б ах олдохгүй байна. Ямар ч хүнтэй холбоо барих боломжгүй байна. Та ахтай холбож өгөөд 7 давхрын асуудлыг зохицуулж өгөөч гэсэн чинь Эгчийнх байр гээд 2 долоо хоногийн турш эвтэйхэн ярьсан. Би холбож өгье, ах надтай холбоо бариагүй удаж байгаа гэхээр Тэгвэл 7 давхрын гэрчилгээг надад гаргаж өг, миний байр байсан. Мөнгө төлбөрийг нь төлчихсөн. Г.Б ах 7 давхарт байхад 5 давхар луу шилжүүлчихээд алга болсон. Та гарч ирсэн боловч над руу дайрч давшлаад байна гэдгийг нь хэлсэн. Гэрчийн мэдүүлэг дээр худлаа худлаа зүйл ярьсан байна. Би үнэхээр хохирох гээд байна. Би энэ байрыг булаацалдаагүй, миний 7 давхрын байрыг өгчихвөл би байраа суллаж өгнө. Энэ хүмүүс энэ байранд амьдардаг, орой болгон гэрэл нь асаалттай байдаг. Энэ хүүхэдтэй үе үе таардаг байсан. Надаас тамхи хүртэл гуйж байсан. Саяхан орцонд надтай тааралдсан, тэр гэртээ амьдардаг, гэрч хүртэл олсон. Би байрыг булаацалдаж луйвардаагүй, орцонд хүртэл хашгираад байдаг. Та битгий хаалга нүдээд миний хүүхдүүдийг айлгаад бай гэж хэлсэн. Сүүлдээ 2 байр авах гээд байгаа юм уу. Техник импорт дээр очсон боловч хариу хэлээгүй. Тэгээд сүүлд нь би луйварчин болж байна. Фейсбүүк дээр Үл хөдлөх хөрөнгөд таньдаг хүн байна уу, нэр шалгуулах гэсэн юм аа гэсэн пост оруулсан. Гэнэт нэг хүн гарч ирснээ Энэ манай байр гэсэн. Л.Б гэх хүнийг би өмнө таньдаггүй байсан. Гэтэл 2 тоотын байр энэ хүний нэр дээр явж байсан. Г.Б ахаас болоод би хохирох гээд байна. Гэрчийн мэдүүлэгтэй хальт танилцахад зөрүүтэй мэдээлэл хэлсэн байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгч Д.Б иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Д.Б М.И олгосон итгэмжлэл, Л.Б болон Ө ХХК-ийн хооронд байгуулагдсан 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн OST12C30 тоот Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-ний хуулбар, 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 13/36 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-ний хуулбар, мөн өдрийн 13/36 тоот Орон сууцны зээлийн гэрээ-ний хуулбар, Д.Б Г.Д олгосон итгэмжлэл зэрэг баримт ирсэн.
4. Хариуцагч Э.Т байрны төлбөр төлсөн талаарх баримтууд, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг төлсөн баримт, Техник импорт ХК, Ц ХК болон иргэн Б.Т нарын хооронд байгуулагдсан 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/2015/19 тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, А.А Б.Т нараас байрны төлбөр төлсөн тухай орлогын баримтууд зэрэг баримт ирсэн.
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ирсэн Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2215 дугаар албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2216 дугаар лавлагаа, Л.Б , Г.Э Д.Б нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2790 дугаар Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-ний хуулбар, Оргил стар сууц өмчлөгчдийн холбооны 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 71 дүгээр тодорхойлолт, Б ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 23/07 тоот тодорхойлолт, хавсралтын хамт, гэрч Г.Батдоржийн шүүхэд өгсөн мэдүүлэг баримт бүрдсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
2. Иргэн Л.Б нь Ө ХХК-тай 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр OST12C30 дугаартай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Оргил стар тауны С блокны 1 дүгээр орц, 5 дугаар давхрын А хаалгатай, 2 өрөө бүхий, 60,88 м.кв талбайтай орон сууцыг 91.320 ам доллараар худалдан авахаар тохиролцжээ.
Мөн 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 13/36 дугаар Орон сууцны зээлийн гэрээ-г Хадгаламж банктай Г.Эрдэнэсувд, Г.Э , Ю.Э нар байгуулж, 64.400.000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар авсан байх ба тухайн өдрөө үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан байна.
Улмаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2206039305 дугаартай, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил, Зайсан гудамж, 56 дугаар байрны 00 тоотод байрлах, 60,88 м.кв талбай бүхий дээрх орон сууцыг өмчлөгч Л.Баянбаатар, Г.Э нар 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2790 дүгээр Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ-ний дагуу зээ хүү Д.Б бэлэглэсэн, Д.Б 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс хойш тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдлоо.
Харин хариуцагч Э.Т нь тухайн орон сууцанд 2015 оноос хойш амьдарч байгаа бөгөөд түүний ирүүлсэн төлбөрийн баримтуудаас үзэхэд тэрээр 2016 оноос 2021 оныг дуустал хугацааны ашиглалтын зардлыг төлжээ.
3. Э.Т нь Миний бие амьдарч буй 2 тоотод байрлах орон сууц нь иргэн Л.Б гэдэг хүний өмчлөлд бүртгэлтэй болохыг мэдэж байсан. Гэхдээ түүний хүү Г.Б нь намайг тухайн байранд оруулсан гэж тайлбарласан ба тэрээр тухайн орон сууц нь бусдын өмчлөлд бүртгэлтэй болохыг мэдэж байсан байна.
Гэрч Г.Б шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Миний бие 2013-2015 оны хооронд Х Ц ХК-ийн гүйцэтгэх захирал байсан ба манай компанийн хөрөнгө оруулагч Б ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Э гуйлтын дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамжны 56 дугаар байрны 00 тоотод байрлах байрыг өөрийн хүүдээ авч өгөхөөр гэрээ байгуулж өгөхийг хүссэн. Ингээд гэрээ байгуулсны дараа н.Э болон түүний хүү байрны төлбөр төлөхгүй байгаа талаар яригдаад эхэлсэн. Хэрэгт авагдсан гэрээнд зурагдсан гарын үсэг минийх мөн, гэхдээ өдөрт хэдэн арваараа гэрээ зурагддаг байсан тул яг энэхүү гэрээг тусгайлан санахгүй байна. Гагцхүү Э.Т нь гэрээний нэг тал болохын хувьд гэрээний дагуу төлбөрөө төлөх ёстой. Дараа нь 00 тоотоос 00 тоот руу н.Э захирал надаас гуйсан учир хүүг нь тухайн байр руу оруулсан. Түүнээс биш хоёр байрыг хооронд нь сольсон асуудал байгаагүй. Зөвхөн н.Э захирлыг санхүүгийн асуудлаа шийдвэрлэтэл хүүг нь 00 тоотод амьдруулсан. Харамсалтай нь хүүдээ тэрээр нарийн учрыг нь хэлээгүй юм уу, бүү мэд, ямар ч байсан хүү нь 0 тоот байр руу орохдоо их ууртай орсон гэж манай хүмүүс надад хэлсэн. 0тоот байранд хэн амьдардаг болохыг мэдэхгүй, нэг хэсэг хоосон байхад нь би жолоочоо байлгадаг байсан. Жолооч маань 0 тоотод амьдрах нөхцөл боломжгүй байна гэдэг зүйл хэлж байсан. Одоо Э.Тэмүүжин миний ээжийн байрыг суллаж өгөөд, өөрийнхөө худалдан авсан 0 тоот байрны төлбөрөө зохих газарт нь төлөөд явахад ямар нэгэн асуудал байхгүй гэж мэдүүлсэн.
Өөрөөр хэлбэл, маргаан бүхий орон сууц нь нэхэмжлэгч Д.Б өмчлөлийнх бөгөөд тэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар бусдын хууль эзэмшлээс шаардах эрхтэй ба ямар шалтгааны улмаас тухайн байранд Э.Т орж амьдрах болсныг гэрч тодорхой тайлбарласан.
4. Хэрэгт мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Оргил стар тауны С блокны 1 дүгээр орц, 7 дугаар давхрын 0 тоот хаалгатай, 57,42 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 132.066.000 төгрөгөөр худалдан авахаар Т ХК, Ц ХК болон иргэн Б.Т нарын хооронд байгуулагдсан 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/2015/19 тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээ авагдсан ба гэрээний дагуу Э.Т эхнэр Б.Т 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр болон 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр тус тус нийт 8.000.000 төгрөгийг Ц ХК-д шилжүүлсэн, мөн үеэл гэх А.А 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 40.000.000 төгрөгийг Ц ХК-д шилжүүлсэн тухай баримтууд авагдсан.
Одоо тухайн 0 тоот орон сууц нь иргэн Д.Б өмчлөлд, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэлтэй болох нь холбогдох Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр тус тус тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл, Э.Т болон түүний эхнэр Б.Т нар Т ХК, Ц ХК-тай тус тус орон сууц худалдан авах гэрээ байгуулж, тухайн 0 тоотод байрлах орон сууцны төлбөрт 48.000.000 төгрөгийг Ц ХК-ийн дансанд төлсөн нь тогтоогдсон ба уг орон сууцны төлбөр бүрэн төлөгдөөгүй ажээ.
Хэдийгээр хариуцагч Э.Т нь тус 20 тоотод байрлах орон сууцыг нэхэмжлэгч Д.Б хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэгт авагдсан баримтаар тэрээр тухайн байрны өмчлөгч биш, нөгөө талаар, гэрээ байгуулсан Б.Т болон өмчлөгч Д.Б нараас Э.Т уг байрны талаар шаардлага гаргах эрхийг олгоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн тухайн 0 тоот байранд яг ямар хүн амьдарч байгаа болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй ба нэхэмжлэгч Д.Б уг байранд амьдардаггүй хэмээн маргасан тул хариуцагчаа зөв тодорхойлох шаардлагатай болохыг дурдах нь зүйтэй.
Учир нь тухайн 0 тоот байрны ашиглалтын зардлыг Э.Т өөрөө төлдөг болох нь Б ХХК-ийн тодорхойлолт, хавсралт баримтуудаар тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч Д.Б тухайн орон сууцанд амьдардаг болохыг хариуцагч нотолж чадаагүй болно.
5. Иймд нэхэмжлэгч Д.Б нь эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаартай, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил, Зайсан гудамж, 56 дугаар байрны 0 тоотод байрлах, 60,88 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд уг байранд хууль бусаар оршин сууж, өмчлөгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй тул хариуцагч Э.Т хууль бус эзэмшлээс уг орон сууцыг чөлөөлөхөөр шийдвэрлэв.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Тэ 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б олгож, Э.Т сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70.200 төгрөгийг Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот данснаас буцаан гаргаж хариуцагч Э.Т олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 117, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар хариуцагч Э.Т хууль бус эзэмшлээс эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартай, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо /одоо 17 дугаар хороо/, Стадион оргил хотхон, Зайсан гудамж, 56 дугаар байрны 0 тоотод байрлах, 60,88 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Б холбогдох Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо /одоо 17 дугаар хороо/, Стадион оргил, Зайсан гудамж, 56 дугаар байрны 0 тоотод байрлах орон сууц чөлөөлүүлэх тухай хариуцагч Э.Т сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Т 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б олгож, Э.Т сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70.200 төгрөгийг Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот данснаас буцаан гаргаж хариуцагч Э.Т олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА