Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 280

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга  Н.Номинчимэг,

Улсын яллагч Ц.Сүхбат,  

Шүүгдэгч Б.Улсболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Барнууд овогт Батжаргалын Улсболдод холбогдох эрүүгийн 201725020898 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Булган аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 72б байрны 70 тоотод түр оршин суух, /Орхон аймаг Баян-Өндөр 1 дүгээр баг Зэст, 1 дүгээр хороолол, 20 дугаар байр 01 тоот албан ёсны бүртгэлтэй/ урьд 2 удаагийн ял шийтгэлтэй,

Орхон аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 227 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39-р зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, тус ялыг 1 жилээр тэнсэж хянан харгалзсан,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 134 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жилээр хойшлуулсан, Барнууд овогт Батжаргалын Улсболд, /РД: ФЖ87022119/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Улсболд нь 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрила Молл” үйлчилгээний төвийн “Өргөө Ай Макс” кино театрт кино үзэж байхдаа хүүхэддээ киноны хадмалыг уншиж хэлснээс болж урд талд сууж байсан иргэн О.Энхбаяр нь “чанга ярьж тав тух алдагдууллаа” гэж маргалдсаны улмаас түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Улсболд нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй…” гэв.

Эрүүгийн 201725020898 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Б.Улсболд нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...5 настай хүүтэйгээ хамт кино үзэж байгаад гадаад киноны Монгол хэл дээрх хадмал орчуулгыг орчуулж өгөөд аяархан ярилцаж байхад урд талын эгнээнд сууж байсан залуу “чи наад нэг юмаа дуугай болгооч” гэсэн. Тэгээд би хүүхдийн хажууд юу ярихав гарч байгаад болъё гэсэн чинь гараад уулзая баньд минь гэсэн...тэгээд гарахад түүнтэй маргалдаад зууралдаж, барьцалдсан... Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Энхбаярт хохирлыг төлж барагдуулсан. Ялын зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-33, 39 дүгээр хуудас/,

            Хохирогч О.Энхбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2017 оны 3 дугаар сарын 17-ны орой 20 цаг 30 минутын үед найз охин Номиндарийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ай макс” кинотеатрт кино үзээд сууж байтал миний ард сууж байсан залуу чанга дуугаар юм яриад кино үзэхэд саад болоод байхаар нь би “чимээгүй үзээч” гэж шаардлага тавьсан чинь өөдөөс “чи юу гээд байгаа юм бэ” гэсэн. Тэгээд үзвэрийн танхимаас гарсан чинь тэр залуу над руу дайраад байхаар нь дэргэд байсан хүмүүс болиулсан. Тэгээд цахилгаан шатаар бууж байхад тэр залуу гүйж ирээд миний хувцаснаас зуурч цамц ураад миний нүүр рүү гараараа 2 удаа цохисон. Би тэрний хувцаснаас зууралдаж байх үед хүмүүс ирж салгасан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20, 26 дугаар хуудас/,

 

  Гэрч М.Номиндарь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...нэг залуу хүүхэдтэйгээ кино үзэж байснаа чанга чанга яриад, хадмал орчуулгыг уншиж өгөөд тэгээд киноны талаар тайлбарлаж яриад байсан. Тэгэхээр нь Энхбаяр “уучлаарай жаахан чимээгүй байчих, эсхүл гараад хүүхэддээ яриад өгчих киногоо үзмээр байна” гээд гуйсан чинь урдаас учиргүй дайраад “чи юу юм хүүхэд юмуу” гээд маргалдсанаа хэсэг чимээгүй болсон. Тэгээд хүлээж байгаад гарсан чинь урд хүлээгээд зогсож байсан. Тэгээд ирэнгүүтээ манай залуу руу шууд байж бай “чамайг ална” гээд дайраад байсан. Тэр үед хажууд явсан ах болиулаад би найзыгаа аваад явсан. Цахилгаан урсдаг шатаар доошоо явж байхад ирээд Энхбаяртай барьцалдаж аваад заамдалцсан. Тэгээд бие биенээ цохиод би тэр хоёрыг уначихвий гэж санаа зовоод зууралдаад буусан чинь хамгаалагч гүйж ирээд салгасан…” гэсэн мэдүүлэг /хх 25 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹4031 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. О.Энхбаярын биед дух, баруун хацар, хүзүүнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэжээ. /хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

            Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл:

            “…Бичлэгийн 6 минут 24 секундэд хохирогч О.Энхбаяр нь найз эмэгтэйн хамт цахилгаан шатаар доош буух ба ардаас нь улаан өнгийн саравчтай малгайтай хүрэн өнгийн куртиктэй эрэгтэй хүн очиж хувцаснаас нь зуурч доошоо бууж байгаа бичлэг байв. Бичлэгийн 7 минут 9 дэх секундэд хохирогч О.Энхбаяр нь цахилгаан шатаар үл таних хүнтэй зууралдаж буух ба улаан малгайтай залуу Энхбаярыг доош нь дарж нүүр рүү нь өшиглөж цохиж байх ба ойролцоо байсан хүмүүс тэр хоёрыг салгаж байгаа нь бичигдсэн байв…” гэжээ /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх 11/, гэмт хэрэг захиргааны зөрчлийн талаарх гомдол /хх 4/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 10/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 24/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 42/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 43/, гэрлэлтийн лавлагаа /хх 44/, гэрч А.Мөнхбаярын мэдүүлэг /хх 47-48/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 55/, эвлэрсэн тухай баталгаа /хх 63/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Улсболд нь 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрила Молл” үйлчилгээний төвийн “Өргөө Ай Макс” кинотеатрт кино үзэж байхдаа хүүхэддээ киноны хадмалыг уншиж хэлснээс болж урд талын суудалд сууж байсан иргэн О.Энхбаяр нь “чанга ярьж тав тух алдагдууллаа” гэж маргалдсаны улмаас түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Улсболдын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Энхбаяр, гэрч М.Номиндарь нарын мэдүүлэг, шинжээчийн ¹4031 дугаартай дүгнэлт, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Улсболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.

 

   Иймд шүүх шүүгдэгч Б.Улсболдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

  

Шүүх шүүгдэгч Б.Улсболдын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд энэ хуулийн тусгай ангид заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Хэрэгт авагдсан хохирогч О.Энхбаяраас бичгээр гаргасан хүсэлтдээ “... хохирлыг нөхөн төлсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх 56/, хохирлын мөнгө төлсөн тэмдэглэлээр “....хохирлын мөнгө болох 300.000 төгрөгийг хүлээн авсан О.Энхбаяр...” /хх 36/ гэсэн баримтуудаар шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа. 

Хавтаст хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэг бүхий сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.Улсболд нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                           

                                                                                                                   ТОГТООХ нь:

            1. Барнууд овогт Батжаргалын Улсболдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Улсболдыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Улсболд нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Улсболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн камерийн бичлэг бүхий 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсаргасугай.

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Улсболдод урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН