| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2022/00668/И |
| Дугаар | 104/ШШ2023/00135 |
| Огноо | 2023-03-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 104/ШШ2023/00135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* ХК (Налайх дүүрэг, *******, *******-ийн байранд байрлах, Налайх салбар *******) /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 7 дугаар хороо, ******* 2 дугаар гудамж, ******* хаягт оршин суух, ******* овогт *******гийн /РД:/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, дугаар гудамж, тоот хаягт оршин суух, овогт ын /РД:/ нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 16,401,307.91 төгрөг гаргуулах,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөрт шилжүүлсэн 17,934,164 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч С., М. нар 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нар зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээлээс 4,347,976.34 төгрөг, хүүгийн төлбөрт 14,045,024.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс 682,936.71 төгрөг нийт 19,075.937.43 төгрөг төлсөн. 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс хойш зээл, зээлийн хүүг гэрээний дагуу хавсралтаар харилцсан тохиролцсон хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн. Банкнаас зээлээ төлөхийг шаардахад С., М. нар нь бизнесийн үйл ажиллагаа доголдсон гэх тайлбарыг өгч байгаад удалгүй Эрүүл мэндийн төвд жолоочоор ажилд орж, нэг сарын цалингаа манайхаар дамжуулж аваад Хаан банк ХХК-руу цалингын дансаа шилжүүлж, 2020 оны 6 дугаар сараас хойш зээлээ төлөхөө больчихсон. Тэгээд 2020 оны 6 дугаар сараас, 2022 оны 9 дүгээр сар хүртэл хугацаанд огт төлөлт хийгээгүй. Хариуцагч С. банканд хуримтлагдсан зээлийн хүүг төлж, зээлийн үлдэгдэл 9,600,000 төгрөгийг хугацааг 2 жилээр сунгая гэсэн хүсэлтийг гаргасан. Хүсэлтийн дагуу банкнаас зээлийн гэрээг 2 жилийн хугацаатай сунгасан. Хариуцагч нь хуримтлагдсан хүүг төлснөөс хойших зээлийн хүү 638,629.93 төгрөг байгаа юм. Тэгэхээр үндсэн зээлийн үлдэгдэл 15,652,023.66 төгрөг зээлийн хүү 638,629.93 төгрөг, торгуулийн хүү 73,454.32 төгрөг нийт 16,364,107.91 төгрөг, нотариатын зардал 37200 төгрөг нийт 16,401,307.91 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
2.Хариуцагч С. шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 10 дугаар сард Налайх дүүргийн *******ны Дэнж салбараас автомашин худалдаж авахаар 20,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлээ төлж байгаад 2021 оны 05 дугаар сараас ажилгүй болж, төлж чадахгүй болсон. Банкнаас барьцаа болгож миний автомашиныг хурааж авсан. Гэтэл машиныг зээлийн төлбөрт хүрэхгүй байна гээд 800 хоногийн хүү нэхэмжилсэн. Бид 2022 оны 09 дүгээр сард 8,000,00 төгрөг, 10 дугаар сард 1,700,000 төгрөг төлсөн боловч 16,000,000 төгрөгөөс хасагдаагүй тул одоо банкны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхүй байна гэжээ.
3.Хариуцагч М. шүүхэд гаргасан тайлбартаа: Нөхөр бид хоёр *******ны салбараас 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зээл авч, Хюундай Старекс маркийн улсын дугаартай автомашин худалдаж авсан. Зээлээ төлж байсан ч ковидын улмаас төлбөрөө төлж чадахгүй болсон. 2021 оны 05 дугаар сараас хойш зээлийн төлбөр төлөөгүй нь үнэн. Гэтэл банкнаас 2020 оны 10 дугаар сард машиныг хураан авч, бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Бид машинаа өгөөд зээл дууссан гэж бодож байсан. Гэтэл банкнаас машиныг зарж, зээлийн төлбөр хаагаагүй байсан. Банкнаас 14,000,000 төгрөг төлчихвөл зээл хаана гэсэн. Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 8,000,000 төгрөг, 10 дугаар сарын 03-ны өдөр 1,707,000 төгрөг нийт 9,707,000 төгрөг төлсөн. Бидний зүгээс машин авахаар 20,000,000 төгрөг зээлсэн ч банк машиныг хурааж авчихаад төлбөр нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна гэжээ.
4.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХК нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай зээлийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 16,364,107.91 төгрөгийг шаардсан. Хариуцагч нарын зүгээс тухайн нэхэмжилсэн төлбөрийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нар нь ******* ХХК-иас 20,000,000 төгрөгийн зээл авсан. Тухайн зээлийг авсан гэдэгтэй маргахгүй байна. Зээл авснаас хойш зээлийн эргэн төлөлтийг тодорхой хугацаанд төлж байсан. ******* ХХК нь таны зээл төлөлт эрсдэлтэй зээлийн төлөлтөд орсон тул зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар фидуцийн гэрээгээр шилжүүлсэн Хюундай Старекс маркийн дугаартай автомашиныг 2020 оны 4 дүгээр сард биет байдлаар буцаан авсан. Биет байдлаар барьцаа хөрөнгийг буцаан авсан учраас ******* ХХК-д төлбөр төлөх хариуцагч нарын үүрэг дуусгавар болсон гэж үзсэн. Учир нь гэрээний үүрэг нь фидуцийн гэрээгээр хамгаалагдсан байсан. ******* ХХК нь зээлийг гэрээг цуцалж, барьцаа хөрөнгийг биет байдлаар хүлээж авсан. Тухайн авто машиныг 20,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан ба ******* ХХК нь Хюундай Старекс маркийн дугаартай автомашиныг 20,000,000 төгрөгөөр худалдаж авч байсантай ямар нэг нь байдлаар маргахгүй байх тул нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжилсэн 16,364,107.91 төгрөгт барьцаа хөрөнгө буюу тухайн авто машины үнэ дүйцэж байх тул 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэг тухайн үед дууссан. Хариуцагч нараас тухайн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
5.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбартаа: Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Авто машины үнэ 20,000,000 төгрөг нэхэмжилсэн байсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар зөвтгөж байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу 2020 оны 4 дүгээр сараас хойших төлсөн төлбөр болох 17,934,167 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Яагаад 17,934,167 төгрөг болсон бэ гэхээр нэхэмжлэгчид 20,000,000 төгрөгийн үнэтэй авто машиныг шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл 2020 оны 4 дүгээр сарын байдлаар хариуцагч нарын зүгээс ******* ХХК-д төлөх төлбөрийн үлдэгдэл нь 16,424,700 төгрөг байна гэж хариуцагч нарын зүгээс үзсэн. Уг 16,424,700 төгрөгийг 20,000,000 төгрөгөөс хасаж, үлдэх 3,575,300 төгрөгийг авто машины зөрүү үнэд нэхэмжилсэн. Мөн 2020 оны 4 дүгээр сараас, 2020 оны 12 дугаар сар хүртэлх 3,101,796 төгрөг, 2021 онд 915,160 төгрөг, 2022 онд 10,346,902 төгрөг нийт 17,934,164 төгрөгийг үндэслэлгүйгээр хөрөнгижсөн гэж үзэж нэхэмжилж байна гэв.
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбарлахдаа: Фидуцийн гэрээний хугацаа дууссан гэж тайлбарлаж байна. Бид барьцаа хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг үзэх гэж хариуцагч С.ыг дуудсан. Барьцаа хөрөнгийг ямар нэг нь акт үйлдэж хүлээж аваагүй. Зээлийн гэрээ дуусгавар болсон гэж үзэж болохгүй. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. С., М. нар нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөх хүсэлт гаргасан. Уг хүсэлтэд асуудлаа тодорхой бичсэн байдаг. Үүнд: 2018 оны 10 дугаар сард 20,000,000 төгрөгийг банкнаас зээлж авсан. Зээл аваад төлж байх хугацаанд эхнэр, бид 2 ажилгүй болж зээлээ төлж чадахгүй байх нөхцөлд байдалд хүрсэн. Эхнэр бид 2 ажилгүй байснаас зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Одоо бид ажилтай болсон тул зээлийн хуримтлагдсан хүүг төлж, үлдсэн төлбөр болох 15,000,000 төгрөг дээр 2 жилийн хугацаатай зээлийг шинэчлэн байгуулж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан. Хариуцагч нар хугацаа хэтэрсэн хүүг төлье, зээлийн хугацаа дуусахаас өмнө нийт 1,700,000 төгрөгийг төлье гээд нийт хуримтлагдсан хүү 9,700,000 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн. Энэ төлснөөс хойш зээлийн хүү 638,629.93 төгрөг, алданги 73,454.32 төгрөг, нийт 16,364,107.91 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч нар өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Фидуцийн гэрээ дуусгавар болоогүй. Хугацаа дууссан гэх асуудал байгаагүй. 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хугацаа хэтэрсэн асуудлыг тайлбарлахдаа хуримтлагдсан хүүг төлье, үндсэн зээлийн хугцааг дахин сунгаж өгнө үү гэсэн байдаг. Хариуцагч нар нь машинаа аваад 24 сарын хугацаанд зээлээ төлөөд дуусгая гэж хэлж байсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээний хугацаа хүчин төгөлдөр байгаа гэв.
7.Хэрэгт нэхэмжлэгчээс талаас дараах баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд:
7.1 Нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 07 хуудас)
7.2 ******* ХХК-ийн дүрэм, нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 08-16 хуудас)
7.3 Зээлдэгч С.ын ******* ХХК-ийн Налайх салбар *******д гаргасан өргөдлийн нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 17 хуудас)
7.4 С.ын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Зээлийн өргөдлийн нотариатаар батлулусан хуулбар (хх-ийн 18 хуудас)
7.5 ******* ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн мөнгө шилжүүлсэн баримт, гүйлгээ хийхийн өмнө шалгах хуудас нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 19-20 хуудас)
7.6 ******* ХХК-ийн Налайх салбар, *******ийг төлөөлж нэгжийн захирал Г., зээлдэгч С., хамтран зээлдэгч М. нарын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан дугаартай зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 21-24 хуудас)
7.7 Талуудын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан үүргийн гүйцэтгэл хангуулахаар байгуулсан фидуцийн гэрээний хуулбар, хөрөнгийн жагсаалт нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 25-26 хуудас)
7.8 Hyundai Starex маркийн 8433 улсын дугаартай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 27-28 хуудас)
7.9 Зээлийн дансны хуулга (хх-ийн 29-31 хуудас)
7.10 Зээлдэгч С., М. нарын анкет нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 33-34 хуудас)
7.11 ******* ХХК-иас зээлдэгч С., М. нарт зээлээ төлөхийг шаардсан 2019 оны 05 дугаар сарын 03, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн мэдэгдлийн нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 35-36 хуудас)
7.12 ******* ХХК-иас зээлдэгч нартай холбоо барьсан тухай тэмдэглэлийн нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 37-40 хуудас)
7.13 ******* ХК-ийн Налайх дүүрэг салбарын захирал Б.оос 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ******* ХК-ийн Налайх дүүрэг салбарын *******ийн захирал Б.ид олгосон итгэмжлэл (хх-ийн 119 хуудас)
7.14 ******* ХК-ийн гүйцэтгэх захирал Ө.өөс ******* ХК-ийн Налайх дүүрэг салбарын захирал Б.т 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр олгосон 01/698 дугаартай 1 жилийн хугацаагаар олгосон итгэмжлэлийн нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 120 хуудас)
7.15 ******* ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 121-122 хуудас)
7.16 Тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 123 хуудас)
7.17 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар (хх-ийн 78 хуудас)
7.18 ******* *******ийн албан бичиг (хх-ийн 111 хуудас)
8.Хариуцагчаас гаргасан баримтууд
8.1 Хариуцагч С.ын гаргасан хариу тайлбар (хх-ийн 48 хуудас)
8.2 Хариуцагч М.ийн гаргасан хариу тайлбар (хх-ийн 50-51 хуудас)
8.3 Хариуцагч нарын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хх-ийн 57-59 хуудас)
8.4 Бараа хүлээлгэн өгөх тухай 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн мэдэгдэл (хх-ийн 60 хуудас)
8.5 Гаалийн хилээр бараа нэвтрүүлэх, барааны мэдүүлэг (хх-ийн 61 хуудас)
8.6 Хариуцагч нарын зээлийн дансны хуулга (хх-ийн 105-108 хуудас)
9.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед цугларсан баримтууд
9.1 Шүүхээс 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хюндай Старекс маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 91-96 хуудас)
9.2 Гэрч Г.ын ...С. надад уг машиныг 1,800,000 төгрөгөөр зарчихмаар байна гэсэн. Тухайн үед машинд сэв зураас гадна өнгө үзэмжид асуудал байгаагүй, боломжийн юм байна гэж харж байсан. Машины жолооч талын суудлын бүрээс урагдаагүй байсан гэх мэдүүлэг (хх-ийн 99-100 хуудас)
9.3 Гэрч Б.ын ...Би 2020 онд тус тооцооны төвд захирлаар ажилладаг, эдийн засагчийн ажлыг давхар хариуцаж хийдэг байсан. Зээлдэгч нар зээлийн төлбөрийг төлөхгүй он дамжуулсан. Манай зүгээс зээлээ төлөхийг удаа дараа шаардаж байсан. Машиныг 2020 оны 4 юм уу 5 сард хурааж авсан. Машиныг зарвал зээлийн үнэд хүрэхгүй учраас тухайн үед зараагүй. Машиныг хурааж авахад гупер нь сэвтэй, дөрвөн дугуй нь муу, нүдэнд харагдахаар сэв байгаагүй, машины цонхны шил бүрэн бүтэн байсан гэх мэдүүлэг (хх-ийн 102-104 хуудас)
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК-ийн хариуцагч С., М. нарт холбогдуулан гаргасан 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай зээлийн гэрээний үүрэгт 16,401,307.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч нарын гаргасан зээлийн төлбөрт шилжүүлсэн 17,934,164 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэг. 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай зээлийн гэрээний үүрэгт 16,364,107.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд.
1.Нэхэмжлэгч ******* ХК-тай хариуцагч С., М. нар нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийн гэрээний үүрэг зөрчсөн хэмээн үзэж үндсэн зээл 15,652,023.66 төгрөг, зээлийн хүү 638,629.93 төгрөг, торгуулийн хүү 73,454.32 төгрөг, нотариатын зардал 37,200 төгрөг нийт 16,401,307.91 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.
2.Хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, дансны хуулга болон зохигчийн өгсөн тайлбараар С., М. нар нь ******* ХК-иас 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийг жилийн 21.60 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээний үндсэн төлбөрт 4,347,976.34 төгрөг, хүү 14,045,024.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 682,936.71 нийт 19,075,937.43 төгрөгийг төлжээ.
3.Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 16,364,107.91 төгрөг гаргуулахаар шаардах эрхээ тодорхойлж, хариуцагч тал нь нэхэмжлэгчээс зээлийн гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг авсантай маргаагүй байна.
4.Зохигчийн хооронд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээж тохиролцсон харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгийн Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх зээлийн гэрээний харилцаанд хамаарч байна.
Иймд, талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д тус тус зааснаар хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаж, 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.
5.Нэхэмжлэгч ******* ХК-иас 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Шаардах хуудас, мэдэгдэл (хх-ийн 35-36)-ээр зээл төлөхийг, гэрээний зөрчилтэй холбоотой нэмэлт хугацааг тогтоосныг хариуцагч тал хүлээн авч гарын үсэг зурсан байх ба нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаар зээлдэгч нар нь 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс хойш хуваарийн дагуу төлөлт хийгээгүй зөрчил гарсан байна.
6.Зохигчийн хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний 6 дахь хэсгийн 6.2.1-д Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа, дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол гэрээ дуусгавар болно гэж заасан тул гэрээний дээрх заалтыг үндэслэн нэхэмжлэгч зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардах эрхтэй байна.
7.Хариуцагч С., М. болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь зээлийн тооцоололтой болон барьцаа хөрөнгийг нэхэмжлэгч тал үүргийн гүйцэтгэлд авсан тул зээлийг төлөхгүй хэмээн маргаж байна.
******* банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А-203 дугаар Журам шинэчлэн батлах тухай тушаалын хавсралтаар баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын 2 дугаар зүйлийн 2.2.-т хүү бодох давтамж нь хагас жилээр бол жилийн хүүг 2-т, улирлаар бол жилийн хүүг 4-т, сараар бол жилийн хүүг 12-т, өдрөөр бол жилийн хүүг 365-т хувааж хуанлийн хуваарийн дагуу ашигласан хоногоор тооцно, 5 дугаар зүйлийн 5.2-т нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу гүйцэтгээгүй үүргийн дүнгээс тооцно, 5.3-т зээлийн хүүгийн төлбөрт нэмэгдүүлсэн хүү бодохгүй..... гэж заажээ.
8.Нэхэмжлэгчээс хариуцагч нарт 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэлд зээлийн гэрээний нийт үлдэгдэл 19,201,282.15 төгрөг байгаа гэдгийг хариуцагч нар мэдсэн, зээлийн гэрээний хуваарьт өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг гаргасан байх ба хавтаст хэргийн 105-108 дугаар хуудаст авагдсан хариуцагч С.ын зээлийн дансны хуулга, 31 дүгээр хуудаст авагдсан зээлийн тооцооллоос үзэхэд
20,0000,000x1,80%= 360,000 төгрөг /1 сарын хүү/, 360.000x12=4,320,000 төгрөг /1 жилийн хүү/, 4,320,000:365=11,836 төгрөг /1 өдрийн хүү гарч байгаа хэдий ч нэхэмжлэгчийн гаргасан тооцооллоор өдрийн хүү багаар тооцсон/, хариуцагч нарын зээлийн эргэн төлөх хуваарийн үүрэг 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс зөрчигдөж
1. 2018.10.09-2018.12.10-ны өдрийг хүртэл 71 хоногийн хугацаанд хүү 835,382 төгрөг төлөхөөс 706,564 төгрөг төлж,
2. 2019.01.10-2019.12.10 хүртэл 360 хоногийн хугацаанд 3,865,018 төгрөгийн хүү төлөхөөс 3,928,133.86 төгрөг төлсөн
3. 2020.01.10-2020.12.10 хүртэл 363 хоногийн хүү 3,453,144 төгрөг төлөхөөс 306,831 төгрөг төлсөн
4. 2021.01.10-2021.12.10 хүртэл 379 хоногийн хугацаанд 3,510,513 төгрөгийн хүү төлөхөөс төлөлт хийгдээгүй төгрөг
5. 2022.01.10-2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 326 хоногийн хүү 3,019,597 төгрөг төлөхөөс 9,0174,495 төгрөгийн төлөлт хийж
Нийт 1499 өдрийн хүүнд 14,683,654 төгрөг төлөх ёстойгоос 14,009,023 төгрөгийг төлж, хүүний төлбөрт 674631 төгрөг төлөөгүй боловч нэхэмжлэгч 638,629.93 төгрөгийн хүү нэхэмжилсэн тул нэхэмжлэлийгн шаардлагыг хүрээнд хэргийг шийдвэрлэж, хариуцагч нараас зээлийн гэрээний 3.2.1-т заасны дагуу зээлийг хүүгийн хамт гаргуулах үндэслэлтэй байна.
9.Хариуцагч С., М. нар шүүхэд гаргасан татгалзлын үндэслэлдээ .... 2022 оны 09 сард 8,000,000 төгрөгийг, 10 сард 1,700,000 төгрөгийг төлсөн байхад үндсэн зээл 16,000,000 төгрөгөөс хасагдаагүй... хэмээн тайлбарлаж байгаа боловч зээлдэгч нар нь 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр уг төлбөрийг зээлийн хүүнд төлнө гэдгээ илэрхийлсэн (хх-ийн 37 тал) зээлийн үлдэгдэл 15,000,000 төгрөгт дахин зээлийн гэрээг шинэчлэх хүсэлт гаргасны дагуу ******* ХК-иас зээлийн хорооны шийдвэр гарсан ч уг шийдвэр хэрэгжээгүй, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай зээлийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг шаардсан, 2022 оны 09 дүгээр сарын байдлаар зээлийн нийт үлдэгдэл болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, зээлийн тооцоолол зэргээр нотлогдож байна.
10.Хариуцагч нар зээлийн төлбөрт 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 9700.000 төгрөгийг төлсөн үндсэн зээлээс хасагдаагүй хэмээн тайлбарлаж байгаа боловч хариуцагч С., М. нар нь дээрх 9.700.000 төгрөгийг зээлийн хүүнд тооцуулах тухайгаа хавтаст хэргийн 37 дугаар хуудаст хүсэлтээ илэрхийлсэн байхаас гадна зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 4,347,976 төгрөг төлж, үлдэгдэл 15,652,023 төгрөгийн үлдэгдэлтэй гэдгээ мэдэж байсан, зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн тооцооллыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн тооцоололд үндэслэл бүхий няцаалт хийгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. (хх-ийн 31, 105-108)
Мөн нэмэгдүүлсэн хүүг тооцоход нэмэгдүүлсэн хүүгийн хувьд төлөгдөөгүй байгаа зээлд ногдох үндсэн хүүгийн 20 хувиас хэтрээгүй болно.
11.Иймд хариуцагч С., М. нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч С., М. нараас нараас зээлийн гэрээний үүрэгт 16,364,107.91 төгрөг, нотариатын зардал 37,200 төгрөг нийт 16,401,307.91 төгрөгийг гаргуулж, ******* ХК-д олгох үндэслэлтэй байна.
Хоёр. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд
2.1 Хариуцагч С., М. нар нь нэхэмжлэгч ******* ХК-иас автомашины үнэ 20.160.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн гэрээний төлбөрт төлсөн 17,934,164 төгрөгийг буцаан гаргуулах гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага тодруулсан байна.
Шүүхээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.2 Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа ..зээлдэгч С., М. нар нь зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгчид 17,934,164 төгрөгийг төлсөн, .. нэхэмжлэгч барьцаа хөрөнгө болох автомашиныг өөрийн эзэмшилдээ авсан тул зээлийн үүрэг биелэгдсэн гэж үзэж байна.... гэж,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч .... уг автомашиныг банкинд актаар хүлээлгэн өгөөгүй,... зээлийг гэрээний үүргийн дагуу төлсөн... хэмээн эс зөвшөөрч маргаж байна.
2.3Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хариуцагч талын зээл авах хүсэл зоригийг нэхэмжлэгч тал хүлээн авснаар тэдгээрийн хооронд үүссэн хүсэл зоригийн илэрхийлэл нь хүчин төгөлдөр болж, зээлийн гэрээ байгуулснаар банк, иргэний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр байгуулах ба мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасны дагуу банкнаас олгох зээлийн гэрээг бичгээр байгуулна гэж заасны дагуу зохигчид 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээнд хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болж, банк зээлийг олгох, зээлдэгч нар нь зээлийг эргэн төлөх үүрэг үүснэ.
2.4Хариуцагч нарын төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь барьцааны зүйл болох улсын дугаартай Hyundai starix маркийн автомашиныг зээлийн эргэн төлөлтөд тооцуулсан, зээлэнд илүү төлбөр төлсөн хэмээн маргаж байгаа боловч Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.2.1-д Зээлдэгч нь зээлийн төлбөрийг зээл, хүү эргэн төлөх хугацааны дагуу гэрээний 2.1.3-т заасан харилцах дансанд төвлөрүүлэх үүрэгтэй, мөн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний 2.3, 2.3.1, т тухайн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах үүрэг нь үүрэг гүйцэтгэгч буюу С., М. нарт байх бөгөөд гэрээний 5.2-т Хөрөнгийг банк биет байдлаар шилжүүлэн авахад акт үйлдэж хүлээлцэхээр заасны дагуу хариуцагч нар уг автомашиныг зээлийн төлбөрт тооцуулах тохиолдолд акт үйлдэн банкинд хүлээлгэн өгөх, эд хөрөнгийг бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэгтэй байна.
Нөгөөтэйгүүр 235 дугаар зүйлийн 235.1-д Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх, 235.4-т Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж заасан ба хариуцагч нар автомашиныг хадгалалт хамгаалалтыг хариуцах үүрэгтэй, уг автомашиныг банкинд албан ёсоор хүлээлгэн өгсөн гэх баримт байхгүй тул хариуцагч нарын автомашиныг буцаан өгснөөр үүрэг дуусгавар болсон гэх тайлбар үндэслэлгүй юм.
Шүүхээс хэрэгт 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан уг автомашинд үзлэг хийхэд Налайх дүүргийн 2 дугаар хороо, Соёл 2-01 тоот хаягт байрлах ба хариуцагч тал өөрийн эзэмшилд байсан барьцаан зүйл болох уг автомашиныг хүлээлгэн өгсөн тухай акт үйлдээгүй байхаас гадна хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 17,934,164 төгрөг нь хэзээнээс хэдий хүртэл хугацааны зээлийн төлбөрийг буцаан нэхэмжилж байгаа тооцоолол тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38, 107 дугаар зүйлд заасан шүүхийн өмнө өөрийн байр суурийг баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, түүний мэтгэлцээний байр суурь нотлогдоогүй гэж үзлээ.
Иймд хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан учир нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 239,957 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 239,957 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч С., М. нараас зээлийн гэрээний үүрэгт 16,401,307.91 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож, хариуцагч нарын 17,934,164 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,957 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 239,957 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 257,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА