| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0241/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/264 |
| Огноо | 2025-10-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Алтанзул |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/264
2025/ШЦТ/264
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж
Улсын яллагч: Т.Алтанзул
Шүүгдэгч: Н.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Нгийн Бд холбогдох 2512003120235 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Ааймгийн Ө суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт А аймаг, Ө сум, Я .. дүгээр баг Х гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ө овогт Нгийн Б /РД: ../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2025 оны 06 дугаар сарын 14-ний өдөр А аймгийн Ө сумын Я баг, Х гэх газарт хохирогч Г.О нь бусадтай маргалдан нүүрэн тус газартаа гараараа цохиулж, лоомоор гар хэсэгт нь цохисон үйлдлээс шалтгаалан хохирогчийн биед шуунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 шүдний эмтрэл, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь 2025 оны 06 дугаар сарын 14-ний өдөр А аймгийн Ө сумын Я баг, Х гэх газарт гэртээ хохирогч Г.Отэй “морины уяан дээр шээлээ” гэх шалтгаанаар маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж, лоомоор гар хэсэгт нь цохисон үйлдлээс шалтгаалан хохирогчийн биед шуунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 шүдний эмтрэл, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь: хохирогч Г.Огийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн мэдүүлсэн: “...2025 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Б, Г, А, П нарын хамт А аймгийн Ө сумын Я багийн 318 гэх газарт газарт айлын уяаны хурдан морь үзэх гэж явсан бид замаараа нутгийн айлуудаар орсон. Бид Ө сумын Я багийн 318 гэх газар байрлах А аймгийн Ө сумын иргэн Ц гэх хүний уяан дээр очсон. Тухайн уяан дээр Н.Б гэх манай сумын Я багийн иргэн байсан. Тэгээд бид 5 Бгийн гэрт очсон бөгөөд бидэнд Б 1 шил архи задалсан. Тэгээд гадаа байх хурдан морины уяан дээр очсон. Би тухайн хурдан морины уяанаас 25-30 метрийн зайд шээгээд зогсож байхад Б миний нүүрэн тус газар зүүн нүд шанаа хэсэгт гараараа 1 удаа цохисон. Би яаж байгаа юм гэхэд чи хурдан морь уядаг газар шээлээ гэсэн. Бид маргалдаж байхад Б чамайг буудаж ална гээд гэр рүүгээ орсон. Намайг мэдээгүй байхад миний араас төмөр лоомоор миний ар нуруу хэсэгт цохисон бөгөөд эргээд харахад миний зүүн гар руу 1 удаа цохисон. Тэгээд бид хоёрын хамт байсан хүмүүс салгасан. Миний зүүн гар өвдөөд байхаар нь би сумын эмнэлэгт үзүүлсэн. ...Н.Б миний нүүр хэсэгт зүүн нүд хацар хэсэгт гараараа 1 удаа цохисон. Мөн төмөр лоомоор миний ар нуруу, зүүн гарын шуу хэсэгт нэг удаа цохисон..” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 хуу/,
хохирогч Г.Огийн дахин мэдүүлсэн: “...Надад хохирлын талаар ямар нэгэн баримт байхгүй. Надад гомдол, санал байхгүй. Н.Б нь миний хохирлыг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр бүрэн барагдуулсан нэхэмжпэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг/хх-ийн 87-88 хуу/,
гэрч Э.Аын мэдүүлсэн: “...Би О, Б, Г, П нарын хамт Я багийн 318 гэх газарт морь уяж байсан хүмүүс дээр очин морь үзээд явж байсан. Тэгээд Бтэй таарсан. Тухайн үед Бгийнд очсон бөгөөд бид хэдэд 1 шил архи задалсан. Б ахын морь уяж байх уяан дээр очоод морь сонирхож байхад О уяанаас 20-25 метрийн зайд шээсэн. Тэгэхэд Б морины уяан дээр шээлээ гээд араас нь очоод гараараа цохисон. Тэгээд та хэдийг буудаж ална гээд гэр рүүгээ ороод төмөр газар ухах зориулалтай лоом авч гарч ирээд Огийн ар хэсэгт 1 удаа зүүн гарын шуу хэсэгт 1 удаа цохисон. Тэгээд бид салгаад хөдөлсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/,
гэрч Х.Пын мэдүүлсэн: “...Би 2025 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хамт морь уяж байгаа ах нарын хамт Ө сумын Я багийн нутаг дэвсгэрт байх хурдан морь уяаны газар очиж морь үзээд явж байхад Б гэх ахын гэрт очсон. Бидэнд тухайн айл архи задалж өгсөн. Тэгээд гадаа байх хурдан морины уяан дээр очоод морь үзэж байхад О ах тухайн уяанаас 25-30 метрийн зайд шээж байхад тухайн Б гэх ах шээлээ гээд гараараа цохисон. Тэгээд гэрээсээ лоом гаргаж ирээд мөн О ахын нуруу гар хэсэгт тус бүр 1 удаа цохисон. Тэнд байсан ах нар салгаад тэгээд бид тэр айлаас хөдөлсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/,
гэрч С.Бн мэдүүлсэн: “...Бтэй таарсан. Тухайн үед Б манайхаар оч гээд бид нар Бгийнд очсон. Бидэнд хоол хийж өгөөд мөн 1 шил архи задалсан. Бид нар хувааж уугаад хөдлөх гэхэд Б манай морийг үз гээд морь уяж байх уяан дээр очоод морь сонирхож үзэж байгаад би шээс хүрээд хойшоо алхаж байгаад эргээд харахад Б гэр рүүгээ гүйж харагдсан. Би Гоос юу болсон талаар асуухад надад Б, Ог цохичихоод гэр рүүгээ буу авна гээд явлаа гэж байсан. Б гэрээсээ лоомоо барьж гарч ирээд ална гээд Огийн ар хэсэгт 1 удаа зүүн гарын шуу хэсэгт 1 удаа цохисон. Тэгээд бид салгаад бид хэд хамт хөдөлсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/,
гэрч С.Гийн мэдүүлсэн: “...Бид нар гал уяагаар явж байгаад Ц гэх уяачийн уяан дээр Бтэй таарахад Б манаад оч гээд бид 5 хамт очсон. Бгийн хоол хийж өгөөд 1 шил архи задлаад бид хувааж уугаад гарахдаа уяан дээр очиж морь үзэж байхад О тухайн морины уяанаас 20-25 метрийн зайд шээсэн. Тэгэхэд Б уурлаад Ог шээлээ гээд цохисон. Тэгээд гэр рүүгээ орсон. Би юу гэж хэлж ярьсан талаар сонсоогүй. Тэгээд Б гэрээрээ лоомоо аваад гарч ирээд Огийн гарын шуу хэсэгт цохиод Огийн гараас цус гарсан. Би болон Б, Аын хамт салгаад бид тэндээс хөдлөөд би гэртээ ирсэн. Тэр хэд мөн гэр, гэр рүүгээ явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/,
иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн мэдүүлсэн: “...Учир нь Г.О нь 2025 оны 06 дугаар сарын 14,15-ний өдөр гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 2 удаа 57,200 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Дээрх 57,200 төгрөгийг бүрүүтай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100900020080 тоот данс төлбөрийг төлүүлмээр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 107-108 хуу/,
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Отгонжаргалын гаргасан 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн АРХ0725/218 дугаартай “1. Г.Оийн биед шуунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 шүдний эмтрэл, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн' зэрэг тогтоогдлоо. 4. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыгтогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..” гэх дүгнэлт /хх-ийн 43-44 хуу/,
шинжээч эмч Б.Батцэцэгийн мэдүүлсэн: “...Би тухайн дүгнэлтийг гаргахдаа мөрдөгч, цагдаагийн дэслэгч Л.Чингис таны шинжээч томилсон тогтоолын дагуу Г.Огийн биед үзлэг хийж, Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн толгойн тодосгогчгүй компьютер томографи шинжилгээг үндэслэж тус тус үзлэг гаргасан... Г.Оийн биед учирсан шуунд шарх, 2 шүдний эмтрэл, зүүн хацарт цус хуралт, зэрэг гэмтэл нь тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаардаг. ...Г.Оийн биед учирсан баруун дээд 2,3 дугаар шүдний паалан хэсгүүд нь зүүн талаасаа эмтэрсэн байсан нь хүч зүүн талаас үйлчилж цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Хоёр шүдний эмтрэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх мэдүүлэг/хх-ийн 78-79 хуу/,
яллагдагч Н.Бгийн мэдүүлсэн: “...Би өөрийн үйлдэлдээ гэмшиж байна. Би хохирогчийн хохирол мөнгийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр бүрэн барагдуулсан. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97 хуу/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...Архангай аймгийн Я багийн нутаг дэвсгэрт иргэн Н.Бд зодуулсан...” гэх тэмдэглэл, өргөдөл /хх-ийн 01-02 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Б нь хохирогч Г.Огийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хэрэгт авагдсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Н.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “...гомдол санал байхгүй...сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэсэн бөгөөд шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Мөн хохирогч Г.Огийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан 57,200 төгрөгийг шүүгдэгч Н.Б нь Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд төлсөн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Н.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч Н.Б нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульд заасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж шийдвэрлэж, эрүүгийн хариуцлагын санал нь хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлага, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Н.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч Н.Бд оногдуулсан торгох ялыг түүний цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Нгийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Н.Бгээс 57,200 /тавин долоо мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгосугай.
5. Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэлтэй холбоотой/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР