Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2023/00198

 

 

 

 

 2023 оны 01 сарын 17 өдөр          Дугаар 183/ШШ2023/00198                          Улаанбаатар хот

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б дүүрэг,  байранд байрлах, У ХХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг,  3 давхарт байрлах, Э ХХК /РД:******/,

Хариуцагч: Х дүүрэг,  өөрийн байранд байрлах С ХХК /РД:*******/ нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 263 591 211 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 131 795 606 төгрөг, хохирол буюу олох байсан орлого 92 862 000 төгрөг, нийт 488 248 817 төгрөг гаргуулах,

Хариуцагч: Х дүүрэг,  3 давхар байрлах, Э ХХК /РД:******/-ийн

Нэхэмжлэгч: Б дүүрэг, н байранд байрлах, У ХХК /РД:*******/-д холбогдох,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хохирол олох байсан орлого 519 994 169 төгрөг, гэрээний үүрэгт илүү төлсөн 77 895 000 төгрөг, 7 дугаар агуулахад байгаа барааг гаргуулах, 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн түрээсийн гэрээний нэмэлт сунгалт, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 19/Т-07 тоот түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах,

Хариуцагч: Х дүүрэг,  өөрийн байранд байрлах С ХХК /РД:******/-ийн,

Нэхэмжлэгч: Б дүүрэг,   байранд байрлах, У ХХК /РД:******/-д холбогдох,

  Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2018/09-01 тоот түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Л,

Хариуцагч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б,

Хариуцагч С ХХК-ийн төлөөлөгч Н.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Үүрийнцолмон нар оролцов.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч У ХХК нь хариуцагч Э ХХК, С ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 263 591 211 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 131 795 606 төгрөг, хохирол буюу олох байсан орлого 92 862 000 төгрөг, нийт 488 248 817 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Хариуцагч ЭХХК нь нэхэмжлэгч У ХХК-тай 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Түрээсийн гэрээ байгуулж гэрээний дагуу нэхэмжлэгчийн эзэмшлийн 2268м.кв талбай бүхий агуулахыг 1м.кв талбайн түрээсийг 8 000 төгрөг буюу нийт түрээсийг 18 144 000 төгрөг байхаар тохирч гэрээг байгуулсан. Тухайн түрээсийн гэрээний үнэд НӨАТ ороогүй дүн болно. Хариуцагч болон нэхэмжлэгч нар нь түрээсийн талбай болон талбайн үнийг удаан харилцааны явцад тохиролцон өөрчилж байсан бөгөөд хамгийн сүүлд 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 19/т-07 дугаартай “Түрээсийн гэрээ”-г байгуулан 1 м.кв талбайн түрээс 9380 төгрөг байхаар нийт 360 м.кв талбайг түрээслэхээр тохиролцсон. Хариуцагчийн хувьд 2013 онд гэрээ байгуулснаас хойш ямар нэгэн гэрээний зөрчил гаргалгүй явсан бөгөөд 2015 оны 05 дугаар сараас эхлэн түрээсийн төлбөрийг хоцроох, төлбөрийг тасалдуулах зөрчил гарч эхэлсэн ба манай компанийн хувьд удаан хугацааны харилцаагаа бодон төлбөрийг дараа сарын төлбөр дээр нэмэн хариуцагчийг төлбөрөө бүрэн төлөхийг хүлээсэн. Хариуцагч нь хамгийн сүүлд 2019 оны 07 дугаар сараас хойш одоог хүртэл дахин түрээсийн төлбөрийн төлөлт хийгээгүй ба хариуцагчаас төлбөрөө төлөхийг шаардаад байхад одоо хүртэл түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд одоог хүртэл тухайн талбайг Э ХХК нь ашиглаж байгаа болно. Иймд хариуцагч Э ХХК-иас түрээсийн гэрээний үндсэн төлбөр 263 591 211 төгрөг, алданги 131 795 606 төгрөг буюу нийт 395 386 817 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Э ХХК болон С ХХК-ууд нь өөрийн өмч болох тавилга бараа материалыг 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд У ХХК-ийн агуулахыг түрээслэн хадгалуулж ирсэн. Түрээсийн гэрээний хугацаанд түрээсийн төлбөрөө сар сард нь бүрэн төлж барагдуулаагүй явсаар гэрээний хугацаа дуусахад түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 263 591 211 төгрөг төлөх өртэй үлдсэн байсан бөгөөд гэрээний хугацааг хэтрүүлсний улмаас 131 795 606 төгрөгийн /гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар/ алданги нийт 395 286 817 төгрөгийн төлбөрийн өртэй түүнийг түрээслүүлэгч У ХХК шүүхэд хандаж нэхэмжлээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Гэтэл түрээслэгч Э ХХК болон С ХХК-нууд нь гэрээний хугацаа дууссанаас хойш өдий хүртэл түрээсийн үлдэгдэл өрөө төлөх ямар нэг идэвхи санаачлага гаргахгүй, элдэв шалтаг тоочиж, зальт арга саам хэрэглэн, хүндэтгэх шалтгаангүйгээр төлбөрөө төлөхөөс зайлсхийж, өрөө барагдуулж бараагаа хугацаанд нь авахгүй, түрээсэлж байсан №7 агуулахыг чөлөөлж өгөхгүй удааж үнэ төлбөргүй ашиглаж завшиж байгаагийн улмаас У ХХК-ийг гэрээний хугацаа дууссан 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш өдий хүртэх хугацаанд өөрийн үл хөдлөх хөрөнгөө бусдад түрээслүүлж ашиг орлого олох боломжийг нь алдагдуулж хохироож байгаа тул У ХХК нь өөрийн үл хөдлөх хөрөнгийг ашиглан олох байсан орлогоо алдсаны хохирлоо төлүүлж авахаар шүүхэд хандаж өмнөх нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртлэх хугацаанд олох байсан орлогоо алдсаны хохирлыг хариуцагч нарт түрээслүүлж байсан жишиг үнээрээ тооцон, нийт 92 862 000 төгрөгийн хохирлыг уг агуулахад хадгалагдаж буй барааны өмчлөгч Э ХХК болон С ХХК-иудаас гаргуулахаар нэхэмжилж байна.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, Э ХХК болон С ХХК-нуудаас У ХХК-ийн агуулахад тавилга, бараа материалаа түрээсийн гэрээ хийж хадгалуулсан гэрээний үүргийн дутуу төлсөн төлбөр 263 591 211 төгрөгийг гаргуулж У ХХК-д олгож, талуудын хооронд байгуулсан 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн түрээсийн 2 гэрээ /№ 20, 22 агуулах болон №13 агуулах/ 2015 оны 9 дүгээр сарын 14-ний нэмэлт өөрчлөлт, 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн түрээсийн гэрээний сунгалтын гэрээ. 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн түрээсийн гэрээ  /№9,10 агуулах/, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 16/12-2 дугаартай агуулах /2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 18/09-01 түрээсийн гэрээ /№6 агуулах/, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 19/Т-007 тоот түрээсийн гэрээ /№07 агуулах/ гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулах,

 талуудын хооронд байгуулагдсан дээрх түрээсийн гэрээнүүдийн 4.5 дахь хэсэг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу Э ХХК болон С ХХК нуудаас нь У ХХК-тай байгуулсан заасан түрээсийн гэрээний үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлээгүй 600 хоногоор хугацаа хэтрүүлсэн хугацааны алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 131 795 606 төгрөгийн алдангийг гаргуулах,

Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1  дэх хэсэг, 422 дугаар зүйлийн 422.3.8 дахь хэсэг, 429 дүгээр зүйлийн 429.17 дахь заасныг үндэслэн түрээсийн төлбөрөө төлж бараагаа авахгүй байгаагаас түрээслэгч Э ХХК, С ХХК-нуудын тавилга, бараа материал 7 дугаартай агуулахад барьцаалагдан, үргэлжлүүлэн хадгалагдсаар байгаагийн төлбөрт 92 862 000 төгрөгийг ЭХХК, С ХХК-иудаас гаргаж нэхэмжлэгчид олгож хохиролгүй болгуулж өгнө үү гэжээ.

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. У ХХК нь Э ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт 395 886 317 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Үүний үндэслэл нь нэгт, анх 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдөр өөрийн өмчлөлийн Б  дүүргийн 21, 22 гэсэн дугаартай агуулахыг түрээсийн гэрээ байгуулж түрээсэлсэн. Дараа нь 13 тоот дугаартай нэмэлт гэрээгээр 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 1000 мкв-ийг мөн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Э ХХК түрээсэлсэн. 2016 оны 6 дугаар сарын 04 өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээгээр мөн энэ гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 9 болон 10 гэсэн дугаартай 1300мкв 2 агуулахыг Э ХХК-д түрээсэлж тавилгыг нь хадгалсан. 2016 оны 9 дүгээр сарын 20-ний өдрийн сунгалт гэх нэмэлт гэрээгээр 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1862 тоот гэрээг дуусгавар болгож, 22 дугаартай 1256мкв агуулахыг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл Э ХХК болон С ХХК-д хамтран түрээсэлсэн. Үүний дараа 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 180909 тоот түрээсийн гэрээгээр 06 дугаартай 360 мкв талбай агуулахыг 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл С ХХК-д түрээслүүлж байсан. 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 191007 тоот гэрээгээр 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 7 дугаартай 360 мкв агуулахыг Э ХХК түрээсэлсэн. Энэ агуулахыг одоо болтол хариуцагч тал ашиглаж байгаа. Э ХХК болон С ХХК нь 2015 оноос хойш У ХХК-ийн агуулахыг түрээсэлж эд хөрөнгөө хадгалж ирсэн. Ингээд 2015 оноос зарим сарын түрээсийн төлбөрөө төлөөгүй. 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүртэл гэрээний дагуу нийт 1 151 715 770 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх ёстойгоос 888 923 593 төгрөгийг төлж 263 592 014 төгрөгийг төлөөгүй байгаа. Он оноор нь өрийг нь тооцож ирсэн. Хариуцагч болон манай талын нягтлан хамтарч гэрээний тооцоог гаргасан. Хоёр талын баталгаажуулсан тооцоо нь 1 дүгээр хавтасны 15 дугаар хуудаст байгаа. 2020 хүртэл албан бичгээр төлбөр төлөлтийг хойшлуулж төлнө гэдэгт итгэлтэй байгаа гэх албан бичгийг хариуцагч тал удаа дараа өгсөн. Ийм учраас 263 592 014 төгрөгийг гэрээний дагуу нэхэмжилж байна.

Талуудын байгуулсан түрээсийн гэрээний 4.5-т түрээсийн төлбөрийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоногт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг төлөхөөр тохирсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, хэмээн заасан байх бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1 жилийн хугацаатай 7 дугаартай агуулахын түрээсийн гэрээ дууссан үеэс эхлэн алданги тооцож байна. С ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 6 дугаартай агуулах түрээслэх гэрээ нь 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дууссан. Гэрээний хугацаа дуусан боловч гэрээний үүргийг одоо болтол биелүүлээгүй байгаа. Гэрээний үүргийн хугацаа дууссанаас хойших алдангийг тухайн агуулахын гэрээ дууссан өдрөөс 50 хувиар тооцож 131 795 606 төгрөг, гэрээний үүрэг 263 591 211 төгрөгийг Э ХХК болон С ХХК-иас хувь тэнцүүлэн гаргуулах хүсэлтэй байна. Мөн Э ХХК нь тайлангаа С ХХК дээр гаргадаг, тиймээс гэрээг С дээр гаргаж өгнө үү гээд нэг гэрээг С ХХК дээр байгуулж байсан. Мөн санхүүгийн тооцоог С ХХК хийдэг бөгөөд энэ 2 компани нь 1 эзэмшигчтэй, Э группын компаний захирал юм. Ийм учраас энэ 2 групп нь хамтран тооцоо гаргах ёстой. Э ХХК дээр гарсан өрийг С ХХК төлж барагдуулах болно гээд У ХХК-тай хийсэн хэлцэл нь хэрэгт бас авагдсан байгаа. Түүнчлэн манай талаас эхний нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан, үүнд 2 талын хооронд байгуулагдсан гэрээ болон гэрээний агуулгаас авч үзэхэд түрээсийн гэрээ нь түрээсийн гэрээ биш Иргэний хуулийн 422 дугаар зүйлд заасан агуулахад эд хөрөнгө хадгалах гэрээ гэж үзэж байна. Түрээсийн гэрээ байсан бол үйл ажиллагааны чиглэлийн дагуу ашиглаад ашиг олсон байх ёстой. Гэтэл агуулахад зөвхөн эд хөрөнгө хадгалж байсан. Талуудын хооронд үүссэн эрх үүргийг харгалзан үзэхэд У ХХК-ийн агуулахад хадгалуулж байсан. Түлхүүр У ХХК-д байгаа бөгөөд бараа авна гэсэн үед нь У ХХК очиж барааг гаргаж өгдөг байсан, энэ нь түрээсийн гэрээ нэрээр байгуулагдсан хадгалалтийн гэрээ бөгөөд Иргэний хуулийн 422 дугаар зүйлд заасан гэрээний үүрэг болж байна. Хадгалалтийн гэрээ нь 429 дугаар зүулийн 429.17-д эд хөрөнгийн хадгалалттай холбогдон үүссэн зардлыг төлүүлэхээр хадгалагч тухайн эд хөрөнгийг барьцаалах эрхтэй хэмээн заасан байна. Мөн 12 дугаар сарын 02-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлагаар тус хоёр компани нь агуулахад эд хөрөнгө хадгалсан, бараагаа авахыг У нь өгч байсан. Гэвч тус хоёр компани нь гэрээний хугацаа дууссанаас хойш гэрээний төлбөрөө төлөөгүй. Иймээс барааг хадгалж байгаа тал Иргэний хуульд заасны дагуу барьцаалах эрхтэй. Бараагаа авахгүй байвал түүнийг худалдан борлуулж хохирлоо барагдуулах эрхтэй. Хохирлыг гэрээний хугацаа дууссанаас нэхэмжлэл гаргах хүртэл тооцсон. Ингээд хадгалалтын хөлс 263 591 211 төгрөг, алданги 131 795 606 төгрөг, мөн хохирол болох 92 862 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа бөгөөд хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулах хүсэлтэй байна гэв.

2.Хариуцагч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгт, 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гэрээний үүргээ биелэгдэхгүй байгаа хэмээн нэхэмжлэл гаргасан байна. Гэвч хуульд заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа нь 3 жилийн хугацаатай байх бөгөөд нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн 2013 он болон 2016 оны гэрээнд 1м.кв нь хэд гэж заасан байгаа, хэрэв тухайн сарын төлбөрөө өгөхгүй бол шүүхэд хандах эрхтэй. Ингээд 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 3 жилийг нь хасах юм бол 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс өмнөх гэрээний үнийн дүнг нэхэмжлэх эрхгүй болж байгаа юм. 2018 оны 6 дугаар сараас тухайн үед төлж байсан мөнгөөр бодвол 150 587 560 төгрөг гарч байна. Энэ нь нэхэмжлэгч гаргасан тооцооноос зөрөөгүй юм. 2018 оноос өмнөх тооцоог хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор төлөхгүй. 2018 оны 6 дугаар сараас 2021 оны 5 дугаар сар хүртэл тус хоёр компани нь нийт 224 483 595 төгрөгийг төлсөн. Манай тал уг гэрээг хүчин төгөлдөр биш гэдгийг хожим мэдсэн бөгөөд нэхэмжлэгч талын нэхэмжилсэн 220 000 000 гаруй төгрөгөөс 150 587 760 төлсөнөөс 77 895 835 төгрөг илүү төлсөн байна.

Хоёрт, 2018 оны 5 дугаар сараас 9 дүгээр сар хүртэл ямар нэгэн түрээсийн гэрээ байхгүй, тиймээс алданги төлөхгүй. Тухайн үед алдангигүйгээр м.кв-ийн төлбөрийг төлсөн. 2018 оны 9 дүгээр сараас 2019 оны 9 дүгээр сар хүртэл С ХХК-тай түрээсийн гэрээтэй энэ нь хүчин төгөлдөр бус боловч бид хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч тал гэрээний 6 дахь агуулга дээр 44 218 570 төгрөг нэхэмжилдэг. Үүнийг манай тал 61 430 334 төгрөг болгож төлсөн. Үүнээс харвал илүү төлөлттэй байгаа юм. Учир нь нэхэмжлэгч тал тухайн үед бараа авсан бөгөөд энэ илүү төлөлт нь тухайн барааний зөрүү мөнгө юм. Энэ нь хавтаст хэрэгт 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн тайлбараар тодорхой авагдсан. 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд гэрээ байгуулагдсан ч тухайн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх тул алданги төлөхгүй, тухайн үед гэрээнд 40 521 006 төгрөг төлсөн. Мөн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүртэл гэрээнд 28 815 350 төгрөг нь төлөгдсөн үүнд алданги гэж байхгүй. Учир нь гэрээ байхгүй учир алданги гэж байхгүй. Ингээд алдангийн 130 000 000 төгрөгийг тооцох боломжгүй юм. 2018 оны 6 сараас өмнөх гэрээ нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан, 2018 оны 6 сараас хойших 150 000 000 төгрөгийг төлсөн буюу илүү төлөлттэй байгаа учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.

С ХХК-тай байгуулсан 2019 оны гэрээ нь мөн адил хүчин төгөлдөр бус гэрээ учир нь 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр У ХХК-ийн захирал н.Л хүүхэддээ компаниа өгч тухайн компани өөр захиралтай болсон байхад н.Л нь гарын үсэг зурсан байдаг юм. Мөн эдгээр гэрээ нь бүхэлдээ түрээсийн гэрээ. Хадгалалтийн гэрээ биш. 7 дугаар агуулах 360мкв буюу 1мкв нь 9 380 төгрөг. Хадгалалтийн гэрээ гэж үзэх юм бол мкв-ийг хэд гэж тооцож болохгүй. Хууль зөрчиж гэрээ хийсэн учир нь нэхэмжлэгч тал татвараас нуугдах гэмт хэрэг үйлдэж Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан хуулийн заалтыг зөрчиж байгаа тул хүчин төгөлдөр бус хэлцэл болж байна. Ингээд манай талаас үндсэн нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Харин нэмэгдүүлсэн хохирлын хувьд нэгт, бид өөрсдөө бараагаа авмаар байна гэж байгаа боловч өөрсдөө одоо болтол өгөхгүй байгаа. Хууль бусаар барьцаалж авчихаад түүний төлөө мөнгө нэхэх нь утгагүй. Манай тал бараагаа авахын тулд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Маргаан үүссэнээс хойш барааг битүүмжилсэн, тиймээс оруулахгүй, тоолуулахгүй байгаа. Хоёрт, шүүхийн захирамжаар битүүмжилснээс илүү гарсан барааг манай талд өгөөгүй, энэ нь бичгийн баримтаар мөн адил нотлогддог. Бараа барьцаалчихаад олох байсан орлого хэмээн нэхэмжлэх нь үндэслэлгүй юм. Тиймээс миний хувьд С ХХК болон Э ХХК-ний өмгөөлөгчийн хувьд болон компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн дараах тайлбарыг хийлээ гэв.

 

3.Хариуцагч Э ХХК-ийн төлөөлөгч Н.Ж шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай компани нь У ХХК-тай №19/Т-07 тоот Түрээсийн гэрээ байгуулан гэрээний дагуу агуулахыг нь түрээслэн 766 915 549 төгрөгийн үнэ бүхий бараагаа хадгалуулж байсан. Гэвч У ХХК нь 2018 оны 03 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 3 жил гаруйн хугацаанд түрээслэж байсан агуулахын хаалгыг цоожлон түлхүүр хураан авч, зарах боломжүй болгосон. У ХХК нь манай 766 915 549 төгрөгийн үнийн дүн бүхий барааг 2018 оны 03 дугаар сараас хойш 3 жил гаруйн хугацаанд санаатайгаар хаалга цоожилж, зарах боломгүй болгосноос болж манай компани тухайн барааг зах зээлийн эргэлтэнд оруулж чадаагүй ба үүнээс болж аж ахуйн хэвийн үйл ажиллагаагаа ихээхэн алдагдахад хүрсэн. Улмаар уг барааг эргэлтэд оруулж худалдан борлуулснаар олох байсан ашиг буюу 606 108 618 төгрөгийн хохирол манай компанид учирсан. Иймд хариуцагчаас хууль бусаар хаалга цоожилж зарах боломжгүй болгосон 766 915 549 төгрөгийн үнэ бүхий барааг эргэлтэд оруулж худалдан борлуулснаар олох байсан ашиг буюу манай компанид учирсан хохиролд 606 108 618 төгрөгийг гаргуулж өгнө үү. Энэ шаардлагаа багасгаад 519 994 169 төгрөгийг гаргуулж өгнө үү хэмээн тодруулсан.

Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлсэн. Үүнд:

1.У ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлд 2018 оны 6 дугаар сараас 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэл  хугацааны түрээсийн төлбөрт нийт 150 587 760 төгрөг нэхэмжилснээс У ХХК-н шүүхэд гаргаж өгсөн өр төлбөрийн тооцоололд манай компани 224 483 595 төгрөг төлсөн байх тул 77 895 000 төгрөг илүү төлсөн байна. Иймд манай компанийн түрээсийн төлбөрт илүү төлсөн 77 895 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2.Манай компани нь У ХХК-тай №19/Т-07 тоот Түрээсийн гэрээ байгуулан 605 344 493 төгрөгийн үнэ бүхий бараагаа хадгалуулж байсан. Уг барааг Хөрөнгө эстимэйт ХХК нь хөрөнгийн үнэлгээний тайлан хийж 605 344 493 төгрөгийн барааг баталгаажуулсан. У ХХК нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр манай компаниас 395 386 817 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Улмаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 183/Ш32021/09461 дүгээр захирамжаар манай 395 386 817 төгрөгийн барааг битүүмжлэх захирамж гарсан. Бид дээрхи шүүхийн захирамжаар битүүмжилсэн бараанаас илүү байгаа манай 209 802 668 төгрөгийн бараагаа авах гэхэд өнөөдрийг хүртэл хууль бусаар 7 дугаар агуулахын хаалгыг цоожлон гаргахгүй байна. Иймд хариуцагчаас У  ХХК-ийн 7 дугаар агуулахад байгаа манай компанийн 209 802 668 төгрөгийн хавсралт №1-т заасан барааг гаргуулж өгнө үү гэсэн боловч энэ шаардлагаа тодруулж 7 дугаар агуулахад байгаа барааг гаргуулж өгнө үү гэж байна гэв.

 

4.Хариуцагч С ХХК-ийн төлөөлөгч Н.Ж шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Хавтаст хэрэгт байгаа У ХХК, С ХХК-н хооронд байгуулсан 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн №18/09-01 түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. Мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна. Иймд  У ХХК, С ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн №18/09-01 түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэг, 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсгүүдийг зөрчиж байх тул хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгч У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Л сөрөг нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилсэн түрээсийн төлбөрийн үлдэгдэл өрөнд хөөн хэлэлцэх хугацаа дууссан өр нэхэмжилсэн зүйл байхгүй. Энэ хугацаанд түрээсийн төлбөрийн тооцоог жил бүр 2 талын санхүүгийн ажилтнууд тулгаж, сар сарын төлбөрийг нэмж түүнээс төлөгдсөнийг хасах замаар нэмж нэгтгэж хийгээд гарын үсэг тамга тэмдэг дарж баталгаажуулж ирсэн. Өрийн үлдэгдэл тооцоог бодохдоо сар, жил бүрийн үлдэгдэл авлага дээр дараа дараагийн сар, жилийн нэмэгдэж буй авлагыг нэмж энэ хооронд төлөгдсөн төлбөрийг авлагын нэмэгдсэн дүнгээс хасах замаар тасралтгүй нэмэлт, хасалт хийсээр үлдсэн тооцоогоор үүссэн авлагаа нэхэмжилсэн болно. Өөрөөр хэлбэл анхны өр 2015 оноос үүсэж, түүн дээр 2016 оны өрийг нэмж, 2016 оны төлөгдсөнийг нэмэгдсэн нийт өрийн дүнгээс хасаж ,үлдэгдэл өрийг 2016 оны үлдэгдэл төлбөрт тооцож , үлдсэн дүн дээр 2017 оны шинээр үүссэнийг нэмж, түүний дүнгээс 2017 онд төлөгдсөн дүнг хасаж үлдэгдлийг 2017 онд өртүүлж, түүн дээрээ 2018 онд үүссэн өрийг нэмж дүнгээс нь 2018 оны төлөлтийг хасаж үлдэгдлийг 2018 оны үлдэгдэл өрд тооцох замаар нэгтгэн нэмэгдэж хасагдаж тооцсоор 2021 оны байдлаар үлдсэн төлбөрөө нэхэмжилсэн юм. Иймд 2015-2018 оны хоорондох өр нь тусдаа он оноор тооцож өртүүлж үлдээж, дараа оны тооцооноос тус тусдаа тооцогдож ирээгүй. Дараа дараагийнхаа оны сар сарын тооцоонд нэгдэж, төлөлтөөр нь хасагдаж, сар сараар шинэчлэгдэн тооцогдож ирсэн болох нь хэрэгт авагдсан 2 талын тооцоо нийлсэн актаас харагдаж байгаа болно. Хариуцагч талаас түрээсийн төлбөрт илүү төлбөр аваагүй тул 77 897 000 төгрөг буцааж төлөхөөс татгалзаж байна. 2018 оны 1 сард өмнөх 2017 оны үлдэгдэл өр 301 344 160 төгрөг байсан. Үүн дээр 2018 оны 1-5 сарын түрээсийн төлбөр 58 906 400 төгрөгийн төлбөр нэмэгдэж 2015 оны 6 сарын 01-ний өдрийн байдпаар нийт үлдэгдэл өр 360 250 560 төгрөг болсон байсан. Үүнээс 2018 оны 1-2 сард төлсөн 23 562 560 төгрөгийн эргэн төлөлтийг хасахад 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 336 688 000 төгрөгийн үлдэгдэл өртэй байсан тооцоо гарсан байна. Үүн дээр 2018 оны 6 сараас хойших шинээр үүссэн түрээсийн өр 150 587 600 төгрөг нэмэгдэж 487 275 600 төгрөгийн төлбөртэй үлдсэн. Үүнээс 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс хойш төлөгдсөн 224 483 595 төгрөгийг хасахад 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртлэх төлбөрийн үлдэгдэл 262 792 005 төгрөг болж, нэхэмжлэлд дүнгээс 799 206 төгрөгийн л зөрүү гарч байна. Иймд илүү төлбөр авсан зүйлгүй байх бөгөөд хариуцагч тооцохдоо 2018 оны 6 дугаар сараас өмнөх өрийн үлдэгдлээ төлбөртөө оруулж дооцоогүйгээр түүнээс хойш үүссэн тооцоогоор сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч тал нь хариуцагчийг түрээсийн төлбөрөө төлөхгүй хугацаа хэтрүүлж, өрийн хэмжээ нэмэгдэж, илтэд борлуулалт нь буурч төлбөрийн чадвар нь буурч байсан тул төлбөрөө төлөх үүргийг нь хангуулж, өөрийн эрхээ хамгаалахын тулд хадгалуулсан хөрөнгийг барьцаалсан нь хууль зөрчөөгүй. Мөн энэ үйлдлээс болж тавилгаа борлуулахад нь ямар нэг саад учруулаагүй. Гагцхүү бараагаа дэлгүүрлүүгээ татаж болон хаягаар хүргэж борлуулалт хийгээд байгаа атлаа түрээсээ төлөхгүй олон сараар хуримтлуулаад өр нь ихэссэн тул бараагаа борлуулаад 50 хувийн үнийг түрээсийн өрөнд өгөөд бараагаа авах замаар өрөө барагдуулахаар тохирсны дагуу худалдан авалтыг хяналттай болгосон болохоос бараагаа тохирсны дагуу тал үнээ төлөөд авахад нь саад учруулаагүй. Үүнийг складнаас 2018 оны 1 сараас хойш дэлгүүр рүүгээ өчнөөн тавилга шилжүүлж авсан, болон худалдсан тавилгаа скпаднаас хаягаар хүргүүлэхээр авч байсан талаарх У ХХК-ийн  няравын складны орлого зарлагын бүртгэл дэвтэр, дэлгүүрлүүгээ бараа татаж авсан падаанууд, хаягаар хүргүүлэхээр өгсөн бичиг баримт, бараагаа авах тохиолдолд онгойлгуулж авах ажилтаны нэр утасны дугаарыг албан бичгээр өгсөн, зэргээр нотлогдож байгаа юмаа. Угаасаа 2019 он гарснаас хойш манайхыг төлбөрт үнийг нь суутгачихна гээд складнаас борлуулалт маш цөөн хийж, манайхаас орлогоо бултуулдаг байсан. Энэ нь сөрөг нэхэмжлэлд хариуцагч талаас хавсарган ирүүлсэн борлуулалт хийсэн падануудаар нотлогдож байгаа юмаа. Үүнээс гадна цар тахалтай холбоотой үүссэн нөхцөл байдлаас дэлгүүр нь удаан хугацаагаар хаагдсан, худалдах авагчдын төлбөрийн чадвар буурсан зэрэг нь нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Төсөл хэрэгжүүлэх гэж байгаа төслийн санхүүжилт орж ирэхгүй хүлээгдэж байна. Тэр санхүүжилт төдийд өдийд орж ирэхээр төлбөрөө төлнө гэсэн утгатай хүсэлтүүдийг ирүүлж, төлбөр төлөлтөө хойшлуулуулж байсан нь угаасаа борлуулалтын орлого нь буурсаг хадгалагчийн буруугаас алдагдалд ороогүй байсныг нотлож байгаа юм. Харин ч У ХХК- ныхан зуучлан худалдан авагч олж өгч, тавилгыг нь борлуулсан үнийг төлбөртөө тооцуулахаар албан бичгүүдийг өгч тооцоо л оруулж байсан баримтууд бий. Иймд ямар ч үндэслэлгүй хий тооцож нэхэмжилсэн хохиролыг нэхэмжлэгч тал хариуцах үндэслэлгүй юмаа. Ер нь хариуцагч тал У ХХК-ийн складанд 2013 оноос хойш өдий хүртаг тавилга бараа материалаа хадгалуулж ирсэн нь үнэн, одооч аваагүй үлдэгдэл нь хадгалагдаж байгаа нь үнэн, нэгэнт хүний агуулахыг ашигласан нь үнэн учраас түүний түрээсийн төлбөрийг бүрэн төлөх үүрэгтэй. Гэтэл гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлж чадаагүй хугацаа хэтрүүлж хохироож буй тул үүргээ гүйцэтгэж хохиролгүй болгох байтал элдэв шаптаг тоочиж он удаан жил болгочихоод хариу төлбөр нэхэж буй нь бизнесийн байгууллагад баймгүй харилцагчаа гомдоосон, дэндүү ёс зүйгүй, авирлах буйг илтгэж байна. Энэ нь хуралдааныг үндэслэлгүйгээр олон удаа хойшлуулж, төлбөр төлөх цаг хожих.зарагдахгүй байгаа бараагаа үнэгүй удаан хадгалуулах гэсэн хууль бус үйлдэл гэж үзэхэд хүргэж байна гэжээ.

 

6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Ч олгосон итгэмжлэл, У ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 19/Т-07 тоот Түрээсийн гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Түрээсийн төлбөрийн тооцоо нийлсэн акт, У ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Мэдэгдэл, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Мэдэгдэл, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Мэдэгдэл, Э ХХК-ийн Тайлбар хүргүүлэх тухай албан бичиг, Хүсэлт гаргах тухай, У ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мэдэгдэх, У ХХК-ийн Хариу хүргүүлэх тухай албан бичиг, мэдэгдэл, албан бичигт хариу хүргүүлэх тухай, мэдэгдлүүд, Э ХХК-ийн мэдэгдлийн хариу өгөх тухай, хариу мэдэгдэл хүргүүлэх тухай, С ХХК-ийн хариу хүргүүлэх, албан тоот хүргүүлэх, Э ХХК-ийн хүсэлт гаргах тухай, У ХХК-ийн мэдэгдэл, Б.Л, Л.З нарын байгуулсан Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Түрээсийн гэрээ, Э ХХК-тай үүссэн түрээсийн тооцоо, Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбар, 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртлэх хугацааны гар бичмэлийн хуулбарууд, Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбар, У ХХК-иас Б.Л-д олгосон итгэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тооцоо, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбар, тайлбарын хавсралт, Нэхэмжлэлийн тодруулсан шаардлага /1хх-ийн 3-35, 56, 64-68, 2хх-ийн 58-59, 3хх-ийн 192-194, 4хх-ийн 54-103, 173, 180-184, 196-207, 208-211-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч Э ХХК-иас С.М-т олгосон итгэмжлэл, Э ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, С.М-т олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 19/Т-07 Түрээсийн гэрээ, Хөрөнгө эстимейт ХХК-ийн  хөрөнгийн үнэлгээний тайлан, №******* дугаартай Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Бараа худалдан авсан баримтууд, Э ХХК, Б.Б  нарын байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, С.М-т олгосон итгэмжлэл, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн У ХХК-ийн хамтран хариуцагчаар татсан С ХХК-ийн өр төлбөргүйг нотлох тайлбар, Бараа худалдан авсан санхүүгийн баримтууд, Сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, Сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гар бичмэлийн хуулбар, У ХХК-ийн 7-р агуулахад байгаа Э ХХК-ийн авах барааны жагсаалт, улсын тэмдэгтийн хураамж, Тооцоолол бүхий хүснэгт, хариу тайлбар, хариу тайлбар /1хх-ийн 44-45, 49, 106-107, 110-249, 2хх-ийн 1-52, 88-89, 95-251, 3хх-ийн 1-180, 184-186, 4хх-ийн 31-32, 117-120, 125-133, 160-161, 171-172, 195-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч С ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар, 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 18/09-01 тоот Түрээсийн  гэрээ, бараа худалдсан баримтууд, гараар бичсэн бичмэлүүд, Барааны дагалдах баримтууд, У ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Мэдэгдэл, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр, 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр, 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Төлбөр тооцооноос хасуулах тухай албан бичиг, н.Төлбөр тооцооноос хасуулах тухай албан бичгүүд, У ХХК-ийн Төлбөр тооцооноос хасуулах тухай, мэдэгдэл, хариу хүргүүлэх тухай, мэдэгдлүүд, агуулахын хэмжээг багасгаж бага хэмжээтэй агуулах руу нүүж орох тухай албан бичгүүд, Э ХХК-ийн Мэдэгдлийн хариу өгөх тухай албан бичиг, хариу мэдэгдэл хүргүүлэх тухай, хүсэлт гаргах тухай, албан тоот хүргүүлэх тухай, хүсэлт гаргах тухай албан бичгүүд, 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Түрээсийн гэрээ, 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Түрээсийн гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 16/12-01 тоот, 16/12-02 тоот Агуулахын түрээсийн гэрээ, 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Түрээсийн гэрээний нэмэлт сунгалт, 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 18/-09-01 тоот Түрээсийн гэрээ, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбар, тодруулсан шаардлагад гаргасан хариу тайлбар /1хх-ийн 88-163, 3хх-ийн 200-250, 4хх-ийн 1-27, 121-123, 193-194-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс Улсын бүртгэлийн ерөнхий газраас нэхэмжлэгч У ХХК-ийн Б дүүргийн У ХХК-ийн хашаанд байрлах, үл хөдлөх эд хөрөнгүүдийн /агуулахын зориулалттай/ талаарх, У ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн №0002544 дугаар гэрчилгээтэй, Б дүүрэг, гаражийн барилгын талаарх дэлгэрэнгүй лавлагаа, холбогдох баримтыг /4хх-ийн 135-152-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч У ХХК-ийн хариуцагч Э ХХК, С ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, хариуцагч Э ХХК-ийн нэхэмжлэгч У ХХК-нд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас №7 дугаар агуулахад байгаа барааг гаргуулах шаардлагыг хангаж,  хохирол олох байсан орлого 519 994 169 төгрөг, илүү төлсөн 77 895 000 төгрөг гаргуулах, 2016 оны 9 дүгээр сарын 20, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч С ХХК-ийн нэхэмжлэгч У ХХК-нд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийг тодруулж шаардлагаа түрээсийн гэрээний үүрэг биш хадгалалтын гэрээний үүргийг шаардаж байна гэж, хариуцагч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж №7 агуулахад байгаа 605 344 493 төгрөгний барааг гаргуулахаар шаардлагаа ихэсгэсэн бөгөөд зохигч талууд хэн аль нь шүүх хуралдаанд хариу тайлбараа гаргахад татгалзахгүй гэсэн болно.     

 

 2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагч Э ХХК, С ХХК-иас

 -гэрээний үүрэгт төлбөрийн үлдэгдэл 263 591 211 төгрөг,

-гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүйгээс гэрээгээр тохиролцсон алданги 131 795 606 төгрөг,

-2020 оны 9 дүгээр сарын 15-наас 2022 оны 12 сарын 31-нийг хүртлэх хугацаанд У ХХК нь өөрийн өмч болох №7 дугаар агуулахыг бусдад түрээслүүлж олох байсан орлого 92 862 000 төгрөг, нийт 488 248 817 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 3.Хариуцагч Э ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, түрээсийн гэрээний төлбөрийг төлсөн, гэрээнд зааснаар түрээсийн төлбөрт бараа шилжүүлсэн, гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлгүй, №7 дугаар агуулахад байгаа барааг нэхэмжлэгч өөрөө буцаан өгөхгүй барьцаалсан гэж барааг гаргахгүй байгаа тул хохирол шаардсан нь үндэслэлгүй гэж үгүйсгэсэн.

4.Хариуцагч С ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээний үүргээ биелүүлж түрээсийн төлбөрийг мөнгөөр болон бараагаар төлсөн, мөн нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус тул алданги шаардах эрхгүй гэж маргасан.

 

5.Хариуцагч Э ХХК нь нэхэмжлэгч У ХХК-нд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ

-агуулахад байгаа барааг хууль бусаар цоожилж зарах боломжгүй болгосон тул олох байсан орлого буюу хохиролд 519 994 169 төгрөг,

-гэрээний үүрэгт илүү төлсөн 77 895 000 төгрөгийг тус тус гаргуулах,

-мөн №7 дугаар агуулахад байгаа 605 344 493 төгрөгний барааг буцаан өгөхгүй, барьцаалсан байгаа тул агуулахад байгаа барааг гаргуулах,

-2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээний нэмэлт сунгалт, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн түрээсийн гэрээ нь хууль зөрчсөн гэж хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар тодорхойлсон.

6.Нэхэмжлэгч У ХХК нь хариуцагч нь гэрээний үүргээ гүйцэтгээгүй төлбөрөө төлөөгүй тул №7 дугаар агуулахад байгаа барааг буцаан өгөх боломжгүй, тиймээс олох байсан орлого гэж хохирол учирсан нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй, гэрээний үүрэгт илүү мөнгө төлөөгүй, мөн талуудын хооронд байгуулсан гэрээнүүд нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж няцаасан.

7.Хариуцагч С ХХК нь нэхэмжлэгч У ХХК-нд холбогдуулан 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн түрээсийн гэрээг хууль зөрчсөн гэж хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

8.Нэхэмжлэгч У ХХК нь хариуцагчтай байгуулсан 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн түрээсийн гэрээ нь хууль зөрчөөгүй, талуудын хүсэл зоригийн дагуу байгуулсан, мөн агуулах нь тусдаа бие даасан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй тул улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх шаардлагагүй, талуудын хооронд түрээсийн биш хадгалалтын гэрээний харилцаа үүссэн гэж мэтгэлцсэн.

 

9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2013 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Түрээсийн гэрээ нэг талаас У ХХК, нөгөө талаас Э ХХК нар харилцан тохиролцож, Б дүүргийн У ХХК-ийн хашаанд байрлах түрээслүүлэгчийн агуулахын байранд байрлах №21, 22 дугаар бүхий нийт 2268 м.кв талбайтай агуулахыг 1 м.кв талбайг 1 сарын 8000 төгрөг бөгөөд нийт 19 958 400 төгрөгөөр түрээслүүлэхээр, гэрээг 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаатайгаар байгуулжээ.

2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Түрээсийн гэрээг нэг талаас У ХХК-ийг төлөөлж Б.Л, нөгөө талаас Э ХХК-ийг төлөөлж Н.Ж нар харилцан тохиролцож, Б дүүргийн У ХХК-ийн хашаанд түрээслүүлэгчийн агуулахын байранд байрлах №9, 10 дугаар бүхий нийт 2 бүхэл хэсэг 1300 м.кв талбайтай агуулахыг 1 м.кв талбайн 1 сарын түрээсийн төлбөр 11 000 төгрөгөөр 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаатайгаар,

            2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр №16-/12-01 тоот Агуулах түрээсийн гэрээг У ХХК-ийг төлөөлж захирал Б.Л, Э ХХК-ийг төлөөлж захирал Н.Ж нар харилцан тохиролцож, У ХХК-ийн эзэмшлийн Б дүүрэг №22 буюу 1004 м.кв талбай бүхий байгууламжийг агуулахын зориулалтаар түрээсээр эзэмшихээр, 1256 м.кв нэгж үнэ 9380 төгрөгөөр, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар,

            2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр №16/12-2 дугаартай Агуулах түрээсийн гэрээг нэг талаас У ХХК-ийн захирал Б.Л, нөгөө талаас Э ХХК-ийн захирал Н.Ж нар харилцан тохиролцож, Б дүүргийн №22 буюу 1256 м.кв талбай бүхий байгууламжийг агуулахын зориулалтаар түрээслэхээр нэгж үнэ 9380 төгрөгөөр, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар,

            2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Түрээсийн гэрээний нэмэлт, сунгалтыг У ХХК, Э ХХК нар харилцан тохиролцож, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл нийт 3 жилийн хугацаатайгаар байгуулж, түрээсийн төлбөр нь үндсэн гэрээний 1,3-р заалттай адил буюу №21, 22-р агуулахын 1 м.кв талбайн 1 сарын түрээсийн төлбөр 9380, нийт 21 273 840 төгрөг байна гэжээ.

            2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр №18/09-01 тоот Түрээсийн гэрээг У ХХК-ийн захирал Б.Л, С ХХК-ийн захирал Н.Ж нар харилцан тохиролцож, У ХХК-ийн эзэмшлийн 360 м.кв талбай бүхий №6-р агуулахыг үйлдвэрлэл, агуулахын зориулалтаар нэгж үнийг 9380 төгрөгөөр, 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай түрээслэхээр, энэхүү гэрээ нь №22-р агуулахын Агуулах түрээсийн гэрээний үргэлжлэл болно гэжээ.

Мөн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №19/Т-07 дугаартай Түрээсийн гэрээг нэг талаас У ХХК-ийн захирал Б.Л, нөгөө талаас Э ХХК-ийн захирал Д.Ж нар харилцан тохиролцож, У ХХК-ийн эзэмшлийн 360 м.кв талбай бүхий №7 дугаар агуулахыг бараа материалын агуулахын зориулалтаар түрээслэхээр, гэрээний хүчинтэй хугацаа нь 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 15-ны хүртэл 1 жилийн хугацаатай байхаар, энэ гэрээ нь №22-р агуулахын түрээсийн гэрээний үргэлжлэл байхаар байгуулжээ.

 

10.Талуудын маргааны зүйл нь түрээсийн гэрээний харилцаа, хадгалалтын гэрээний харилцаа үүссэн эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар, гэрээний төлбөрийг төлсөн эсэх талаар байна, гэрээ байгуулагдсан, агуулах түрээслэж байсан талаар маргаагүй байна.

 

11.Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулж талуудын хооронд Иргэний хуулийн 422 дугаар зүйлд заасан хадгалалтын гэрээ байгуулагдсан бөгөөд хариуцагч нь агуулахад хөрөнгө хадгалуулсны хөлсөө төлөөгүй тул үлдэгдэл хөлс, хөлсөө хугацаандаа төлөөгүй алданги, мөн агуулахад хадгалуулсан бараагаа аваагүй, агуулахыг чөлөөлж өгөөгүйгээс учирсан хохирлыг нэхэмжилсэн гэж тайлбарласан.

Зохигч талууд 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Түрээсийн гэрээ, 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Түрээсийн гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр №16-/12-01 тоот Агуулах түрээсийн гэрээг, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр №16/12-2 дугаартай Агуулах түрээсийн гэрээ, 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Түрээсийн гэрээний нэмэлт, сунгалт, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №19/Т-07 дугаартай Түрээсийн гэрээг нэхэмжлэгч У ХХК нь хариуцагч Э ХХК-тай, 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр №18/09-01 тоот Түрээсийн гэрээг хариуцагч С ХХК-тай байгуулсан талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан түрээсийн болон агуулах түрээсийн гэрээ, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдэгдэл, албан бичгүүдээр тус тус тогтоогдож байна.

Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д “хадгалалтын гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлэн өгсөн хөдлөх эд хөрөнгийг хадгалах үүрэг хүлээнэ” гэж заасан бөгөөд хадгалалтын гэрээний талуудын хүсэл зориг нь хариуцагч нь бараагаа шилжүүлэх, нэхэмжлэгч нь барааг бүтэн байлгах, арчлан хамгаалах үүрэг ногдож байгаа бол хадгалалтын гэрээ байгуулагдана гэж үзнэ.

Гэтэл хэрэгт авагдсан талуудын байгуулсан гэрээ, тайлбаруудаар нэхэмжлэгчийн үүрэг нь зөвхөн байр сав агуулахыг эзэмших, ашиглах бололцоо олгосноор хязгаарлагдаж байх бөгөөд энэ нөхцөлд зохигч талуудын хооронд агуулах түрээслэх гэрээ байгуулагдсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй, нэхэмжлэгч нь агуулахад эд хөрөнгө хадгалуулахаар шилжүүлсэн гэх боловч Иргэний хуулийн 429 дүгээр зүйлийн 429.1-д зааснаар эд хөрөнгийг хүлээн авахдаа агуулахын баримт олгоогүй, өөрийн байр сав буюу агуулахыг хариуцагчид эзэмших, ашиглуулахаар гэрээ байгуулсан байна гэж үзэв.

Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар зохигч талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.

Хариуцагч Э ХХК, С ХХК-ний төлөөлөгч нар нь талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус, зохих этгээдийн зөвшөөрөлгүй буюу гүйцэтгэх захирал нь Л.Золбоо байхад гэрээг байгуулах эрхгүй этгээд буюу Б.Л байгуулж, гарын үсгээ зурсан, мөн үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг зохих байгууллагад бүртгүүлээгүй байгаа тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж маргасан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож болох бөгөөд энэ зүйлд заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн” гэдэг нь хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т заасан шаардлагад хамааралтай ба энэхүү хэлбэрийн шаардлагад энгийн бичгийн хэлбэрээс гадна нотариатаар болон эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийг мөн хамааруулан үзнэ, “зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгоно гэжээ.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч У ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “...2011 оны 09 сарын 02-нд Бат-Очир овогтой Лг захирлаар томилсныг бүртгэв, 2018 оны 4 дүгээр сарын 23-нд Д овогтой С-г захирлаар томилсныг бүртгэв, 2020 оны 8 дугаар сарын 24-нд Л овогтой Золбоог бүртгэв” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нартай гэрээ байгуулсан Б.Л нь У группын ерөнхийлөгч тул гэрээ байгуулах эрхтэй, гүйцэтгэх захирал өвчтэй байсан гэсэн боловч энэ талаарх баримтыг ирүүлээгүй, гэвч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д “энэ хуулийн 56.1.2-56.1.4, 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ” гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний үүргийг биелүүлэх, гэрээний хугацааг сунгах, түрээсийн гэрээний төлбөрт эд хөрөнгө суутгуулах талаар хэн аль нь хүлээн зөвшөөрч байсан болох нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, албан бичиг мэдэгдлүүдээр тогтоогдож байгаа тул гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэж хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй.

Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 6/5576 дугаартай албан бичигт “...У ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2205016575 дугаартай Б дүүргийн 1415 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-22******7 дугаарт бүртгэлтэй Б дүүргийн  байршилтай үйлчилгээний зориулалттай 7732 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, эрхий улсын бүртгэлийн Ү-22****578 дугаартай Б дүүргийн  байршилтай 12406 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй байна. Баянгол дүүрэг 3 дугаар хороо, Дунд голын хойд эрэгт байршилтай 2446 м.кв талбайтай гражийн зориулалттай барилга нь 2021 оны 12 дугаар сары 15-ны өдөр эд хөрөнгийн хаяг, зориулалт, талбай өөрчлөгдөн Б дүүрэг 2137 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттайгаар бүртгэгдсэн байна” гэсэн байх бөгөөд энэ нь хэрэгт арвагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

            Зохигч талууд түрээсийн гэрээнүүдийг бичгээр байгуулсан байх бөгөөд үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлээгүй талаар хэн аль нь маргаагүй, гэвч гэрээнд заасан түрээслэгчийн зорилгоо биелүүлэхэд нь зориулсан тодорхой хөрөнгө нь У ХХК-ийн хууль ёсны өмчлөлд бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй бөгөөд агуулах тус бүр тусдаа  үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй тул улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

            Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг хууль зөрчсөн гэж үзэж хүчин төгөлдөр хэлцэлд тооцох боломжгүй, талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээнүүд нь хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна гэж үзэв.

 

            12.Нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт 2015 оны 1 сараас 2021 оны 5 сарын 18-ны хүртлэх хугацааны төлөгдөөгүй төлбөр 263 591 211 төгрөгийг гаргуулахаар шаардаж, хэрэгт “Эболон С ХХК өр төлбөрийн тооцоолол”, түрээсийн төлбөрийн тооцоо нийлсэн акт, өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан гэх баримтыг ирүүлсэн.

Дээрх баримтад “...2015 оны 1 сараас №9,10 агуулах, 2016 онд №21, 22, 2017 онд №22, 2018 оны 1 сараас 9 сар хүртэл №22, 9 сараас 12 сар хүртэл №6, 2019 онд №6 агуулах, 2020 онд №6, 2021 оны 5 сар хүртэл №6 агуулах түрээсийн үлдэгдэл 263 591 211 төгрөг, алданги 131 795 605 төгрөг, төлсөн төлбөр 888 923 595 төгрөг, нийт төлбөр 1 152 514 806 төгрөг” гэжээ.

            Хариуцагч нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, мөн түрээсийн төлбөрийг эд хөрөнгө буюу гэрээнд зааснаар бараагаар төлж, илүү төлөлттэй байгаа гэж маргасан.

           

            Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байхаар заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2015 оны №9,10 дугаар агуулахын түрээсийн гэрээний төлбөрийг шаардсан нь үндэслэлгүй, нэхэмжлэгч У ХХК нь хариуцагч Э ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр №9,10 дугаар агуулахын Түрээсийн гэрээг 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаатайгаар байгуулсан байх бөгөөд уг гэрээний шаардах эрхийн хугацаа нь 2020 оны 6 дугаар сард дууссан, төлбөрөө төлөх талаар удаа дараа мэдэгдэл өгсөн гэх нэхэмжлэгч нь тайлбарласан боловч хэрэгт авагдсан баримтаар /мэдэгдэл, албан бичиг/ №9, 10 дугаар агуулахын төлөгдөөгүй байгаа төлбөрийг шаардаж байсан эсэх нь тогтоогдохгүй байна гэж үзэв.

            Мөн 2016 оны №21, 22 дугаар агуулахын түрээсийн төлбөр төлөгдөөгүй, 2018 оны №22 , 2019-2021 оны 5 сарын 18-ны өдрийг хүртлэх №6 агуулахын түрээсийн төлбөр нь төлөгдөөгүй буюу нийт түрээсийн төлбөрт 1 152 514 806 төгрөгийг төлөхөөс 888 923 595 төгрөгийг төлсөн, үлдэх 263 591 211 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарласан нь баримтаар тогтоогдохгүй, хариуцагч нартай тус тусдаа түрээсийн гэрээ байгуулсан атлаа хариуцагч нараас гэрээний үүрэгт хэнээс хэдэн төгрөг гаргуулахаар шаардсан нь тодорхойгүй, хариуцагч нарын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь ойлгомжгүй байна.

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагч Э ХХК-тай 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртлэх хугацаатайгаар №21,22 дугаар агуулах түрээсийн гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртлэх хугацаатайгаар №22 дугаар агуулахын түрээсийн гэрээ, 2016 оны 9 дүгээр сарын 20-ноос 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртлэх хугацаатайгаар байгуулсан №21, 22 дугаар агуулах түрээсийн гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртлэх хугацаатайгаар байгуулсан №07 /№22 дугаар агуулахын үргэлжлэл/ түрээсийн гэрээ, мөн хариуцагч С ХХК-тай байгуулсан 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан №6 дугаартай түрээсийн гэрээний үүрэгт хэдэн төгрөг төлсөн, хэдэн төгрөг төлөх эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн “Эболон С өр төлбөрийн тооцоолол” гэх баримтад №7 дугаар агуулахын түрээсийн төлбөрийн үлдэгдэл хэд болох талаар дурдаагүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь №7 дугаар агуулах гэхийг №6 гэж алдаатай бичсэн байна гэж тайлбарлаад өөрөө тооцооллыг зассан боловч шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна гэж үзэв.

            Хэрэгт авагдсан Түрээсийн төлбөрийн тооцоо нийлсэн акт 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Э ХХК-ийн 2018 оны дүн үлдэгдэл 184 715 700 төгрөг, 2019 оны үлдэгдэл 194 254 251 төгрөг, Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан 2017/01/01-2017/08/04 хүртлэх хугацаанд харилцагчийн нийт үлдэгдэл 282 781 600 төгрөг, тооцоо нийлснээр С ХХК нь У ХХК-нд 358 910 849 төгрөгийн агуулахын түрээсийн үлдэгдэл өртэй гарав. 2018 оны 9 дүгээр сарын 19-нд гэсэн байх бөгөөд дээрх өр төлбөрийг нэхэмжлэгч нь өмнөх өрнөөс төлснийг хассаар гаргасан дүн гэж тайлбарласан.

            Гэвч өр төлбөрөө төлөх талаар хариуцагч Э ХХК-нд мэдэгдэж байсан гэх нэхэмжлэгч У ХХК-ийн мэдэгдэл 2020 оны 9 дүгээр сарын 17-ны 20/375, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний 16/103, 2016 оны 3 дугаар сарын 21-ний 16/17, 2020 оны 3 дугаар сарын 31-ний 20/260, 2019 оны 10 дугаар сарын 03-ны 19/168, 2017 оны 1 дүгээр сарын 16-ны 17/02, 2017 оны 2 дугаар сарын 22-ны 17/15 тоот албан бичиг, мэдэгдлүүдэд үнийн дүн зөрүүтэй, түрээсийн гэрээний төлөлт зөвхөн мөнгөөр биш бараагаар төлөгдсөн гэж зохигч тайлбарласан.

Зохигч талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №19/т-07 тоот түрээсийн гэрээний 2.14-д “түрээсийн төлбөр бүрэн төлөгдөөгүй тохиолдолд тус агуулахад буй бараа тус бүрийн борлуулалтын орлогын 50 хувийг түрээсийн төлбөрт суутган авах байдлаар түрээсийн төлбөрийг гаргуулж авах” талаар харилцан тохиролцсон байх бөгөөд энэ нь 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 20/266 тоот /бараагаар борлуулалтын орлогын 50 хувийг тушаасны дараа агуулахаас бараагаа авах хэлбэрээр барагдуулах, бараа авах бол манай компанийн ажилтан о.А-т мэдэгдэнэ үү/ гэсэн албан бичгээр тогтоогдож байна.

            Мөн хэрэгт авагдсан 2018 оны 8 дугаар сарын 21-ний 18/55 тоот У ХХК-ийн С ХХК-нд хүргүүлсэн “иргэн Э.Энхмандахын танай тавилгын их дэлгүүрээс худалдан авч буй барааны үнэ болох 4 000 000 төгрөгийг манай компанид төлөх ёстой төлбөрийн дүнгээс хасаж тооцоход татгалзах зүйлгүй,

            2018 оны 12 дугаар сарын 18-ны 18/71 тоот Төлбөр тооцооноос хасуулах тухай У ХХК-ийн С ХХК-нд хүргүүлсэн “иргэн Ганзоригийн танай тавилгын их дэлгүүрээс 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр худалдан авсан барааны үнэ болох 57 431 906 төгрөгийг манай компанид төлөх ёстой төлбөрийн дүнгээс хасаж тооцоход татгалзах зүйлгүй,

2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 19/116 дугаар Төлбөр тооцооноос хасуулах тухай У ХХК-ийн С ХХК-нд “иргэн Сугарын танай тавилгын дэлгүүрээс 2019 оны 4 сарын 27-ны өдөр худалдан авсан барааны үнэ болох 18 060 639 төгрөгийг манай компанид төлөх ёстой төлбөрийн дүнгээс хасаж тооцоход татгалзахгүй,

2020 оны 9 дүгээр сарын 29-нд 20/367 албан тоотоор 2020 оны 09 сарын 29-нд худалдан авсан барааны үнэ болох 4 978 809 төгрөгийг хасаж тооцоход татгалзахгүй,

2019 оны 5 дугаар сарын 30-ний 19/128 тоот 141 дүгээр сургуулийн авсан 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр авсан барааны үнэ болох 1 017 100 төгрөгийг хасаж тооцох гэжээ.

 

Бараа гаргаж, барааг олгож түрээсийн төлбөрөөс хасаж тооцох талаарх Э ХХК-ийн У ХХК-нд хүргүүлсэн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 20/44 албан тоот,  /У ХХК-ийн Э ХХК-нд хүргүүлсэн 2020.11.10-ны өдрийн 20/409 дугаартай 16 195 418 төгрөгийн барааг гаргаж, 8 097 709 төгрөгийн барааг түрээсийн төлбөрт суутгах боломжтой/ гэсэн баримтуудаар түрээсийн төлбөрт барааг суутгаж байсан болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийг буюу №6 дугаар агуулахын түрээсийг хариуцагч С ХХК нь төлөөгүй гэсэн боловч хэрэгт авагдсан С ХХК-ийн 2018.03.09-ний 18/55 тоот /агуулахын тооллогын үлдэгдэл 6 хуудас/, 2018 оны 8 дугаар сарын 14-ний 18/151 тоот, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 18/189 тоот /борлуулсан барааны 50 хувийг У ХХК-нд шилжүүлэх хэлбэрээр агуулахын түрээсийн өрийг хаахаар харилцан тохиолцов. 22 агуулахыг гэрээ дуусахаас өмнө борлуулсан бараа хүргэлтийг зогсоож байгаад шуурхай чөлөөлж өгсөн/ гэсэн байхад түрээсийн төлбөрийг шаардсан нь үндэслэлгүй байна гэж үзэв.

            13.Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан түрээсийн болон агуулах түрээсийн гэрээнүүдэд үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол алданги төлөхөөр харилцан тохиролцсон тул алдангид гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 263 591 211 төгрөгний хуульд зааснаар 50 хувь болох 131 795 606 төгрөгийг гаргуулахаар шаардсан, хэдийгээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан, зохигчид гэрээндээ алданги төлөхөөр харилцан тохиролцсон байгаа боловч гэрээ тус бүрийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн хэд байгаа нь  ойлгомжгүй, тооцоолол нь зөрүүтэй гэж түрээсийн гэрээний төлбөрт 263 591 211 төгрөгийг нэхэмжилсэн нь нотлогдохгүй байна гэж үзсэн тул алдангийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.   

 

            14.Нэхэмжлэгч Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1, 442 дугаар зүйлийн 422.3.8, 429 дүгээр зүйлийн 429.17-д зааснаар хариуцагч нар нь гэрээний үүргээ гүйцэтгээгүй, төлбөрөө төлж бараагаа авахгүй байгаагаас №07 агуулахад барьцаалагдан үргэлжлүүлэн хадгалагдсаар байгаагийн хөлсийг хохиролд тооцож 2020 оны 9 дүгээр сарын 15-наас 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх 92 862 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа №7 агуулахыг бусдад түрээслүүлж олох байсан орлого гэж тайлбарласан.

            Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1-д “үүрэг гүйцэтгүүлэгч хүлээсэн үүргээ биелүүлж үүрэг гүйцэтгэх боломж бүрдүүлэх хүртэл үүрэг гүйцэтгэгч нь мөнгөн төлбөрийнхөөс бусад үүргийн гүйцэтгэлийг саатуулж болно”, 422 дугаар зүйлийн 422.3.8-д “хадгалалтын хөлс, шагнал, хадгалалтаас үүссэн зардлыг төлөх хүртэл хадгалуулсан эд хөрөнгийг буцааж шилжүүлэхээс татгалзах”, 429 дүгээр зүйлийн 429.17-д “эд хөрөнгийн хадгалалттай холбогдон үүссэн зардлыг төлүүлэхээр хадгалагч тухайн эд хөрөнгийг барьцаалах эрхтэй” гэж заажээ.

            Нэхэмжлэгч нь хариуцагчийг үүргээ гүйцэтгээгүй тул түүний эд хөрөнгийг гэрээнд зааснаар барьцаалсан буюу саатуулсан гэж тайлбарласан бөгөөд №7 агуулах түрээслэх гэрээг хариуцагч Э ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан байхад хариуцагч С ХХК-иас хохирол гэж шаардсан нь үндэслэлгүй байна.

            Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан.

            Хариуцагч Э ХХК-ийн төлөгдөөгүй төлбөр буюу 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн гэрээний үүрэгт хэдэн төгрөгний үлдэгдэлтэй байгаа эсэх нь тодорхойгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь олох байсан орлогоо баримтаар нотлоогүй болно.

            Иймд нэхэмжлэгчийн хариуцагч нарт холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 263 591 211 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 131 795 605 төгрөг, олох байсан орлого 92 862 000 төгрөг, нийт 488 248 817 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

            15.Хариуцагч Э ХХК нь нэхэмжлэгч У ХХК-нд холбогдуулан нэхэмжлэгч У ХХК нь манай компанийн барааг цоожилж, зарах боломжгүй болгосноос үүссэн хохиролд 519 994 169 төгрөгийг гаргуулах, түрээсийн гэрээний үүрэгт илүү төлсөн 77 895 000 төгрөгийг буцаан гаргуулах, №7 дугаар агуулахад байгаа барааг гаргуулах,  талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 9 дүгээр сарын 20-ны түрээсийн гэрээний нэмэлт сунгалт, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №19/Т-07 тоот түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Шүүх хуралдаанд 2018 оны 3 сараас 2021 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл 3 жил гаруй хугацаанд түрээслэж байсан агуулахын хаалгыг цоожилж, түлхүүрийг хураан авч барааг зарах боломжгүй болгосон тул хариуцагчийн шүүхэд ирүүлсэн У ХХК-ийн агуулахад цоожлогдсон байгаа манай 605 344 493 төгрөгийн 170 нэр төрлийн бараанаас борлуулагдсан 68 нэр төрлийн барааны гаалийн мэдүүлэг, бараа худалдсан баримтаар тооцож 2018 оны 5 сараас 2021 оны 5 сар хүртэл олох байсан ашгийн тооцоолол нийт 483 бараа, 1 жилд олох ашиг 173 173 891 төгрөг, 3 жилд олох байсан ашиг 519 994 169 төгрөг байна гэсэн.

Хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 2.13-д  “түрээсийн төлбөр бүрэн төлөгдөх хүртэл хугацаанд агуулахаас бараа материал гаргахыг харилцан тохиролцсон үндсэн дээр хязгаарлах” гэж харилцан тохиролцсон байх бөгөөд энэ хугацаанд бараа гаргаагүй гэсэн боловч хэрэгт авагдсан бараа худалдсан баримтаар /С ХХК-иас бараа худалдсан баримтууд, /2018,08,20-2018,12,23 хүртлэх, 2019, 2016, 2015, 2018 оны/ бараа худалдсан, мөн түрээсийн гэрээнд үүрэгт тооцон бараа шилжүүлж байсан, бараа худалдсан, У ХХК бартераар тооцоо хийв/ бараа гаргаж байсан болох нь  тогтоогдож байна.

Мөн С ХХК-ийн барааны дагалдах бичиг агуулахаас 2018 оны 3 сараас 12 сарын 05-нд, 2019 оны 2 сарын 11-нээс бараа гаргасан баримтуудуудаар бараа гаргаж, худалдаж байсан байх тул хариуцагчийн огт бараа гаргахгүй байсан гэх тайлбар нь баримтаар тогтоогдоогүй болно.   

            Гэрч О.А-ийн “...2017 оны намраас 22 дугаар агуулахыг Э ХХК бараагаа хийж ашигладаг байсан,  бараа материал авах болгонд дандаа би өөрөө очоод хариуцаж гаргаж өгдөг. Миний бодлоор ойролцоогоор эдний өгсөн үнийн дүнгээр тооцоод явахаар 500 гаруй сая төгрөгийн бараа яг үлдлээ гээд бичсэн байгаадаа. Түлхүүр нь харуул дээр үлддэг, манайхан Сохо ирлээ шүү гээд дандаа намайг дууддаг тэгээд би очоод эднийхтэй хамт онгойлгодог гэв. Коронагийн өмнө 2019 оны 11 дүгээр сар хавьцаанаас бараа гаргаагүй, 25 000 000 төгрөгний барааг танайхаас авах ёстой авлагадаа гаргаж байна гэж хэлж байсан, түлхүүр харуул дээр л байдаг, 596  сая орчмын бараа байгаа байх, дэвтэр дээр бичсэн, тооллого хийснээс хойш тооцоод явж байгаа” гэх, гэрч Ж.Нарантуяагийн  “...2018 оны 3 сараас эхэлсэн байх, би агуулахын гадаа очдог О.Ариунтунгалаг ирээд өөрсдөө бараа гаргана гээд гаргадаг байсан, гаргахгүй үедээ гаргадаггүй байсан. Өөрсдийн хамаарал бүхий хүмүүс ирээд гаргаж өгнө гэхээр өгдөг, манайх юмаа зарна гэхээр гаргаж өгдөггүй агуулахын түлхүүр эдний талд байдаг, бид дураараа очиж авах ямар ч эрх байгаагүй, 2018 оны 12 дугаар сарын 14-ноос бараа гаргах боломжгүй гэсэн” гэсэн мэдүүлгээр харилцан тохиролцож, бараа авч байсан гэж дүгнэхээр байна.

            Хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нараас бараа материал авч байсан бүртгэл /хэргийн 4 хавтас 54-103 хуудас/, агуулахаас бараа гаргасан бүртгэл /хэргийн 4 хавтас, 125-133-р хуудас/ гэх дэвтрийн хуулбаруудыг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд уг баримтыг гэрч нараас мэдүүлэг авахад болон гарын үсэг мөн эсэх талаар тодруулсан, дээрх баримт нь хэрэгт авагдсан бараа худалдан авсан баримтаар нотлогдоно гэж тайлбарласан, уг дэвтэрт үзлэг хийх шаардлагагүй гэсэн болно.

16.Хариуцагч нь түрээсийн гэрээний үүрэгт түрээсийн төлбөрт илүү төлсөн 77 895 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар нэхэмжилж, 2015 оны 1 дүгээр сарын 01-нээс 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртлэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, 2018 оны 6 дугаар сараас 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл түрээсийн төлбөрт 150 587 760 төгрөг нэхэмжилснээс У ХХК-ийн тооцоололд 224 483 595 төгрөг төлсөн байгаа тул 77 895 000 төгрөгийг илүү төлсөн гэж тайлбарласан боловч энэ нь баримтаар тогтоогдохгүй, мөн уг төлбөрийг хариуцагч Э ХХК төлсөн, хариуцагч С ХХК нь бараа шилжүүлсэн гэж тайлбарладаг бөгөөд гэрээний үүрэгт илүү төлсөн гэж хариуцагч Э ХХК шаардсан нь үндэслэлгүй байна.

17.Мөн хариуцагч нь №7 агуулахад байгаа бараагаа гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан бөгөөд агуулахад нийт 605 344 493 төгрөгний бараа байгаа гэж тайлбарласан, нэхэмжлэгч агуулахад бараа байгаа талаар маргаагүй боловч 605 344 493 төгрөгний бараа байхгүй, 395 000 000 төгрөгний бараа байгаа гэж маргасан.

Хэрэгт авагдсан Х ХХК-ийн Хөрөнгө үнэлгээний тайланд “...үнэлгээний дүнг 2018 оны 5 сарын байдлаар 605 344 493 төгрөгийн үнээр үнэллээ” гэсэн байх бөгөөд уг үнэлгээг Э ХХК-ийн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, агуулахад байгаа хөрөнгийн жагсаалтаар үндэслэсэн гэж хариуцагч тайлбарласан.

Нэхэмжлэгч нь үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй, агуулахад очиж тооллого хийгээгүй, хийсвэрээр тооцоолсон гэсэн боловч хариуцагчийн хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн үнэлгээний тайланг хууль бус үндэслэлгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь №7 агуулахад хариуцагчийн бараа байгаа талаар маргаагүй, уг агуулахын түлхүүр нь өөрсдөд нь байгаа гэж тайлбарласан атлаа агуулахад 395 000 000 төгрөгний бараа байгаа талаарх баримтыг ирүүлээгүй болно.

            Иймд зохигч талууд №7 агуулахад бараа байгаа талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй, гэрч О.А-ийн мэдүүлэгт “...Миний бодлоор ойролцоогоор эдний өгсөн үнийн дүнгээр тооцоод явахаар 500 гаруй сая төгрөгийн бараа яг үлдлээ гээд бичсэн байгаадаа. 2019 оны 11 дүгээр сар хавьцаанаас бараа гаргаагүй, 25 000 000 төгрөгний барааг танайхаас авах ёстой авлагадаа гаргаж байна гэж хэлж байсан, түлхүүр харуул дээр л байдаг, 596  сая орчмын бараа байгаа” гэсэн байх бөгөөд цар тахалтай холбоотойгоор 2019 оны 11 сараас хойш бараа гараагүй гэж тайлбарласан, хөрөнгө үнэлгээний тайланг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хийсэн байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас №7 агуулахад байгаа 605 344 493 төгрөгний барааг гаргуулахыг хангаж, нэхэмжлэгч У ХХК-иас №7 агуулахад байгаа хариуцагч Э ХХК-ийн барааг гаргуулж хариуцагчид буцаан олгох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд №7 агуулахад бараа байгаа талаар үзлэг хийх хүсэлтийг гаргасан боловч зохигч агуулахад бараа байгаа талаар маргаагүй, мөн шүүхээс үзлэгээр агуулахад байгаа барааны үнийг тогтоох боломжгүй тул хүсэлтийг хангахаас татгалзсан болно.

  

18.Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 9 дүгээр сарын 20-ны түрээсийн гэрээний нэмэлт сунгалт, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №19/Т-07 тоот түрээсийн гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д заасныг зөрчсөн тул мөн хуулийн 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн.

            Иймд хариуцагч Э ХХК-ийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас №7 агуулахад байгаа 605 344 493 төгрөгний барааг гаргуулах шаардлагыг хангаж, хохиролд 519 994 169 төгрөгийг гаргуулах, түрээсийн гэрээний үүрэгт илүү төлсөн 77 895 000 төгрөгийг буцаан гаргуулах, талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн түрээсийн гэрээний нэмэлт сунгалт, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №19/Т-07 тоот түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

 19.Хариуцагч С ХХК нь нэхэмжлэгч У ХХК-нд холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн №18/09-01 дугаартай түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, сөрөг нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т заасныг зөрчсөн гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр №18/09-01 тоот Түрээсийн гэрээг У ХХК-ийн захирал Б.Л, С ХХК-ийн захирал Н.Ж нар харилцан тохиролцож, У ХХК-ийн эзэмшлийн 360 м.кв талбай бүхий №06-р агуулахыг үйлдвэрлэл, агуулахын зориулалтаар нэгж үнийг 9380 төгрөгөөр, 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай түрээслэхээр, энэхүү гэрээ нь №22-р агуулахын Агуулах түрээсийн гэрээний үргэлжлэл болно гэжээ.

            Зохигч талууд 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн түрээсийн гэрээг бичгээр байгуулсан байх бөгөөд үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлээгүй боловч гэрээнд заасан түрээслэгчийн зорилгоо биелүүлэхэд нь зориулсан тодорхой хөрөнгө нь У ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн 360 м.кв талбайтай №6 дугаартай агуулахын талбай байх бөгөөд тусдаа  үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй тул улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.

            Хариуцагч С ХХК нь 2018 оны 9 сарын 19-ний өдрөөс 2019 оны 9 сарын 19-ний хүртэл түрээсийн гэрээтэй гэрээний үүрэгт 40 521 600 төгрөг төлөхөөс бараагаар 61 430 334 төгрөгийг төлсөн бөгөөд энэ нь бараа худалдсан баримтаар тогтоогдоно гэж тайлбарладаг бөгөөд гэрээний хугацаа дуусгавар болсон талаар зохигч маргаагүй.

Иймд шүүх талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318.1-д заасан хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн бөгөөд мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасныг зөрчөөгүй байх тул 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй гэж үзэж, хариуцагч С ХХК-ийн нэхэмжлэгч У ХХК-нд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

20.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч У ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 757 144 төгрөгийг, хариуцагч Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 083 282 төгрөгийг, хариуцагч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч У ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 3 184 672 төгрөгийг гаргуулан хариуцагч Э ХХК-нд олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

   ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар нэхэмжлэгч У ХХК-ийн хариуцагч Э ХХК, С ХХК-нд холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт болон алданги, хохиролд нийт 488 248 817 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-д зааснаар хариуцагч Э ХХК-ний нэхэмжлэгч У ХХК-нд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас №7 дугаар агуулахад байгаа 605 344 493 төгрөгний барааг гаргуулах шаардлагыг хангаж, нэхэмжлэгч У ХХК-иас №7 дугаар агуулахад байгаа 605 344 493 төгрөгний барааг гаргуулж, хариуцагч Э ХХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хохирол 519 994 169 төгрөг, илүү төлсөн 77 895 000 төгрөг, мөн 2016 оны 9 дүгээр сарын 20, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч С ХХК-ийн нэхэмжлэгч У ХХК-нд холбогдуулан гаргасан 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.  

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нэхэмжлэгч У ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 757 144 төгрөгийг, хариуцагч Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 083 282 төгрөгийг, хариуцагч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч У ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 3 184 672 төгрөгийг гаргуулан хариуцагч Э ХХК-нд олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

                                 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ                                 Д.ХУЛАН