| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0224/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/261 |
| Огноо | 2025-10-03 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/261
2025/ШЦТ/261
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж
Улсын яллагч: Ж.Ундармаа
Хохирогч Д.Б
Хохирогчийн өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ
Шүүгдэгч: Ч.Х
Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Батцэрэн
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Булган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Чын Хд холбогдох 2512000200137 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн И суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, одоо хувийн малаа малладаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт А аймгийн И сумын Б багийн Х гэх газар оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Чын Х /РД: ../
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Х нь согтуурсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 23 цагийн үед А аймгийн И сумын Б багийн Х гэх газарт ..АРН улсын дугаартай ”Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...согтууруулах ундаа, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалт, мөн дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчиж, хохирогч Д.Быг машинаар мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд хохирогч Д.Б мэдүүлэхдээ: “...Би тухайн өдрийг санахгүй байгаа. ...манай эхнэр хэрэлдээд байсныг мэдээд байна. Сүүлд хот руу орсноо ...санаж байна. ...манай эхнэр надад хэлэхдээ Х машинаар дайрсан гэж хэлсэн...” гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 2512000200137 дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч Д.Бын “...Би тухайн өдрийг нь санахгүй байгаа. ...манай эхнэр хэрэлдээд байсныг мэдээд байна. Сүүлд хот руу орсноо ...санаж байна. ...манай эхнэр надад хэлэхдээ Х машинаар дайрсан гэж хэлсэн. Би гомдолтой байна. Эмчилгээнд гарсан зардал болон цаашид гарах зардлыг гаргуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-88 хуу/,
Гэрч О.Аын “...Х.Цийн дүү М 2024 оны 06 дугаар сард алдарт эхийн одон авсан бөгөөд тэрийг нь манай нөхөр мялаагаад 1 тооны үхэр өгсөн. Тэр үхрээ М идшиндээ идэх гээд Ч.Х, Х.Ц хоёрыг гаргаад ир гээд манайх руу явуулсан байсан. Ч.Х, Х.Ц 2 манайд өдөр ирсэн, хэдэн цагийн үед ирсэн гэдгийг нь цаг хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Тэгээд бид 4 хамжаад Мийн идэшний үхрийг гаргаж дуусаад Ч.Х, Х.Ц 2 авч ирсэн 1 шил 0.75 хэмжээтэй архиа бид 4 хувааж уугаад Ч.Хийнд дөрвүүлээ хамт очихоор болоод Хийн машинтай явсан. Тэднийд очоод дахиад 1 шил архи уусан, дээрээс нь жаахан монгол архи уусан. Тэгж байтал Ц бид 2 жаахан маргалдсан. Миний уур хүрээд жаахан тайвшрах гээд би Хийн гэрээс гарч гүйгээд гэрийнх нь хойно байж байгаад 20-30 минут болоод буцаад Хийн гэрт орсон чинь манай нөхөр Б болон Ч.Х, Х.Ц нар байгаагүй. Тэгэхээр нь би Цийн дүү Өгөөс эд нар хаачсан юм бэ гэсэн чинь П ах таны араас гарсан, П ахын араас Ч.Х, Х.Ц 2 гараад явсан, удаа ч үгүй тэгсэн П ах хашаа мөргөж унаад ухаан алдсан гэсэн. Тэгэхээр нь сумын төв рүү аваад явчихсан гэхээр нь юу яриад байгаа юм бэ, надад хэлэхгүй яасан юм бэ гээд би өөрийнхөө дүү Ц дуудаад машинтай хүрээд ирэхээр нь би дүүтэйгээ хамт сумын төвд эмнэлэг дээр ирсэн чинь Ч.Х, Х.Ц нар манай нөхөр Быг эмнэлэг дээр аваад ирсэн эмч нар үзээд зүүн хөмсөгний үзүүр хэсэгтээ дээрээсээ доошоо чиглэсэн урт шархтай байсан. Тэр дээр нь оёдол тавьсан байсан. Хэдэн оёдол тавьсныг нь би асуугаагүй. Тэгээд эмнэлгийн эмч Згаас юу болсон юм бэ гэсэн чинь танай нөхөр чинь мотоциклиос унасан гэж эмнэлэгт ирсэн гэхээр нь юу мотоциклиос унах мотоциклиос унасан юм байхгүй гээд өөр юм яриагүй. Тэгсэн чинь сумын хэсгийн төлөөлөгч ирээд надтай уулзаад юу болсон талаар асуусан. Би өөрийнхөө мэдэж байгаа зүйлийг хэлсэн. Ч.Хтэй уулзсан. Дараа нь эхнэр Х.Цтэй нь бас уулзсан. Тэгээд эргэж надтай уулзаад танай нөхрийг Ч.Х машинтай мөргөсөн юм байна гэдгийг надад хэлсэн. Би өөрсдөө надад машинаар мөргөсөн гэж хэлээгүйд нь гомдоод байгаа юм. Тэгээд сумын эмнэлгээс аймгийн эмнэлэгт ирсэн. Одоо аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрчимтийн тасагт эмчлүүлж байгаа ухаан ороогүй байгаа эмч нар нь тархиндаа их гэмтэлтэй 8 яс хугарсан, цус харвасан, уушиг бяцралттай, их халуунтай байна гэж Жаргалсайхан гэдэг эмч хэлсэн. Одоо халуун нь угаасаа буухгүй байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 хуу/,
Гэрч Х.Цийн “...Манай дүү М 2024 оны 06 дугаар сард алдарт эхийн одон авсан. Тэр одонг нь Б ах мялаагаад 1 үхэр өгсөн. Тэгсэн манай дүү М тэр үхрээ идшиндээ идье гэж хэлэхээр нь би нөхөртэйгөө ярилцаад хоёулаа Мийн идшийг нь гаргаад аваачаад өгчихье гээд Д.Б ахынх руу 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн орой утсаар яриад Мт өгсөн үхрийг гаргаад аваачиж өгөх гэсэн юм гэж утсаар яриад маргааш нь 11 цаг өнгөрөөгөөд нөхөр бид 2 Б ахынд очсон. Тэгээд Мт өгсөн үхрийг нь гаргаад янзалсан. Нөхөр бид 2 Б ахынд очихдоо 1 шил “Эдэн” нэртэй архи өгсөн. Тэр архийг Б ах задлаад бид 4 хувааж уусан. Тэгээд ойрд уулзаагүй юм чинь гэж ярилцаад дөрвүүлээ манайд очихоор болоод бид нар манайд ...Ө хүүхэдтэйгээ манайд байсан. Манайд ирээд бид 4 дахиад 1 шил “Болор” нэртэй архи уусан. Бүгдээрээ л нэлээн согтсон байсан. Тэр үед орой 22 цаг болж байсан. Би бага уусан болохоор нэг их согтоогүй байсан. А эгч Б ахтай маргалдаад эхлэхээр нь би Аажаа та яагаад нөхөртэйгөө маргалдаад байгаа юм бэ гэсэн чинь чамд хамаагүй гээд надтай маргалдахаар нь би нэг их юм дуугараагүй дуугүй болсон. Тэгсэн чинь гэнэтхэн А эгч гараад явсан. Тэгэхээр нь ороод ирэх байлгүй гэж бодоод нэг их тоогоогүй. Тэгээд байж байтал Б ах гараад явсан байсан. Нөхөр бид 2 хоёулаа гараад яваад өглөө хаачих гэж байгаа юм бол гарч хайя гэж ярилцаад гараад гэрийнхээ гадна талын хашаан дотор хайгаад хоёуланг нь олоогүй. Тэгээд хоёулаа машинтай гэрэлтүүлж харъя гээд машинаа асаагаад хашаанаас гараад өвөлжөөний хашааны хойгуур тойроод баруун зүг рүү яваад хашааны үзүүр өнгөрсөн чинь Б ах машины зүүн тал руу миний сууж явсан тал руу орж ирж машинд мөргүүлээд унасан. Тэгээд нөхөр бид 2 машинаас буугаад Б ахыг харанхуйд хайгаад олж аваад гэрэл рүү гаргах гэж чирээд машины гэрэлд гаргаад харсан чинь зүүн талын нүднийх нь хавиас цус гарч байсан. Тэгээд би орилж хашгирсан чинь манайхтай саахалт байдаг У ах ирээд яасан, юу болсон гэхээр нь би машинтай мөргөөд унагачих шиг боллоо гэж хэлсэн чинь аваад явъя гээд дамжилж машины арын суудал дээр оруулж хэвтүүлсэн чинь манай нөхөр би архи уучихсан согтуу явж чадахгүй, та машин бариад сумын төв оруулж өг гэж хэлээд гэрээрээ орж би өөрийнхөө дүү Өт П ах машины урдуур орж ирээд мөргүүлээд уначихлаа, нүүр, ам нь бөөн цус болчихсон байна, сумын төв явлаа гэж хэлээд У ахаар машинаа бариулаад сумын төвд ирсэн. Манайхан Б ахыг П гэж дууддаг. Манай нөхөр тийм их хурдтай яваагүй. Хашаанаас гараад хашааны араар тойроод нэг их хурдлаагүй зөөлхөн явж байсан. ...ухаан орохгүй байгаад байгаа. Эмч нь хэлэхдээ толгойдоо нэлээн гэмтэлтэй байна гэж хэлсэн. ...Хаашаа харж унасныг нь хараагүй. Сандраад буугаад гэрэл рүү чирч гаргаад харсан чинь нүүр, ам нь цус болчихсон, ухаан алдсан байсан. Тэгээд сумын эмнэлэг дээр ирээд нэлээн хэдэн оёдол тавиулсан. ...манай нөхөр нэлээн согтуу байсан. Ер нь дийлэнх архийг манай нөхөр, П ах 2 уусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22, 82 хуу/,
Гэрч О.Уын “...2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 23 цаг өнгөрч байхад нохой хуцаад машины гэрэл асаалттай байхаар нь очиход Х, Х.Ц, Д.Б нар байсан. Бын толгойг Ц өвөр дээрээ тавьсан. Бын нүүрнээс цус гарсан байдалтай харагдсан. Тэгсэн Ц, Х нар Б ах ийм байдалтай энд хэвтэж байна гэж хэлсэн. Тухайн үед мөргөсөн талаараа хэлээгүй. Тэгээд ...12 дугаар сарын 06-ны өдөр мөргөсөн талаар нь мэдсэн. Х надад цагдаа нар ирсэн байхад хэлсэн. Тэгээд тэр шөнө Архангай аймгийн И сумын эмнэлэг рүү би машиныг нь унаад ирсэн. ...бүгд архи уусан байсан. Архи үнэртэж байсан. Мөн Х би архи уусан байгаа, та миний машиныг бариад яваад өгөөч гэж хэлж байсан. Би анзаараагүй. Сүүлд салхины шил хагарсан байсныг цагдаа нараас сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 хуу/,
Гэрч Х.Өийн “...2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 20 цаг болох гэж байхад Б, Ц, Х, А нар согтуу ирцгээсэн. Тэгээд 0.75 граммын “Болор” нэртэй архийг хувааж уугаад хоол унд идчихээд байж байтал А эгч Ц нар хоорондоо маргалдсан. Тэгсэн чинь А эгч гэрээс гарч яваад орж ирэхгүй болохоор нь Б ах араас нь гарсан. Тэгсэн чинь мөн орж ирэхгүй болохоор нь Х, Ц эгч нар машины түлхүүр асуугаад араас нь гарсан. Тэгээд нэлээн удсаны дараа Ц эгч орж ирээд куртикээ өмсөөд гарсан. Б ахыг яасан талаар хэлээгүй яараад л гараад явсан. Тэгээд маргааш нь өглөө нь би Б ахыг машинд дайруулсан талаар мэдсэн. Би сүүлд Х ахыг жолоо барьж явсан талаар эгч Цээс мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 80 хуу/,
Гэрч Б.Эгийн “...2024 оны 12 дугаар сарын 04-ний шөнө 01 цагийн үед санагдаж байна, над руу эмнэлгээс сувилагч Энхжаргал утсаар яриад архи уусан согтуу хүн мотоциклиос унасан гээд ирсэн байна гэж хэлсэн. Би ойрын дуудлагад явах хуваарьтай байсан. Тэгээд эмнэлэг дээр ирэхэд манай сувилагч, асрагч 2 тухайн хүнийг орон дээр хэвтүүлчихсэн, амин үзүүлэлтүүдийг үзэж байсан. Би мотоциклиос унаад ухаангүй ирсэн гэсэн хүнийг үзэхэд зүүн талын нүдний хажууд дээрээс доошоо чиглэсэн 5-6 см урттай шарх үүссэн байсан. Тэр шарханд нь 4 оёдол тавьсан санагдаж байна. Намайг эмнэлэг дээр ирэхэд Б багийн У гэдэг хүн байсан. Мөн зүс таних эхнэр, нөхөр 2 байсан. Би тэр хүмүүсээс энэ хүн яасан юм бэ гэсэн чинь хээр мотоциклиос унасан байхаар нь аваад ирсэн гэхээр нь эхнэр нь хаана байгаа юм бэ гэсэн чинь эхнэр нь одоо хойноос ирж байгаа гэж ярьж байсан. Тэгээд тариа хийгээд байж байтал шөнө 04 цаг болсон байхад цагдаад хэлэх гэснээ өглөө больё гэж бодоод тухайн үедээ хэлээгүй юм. Тэр шөнө ээлжийн сувилагч нь Энхжаргал, асрагч нь Ү.Онар байсан. Д.Б гэдэг хүнийг хүргэж ирсэн хүмүүсээс нь юу болсон талаар асуусан чинь хээр мотоциклиос унасан байхад нь аваад ирлээ гэж хэлсэн гэсэн. Намайг эмнэлэг дээр ирээд үзэхэд Д.Б гэдэг хүн ухаантай, ухаангүй хоёрыг мэдэхэд хэцүү байсан. Тэр хүн архи уусан согтуу бөөлжөөд байхаар нь би бөөлжис намдаах тариа, толгойны тариа, өвчин намдаах тариа гээд бүх эмчилгээг хийсэн. Хамгийн гол нь амин үзүүлэлтүүд нь хэвийн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 100-101 хуу/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-16 хуу/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-28 хуу/,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Отгонжаргалын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 19 дугаартай “Ч.Хийн гэх цусанд 0.8 промилли спиртийн зүйл илрэв. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх- ийн 33-35 хуу/,
Тус аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Отгонжаргалын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 22 дугаартай “1. Д.Бын биед гавлын зүүн чамархай яснаас доош суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, дагз ясны зүүн хэсгийн хугарал, дух яс, зүүн ухархайн ханын цөмөрсөн хугарал, хугарлын харалдаа тархины хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүснэ. 4. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 49-50 хуу/,
Шинжээч У.Лхагвадоржийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаартай зам тээврийн осол дээр тогтоосон дүгнэлтэд “1. Тоёота приус маркийн ..АРН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалт, мөн дүрмийн 3.7.а-д Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, ...тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалт, мөн дүрмийн 12.2-д Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх тул үндэслэлтэй байна. 2. Тоёота приус маркийн ..АРН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а- д Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...согтууруулах ундаа, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалт, мөн дүрмийн 12.2-д Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. 3. Осол гарахад замын гадарга, байгалийн нөхцөл байдал болон ямар нэгэн хүчин зүйл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. 4. Цагдаагийн хошууч Н.Ганболдын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр үйлдсэн схем зурган дээр тоёота приус маркийн ..АРН улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун дугуйны мөр 15 метр, зүүн дугуйны гиөр 8.70 метр тоормосны мөр гарсан байгаа тул уг тээврийн хэрэгслийн жолооч зогсоох арга хэмжээ авсан байна. 5. Тоёота Приус маркийн ..АРН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.Х /рд:АГ82061217/ нь В ангиллын 914333 дугаарын хүчинтэй эрхийн жолооны үнэмлэхтэй байна...” гэсэн /хх-ийн 57-58 хуу/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ц.А, Э.Мөнхнасан нарын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр дүгнэлтэд “...2. Д.Бын сэтгэцэд Р07.2 Тархины доргилтын дараах хам шинж оношлогдож байгаа нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна...” гэсэн /хх- ийн 104-106 хуу/,
Яллагдагч Ч.Хийн “...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 127-129 хуу/,
Хохирогч, шүүгдэгчээс гаргасан хохиролтой холбоотой баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд,
Шүүх хуралдаанд хохирогчоос гаргасан хохиролтой холбоотой баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Х нь согтуурсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 23 цагийн үед А аймгийн И сумын Б багийн Х гэх газарт ..АРН улсын дугаартай ”Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...согтууруулах ундаа, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалт, мөн дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс хохирогч Д.Быг машинаар мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас түүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Ч.Х нь согтуурсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 23 цагийн үед А аймгийн И сумын Б багийн Х гэх газарт ..АРН улсын дугаартай ”Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...согтууруулах ундаа, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалт, мөн дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчиж, хохирогч Д.Быг машинаар мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
Хохирогч Д.Бын шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би тухайн өдрийг санахгүй байгаа. ...манай эхнэр хэрэлдээд байсныг мэдээд байна. Сүүлд хот руу орсноо ...санаж байна. ...манай эхнэр надад хэлэхдээ Х машинаар дайрсан гэж хэлсэн. Би гомдолтой байна. Эмчилгээнд гарсан зардал болон цаашид гарах зардлыг гаргуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-88 хуу/,
Гэрч О.Аын “...Тэгэхээр нь сумын төв рүү аваад явчихсан гэхээр нь юу яриад байгаа юм бэ, надад хэлэхгүй яасан юм бэ гээд би өөрийнхөө дүү Ц дуудаад машинтай хүрээд ирэхээр нь би дүүтэйгээ хамт сумын төвд эмнэлэг дээр ирсэн чинь Ч.Х, Х.Ц нар манай нөхөр Быг эмнэлэг дээр аваад ирсэн эмч нар үзээд зүүн хөмсөгний үзүүр хэсэгтээ дээрээсээ доошоо чиглэсэн урт шархтай байсан. Тэр дээр нь оёдол тавьсан байсан. Хэдэн оёдол тавьсныг нь би асуугаагүй. Тэгээд эмнэлгийн эмч Згаас юу болсон юм бэ гэсэн чинь танай нөхөр чинь мотоциклиос унасан гэж эмнэлэгт ирсэн гэхээр нь юу мотоциклиос унах мотоциклиос унасан юм байхгүй гээд өөр юм яриагүй. Тэгсэн чинь сумын хэсгийн төлөөлөгч ирээд надтай уулзаад юу болсон талаар асуусан. Би өөрийнхөө мэдэж байгаа зүйлийг хэлсэн. Ч.Хтэй уулзсан. Дараа нь эхнэр Х.Цтэй нь бас уулзсан. Тэгээд эргэж надтай уулзаад танай нөхрийг Ч.Х машинтай мөргөсөн юм байна гэдгийг надад хэлсэн. Би өөрсдөө надад машинаар мөргөсөн гэж хэлээгүйд нь гомдоод байгаа юм. Тэгээд сумын эмнэлгээс аймгийн эмнэлэгт ирсэн. Одоо аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрчимтийн тасагт эмчлүүлж байгаа бөгөөд ухаан ороогүй байгаа. Эмч нар нь тархиндаа их гэмтэлтэй, 8 яс хугарсан, цус харвасан, уушиг бяцралттай, их халуунтай байна гэж Жаргалсайхан гэдэг эмч хэлсэн. Одоо халуун нь угаасаа буухгүй байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 хуу/,
Гэрч Х.Цийн “...А эгч Б ахтай маргалдаад эхлэхээр нь би Аажаа та яагаад нөхөртэйгөө маргалдаад байгаа юм бэ гэсэн чинь чамд хамаагүй гээд надтай маргалдахаар нь би нэг их юм дуугараагүй дуугүй болсон. Тэгсэн чинь гэнэтхэн А эгч гараад явсан. Тэгэхээр нь ороод ирэх байлгүй гэж бодоод нэг их тоогоогүй. Тэгээд байж байтал Б ах гараад явсан байсан. Нөхөр бид 2 хоёулаа гараад яваад өглөө хаачих гэж байгаа юм бол гарч хайя гэж ярилцаад гараад гэрийнхээ гадна талын хашаан дотор хайгаад хоёуланг нь олоогүй. Тэгээд хоёулаа машинтай гэрэлтүүлж харъя гээд машинаа асаагаад хашаанаас гараад өвөлжөөний хашааны хойгуур тойроод баруун зүг рүү яваад хашааны үзүүр өнгөрсөн чинь Б ах машины зүүн тал руу миний сууж явсан тал руу орж ирж машинд мөргүүлээд унасан. Тэгээд нөхөр бид 2 машинаас буугаад Б ахыг харанхуйд хайгаад олж аваад гэрэл рүү гаргах гэж чирээд машины гэрэлд гаргаад харсан чинь зүүн талын нүднийх нь хавиас цус гарч байсан. Тэгээд би орилж хашгирсан чинь манайхтай саахалт байдаг У ах ирээд яасан, юу болсон гэхээр нь би машинтай мөргөөд унагачих шиг боллоо гэж хэлсэн чинь аваад явъя гээд дамжилж машины арын суудал дээр оруулж хэвтүүлсэн чинь манай нөхөр би архи уучихсан согтуу явж чадахгүй, та машин бариад сумын төв оруулж өг гэж хэлээд гэрээрээ орж би өөрийнхөө дүү Өт П ах машины урдуур орж ирээд мөргүүлээд уначихлаа, нүүр, ам нь бөөн цус болчихсон байна, сумын төв явлаа гэж хэлээд У ахаар машинаа бариулаад сумын төвд ирсэн. Манайхан Б ахыг П гэж дууддаг. Манай нөхөр тийм их хурдтай яваагүй. Хашаанаас гараад хашааны араар тойроод нэг их хурдлаагүй зөөлхөн явж байсан. ...ухаан орохгүй байгаад байгаа. Эмч нь хэлэхдээ толгойдоо нэлээн гэмтэлтэй байна гэж хэлсэн. ...Хаашаа харж унасныг нь хараагүй. Сандраад буугаад гэрэл рүү чирч гаргаад харсан чинь нүүр, ам нь цус болчихсон, ухаан алдсан байсан. Тэгээд сумын эмнэлэг дээр ирээд нэлээн хэдэн оёдол тавиулсан. ...манай нөхөр нэлээн согтуу байсан. Ер нь дийлэнх архийг манай нөхөр, П ах 2 уусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22, 82 хуу/,
Гэрч О.Уын “...2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 23 цаг өнгөрч байхад нохой хуцаад машины гэрэл асаалттай байхаар нь очиход Х, Х.Ц, Д.Б нар байсан. Бын толгойг Ц өвөр дээрээ тавьсан. Бын нүүрнээс цус гарсан байдалтай харагдсан. Тэгсэн Ц, Х нар Б ах ийм байдалтай энд хэвтэж байна гэж хэлсэн. Тухайн үед мөргөсөн талаараа хэлээгүй. Тэгээд ...12 дугаар сарын 06-ны өдөр мөргөсөн талаар нь мэдсэн. Х надад цагдаа нар ирсэн байхад хэлсэн. Тэгээд тэр шөнө Архангай аймгийн И сумын эмнэлэг рүү би машиныг нь унаад ирсэн. ...бүгд архи уусан байсан. Архи үнэртэж байсан. Мөн Х би архи уусан байгаа, та миний машиныг бариад яваад өгөөч гэж хэлж байсан. Би анзаараагүй. Сүүлд салхины шил хагарсан байсныг цагдаа нараас сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 хуу/,
Гэрч Х.Өийн “...2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 20 цаг болох гэж байхад Б, Ц, Х, А нар согтуу ирцгээсэн. Тэгээд 0.75 граммын “Болор” нэртэй архийг хувааж уугаад хоол унд идчихээд байж байтал А эгч Ц нар хоорондоо маргалдсан. Тэгсэн чинь А эгч гэрээс гарч яваад орж ирэхгүй болохоор нь Б ах араас нь гарсан. Тэгсэн чинь мөн орж ирэхгүй болохоор нь Х, Ц эгч нар машины түлхүүр асуугаад араас нь гарсан. Тэгээд нэлээн удсаны дараа Ц эгч орж ирээд куртикээ өмсөөд гарсан. Б ахыг яасан талаар хэлээгүй яараад л гараад явсан. Тэгээд маргааш нь өглөө нь би Б ахыг машинд дайруулсан талаар мэдсэн. Би сүүлд Х ахыг жолоо барьж явсан талаар эгч Цээс мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 80 хуу/,
Гэрч Б.Эгийн “...2024 оны 12 дугаар сарын 04-ний шөнө 01 цагийн үед санагдаж байна, над руу эмнэлгээс сувилагч Энхжаргал утсаар яриад архи уусан согтуу хүн мотоциклиос унасан гээд ирсэн байна гэж хэлсэн. Би ойрын дуудлагад явах хуваарьтай байсан. Тэгээд эмнэлэг дээр ирэхэд манай сувилагч, асрагч 2 тухайн хүнийг орон дээр хэвтүүлчихсэн, амин үзүүлэлтүүдийг үзэж байсан. Би мотоциклиос унаад ухаангүй ирсэн гэсэн хүнийг үзэхэд зүүн талын нүдний хажууд дээрээс доошоо чиглэсэн 5-6 см урттай шарх үүссэн байсан. Тэр шарханд нь 4 оёдол тавьсан санагдаж байна. Намайг эмнэлэг дээр ирэхэд Б багийн У гэдэг хүн байсан. Мөн зүс таних эхнэр, нөхөр 2 байсан. Би тэр хүмүүсээс энэ хүн яасан юм бэ гэсэн чинь хээр мотоциклиос унасан байхаар нь аваад ирсэн гэхээр нь эхнэр нь хаана байгаа юм бэ гэсэн чинь эхнэр нь одоо хойноос ирж байгаа гэж ярьж байсан. Тэгээд тариа хийгээд байж байтал шөнө 04 цаг болсон байхад цагдаад хэлэх гэснээ өглөө больё гэж бодоод тухайн үедээ хэлээгүй юм. Д.Б гэдэг хүнийг хүргэж ирсэн хүмүүсээс нь юу болсон талаар асуусан чинь хээр мотоциклиос унасан байхад нь аваад ирлээ гэж хэлсэн гэсэн. Намайг эмнэлэг дээр ирээд үзэхэд Д.Б гэдэг хүн ухаантай, ухаангүй хоёрыг мэдэхэд хэцүү байсан. Тэр хүн архи уусан согтуу бөөлжөөд байхаар нь би бөөлжис намдаах тариа, толгойны тариа, өвчин намдаах тариа гээд бүх эмчилгээг хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 100-101 хуу/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-16 хуу/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-28 хуу/,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 19 дугаартай дүгнэлт /хх- ийн 33-35 хуу/,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 22 дугаартай дүгнэлт /хх-ийн 49-50 хуу/,
Шинжээч У.Лхагвадоржийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаартай зам тээврийн осол дээр тогтоосон дүгнэлт /хх-ийн 57-58 хуу/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнээр зүйлчилдэг.
Шүүгдэгч Ч.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...согтууруулах ундаа, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалт, мөн дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч Д.Бын биед хүнд хохирол учирсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.Х нь “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 19 дугаартай шинжээчийн “...Ч.Хийн гэх цусанд 0,8 промилль спиртийн зүйл илрэв...” гэсэн дүгнэлтээр түүний цусанд 0,8 промилль спиртийн үзүүлэлт илэрсэн нь “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгохоор тайлбарласнаас дээш үзүүлэлт тул согтуурсан гэж үзэх үндэслэл болно.
Ч.Х нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Д.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон дээр дурдсан хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч Ч.Хийг тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.Х, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан.
Хохирогч Д.Б нь шүүх хуралдаанд баримтаар 12,071,000 төгрөгийг хохиролд нэхэмжилсэн бөгөөд хэрэгт баримтаар 12,186,685.1 төгрөгийн баримт авагджээ.
Хохирогч Д.Бын нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан төлбөрийн баримт, эмийн сангаас эм худалдан авсан баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаар сум, хот хооронд зорчсон орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбараар зорчсон баримт, шатахууны баримт зэргийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 5,569,061.1 төгрөгийг тооцлоо.
Шүүгдэгч Ч.Х нь эм, тариа эмчилгээтэй холбоотой төлбөрт 1,000,000 төгрөгийг дансаар 2,825,253 төгрөгийн эм тариа, эмнэлэгт хэвтсэн зардалтай холбоотой хохирол төлсөн баримтыг хэрэгт хавсаргасан байна.
Хэрэг авагдсан баримтаар шүүгдэгч Ч.Хээс 2,367,280 төгрөгийн эм тариа, эмнэлгийн төлбөрийг хохирогч Д.Бд төлсөн бөгөөд уг баримтаар төлсөн хохирлын төлбөрийг хохирогч баримтаар нэхэмжлээгүй, хохирогчийн нэхэмжлэлд багтаагүй тул хохирогчид гаргах хохирлын дүнгээс хасаж тооцох үндэслэлгүй байх тул хохирогчид 2,367,280 төгрөгийн эрүүл мэндийн зардалтай холбоотой хохирол төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Харин хүнс, ахайн хэрэглээний барааг хохирогчид төлсөн гэх баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Шүүгдэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид хохиролд төлсөн 1,000,000 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангасан 5,569,061.1 төгрөгийн нэхэмжлэлээс хасаж нийт 4,569,061.1 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Д.Бд олгохоор шийдвэрлэв.
Харин нотлох баримтын шаардлага хангаагүй, хэрэгт хамааралгүй тухайлбал хэрэгт авагдсан хүнс өргөн хэрэглээний барааны баримтууд, ахуйн хэрэглээний баримтууд, тамхи, согтууруулах ундааны зүйл худалдан авсан баримтууд, А нэр дээр хөнгөлөлттэй эм авсан эмийн баримтууд, хэрэгт хамааралгүй Бумаанямбуугийн хот хооронд зорчсон орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбараар зорчсон баримт, Гандантэгчинлэн хийдэд ном уншуулсан баримтууд, 1 дүгээр хавтаст хэргийн 175 хуудсанд авагдсан гар бичмэлээр нэхэмжилсэн 2,830,000 төгрөгийн баримт, дизель түлшний баримтууд зэргийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй байх тул нийт 6,617,624 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д “...Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ...”, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-д “...Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана...” гэж,
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын 3.8-д “...Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодийн гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэмт хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар...” зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ...” тус тус заасан.
“Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолд сэтгэцийн эмгэгийн дөрөвдүгээр зэрэглэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэхээр тогтоосон.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.000 төгрөг байхаар тогтоосон тул гэмт хэрэг гарсан хугацаанд буюу 2024 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгөөр тооцож, сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх төлбөрийн хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Гэмт хэрэг 2024 оны 12 дугаар сарын сарын 04-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн ангилал, хөнгөрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодийн гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэмт хор учруулагчийн гэм буруу, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэргийг харгалзан хүнд хохирлын улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 33 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр төлбөрийг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн төлбөрийг тогтоохдоо шүүгдэгч, хохирогч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, хохирлын зэрэг, шүүгдэгчийн төлбөрийн чадвар зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар газрын шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 494 дугаартай дүгнэлтээр хохирогч Д.Бын сэтгэцэд учирсан хор уршгийг дөрөвдүгээр зэрэглэлээр тогтоосныг үндэслэн шүүгдэгчээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 33 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 21,780,000 гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Хээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол 4,569,061.1 төгрөг, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрт 21,780,000 төгрөг, нийт 26,349,061.1 /хорин зургаан сая гурван зуун дөчин есөн мянга жаран нэгэн төгрөг нэг мөнгө/ төгрөгийг гаргуулан хохирогч Д.Бд олгохоор тус тус шийдвэрлэв.
Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “...Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй...” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилсан.
Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Д.Бын эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой гарсан зардлын төлбөр 5,117,273 төгрөгийг шүүгдэгч Ч.Х нь Эрүүл мэндийн даатгалын санд төлөөгүй байх тул шүүгдэгчээс нийт 5,117,273 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гаргасны дараа шүүгдэгч, өмгөөлөгчийн зүгээс 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хохирлыг нөхөн төлөх талаар ажлын 5 хүртэлх хоногийн завсарлага авсан ба хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, цаашид хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ч.Хийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Х нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, малчин ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан хуульд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Х нь шүүхээс хүлээлгэсэн гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг тайлбарлаж, тэнссэн хугацаанд шүүгдэгчид хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгч Ч.Хд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан тул түүнд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, шүүгдэгчид хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ч.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Чын Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Ч.Хийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ч.Хд тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Ч.Хд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-д зааснаар шүүгдэгч Ч.Хээс 26,349,061.1 /хорин зургаан сая гурван зуун дөчин есөн мянга жаран нэгэн төгрөг, нэг мөнгө/ төгрөг гаргуулан хохирогч А аймгийн И сумын Б багт оршин суух Д.Б /РД: ../-д олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 6,617,624 /зургаан сая зургаан зуун арван долоон мянга зургаан зуун хорин дөрөв/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Ч.Хээс 5,117,273 /таван сая нэг зуун арван долоон мянга хоёр зуун далан гурав/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгосугай.
9. Шүүгдэгч Ч.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ч.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР