Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/217

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Ш.Оюундарь,

Нарийн бичгийн дарга: М.Золбоот,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мягмарсүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514002450219 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн ******* /РД:/,

                                                            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумаас Баян-Овоо сум руу өөрийн эзэмшлийн 44-24 УЕИ улсын дугаартай Тоёота Сай загварын тээврийн хэрэгсэлтэй явж байхдаа тус сумын 2 дугаар багт байх Нарийны гүүр орчимд өөрийн гэр бүлийн харилцаа, хамаарал бүхий хүн болох эхнэр *******тай “хөдөө явж яадаг юм, би өөрөө жолоогоо барина” гэх зэрэг шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, тээврийн хэрэгслийн жолооны хүрд /Руль/-ийг булаацалдаж, арааг салгах зэргээр тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөнд оролцоход хүндрэл учруулан зам хөвөө хэсэгт зогсоход эхнэр *******гийн нүүрэн хэсэгт нь гараараа 2-3 удаа цохисон мөн машины дугуйн дорцовоор толгойн ар хэсэг, баруун гарын ар хэсэг рүү цохиж, биед нь баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, духанд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би тогтоолтой танилцлаа тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйл байхгүй архи уусан байсандаа ийм явдал болсон дахин ийм алдаа гаргахгүй. Би хүлээн зөвшөөрч байна. Гаргасан алдаандаа маш их харамсаж байна....гэх мэдүүлэг / хх-ийн 143-144 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, гэм бурууг хүлээж байна гэв.

3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 22 цагийн орчимд Улаанбаатар хотоос нөхөр, зээ хүүгийн хамт золголт хийхээр өөрийн эзэмшлийн 44-24 УЕИ улсын дугаартай Тоёота Сай загварын тээврийн хэрэгсэлтэй гарсан. Манай нөхөр ******* хотоос гарахдаа 1 литрийн хэмжээтэй 1 шил орос архи ганцаараа уусаар байгаад тэр архиа талд нь оруулаад ирсэн. Архи уучихсан байсан болохоор би машинаа бариад ирсэн. 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 08:00 цагийн орчимд Баянхонгор аймаг руу орж ирээд хүргэн , охин ийн гэрт очсон. Тэгээд тэндээ золгож, хоол унд идчихээд байж байтал манай нөхрийн 4 эмэгтэй дүү нь ирж золгосон. Тэгээд би өөрийн ээждээ очиж золгочхоод 14:00 цагийн орчимд Баацагаан сумын нутаг руу хадам ээжийнх рүүгээ золгохоор нөхөр, зээ хүүгийн хамт явсан би өөрөө жолоо барьж явж байсан. Тэгээд нарийны гүүр өнгөрөөд явж байтал руль булаагаад араа салгачихсан. Тэгэхээр би яагаад байгаа юм чи гэсэн чинь зогс пизда минь хөдөө явж яадаг юм гэхээр нь яагаад байгаа юм гээд замаа чөлөөлөөд зогстол миний нүүр хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Тэгсэн чинь миний амнаас цус гарсан. Тэгээд аймаг явъя гээд байхаар нь аймаг руу эргээд зогстол дахиад миний нүүр рүү гараараа цохисон. Тэгээд өөрөө машинаа унана гээд байхаар нь би унуулаагүй. Тэгээд миний дээлийг татаж чангаасаар байгаад энгэрийг чинь урчихсан. Тэгээд зам дээр зогсож байтал цагаан өнгийн Тоёота Приус-30 загварын машинтай 3 эрэгтэй, 2 эмэгтэй бууж ирээд надад тусалсан. Тэгээд тэр залуучуудын 1 нь машин унаад Нарийны гүүрэн дээр авч ирж өгсөн. Тэгээд манай зээ ээж рүүгээ залгаад ээжийгээ дуудсан. Тэгээд манай хүргэн , охин , хүргэн нар ирж намайг авсан. Тэгээд аймагт ирээд хүргэн ыд байж байтал ухаан алдаж унаад тэгээд 103 дуудаад ирсэн байна. Бид 2 албан ёсны гэр бүл мөн, 1995 онд хуримаа хийж байсан. Миний 2 нүд хавдсан, баруун шанаа, зүүн шанаа чихний ар тал, хоолой багалзуур, өвдөж байна. Баруун гарын сарвуу хавдаж хөхөрсөн. Нарийны гүүрэн дээр ирсэн байхад намайг зөндөө зодсон. Дугуйн дорцовоор миний гар, баруун чихний ар хэсэг рүү цохиод байсан. Мөн миний Самсунг загварын Ү4 утсыг хугалж эвдээд хаясан...гэх мэдүүлэг / хх-ийн 20-23 /,

....Өмнө миний биед халдаж байсан зүйл байхгүй, миний дээлийн энгэрийн оёдол хэсгээрээ 15 см орчим ханзарсан байсан. Оёдлоороо ханзарсан байсныг би өөрөө оёчихсон. Тухайн дээл одоо надад байгаа би тухайн дээлийг гаргаж өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлдээ өөрөө мөнгө төлөөгүй. Хохирол төлбөрт нэхэмжилж байгаа мөнгө надад байхгүй. Би эрүүл мэндийн даатгалын сангаас 1,494,598 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

4. Иргэний нэхэмжлэгч П.Оюунжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..Би ******* нь Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 1,435,294 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэгэн санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 34-35 /,

5. Гэрч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09 цагийн орчим хотоос манай хадам аав, хадам ээж, дүү , манай төрсөн эгч нар ирсэн. Тэгээд ирээд золголт болсон. Тэгээд хадам аавын дүү нар гэр бүлийнхэнтэйгээ ирж золгосон. Тэгээд хадам аав, хадам ээж, дүү нар манай хадам ээжийн ээжийнхээр орчхоод Баацагаан сум руу хадам аавын Ээжийнх рүү явна гэж байсан. Тэгээд 15 цагийн орчимд хадам эгч манай эхнэр лүү залгаад юм яриад байсан. Тэгээд би, , хадам эгч нарын хамт Баян-Овоо сумын Нарийны гүүр лүү ийн “Тоёота приус-30” маркийн машинаар явсан. Тэгээд явж байх замд манай эхнэр аав, ээжийг зодсон байна гэж хэлсэн. Тэгээд очсон чинь хадам аав, ээж хоёр Нарийны гүүрний айлуудын урд талд машин дотроо байсан. Очтол хадам ээжийн нүүр нь тэр чигтээ хавдчихсан байсан. Тэгээд очоод 20-30 минутын дараа хадам аавын дүү нар ирээд хадам аавыг ээжийнх рүү нь аваад явсан. Тэгээд бид хадам ээжийг, дүү тэйгөө аваад аймаг руу явсан. Аймагт ирээд манайд ирээд байж байтал бие нь муудаад эмнэлэг дуудсан. Тэгээд эмч ирээд хадам ээжийг аваад явсан....гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,

6. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 12 цагийн орчим хадам аав, хадам ээж хоёр хотоос ирээд золгосон. Тэгээд 15 цагийн орчимд хадам аавын дүү Цэцэгжаргал гэх айлд гэр бүлээрээ очиж золгоод байж байтал эхнэрийн эгч залгаад ээж рүү яаралтай ярь гэсэн. Тэгээд манай эхнэр ээж рүү залгатал эгчийн хүүхэд утсыг нь аваад өвөө эмээг зодоод байна гээд уйлаад байсан. Тэгээд би эхнэр, бид гурав хамт Баян-Овоо сумын Нарийны гүүр лүү миний “Тоёота приус -30” маркийн машинаар явсан. Тэгээд очсон чинь хадам аав, ээж хоёр Нарийны гүүрний айлуудын урд талд машин дотроо байсан. Очтол хадам ээжийн нүүр нь тэр чигтээ хавдчихсан байсан. Тэгээд очоод 20-30 минутын дараа хадам аавын дүү нар ирээд хадам аавыг ээжийнх рүү нь аваад явсан. Тэгээд бид хадам ээжийг, дүү тэйгөө аваад аймаг руу явсан....гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,

7. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Тухайн өдөр би ээлжтэй байж байтал 16 цагийн орчим хүнд зодуулсан гэх дуудлага ирсэн. Тэгээд дуудлагын дагуу 10-н мянгатад өгсөн хаягийнх нь дагуу очиход ойролцоогоор 50 орчим насны нэг эмэгтэй хүн нүүр нь хавдсан, хөдөлж чадахгүй байна гэсэн зовуурьтай, артерийн даралт нь 140/100-тай, пульс нь 98-тай зүрх нь дэлссэн, амин үзүүлэлт нь хэвийн, бие нь зовуурьтай байсан. Тэгээд тухайн хүнийг тээвэрлэж эмнэлэг дээр ирээд асуумж авахад Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт нөхөртөө зодуулсан гэж ярьж байсан. Тэгээд тухайн хүнийг Яаралтай тусламжийн тасагт хэвтүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,

8. Шинжээч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Магадлуулагч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зодуулсан гэсэн өгүүлэмжтэй 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр үзүүлсэн. Үзлэг хийхэд дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд байсан өөр гэмтэл байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 67-68/,

9. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 198 дугаартай шинжээчийн:...1.3. *******-н биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй.

4.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь нийтдээ хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо...гэх дүгнэлт /хх-ийн 61-62/

10. Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ны 2025 оны 04 дүгээр сарын 01- ний өдрийн 76 дугаартай шинжээчийн:...Самсунг Ү4 гар утас 100.000 төгрөг,

Дээл урагдал 20.000 төгрөг,

Шинжилгээний обьектийн нийт үнэ цэнэ 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 120.000 /Нэг зуун хорин мянга/ төгрөг болохыг тогтоов.....гэх дүгнэлт /хх-ийн 74-75/ болон  гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07-16/ зэрэг нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумаас Баян-Овоо сум руу өөрийн эзэмшлийн 44-24 УЕИ улсын дугаартай Тоёота Сай загварын тээврийн хэрэгсэлтэй явж байхдаа тус сумын 2 дугаар багт байх Нарийны гүүр орчимд өөрийн гэр бүлийн харилцаа, хамаарал бүхий хүн болох эхнэр *******тай “хөдөө явж яадаг юм, би өөрөө жолоогоо барина” гэх зэрэг шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, тээврийн хэрэгслийн жолооны хүрд /Руль/-ийг булаацалдаж, арааг салгах зэргээр тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөнд оролцоход хүндрэл учруулан зам хөвөө хэсэгт зогсоход эхнэр *******гийн нүүрэн хэсэгт нь гараараа 2-3 удаа цохисон мөн машины дугуйн дорцовоор толгойн ар хэсэг, баруун гарын ар хэсэг рүү цохиж, биед нь баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, духанд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан  үйл баримт болсон нь  хохирогч *******гийн мэдүүлэг, гэрч *******, *******, ******* нарын мэдүүлэг, шинжээчийн 76 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Уг үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр *******г машины дугуйн дорцовоор зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан боловч уг үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй, буюу шүүгдэгч хөдөө явж яадаг юм би өөрөө жолоогоо барина гэх шалтгаанаар зодсон нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулаагүй байна гэж дүгнэж түүнийг гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байх тул шүүгдэгч  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирогч ******* энэ гэмт хэргийн улмаас эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж  Эрүүл мэндийн даатгалын 1.435.294 төгрөгийн зардал гаргаж эмчлүүлсэн тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******гоос 1.435.294 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан торгох  ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,  битүүмжлэгдсэн зүйлгүй  болохыг тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар 21 мм-ийн дугуйн дорцов 1 ширхэг, хар өнгийн дуугй хээтэй эмэгтэй хүний дээл 1 ширхэг, 5 хэсэг салж эвдэрсэн ягаан утас 1 ширхэг зэргийг хураан ирүүлснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон            

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******г дөрвөн зуун тавин / 450 /  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* энэ хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,  битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч *******гоос 1.435.294 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд  нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар 21 мм-ийн дугуйн дорцов 1 ширхэг, хар өнгийн дуугй хээтэй эмэгтэй хүний дээл 1 ширхэг, 5 хэсэг салж эвдэрсэн ягаан утас 1 ширхэг зэргийг хураан ирүүлснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.БАТЦЭНГЭЛ