| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Р.Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2022/01483/И |
| Дугаар | 142/ШШ2022/01310 |
| Огноо | 2022-10-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 142/ШШ2022/01310
| 2022 оны 10 сарын 10 өдөр | Дугаар 142/ШШ2022/01310 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1990 онд төрсөн, 32 настай, Улаанбаатар хот Баянгол дүүрэг 4 дүгээр хороолол 43-5 тоотод оршин суух хаягтай, Боржигон овогтой Баасанжавын Төмөрсайхан, /ГЖ9010080/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1982 онд төрсөн, 40 настай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж баг 12-р гудамж 21 тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт Дугарын Отгонжаргал /ГЮ82112363/-д холбогдох гар утасны үнэ 2 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Төмөрсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
Хариуцагч Д.Отгонжаргалд багийн Засаг даргаар дамжуулан шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Төмөрсайхан хариуцагч Д.Отгонжаргалд холбогдуулан гар утасны үнэ 2 300 000 гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд: 2022 оны 02 дугаар сарын 14-нд миний ажиллуулдаг гар утасны лангуун дээр ирж нөхөртөө болон өөртөө 2 ширхэг утас зээлээр авсан. 2022 оны 02 дугаар сарын 25-нд 1 утасны мөнгө болох 700 000 төгрөгийг өгнө. 3 сард үлдсэн утасны мөнгө болох 800 000 төгрөгийг өгнө гэж тохиролцсон. Олон жилийн хугацаанд таньдаг эгч болохоор мөн валентины баяраар нөхөртөө сюрприз барих гэсэн юм гэж гуйгаад байсан болохоор итгэж өгч явуулсан. Гэтэл одоог хүртэл нэг ч төгрөг өгөхгүй нэхэхээр удахгүй өгнө гэсээр өдийг хүрлээ. Мөн өөдөөс загнаж утас чинь эвдэрхий байсан. Гэж элдэв янзын мессеж бичиж фейсбүүкээ блоколсон. Тухайн утаснууд маань Samsung S10+5g, Samsung S10+ гэсэн утаснууд бөгөөд ямар ч эвдрэл гэмтэлгүй хамгийн сайн зарагддаг эргэлт хурдан утас юм. Ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаа бол 1 сарын дотор буцааж өгч болно гэсэн баталгааны хуудастай бөгөөд өөрт нь өгөөд асуудал байвал эргээд ирж болго гэж хэлээд явуулсан. Одоо нөхөр рүү нь ярихаар би тэр утсыг чинь аваагүй буцааж өг гээд өөрт нь өгөөд явуулсан би мэдэхгүй гэж уурлаж фейсбүүкээ мөн адил блоколсон. Отгонжаргалын эгч рүү мөнгөө нэхэж залгахаар шүүхдээд ав гэж уурлан өгөхгүй худлаа яриад байна. Миний бие энэ Д.Отгонжаргал гэдэг хүнээс утасны мөнгө болох 1 500 000 төгрөг, мөн цаг хугацаандаа мөнгөө өгсөн бол өнөөдрийг хүртэлх хугацаанд би хэд хэд эргэлдүүлж утас авч, зарж тодорхой хэмжээнд ашиг орлого олж амьдралдаа нэмэр болох байсан тул олох байсан ашгаа хамгийн багаар тооцож 800 000 төгрөг нэмж нэхэмжилж байна. Мөн тухайн үед гарын үсэг зурж авсан баталгааны худаас болох бичсэн мессежүүдийг хавсаргаж байна. Баталгааны хуудсыг өөрт нь өгч явуулсан бөгөөд би зургийг нь дарж авч үлдсэн. Иймд нийт 2 300 000 төгрөгийг гаргуулж хохирлоо барагдуулах хүсэлттэй байна. гэжээ.
2. Хариуцагч Д.Отгонжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...1 500 000 төгрөгийг 2 гар утас зээлж авсан. 2 гар утас нь хоёулаа дэлгэцийн асуудалтай байсан. Барьж байх хугацаанд буцаах гэсэн боловч сар болчихсон буцаах боломжгүй гэсэн. Тухайн үед мөнгө өгөх гэсэн боловч Отгонжаргал надад ар гэрийн асуудал гарч дүү маань хагалгаанд орж бололцоогүй болсон. Тухайн үед би тэдийд эдийд гэсэн боловч болж өгөхгүй байсан. Төмөрсайхан нь элдэв янзаар фейсбүүк орчинд өрөө төлнө үү гэх мэт хүмүүсийн дунд бичиж стори хийж нэр хүндэд минь халдсан. Тухайн үед фейсбүүк устгасны дараа Эрдэнэт зар дээр тавьлаа шү гэж олон удаа мессеэж бичсэн. Түүнээс энэ хүнээс зугтаж, утасаа унтраасан янз бүр болсон юм байхгүй. Отгонжаргал би эвдрэлтэй утас авсан хохиролтой. Одоогоор утас хэвээр байж байгаа. Тиймд 1 500 000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны дотор төлж барагдуулах хүсэлтэй байна. Наана нь боломж байхгүй байна. Түүнээс 2 300 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхнаасаа 1 500 000 төгрөгийг үнэ бүхий утас авсан. Удаасан тохиолдолд нэмж төлнө гэсэн гэрээ байгуулаагүй. гэжээ.
3.Нэхэмжлэгчээс Б.Төмөрсайханаас иргэний үнэмлэхний хуулбар /хх-3/, Баталгаат засварын хуудас /хх-4-5/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Б.Төмөрсайхан ....Д.Отгонжаргалаас гар утасны үнэ болох 1 500 000 төгрөгийг олох байсан ашиг 800 000 төгрөгийн хамт нийт 2 300 000 төгрөг гаргуулна гэж шаардах эрхээ тодорхойлж байгаа.
3.Хариуцагч Д.Отгонжаргал ...1 500 000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны дотор төлж барагдуулах хүсэлтэй байна. Наана нь боломж байхгүй байна. Түүнээс 2 300 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхнаасаа 1 500 000 төгрөгийн үнэ бүхий утас авсан. Удаасан тохиолдолд нэмж төлнө гэсэн гэрээ байгуулаагүй гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, Баталгаат засварын хуудсуудаар 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч Д.Отгонжаргал нэхэмжлэгч Б.Төмөрсайханаас Samsung S10+5g, Samsung S10+ маркын 2 гар утсыг 1 500 000 төгрөгөөр худалдан авсан үйл баримт тогтоогдож байна.
5. Хариуцагч Д.Отгонжаргал нэхэмжлэгч С.Төмөрсайханаас 1 500 000 төгрөгийн гар утас худалдан авсан үйл баримтын талаар маргаагүй.
6. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
7.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүрэгт хамаарах ба С.Төмөрсайхан утсыг шилжүүлэн өгсөн тул үнийг хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч үнийг төлөх үүрэгтэй.
8.Хариуцагч Д.Отгонжаргал худалдан авсан хөрөнгийн үнийг төлөх үүргээ биелүүлээгүй тул хариуцагчаас 1 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Төмөрсайханд олгож, ашиг тооцож шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 800 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9.Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Төмөрсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Отгонжаргалаас 38 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан хариуцагч Д.Отгонжаргалаас 1 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Төмөрсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 800 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Отгонжаргалаас 38 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Төмөрсайханд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА