Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 183/шш2023/00778

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2023/00778

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э.Унэхэмжлэлтэй,

Хариуцагч: В.А холбогдох,

Нэмэлт зардалд 1.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.У  хариуцагч В.А  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.У  нь хариуцагч В.А  холбогдуулан Нэмэлт зардалд 1.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/01334 дүгээр шийдвэрийн дагуу охин А.Б  хүүхдийн тэтгэлэг тогтоосон байдаг. Хүүхдийн тэтгэмжийн мөнгө болох 100.000 төгрөг сар бүр миний Хаан банк дахь дансанд ордог боловч 2022 оны 1 дүгээр сараас цалингийн доод хэмжээ нэмэгдсэнээс хойш хүүхдийн тэтгэмжийн мөнгө дутуу өгдөг болсон. Үүнийг гүйцэт авах болон охин А.Б  сургалтын төлбөрийн 50 хувь болох 1.200.000 төгрөгийг хариуцагч В.А  гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч В.А  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие одоо тусдаа гэр бүлтэй болоод 3 хүүхэдтэй болсон. А ХХК-д сарын 550.000 төгрөгийн цалин авч ажилладаг. Мөн цалингийн болон ипотекийн зээлтэй учир авсан цалин маань амьдралд хүрэлцдэггүй. А.Б  сургалтын төлбөрийн 50 хувь болох 1.200.000 төгрөг төлөхөөс татгалзаж байна. Хүүхдийн тэтгэлгийг тогтмол төлөөд явж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 33.350 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, охин А.Б  төрсний гэрчилгээний хуулбар, Ш ХХК-тай байгуулсан 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Сургалтын гэрээ, 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн сургалтын төлбөрт 2.400.000 төгрөг төлсөн тухай орлогын баримт, А.Б  эрүүл бойжиж буй тухай өрхийн эмчийн тодорхойлолт, Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/0000 дүгээр шийдвэрийн хуулбар зэргийг ирүүлсэн.

 

4. Хариуцагчаас нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, зээлийн мэдээллийн сангийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргийг ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх хариуцагч В.А  холбогдуулан гаргасан Нэмэлт зардалд 1.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.У нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Э.У  болон хариуцагч В.А  нар 2010 оноос 2013 он хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан ба тэдний дундаас 2012 оны 6 дугаар сарын 09-ний өдөр охин А.Б төрсөн нь хэрэгт авагдсан баримт, талуудын гаргасан тайлбараар тогтоогдож байна.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хүүхдэд онцгой нөхцөл байдал тохиолдсон буюу хүүхэд эмчлүүлсэн, сургуульд орсон зэрэгт нэмэлт зардал гарсан бол эцэг, эх нь гарсан зардлыг хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

Түүнчлэн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.8-д зааснаар эцэг, эх нь хүүхдийг хөгжих, төлөвшихэд нь дэмжин туслах үүрэгтэй байна.

Хэдийгээр хариуцагч В.А  нь Нэмэлт зардал төлөх санхүүгийн боломжгүй, цалингийн болон ипотекийн зээлтэй, тусдаа гэр бүлтэй болж, 3 хүүхэдтэй болсон, А.Б  тэтгэлгийг сар бүр төлдөг гэх үндэслэлээр нэмэлт зардал төлөхөөс татгалзсан боловч дээрх хуульд зааснаар хариуцагчийг энэхүү нэмэлт зардлаас чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэрэгт суралцагч А.Б Шидэт квадрат математик сургалтын төвд 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд суралцах тухай гэрээ байгуулагдсан, мөн уг сургалтын төлбөрт 2.400.000 төгрөгийг төлсөн тухай баримтууд авагдсан.

Ингээд нэхэмжлэгч нь уг сургалтын төлбөрийн 50 хувь болох 1.200.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй, мөн хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс эцэг В.А  уг төлбөрийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

4. Харин нэхэмжлэгч нь Хүүхдийн тэтгэлгийн зөрүү гаргуулах тухай хүсэлтийг нэхэмжлэлдээ дурдсан бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/0000 дүгээр шийдвэрээс үзэхэд А.Б хуульд зааснаар сар бүр эцэг В.А тэтгэлэг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн, тухайн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Уг шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин хянан шийдвэрлэхгүй тул нэхэмжлэгчийн энэхүү хүсэлтийг нэхэмжлэлийн шаардлага гэж үзэж, дүгнэлт хийх шаардлагагүй байгааг дурдах нь зүйтэй.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Э.У улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.А  33.350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.У  олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хариуцагч В.А  нэмэлт зардалд 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.У  олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Э.У  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.А  33.350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.У  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА