| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2022/05202/И |
| Дугаар | 183/шш2023/00464 |
| Огноо | 2023-02-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 183/шш2023/00464
| 2023 оны 02 сарын 06 өдөр | Дугаар 183/ШШ2023/00464 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.М холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг 1.323.262,57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Л.М холбогдуулан Зээлийн гэрээний үүрэг 1.323.262,57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Зээлдэгч Л.М нь Х ХХК-тай 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Кредит карт эзэмших гэрээ-г байгуулж, 1.000.000 төгрөгийн кредит картын зээлийг жилийн бэлэн гүйлгээнд 24 хувь, бэлэн бус гүйлгээнд 21,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай байхаар тохиролцож, 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 5002833893 дансанд зээлийн эрхээ нээлгэж, карт захиалсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь нийт 359.137,56 төгрөгийн хүүгийн төлбөр төлсөн. Зээлдэгч нь банктай байгуулсан 5002833893 дугаартай зээлийн гэрээний үүргээ зөрчиж, кредит картын төлбөрийг 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс хойш хэтрүүлж, огт төлөлт хийхгүй 624 хоногийн хугацаа хэтрүүлээд байна. Тус банкнаас байнга шаардлага хүргүүлж байсан боловч үр дүнд хүрэхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагч Л.М зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр 1.000.000 төгрөг, зээлийн хүү 323.262,57 төгрөг, нийт 1.323.262,57 төгрөгийг гаргуулж өгнө үү. ... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас 251.750 төгрөг төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлага 1.071.512,5 төгрөг болж багассан. Энэхүү зээлийн гэрээний үүргийг гаргуулж, банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 36.122 төгрөг төлсөн баримт, Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэлүүд, талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Кредит карт эзэмших гэрээ-ний хуулбар, кредит карт эзэмших хүсэлт, хариуцагчийн иргэний үнэмлэхний хуулбар, дансны хуулга, зээлийн хяналтын тайлан гэх баримтыг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Хариуцагч Л.М нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Кредит карт эзэмших гэрээ-г байгуулж, 1.000.000 төгрөгийн кредит картын зээлийг жилийн бэлэн гүйлгээнд 24 хувь, бэлэн бус гүйлгээнд 21,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай байхаар талууд тохиролцжээ.
3. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.М нь 251.750 төгрөгийг төлсөн байх ба шүүхэд хариу тайлбараа бичгээр ирүүлээгүй, мөн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч нь нийт 1.323.262,57 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 251.750 төгрөгөөр багасгасан.
5. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 22 дугаар зүйлийн 1, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Л.М үндсэн зээлийн үлдэгдэл 1.000.000 төгрөг, хүү 71.512,5 төгрөг, нийт 1.071.512,5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэлээ.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36.122 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.М 36.122 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 22 дугаар зүйлийн 1, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Л.М үндсэн зээлийн үлдэгдэл 1.000.000 төгрөг, хүү 71.512,5 төгрөг, нийт 1.071.512,5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36.122 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.М 36.122 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА