| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2022/05346/И |
| Дугаар | 183/шш2023/00641 |
| Огноо | 2023-02-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 183/шш2023/00641
| 2023 оны 02 сарын 28 өдөр | Дугаар 183/ШШ2023/00641 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: И.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж ХХК-д холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н , Г.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Ж ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Иргэн Л.Б би 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Ж ХХК-ийн барьж, ашиглалтад оруулсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Парк Вью хотхонд 752 дугаар байр, 0 дугаар давхар 0 тоот буюу 0 тоотод байрлах, 2 өрөө бүхий, 52,63 м.кв талбайтай орон сууцыг 129.996.100 төгрөгөөр худалдаж авахаар гэрээ байгуулсан. Гэрээний дагуу нийт 129.996.100 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд бүрэн төлж дуусгасан. Энэ тухай акт үйлдэж, миний бие байрны түлхүүрээ авсан. Уг байрны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авах гэхээр Удахгүй шийдвэрлэж өгнө гэсээр 5 жил өнгөрлөө. Энэ 5 жилийн хугацаанд тасралтгүй Ж ХХК-ийн холбогдох хүмүүстэй уулзаж, шаардаж байсан ба одоо хүртэл огт шийдвэрлэж өгөхгүй байх тул дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
2. Хариуцагч Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Л.Б нь төлбөрөө бүрэн төлж, гэрээний үүргээ биелүүлсэн тул манай талаас орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Манай компани Х ХХК-тай зээлийн барьцааны асуудлаар маргаантай байгаа бөгөөд энэхүү маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа тул байрны өмчлөх эрхийг орон сууцны эзэмшигч нартаа шилжүүлж өгөх боломжгүй байгаа юм. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХХК-ийн гаргаж байгаа хариу тайлбар буюу тухайн банктай байгуулсан 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ/149-7 тоот зээлийн нэмэлт гэрээний харилцаа нь иргэн Л.Б хамааралгүй, учир нь нэхэмжлэгч уг гэрээ байгуулагдахаас өмнө манай компанид төлбөрөө төлөөд дуусгасан байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, хүлээн зөвшөөрч байгаа болно гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н , Г.С нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай Х ХХК болон Ж ХХК-ийн хооронд 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ/149 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож талуудын хооронд 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ЗБ/149-21 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-ний дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 752 тоотод байрлах, 5,609 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө бүхэлдээ банкны барьцаанд байгаа болно. Тухайн барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд гэрээ хүчин төгөлдөр байгаа. Барьцааны гэрээний дагуу орон сууцнаас тэргүүн ээлжинд зээлийн гэрээний шаардлагаа хангуулах этгээд нь банк болно. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн ба уг шүүхийн шийдвэр бичгийн хэлбэрээр гараагүй байна. Өөрөөр хэлбэл, банкны хувьд Иргэний хуулийн 160 дугаар зүйл, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль болон бидний хооронд байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээнд тус тус заасны дагуу Ж ХХК-ийн барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой барьцааны эрхийг дуусгавар болгох, чөлөөлөх хууль болон гэрээнд заасан үндэслэл бүрдэхгүй байгаа болно. Иймд Л.Б гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан ЗГ/149-7 тоот зээлийн нэмэлт гэрээгээр үндсэн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, Ж ХХК нь орон сууцны үнийг зээлийн төлбөрт төлсөн тохиолдолд тус банк нь орон сууцыг хэсэгчилэн барьцаанаас чөлөөлж өгөх боломжтой болно гэжээ.
4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 807.930 төгрөг төлсөн баримт, Ж ХХК болон иргэн Л.Б нарын хооронд 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 170901 тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ, төлбөрийн тооцооны баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, Л.Ба Б.М олгосон итгэмжлэл, Ж ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 22/23 дугаар албан бичгийн хуулбар, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага зэргийг ирүүлсэн.
5. Хариуцагчаас Э.Б олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргийг ирүүлсэн.
6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тус банкны гүйцэтгэх захирлын 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 3/930 дугаар итгэмжлэл, Х ХХК болон Ж ХХК-ийн хооронд 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан ЗГ/149-7 тоот Зээлийн нэмэлт гэрээ-ний хуулбар, 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан ЗГ/149 тоот Зээлийн гэрээ-ний хуулбар, 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан ЗБ/149-21 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-ний хуулбар, Х ХХК-иас У.Э , П.Н , Г.С нарт олгосон итгэмжлэл зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Л.Б нь Ж ХХК-тай 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 170901 тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ-г байгуулж, тус компанийн барьж, ашиглалтад оруулсан Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 0 дугаар байрны 0 тоотод байрлах, 52,63 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг 129.996.100 төгрөгөөр захиалан бариулах, гүйцэтгэгч нь уг орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Мөн хэргийн 10 дугаар талд авагдсан баримт болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар Л.Б нь гэрээний дагуу төлбөр 129.996.100 төгрөгийг Ж ХХК-д бүрэн төлсөн болох нь тогтоогдлоо.
3. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
4. Мөн Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж, мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж тус тус заасан.
Гэрээний зүйл болох орон сууцны төлбөр төлснөөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, нэхэмжлэгч нь орон сууцыг эзэмшилдээ авсан талаар тайлбарлаж, уг орон сууцыг ашиглалтад орсноос хойш уг байрыг эзэмшиж, ашиглаж байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч энэ асуудлаар маргаагүй.
5. Хариуцагч Жигүүр гранд групп ХХК нь 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ЗБ/149-21 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-ний дагуу дээрх Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, Парк вью хотхоны 0 тоот орон сууцны зориулалттай 85 хувийн гүйцэтгэлтэй барилгыг /5,609 м.кв талбай бүхий/ барьцаалсан гэж тайлбарлаж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХХК нь холбогдох баримтуудыг ирүүлсэн.
Хэдийгээр тухайн 0 дугаар барилгыг бүхэлд нь Х ХХК-ийн зээлийн барьцаанд барьцаалсан болох нь тогтоогдож байх боловч хариуцагч Ж ХХК нь тухайн барьцаа хөрөнгөд ноогдох зээлийн төлбөрийг төлснөөр дээрх барьцаанаас хэсэгчилэн чөлөөлөх боломжтой.
Тодруулбал, шүүх дээрх шаардлагыг хангаснаар 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ЗБ/149-21 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-ний хүчин төгөлдөр байдалд болон гэрээний талуудын эрх, ашигт сөргөөр нөлөөлөх байдал үүсэхгүй болно.
6. Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуудагдсан 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 170901 тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ-ний дагуу нэхэмжлэгч Л.Б Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 752 дугаар байрны 0 тоотод байрлах, 52,63 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Х ХХК-ийн барьцаанаас чөлөөлж, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээг Л.Б гаргаж өгөхийг хариуцагч Ж ХХК-д даалгаж шийдвэрлэв.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 807.930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж ХХК-иас 807.930 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Б олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Б Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, Парк вью хотхоны 752 дугаар байрны 00 тоот хаягт байрлах, 52,63 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгийг Х ХХК-ийн барьцаанаас чөлөөлж, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээг Л.Б гаргаж өгөхийг хариуцагч Ж ХХК-д даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 807.930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж ХХК-иас 807.930 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Б олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА