| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Р.Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2022/00697/И |
| Дугаар | 142/ШШ2022/00926 |
| Огноо | 2022-06-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 142/ШШ2022/00926
| 2022 оны 06 сарын 30 өдөр | Дугаар 142/ШШ2022/00926 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг Харх ХХК-ийн байранд байрлах Голомт банк ХХК-/РД:2075377/-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1988 онд төрсөн, 33 настай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Наран баг, 32-7 тоотод оршин суух хаягтай, Гэгээнтэн овогтой Шинэбаярын Пүрэвсүрэн, /РД:ГА88030363/,
Хариуцагч: 1982 онд төрсөн, 40 настай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Рашаант баг, 19-5 тоотод оршин суух, Эрээн бугат, Гэндэнгийн Отгонбаяр /РД:ГА82010366/ нарт холбогдох ЗГ4005126375 тоот зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээний үүрэгт 9 641 239 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Тэгшжаргал, хариуцагч Ш.Пүрэвсүрэн, Г.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХХК-аас хариуцагч Ш.Пүрэвсүрэн, Г.Отгонбаяр нарт холбогдуулан ЗГ4005126375 тоот зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээний үүрэгт 9 641 239 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Голомт банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Пүрэвсүрэн, Г.Отгонбаяр нар нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ЗГ4005126375 тоот зээлийн гэрээ байгуулан 3 500 000.00 /Гурван сая таван зун мянга/ төгрөг, 30 /Гучин/ сарын хугацаатай, сарын 1,4% /Нэг аравны дөрөв/ хувийн хүүтэй цалингийн зээл, тус зээлийн гэрээнд 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ЗГ4005126375-А тоот нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулж 6 000 000.00 /Зургаан сая/ төгрөгийг 30 /Гучнн/ сарын хугацаатай 1,4% /Нэг аравны дөрөв/ хүүтэйгээр нэмэлт цалингийн зээл тус тус авсан болно. Мөн 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ЗГ4005126375-Б тоот нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр 8 сарын хугацаатай зээлийн хугацааг сунгасан болно. Зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 354 хоног хугацаа хэтэрч, үндсэн зээл 7 801 263.06 /Долоон сая найман зуун нэг мянга хоёр зуун жаран гурван төгрөг тэг зургаан мөнгө/ төгрөг, зээлийн хүү 1 813 312.75 /Нэг сая иайман зуун арван гурван мянга гурван зуун арван хоёр төгрөг далан таван мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26 663.56 / Хорин зургаан мянга зургаан зуун жаран гурваи төгрог тавин зургаан мөнгө/ төгрөг, нийт 9 641 239.37 /Есөн сая зургаан зуун дөчин нэгэн мянга хоёр зуун гучин есөн тогрөг гучин долоон мөнгө/төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно. Иймд Ш.Пүрэвсүрэн, Г.Отгонбаяр нарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: ЗГ4005126375 тоот зээлийн гэрээний 3.3.4-д тусгасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, ЗГ4005126375 тоот гэрээний төлбөрт 9 641 239.37 /Есөн сая зургаан зууч дөчин нэгэн мянга хоёр зуун гучин есөн төгрөг гучин долоон мөнгө/ төгрөгийг энэхүү нэхэмжлэлтэй холбогдуулан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийн хамтаар иргэн Шинэбаяр овогтой Пүрэвсүрэн, Гэндэн овогтой Отгонбаяр нараас гаргуулан Голомт банкинд олгож өгнө үү. гэжээ.
2.Хариуцагч Ш.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 6 сарын хугацаанд төлөх саналтай байна гэжээ.
3.Хариуцагч Г.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...миний хувьд зүгээр гарын үсэг зурсан, тухайн мөнгөнөөс аваагүй учраас зээлийн үүргээ чөлөөлүүлмээр байна. Одоо гэрлэлтээ батлуулж, хурим найраа хийх гэж байгаа учраас зээлийн үүргээс чөлөөлж өгөөч гэсэн саналтай байна гэжээ.
4.Нэхэмжлэгчээс 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ЗГ4005126375 дугаартай зээл болн барьцааны гэрээ /хх-6/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-7/, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ4005126375А дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх-8/, 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ4005126375 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх-9/, зээл хүсэгчийн өргөдлийн маягт /хх-10-14/, Ш.Пүрэвсүрэнд мэдэгдэл хүргүүлсэн тухай баримт /хх-15/, зээлийн дансны хуулга /хх-16-17/, хүү тооцооллын хүснэгт /хх-18, Голомт банкны дансны хуулга /хх-19/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь
1.Нэхэмжлэгч Голомт банк ХХК хариуцагч Ш.Пүрэвсүрэн, Г.Отгонбаяр нарт холбогдуулан гаргасан ЗГ4005126375 тоот зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээний үүрэгт 9 641 239 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
2. Голомт банк ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 3 500 000 төгрөгийг 30 сарын хугацаатай сарын 1,4 хувийн хүүтэйгээр цалингийн зээлийг олгохоор зээлдэгч Ш.Пүрэвсүрэн, хамтран зээлдэгч Г.Отгонбаяр нартай харилцан тохиролцож ЗГ4005126375 дугаартай зээл болон барьцааны гэрээг байгуулж, хариуцагч Ш.Пүрэвсүрэнгийн тус банкны эзэмшлийн 1175110437 тоот данс руу 3 500 000 төгрөгийг нэхэмжлэгч шилжүүлсэн байна.
3. Улмаар 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр дээрх гэрээний гол нөхцөлд өөрчлөлт оруулж, зээлийн хэмжээг 6 000 000 төгрөгөөр нэмэгдүүлж, 8 607 075,53 болгож, 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр зээлийн эргэн төлөлтийн графикт өөрчлөлт оруулсан байх бөгөөд тухайн үйл баримттай зохигчид маргаагүй.
4.Хэргийн үйл баримтаас үзвэл Голомт банк ХХК болон Ш.Пүрэвсүрэн нарын хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ,-д заасан банкнаас зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.
5. Хариуцагч Ш.Пүрэвсүрэн нь дээрх зээлийг эргэн төлөлтийн графикийн дагуу төлж байсан боловч эрхэлж байсан ажлаасаа гарч, тухайн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, доголдол үүсгэсэн болох нь барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны харилцагчийн хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
6. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлсэн мөнгө, хөрөнгийг, гэрээнд заасан хүүгийн хамт төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөхийг хариуцагч Ш.Пүрэвсүрэнгээс шаардах эрхтэй юм.
7. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 7 801 263.06 төгрөг, зээлийн хүү 1 813 312.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26 663.56 төгрөг, нийт 9 641 239.37 төгрөг нэхэмжилсэн ба зээлдүүлэгч Голомт банк ХХК нь зээлдэгч Ш.Пүрэвсүрэнд зээл төлөх мэдэгдлийг гардуулсан бөгөөд зээл төлүүлэх талаар шат дараалсан арга хэмжээг авсан боловч хариуцагч нь зээлийн гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, зээлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, хариуцагч Ш.Пүрэвсүрэн Голомт банк ХХК-ийн нэхэмжилсэн үнийн дүнтэй маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тул зохигчдын хооронд байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ЗГ4005126375 дугаартай зээл болон барьцааны, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ4005126375 А, 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ4005126375-Б дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдийг цуцалж, хариуцагч Ш.Пүрэвсүрэнгээс зээлийн гэрээний үүрэгт 9 641 239 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгох нь зүйтэй байна.
8. Харин хариуцагч Г.Отгонбаярын хувьд дээрх 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ЗГ4005126375 дугаартай зээл болон барьцааны, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ4005126375 А, 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ4005126375-Б дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдэд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан байх бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагч Г.Отгонбаяр нь үндсэн зээлдэгчийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой хэмээн маргасан.
9. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, 242.2-т Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж тус тус зааснаас үзвэл Г.Отгонбаярын хүлээх үүрэг нь дээрх зээлийн гэрээнүүдэд заасан хамтран зээлдэгчийн хүлээх эрх, үүргээр тодорхойлогдох бөгөөд хариуцагч Г.Отгонбаярын хувьд зээлдэгч Ш.Пүрэвсүрэнгийн гэрээгээр хүлээсэн бүх эсхүл хэсэгчилсэн эрх, үүргийг эдлэх талаар огт тусгаагүй тул Голомт банк ХХК-ийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9 641 239 төгрөг гаргуулахыг шаардах эрхтэй гэж үзэх боломжгүй юм.
10. Иймд дээрх үндэслэлүүдээр Голомт банк ХХК-ийн хариуцагч Ш.Пүрэвсүрэнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хариуцагч Г.Отгонбаярт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
11. Нэхэмжлэгч Голомт банк ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316 120 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ш.Пүрэвсүрэнгээс 316 120 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан Голомт банк ХХК болон зээлдэгч Ш.Пүрэвсүрэн, Г.Отгонбаяр нарын хооронд байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ЗГ4005126375 дугаартай зээл болон барьцааны, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ4005126375 А, 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ4005126375-Б дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдийг цуцалж, хариуцагч Гэгээнтэн овогтой Шинэбаярын Пүрэвсүрэн, /РД:ГА88030363/-ээс зээлийн гэрээний үүрэгт 9 641 239 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож, үлдэх хариуцагч Г.Отгонбаяраас зээлийн гэрээний үүрэгт 9 642 239 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316 120 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ш.Пүрэвсүрэнгээс 316 120 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төрөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА