Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 274

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Ё.Цогтзандан, шүүгч Г.Буяннэмэх нарын бүрэлдэхүүнтэй,

улсын яллагч С.Энхтуул,

хохирогч Б.Бат-Очир,

шүүгдэгч Б.Лхагвасүрэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж /¹0931/

иргэдийн төлөөлөгч С.Сарангоо

нарийн бичгийн дарга Г.Гантогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Цагаангэр овогт Баттогтохын Лхагвасүрэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625032309 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 10 дугаар гудамж 496 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Завхан аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 161 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт тус тус зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 323 дугаар шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай Цагаангэр овогт Баттогтохын Лхагвасүрэн /РД- ИЦ85100996/

 

Холбогдсон хэргийн талаар: Б.Лхагвасүрэн нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Лхагвасүрэн нь 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Булгийн 10 дугаар гудамж, 496 тоотод орших гэртээ өөрийн найз Б.Бат-Очиртой архидан согтуурах явцдаа хувийн таарамжгүй харицааны улмаас маргалдан улмаар түүний хэвлий тус газар нь хутгалж, бие махбодид нь хэвлий хөндийг нэвтэрч хэвлийн гялтан, нарийн гэдэс, чацархайг гэмтээсэн шарх, хэвлий хөндийн цус алдалт, зүүн тохой, шуунд шарх гэмтэл бүхий амь биед аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

яллагдагч Б.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр би Налайх дүүрэгт байх бичил нүүрсний уурхай дээр ажил дээр байж байхад цалин буусан юм. Тэгээд мөнгөтэй болчихоод би хамт ажилладаг багийн найз Бат-Очир Улаанбаатар хот руу орж байна гэхээр нь би ажлынхаа хэдэн хүнтэй нийлээд Улаанбаатар руу орж ирсэн. Би офицерийн автобусны буудал дээр зуугаад хамт явж байсан хүмүүс маань гэнэт гэр орон луугаа харилаа гээд яваад өгсөн би ганцаараа үлдсэн. Бат-Очир намайг Баянбүрд дээр хүрээд ир гэхээр нь би яваад очсон. Бид хоёр уулзалдаад Баянбүрдийн хойд хэсэгт байх Усан болор нийтийн караокед ороод хүний 1-2 шил пиво уугаад сууж байтал Бат-Очир нэг хүүхэнтэй яриад хүүхэн дуудсан. Удалгүй нэг хүүхэн ирсэн бид нар VIP өрөөнд нь орох гэсэн чинь хүнтэй байна гэхээр нь хүлээж суунгаа нилээн хэдэн шил пиво уусан. Бид гурав хоорондоо юм ярьж сууж байгаад би тэр хүүхэнтэй нь маргалдсан, тэр хүүхэн уурлаад яваад өгсөн. Тэгэхээр нь Бат-Очир бид хоёр нийтийн караокенаас гараад Дэнжийн-1000 луу манай гэр лүү явах гээд такси бариад зогсож байхад намайг Бат-Очир намайг хэд хэдэн удаа цохисон. Тэгэхлээр нь би Бат-Очирыг дагуулж яваад гэртээ аваачсан. Би гэрийнхээ гал тогтооны шургуулганаас Модон бор иштэй ойролцоогоор 15-18 см-ийн урттай хутгыг аваад Бат-Очирын хэвлий хэсэгт нэг удаа хутгалсан. Бат-Очир намайг цохиод байхаар нь шарлахсандаа хутгалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66х/

хохирогч Б.Бат-Очирын мөрдөн байцаалтад өгсөн: “...би Налайх дүүргийн бичил нүүрсний уурхайд гар аргаар нүүрс малтдаг ажил хийдэг юм. Тэгээд багийн найз болох Лхагвасүрэнгийн хамт 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ажил дээрээ байж байгаад би нэг хүнтэй уулзахаар Улаанбаатар хотруу орж ирсэн юм. Тэгтэл араас Б.Лхагвасүрэн замын унаанд дайгдаад ирсэн байсан. Би Б.Лхагвасүрэнтэй утсаар яриад Баянбүрд дээр уулзаад 2 шил 0.33 литрийн Хараа нэртэй архи уусан, халуураад 39 дүгээр сургуулийн өөдөөс харсан нэг нийтийн караоке орж 0.75 литрийн Хар чингис архи авч уусан. Тэгээд би нийтийн караокенээс гараад салхинд цохиулсан байсан. Юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдсэн чинь Батлан хамгаалах, хууль сахиулах албан хаагчийн нэгдсэн эмнэлэгт сэрсэн байсан, би хагалгаанд орсон байснаа мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32х/

гэрч Д.Оюунхишигийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 28-ны шөнийн 00 цаг өнгөрч байхад би Оюунтуяа эгчийн 2 хүүхэд нь манайд байдаг юм. Тэгээд өөрийн 3 хүүхдийн хамт тавууланг нь унтуулчихаад байж байтал гаднаас Б.Лхагвасүрэн, Б.Бат-Очирын хамт орж ирсэн, тэр хоёр нилээн согтуу байдалтай байсан. Б.Бат-Очир нь манай нөхөр Б.Лхагвасүрэнтэй овгийн найзууд ба хуучин баз хүргэнүүд байсан, миний төрсөн эгч Оюунтуяатай Б.Бат-Очир урд нь гэр бүл байсан юм. Тухайн үед манайд Б.Лхагвасүрэнгийн зүүн талын шанаа нь хавдсан байдалтай, уруул хэсэг нь цус болчихсон байсан. Би Лхагвасүрэнгээс юу оолсон талаар асуухад Б.Бат-Очир цохисон, өөр хэн цохидог юм бэ" гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би босч очоод Б.Бат-Очир ахын хацар луу нь 2 удаа алгадсан, Б.Бат-Очир ах Лхагвасүрэн лүү дайраад эхэлсэн. Б.Бат-Очир ах "Арчаагүй хог, эхнэртээ ховоллоо" гээд Лхагвасүрэнгийн хөл рүү өшиглөөд, нүүр рүү нь нэг удаа цохиод хоорондоо барилцаад байсан. Нэг хэсэгтээ хоорондоо барилцаад зогссон. Тэгэхэд манай бага охин уйлахаар нь очоод тэврээд орон дээрээ сууж байтал Б.Лхагвасүрэн эргэж хараад гал тогооны шкафны шургуулганаас бор өнгийн модон иштэй хутгыг авсан. Б.Лхагвасүрэн баруун гарандаа хутгаа барьчихаад Б.Бат-Очир ахыг цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34х/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 16276 тоот дүгнэлт /хх-ийн 45х/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7х/

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 29х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн бол 5-12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байна. Харин 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар “бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан” бол 5-7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байгаа нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасныг үндэслэн Б.Лхагвасүрэнгийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Лхагвасүрэнг хувийн таарамжгүй харицааны улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэн түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч Б.Бат-Очир нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул Б.Лхагвасүрэнг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Лхагвасүрэнд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн /ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас 93х/, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг нь харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Мөн Б.Лхагвасүрэнгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг нь харгалзан одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар нээлттэй хорих байгуулллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Цагаангэр овогт Баттогтохын Лхагвасүрэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан буюу хүний бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Б.Лхагвасүрэнд 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Лхагвасүрэнгийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Лхагвасүрэнгийн цагдан хоригдсон нийт 202 /хоёр зуун хоёр/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Лхагвасүрэн нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн ажлын хэсэг нь 11 см урт, бариул хэсэг нь 11 см урттай бор өнгийн модон иштэй 1 ширхэг хутгыг устгуулахаар тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Лхагвасүрэнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.БАТГЭРЭЛ

 

                    ШҮҮГЧИД                                   Ё.ЦОГТЗАНДАН

 

                                                                      Г.БУЯННЭМЭХ