Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2023/01576

 

 

 

 

 

 

 

                               2023        03          29

                   101/ШШ2023/01576

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  “Г” ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  Д.М /рд:/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 5,557,407.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч “Г” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Г.Ж нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дангаасүрэн овогтой М нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Гтай 2715106699 тоот зээлийн гэрээ байгуулж 5,000,000.00 (Таван сая) төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 48 (Дөчин найм) сарын хугацаатай, цалингийн зээл авсан. Зээлдэгч нь зээл авах үедээ ЧД-ийн  хороо.  хороолол  байр тоот хаягт оршин сууж, байсан. Гны зүгээс тус хаягаар 2705106699 тоот зээлийн гэрээтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргасан боловч дээрх хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон болно. Иймд ЧДИХАШШ-д хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2020/01147 тоот шүүхийн шийдвэрийн дагуу ЧД-ийн Цагдаагийн 2 хэлтсийн-26-л- 15/6532 тоотоор хариуцагчийн оршин суугаа хаягийг БЗД,  хороо, цагдаагийн академи байр  тоот гэж тогтоосон болно.

Зээлдэгч нь зээлийн төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй 1429 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2023 оны 01-р сарын 02-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд:

•           Зээлийн үндсэн төлбөр 2,856,022.58 төгрөг

•           Зээлийн үндсэн хүүгийн төлбөр 2,426,317.30 төгрөг

•           Зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 275,067.66 төгрөг

Нийт 5,557,407.54 (таван сая таван зуун тавин долоон мянга дөрвөн зуун долоон төгрөг тавин дөрвөн мөнгө) төгрөг төлөөгүй байна.

Д овогтой М-с Гтай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт нийт 5,557,407.54 (таван сая таван зуун тавин долоон мянга дөрвөн зуун долоон төгрөг тавин дөрвөн мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн гаргуулж Ганд олгуулж өгнө үү.

1а. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдье. Хариуцагч нь 2016.12.9-нд зээлийн гэрээ байгуулсан. Зээл авах үедээ Чингэлтэй дүүрэгт амьдардаг байсан тул нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа оршин суудаггүй гэсэн. Улмаар цагдаагийн байгууллага хаяг тогтоосон. Иймд зээлийн гэрээний үүрэгт нийт  5 557 407.54 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

2.         Нэхэмжлэгч нь шүүхэд: Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 26л-15/6532 дугаар албан тоот /хх5/, 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн ЗГ2715106699 дугаар зээл болон барьцааны гэрээний хуулбар /хх8/ зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар /хх9/, хүү тооцооллын хүснэгт /хх10-11/, зээлийн дансны хуулга /хх28-32/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

        ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 5,557,407.54 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч “Г” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 5,557,407.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.         Шүүх хариуцагчийг албадан ирүүлж, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

Энд шүүх хариуцагчид хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэйг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн хариуцагч талаас шүүхэд цахим шуудангаар ирүүлсэн итгэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т нийцэхгүй бөгөөд мөн зүйлийн 44.5-д заасан баримт биш юм.

 

4.         Зохигчид 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдөр 5,000,000 төгрөгийн үнэ бүхий, зээлийн болон барьцааны ЗГ2715106699 дугаартай гэрээг 48 сарын хугацаатайгаар байгуулжээ. /хх8/ Гэрээний 2.1.1-д зааснаар жилд 21.6 хувийн хүү төлөхөөр тохиролцсон тул сард 1.8 хувийн хүү тооцно.

4а. Нэхэмжлэгч нь банк бөгөөд зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд болох нь түүний улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн. /хх12/

4б. Гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдөр дууссан бөгөөд нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул гэрээ нь 5 жил, 24 хоног үргэлжилсэн байна.

Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар гэрээний хугацаа дууссан нь хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

5.         Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 5,000,000 төгрөгийн зээл олгосон болох нь хариуцагч Д.Мийн зээлийн дансны хуулгаар тогтоогдсон. /хх28/

5а. Гэрээнд зааснаар хүүг тооцвол 1 жилд 1,080,000 /5,000,000*21.6%/ төгрөг, 5 жилд 5,400,000 төгрөг, 1 хоногт 2,958.90 /1,080,000/365/ төгрөг, 24 хоногт 71,013.60 төгрөг, нийт 5,471,013.60 төгрөгийн хүү тооцогдоно.

5б. Гэрээний 2.5-д зааснаар эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон тул 1,094,202.72 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тооцогдоно.

Эдгээрийг нэмж тооцвол хариуцагчид зээлийн гэрээний дагуу нийт 11,565,216.32 төгрөг төлөх үүрэг үүссэн байна.

 

6.         Нэхэмжлэгч нь хариуцагчийг үндсэн зээлд 2,143,977.42 төгрөг, хүүд 1,850,149.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,566.26 төгрөг, нийт 3,995,693.15 төгрөг төлсөн талаар хүү тооцооллын хүснэгтийн шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй. /хх10-11/

 

7.         Дээрхээс үзэхэд үүссэн үүргээс төлсөн төлбөрийг хасахад 7,569,523.17 төгрөг боловч буцаан төлөлт тус бүрээр хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсонтой холбоотойгоор 5,557,407.54 төгрөг гаргуулахаар шаардсан байх тул шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

8.         Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103,869 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 103,869 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                       ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч Д.Мээс 5,557,407.54 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Г” ХХК-д олгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103,869 төгрөг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 103,869 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД