Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2023/01216

 

 

 

 

 

 

                               2023         03            27

                               184/ШШ2023/01216

              

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Мандал сум, 7 дугаар баг, Минжийнхангай, сансар гудамж, 2 тоот хаягт оршин суух Боржигон овогт Эрдэнэдоржийн Энхзул /РД:ЦВ86080161/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 39 дүгээр хороо, хангайн 66 гудамж, 01 тоот хаягт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2, 1015 дугаар байр, 10 тоот хаягт оршин суух Завхан овогт Батбаярын Лхагвадорж /РД:НТ87070113/-д холбогдох,

131,679,787 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нямбат, хариуцагч Б.Лхагвадорж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл, гэрч Ц.Мөнхдэлгэр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч Э.Энхзул нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өдөр Б.Лхагвадоржтой “Ажил гүйцэтгэх” гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Сэлэнгэ аймгийн Мандал суманд 9.5:20м худалдааны төв, 20:12м харьцаатай авто угаалга болон засварын чиглэлээр ажлуулах зориулалтай хоёр сэндвичин барилгын ажлыг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр бүрэн хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэтэл Лхагвадорж нь одоог хүртэл ажлаа хийж дуусгахгүйгээр барахгүй бараа материалын мөнгийг худал хэлж хувьдаа хэрэглэн, ажлын гүйцэтгэлээ дуусгахгүй өдийг хүрсэн байна. Гэрээнд заасан ажлын “Худалдааны төвийн” барилгын ажлын 80 хувийг хийж гүйцэтгэсэн, “Авто угаалга, засварын төвийн” барилгын ажлын 20 хувийг хийж гүйцэтгээд орхисон бөгөөд гэрээний дагуу ажлын хөлс болон бараа материалын төлбөрөө 100 хувь авсан байна. Мөн Б.Лхагвадоржийг ажилаа хийж дуусгахыг удаа дараа шаардсан боловч одоо энэ долоо хоногт очно удахгүй очлоо гэх худал шалтаг хэлсээр сүүлдээ утсаа авахгүй уулзахгүй байсан тул цагдаагийн газарт өгч байсан боловч иргэний маргаан хэмээн хэрэг хаагдсан. Үүнээс хойш дахин ажилаа дуусгахыг шаардсан ч одоог хүртэл гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй байгаа тул өөрт учирсан хохирлыг Иргэний хуулийн хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй” гэж заасан болон “Ажил гүйцэтгэх” гэрээний 3.8-д “Гэрээнд заасан хугацаа хэтрүүлбэл ажлаа бүрэн дуусаагүй тохиолдолд гарсан бодит зардлыг төлүүлэхээр тохиролцов. Хугацаандаа барилга ороогүйгээс үйл ажиллагаа явуулах хугацааны зардал, зээлийн хүү гэх мэт” гэж заасан. Дутуу орхигдсон байсан “Худалдааны төв”-ийн барилгын ажлыг өөр хүнтэй тохиролцон 2022 оны 8 дугаар сард ашиглалтад оруулахад нийт 2,600,000 төгрөгийн зардал гаргасан болно. Үүнээс хойш нийт 7 түрээслэгчтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд сард түрээсийн орлогоос 3,450,000 төгрөг олох бүрэн боломжтой нь батлагдсан. Хэрэв "Худалдааны төв” хугацаандаа буюу 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ашиглалтад орсон бол 7 сарын хугацаанд 24,150,000 төгрөгийг зөвхөн лангуу түрээснээс олох бүрэн боломжтой байсан. Мөн 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа “Авто угаалга, засварын газар” нь ашиглалтад орсон бол Мандал сум нь 27017 хүн амтай бөгөөд нийт 4336 тээврийн хэрэгсэлтэйгээс суудлын авто машин 2269, ачааны машин 1482, автобус 4, мотоцикл 502, тусгай зориулалтын 79 тээрийн хэрэгсэлтэй болно. Мандал сумын хэмжээнд 4 авто угаалгын газартай үнийн хувьд суудлын авто машин 30,000 төгрөг, дунд оврын авто машин 40,000 төгрөг, том жийп 50,000 төгрөг, 5 тонны ачааны машин 80,000 төгрөг, 13 тонны ачааны машин 120,000 төгрөг байдаг бөгөөд 12м метртэй том оврын авто машин угааx боломжтой газар байхгүй хэрэв “Авто угаалга, засвар” хугацаандаа ашиглалтад орсон бол нийт тээврийн хэрэгслийн байгаа авто угаалгатай харьцуулаад үзэхэд өдөрт дунджаар 19-25 авто машин угаах боломжтой суудлын болон дунд, том, 5 тонн, 13 тонн гээд дундаж үнэ 64,000 төгрөг гэхээр зөвхөн угаалгын үйл ажиллагаанаас 210 хоног 249,280,000 төгрөгийн орлого түүнээс үйл ажиллагааны зардлыг хасаад ашиг нь 30 хувь гэж үзвэл 74,784,000 төгрөг хийх бүрэн боломжтой байсан. Мөн уг 2 барилгын ажлыг хийхийн тулд Э.Энхзул нь өөрийн аав Эрдэнэдоржтой хамтран Хаан банкнаас 100,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 15-аас хойш төлөгдсөн зээлийн хүү болох 8,230,786.99 төгрөгийн зээлийн хүү зэрэг хохирлыг учруулаад байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний үнийн дүнгийн хийж гүйцэтгээгүй ажлын хөлс 13,000,000 төгрөг мөн бараа материалын төлбөр “Сэндвичин хавтан” авна гэж авсан 16,000,000 төгрөг, материал ачуулна гэж Мандал сумаас Улаанбаатар хот руу авто машины хөлс, бусад жижиг хэрэглэл болох хөөс, шрүп, цилкон гэх мэт материалын зардал хэмээн авсан мөнгө 21,915,000 төгрөг, түрээсийн зардлаас олох байсан ашиг 24,150,000 төгрөг, авто угаалгын газраас олох байсан ашиг 74,784,000 төгрөг, банкны зээлийн 7 сарын зээлийн хүү 8,230,786.99 төгрөг, нийт 131,679,787  төгрөг болсон. Иргэний хуулийн 222.4, 222.7, 227.5, 352-т заасны дагуу Б.Лхагвадоржоос 131,679,787 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд нийт нэхэмжилсэн үнийн дүнгийн эвлэрсэн хэсэг болох 13,100,000 төгрөгийг хасаад үлдэж буй үнийн дүнг бүхэлд нь дэмжиж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч болон түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Энхзултай 12*20 болон 9.5*20-той 2 барилга барьхаар тохироод ажлаа эхэлсэн. Эхний ээлжинд надруу карказны мөнгө болох 16,000,000 төгрөг шилжүүлсэн. 100*100, 50*100, 40*60 болох квадрат төмөр авч явуулсан, дараа нь цонх болон сэндвичин хавтангийн мөнгө гэж орж ирсэн ба бүгд материалд явсан байгаа. Одоо 12*20 барилгын дутуу болох  ханын хавтан хийж дуусгаад 2 барилга нь дуусч байгаа. 9.5*20 худалдааны төв нь бүрэн дууссан. Сэндвичин барилгын мөнгө болох ажлын хөлс нь 1 м.кв нь 120,000 төгрөгөөр барьдаг ба худалдааны төв нь 190 м.кв, авто угаалга нь 240 м.кв болж байгаа. Энхзулаас ажлын хөлс болох мөнгө аваагүй байгаа. 9.5*20 худалдааны төв нь 22,800,000 төгрөг, авто угаалга 12*20 барилга нь 28,800,000 төгрөг болж байгаа. Энхзул 130,000,000 төгрөг надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоо ажил дуусгахад 13,000,000 төгрөгийн материал авч хийгээд дуусч байгаа. Олох ёстой байсан орлогыг зөвшөөрөхгүй байгаа учир нь ажил гүйцэтгэх гэрээ нь хүчин төгөлдөр бус байсан гэж үзэж байгаа тул гэрээний хугацаа яригдахгүй юм. Хотод мөн хүний ажил авсан байсан тул хүний ажил алдагдуулахгүйн тулд очоод зурчихсан юм гэж тайлбарладаг, тиймээс орлого нэхэмжилсэн хэсгийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна, хэрэв энэ гэрээгээр хэргийг шийдвэрлэлээ гэхэд гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангах тухай 3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт хугацаандаа барилга ашиглалтад ороогүйгээс үйл ажиллагаа явагдаагүй хугацааны зардал зээрийн хүүг төлөх үүрэг хүлээнэ гэж заасан болохоос олох ёстой орлого төлөх үүрэг хүлээгээгүй тул олох ёстой орлого нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн хэсгээс бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: нэхэмжлэл, хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, итгэмжлэл, Сэлэнгэ аймгийн мандал сумын Засаг даргын тамгын газрын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн тодорхойлолт, Хаан банкны дансны хуулга, Б.Лхагвадоржийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн гар бичвэр, 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, Э.Энхзулын Эрүүгийн хэргийн төв архиваар үйлчлүүлсэн үйлчилгээний тасалбар, Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаагийн хэлтсийн МБХ-ийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, Б.Лхагвадоржийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Э.Энхзулын Хаан банктай байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Зээлийн гэрээ болон барьцааны гэрээнүүд түүний хавсралтууд, фото зураг 17 ширхэг,  Х.Бат-Оюуны 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн мэдүүлэг, Э.Энхзулын Ц.Болортуяатай байгуулсан 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн түрээсийн гэрээ, Э.Энхзулын Г.Уянгатай байгуулсан 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн түрээсийн гэрээ, Э.Энхзулын Б.Бямбажаргалтай байгуулсан 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн түрээсийн гэрээ, Э.Энхзулын Б.Баярмагнайтай байгуулсан 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн түрээсийн гэрээ, Э.Энхзулын М.Оюунчимэгтэй байгуулсан 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн түрээсийн гэрээ, Э.Энхзулын Б.Одончимэгтэй байгуулсан 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн түрээсийн гэрээ, Э.Энхзулын Д.Алтмаатай байгуулсан 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн түрээсийн гэрээ, 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн зарлагын баримт, бэлэн мөнгө бараа материалтын жагсаалт.

3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: хариу тайлбар, Б.Лхагвадоржийн хаан банкны депозит дансны хуулга.

3.3 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, үйлчилгээний гудамжинд байрлах авто угаалгын барилгад хийсэн үзлэгийн тэмдэглэл, “Ганбоорж” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн албан бичиг.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Э.Энхзулаас хариуцагч Б.Лхагвадоржид холбогдуулан “Ажил гүйцэтгэх гэрээний хийгдээгүй ажлын төлбөр болон гэрээний хохиролд нийт 131,679,787 /нэг зуун гучин нэг сая зургаан зуун далан есөн сая долоон зуун наян долоо/ төгрөгийг нэхэмжилдэг. Хариуцагч Б.Лхагвадорж нэхэмжлэлийн шаардлагаас ажил гүйцэтгэх гэрээний хийгдээгүй ажлын төлбөрт 13,100,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч зохигчид 131,679,787 төгрөгөөс 13,100,000 төгрөгийг төлөхөөр эвлэрэн хэлэлцэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 118,579,787 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж мэтгэлцдэг.

Шүүхээс зохигчдын 13,100,000 төгрөгийн хүрээнд төлөхөөр эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлээс үлдэх 118,579,787 төгрөгөөс 38,030,786 төгрөгийг хариуцагч Б.Лхагвадоржоос гаргуулан нэхэмжлэгч Э.Энхзулд олгож, үлдэх 80,549,001 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Э.Энхзул, хариуцагч Б.Лхагвадорж нар нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр №2160 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр №2160 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний хуулбараар тогтоогдож байна /хх-19х/.

Энэ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэсэнтэй нийцэж байх бөгөөд зохигчид ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж үзнэ.

2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр №2160 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний 2.1 дэх хэсэгт 12х20 харьцаатай засвар авто угаалга, 9.50х20 харьцаатай худалдаа үйлчилгээний зориулалттай сэндвичээр барилга угсралтын ажил гүйцэтгэхээр захиалагчаар Э.Энхзул, ажил гүйцэтгэгчээр Б.Лхагвадорж нар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулжээ. Гэрээний 2.2 дахь хэсэгт “Анх гэрээг нэг сар 12 хоног буюу 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дээрх 2 сэндвичин барилгын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр зохигчид амаар тохирсон боловч гэрээг байгуулсан өдрөөс энэхүү гэрээний 3.5.1, 3.5.2, 3.5.3 дахь хэсэгт зааснаар ажил эхлэх хугацааг 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гэж, ажил гүйцэтгэх хугацааг 10 сар 7 хоног гэж, ажил гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгөх хугацааг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэж тус тус харилцан тохиролцсон. Мөн гэрээний 3.1 дэх хэсэгт 2 сэндвичин барилгын барилга угсралтын ажлын төлбөрийг /хөлс/ 26,000,000 төгрөг гэж, гэрээний 3.8 дахь хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг хангах арга: Гэрээнд заасан хугацаа /2022.04.15-ыг/ хэтрүүлбэл ажлаа бүрэн дуусаагүй тохиолдолд гарсан бодит зардлыг төлүүлэхээр тохиролцов. Хугацаандаа барилга ашиглалтад ороогүйгээс үйл ажиллагаагаа явуулаагүй хугацааны зардал, зээлийн хүү гэх мэт” гэрээнээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр зохигчид ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байна. Энэхүү ажил гүйцэтгэх гэрээний хугацаа болон хугацаа хэтэрсэн тохиолдолд гэрээний хохиролтой холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт “Үүргээ хугацаанд нь биелүүлээгүй”, 222.1.2 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол” гэж, 224 дүгээр зүйлийн 224.1 “Энэ хуулийн 223 дугаар зүйлд зааснар хугацаа хэтрүүлсэн гэм буруутай үүрэг гүйцэтгүүлэгч ийнхүү хугацаа хэтэрүүлснээс үүрэг гүйцэтгэгчид учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй” гэж заасантай нийцэж байх бөгөөд хариуцагч Б.Лхагвадорж ажил гүйцэтгэх гэрээний хугацааг хэтрүүлэн нэхэмжлэгч Э.Энхзулд хохирол учруулсан нь тогтоогдож байна. Ажил гүйцэтгэх гэрээний 3.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Энхзул гэрээнд заасан хугацаанд 2 сэндвичин барилгын барилга угсралтын ажлыг гүйцэтгээгүй бол учирсан хохирлыг Б.Лхагвадоржоос шаардаж, нөхөн төлүүлэх эрхтэй гэж гэрээнд тусгасан бөгөөд үүнд “барилга ашиглалтад ороогүйгээс үйл ажиллагаагаа явуулаагүй хугацааны зардал, зээлийн хүү гэх мэт” гэж тодорхойлсноос үзэхэд ажил гүйцэтгэх гэрээний хохирол шууд барилга угсралтын ажил явагдаж, гэрээнд заасан хугацаандаа барилга ашиглалтад ороогүй хугацаанд нэхэмжлэгч Э.Энхзулд хариуцагч Б.Лхагвадоржийн учруулсан хохирол хамаарагдахаар зохицуулсан байна.

Энэ нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7 дахь хэсэгт “ажил гүйцэтгэгч ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг /ажлын хөлс, материалын зардал, замын хураамж болон тээврийн хөлс г.м/ хариуцах” 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь хэсэгт заасан “доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх шаардлага гаргах эрхтэй” гэж заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч Э.Энхзул 9.50х20 харьцаатай худалдаа үйлчилгээний зориулалттай сэндвичээр барилгын 80 хувийн гүйцэтгэлтэй Б.Лхагвадоржийн хаяаад явсан, барилгын гүйцэтгээгүй 20 хувийн ажлын гүйцэтгэлийг иргэн Х.Бат-Оюунаар ажил гүйцэтгүүлж дууссан болох нь Х.Бат-Оюуны тодорхойлолт /хх-48х/ болон хариуцагч Б.Лхагвадорж шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч барилга угсралтын зардалд 2,600,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1132 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /хх-124х ар тал/, 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны үед зохигчдын эвлэрэн хэлэлцсэн гэрээгээр /хх-150х/ тус тус тогтоогддог. Харин 12х20 харьцаатай засвар авто угаалгын барилга угсралтын ажлыг 67.5 хувийн гүйцэтгэлтэй Б.Лхагвадоржийн хаяаад явсан, барилгын гүйцэтгээгүй ажил 32.5 хувийг Э.Энхзул өөрөө гүйцэтгэж барилга угсралтын ажлыг дуусгаж байгаа болох нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгч а/х О.Алтанцөгцийн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-23-28х/, Б.Лхагвадоржийн өөрийн гараар бичиж өгсөн баримт /хх-18х/, 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл /хх-132-137х/,2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны үед зохигчдын эвлэрэн хэлэлцсэн гэрээ /хх-150х/   зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Б.Лхагвадорж нь ажил гүйцэтгэх гэрээнд заасан 12х20 харьцаатай засвар авто угаалга, 9.50х20 харьцаатай худалдаа үйлчилгээний зориулалттай 2 сэндвичин барилгын барилга угсралтын ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй гэрээгээ зөрчсөн, нэхэмжлэгчээс гэрээнд заасан хугацаанд барилга угсралтыг ажлыг дуусгаагүй болон нэмэлт хугацаа өгч дуусгахыг шаардсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, мөн 12х20 харьцаатай засвар авто угаалгын барилгын барилга угсралтын ажлыг 32.5 хувь, 9.50х20 харьцаатай худалдаа үйлчилгээний зориулалттай барилгын барилга угсралтын ажлыг 80 хувийн гүйцэтгэлтэй тус тус орхиж явсан нь дээрх нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоосон болохыг дурьдаж байна.

 

3. Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс 38,030,786 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан талаар:

3.1 Нэхэмжлэгч Э.Энхзул нь 9.50х20 харьцаатай худалдаа үйлчилгээний зориулалттай сэндвичин барилгын барилга угсралтын ажлыг хариуцагч Б.Лхагвадорж 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр №2160 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний 3.5.3 дахь хэсэгт зааснаар 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ашиглалт оруулаагүй тул иргэн Х.Бат-Оюунтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан гүйцэтгээгүй барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэн 2,600,000 төгрөгийг Х.Бат-Оюунд төлсөн. Ийнхүү 9.50х20 харьцаатай худалдаа үйлчилгээний зориулалттай сэндвичин барилгын барилга угсралтын ажлыг Б.Лхагвадорж хугацаанд нь гүйцэтгээгүйн улмаас худалдааны төвийн лангуу түрээслэж олох ёстой байсан орлого болох 24,150,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилдэг боловч хавтаст хэрэгт нэхэмжлэгчээс 7 түрээслэгчтэй байгуулсан түрээсийн гэрээний нэг сарын төлбөрийн нийт дүн 3,450,000 төгрөг /хх-49-69х/ бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр №2160 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний 3.5.3 дахь хэсэгт зааснаар барилга угсралтын ажил дуусгах 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс худалдааны төвийн 7 түрээслэгчтэй байгуулсан Түрээсийн гэрээнүүдийг байгуулсан огноо нь 2022 оны 08 дугаар сард байх ба 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сар хүртэл 4 сарын түрээсийн орлогыг шүүхэд нэхэмжлэх ёстой байтал нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргасан огноогоор түрээсийн орлогыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Иймд шүүхээс 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сар хүртэл 4 сарын түрээсийн орлогыг Э.Энхзулын 7 түрээслэгчтэй байгуулсан гэрээний нийлбэр дүн болох 3,450,000 төгрөгийг нэмж нэгтгэн нийт 13,800,000 төгрөгийг хариуцагч Б.Лхагвадоржоос гаргуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэлийн энэ хэсгийн үлдэх 10,350,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

3.2 Нэхэмжлэгч Э.Энхзул нь Б.Лхагвадоржтой 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр №2160 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг байгуулан 12х20 харьцаатай засвар авто угаалга, 9.50х20 харьцаатай худалдаа үйлчилгээний зориулалттай сэндвичээр барилга угсралтын ажил гүйцэтгэхээр ажлын төлбөрт 26,000,000 төгрөг, барилгын материалд 99,315,800 төгрөг дансаар шилжүүсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Энэ нь Э.Энхзулын дүү Э.Энхдөлгөөний ХААН банкны 5400495071 тоот, нөхөр С.Угтахбаярын ХААН банкны 5019704239 тоот, эцэг Ц.Эрдэнэдоржийн ХААН банкны 5001756550 тоот данснуудаас хариуцагч Б.Лхагвадоржийн ХААН банкны 5011384114 тоот данс руу шилжүүлсэн депозит дансын дэлгэрэнгүй хуулга баримтуудаар /хх-8-17х/, Б.Лхагвадоржийн өөрийн гараар бичсэн баримтуудаар /хх-18х, 28х ар тал/ тогтоогддог бөгөөд Э.Энхзул нь энэхүү барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр ХААН банкнаас 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн эцэг Ц.Эрдэнэдоржийн хамт 99,000,000 төгрөгийн зээл  авч, зээлийн гэрээ байгуулсан /хх-29-38х/ ба зээлийн хугацаа 84 сар, сар болгон зээл, зээлийн хүүгийн төлбөрт 1,935,000 төгрөгийг төлдөг бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр №2160 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний 3.5.3 дахь хэсэгт зааснаар барилга угсралтын ажил дуусгах 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр барилга угсралтын ажил дуусаагүй тул ажил гүйцэтгэх гэрээний дуусах өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр тасалбар болгож, гэрээний 3.8 дахь хэсэгт зааснаар зээл, зээлийн хүүгийн төлбөрт сар болгон төлсөн төгрөг болох 8,230,786 төгрөгийг Б.Лхагвадоржоос нэхэмжилдэг. Шүүх нэхэмжлэгчийн зээл, зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 8,230,786 төгрөгийг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Уг нь ажил гүйцэтгэх гэрээний хугацаа дууссан өдөр болох  2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх 7 сарын хугацаанд нэхэмжлэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрт 13,545,000 төгрөгийг ХААН банкинд төлсөн болох нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваариас тодорхой байх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 8,230,786 төгрөг гэж тодорхойлж хариуцагчаас нэхэмжилсэн тул шүүх өөрийн санаачлагаар 13,545,000 төгрөгийг гаргуулах нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд зээл, зээлийн хүүгийн төлбөрт хариуцагч Б.Лхагвадоржоос 8,230,786 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Энхзулд олгох нь зүйтэй байна.

3.3 Нэхэмжлэгч Э.Энхзул сэндвичин хавтангийн төлбөрт 16,000,000 төгрөгийг хариуцагч Б.Лхагвадоржоос нэхэмжилдэг бөгөөд энэ нь 12х20 харьцаатай засвар авто угаалга сэндвичин барилга угсралтад ашиглагдах барилгын материал бөгөөд Э.Энхзулын эцэг Ц.Эрдэнэдоржоос өөрийн ХААН банкны 5001756550 тоот данснаас Б.Лхагвадоржийн ХААН банкны 5011384114 тоот данс руу 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 16,000,000 төгрөгийг шилжүүлсэн банкны дипозит хуулгаар /хх-11х, 77х/ тогтоогддог, энэхүү сэндвичин хавтан нь 12х20 харьцаатай засвар авто угаалгын барилгын барилга угсралтад ороогүй, Б.Лхагвадорж хавтанг угсраагүй болох нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгч а/х О.Алтанцөгцийн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-23-28х/, Б.Лхагвадоржийн өөрийн гараар бичиж өгсөн баримт /хх-18х, 28х ар тал/, Шүүхээс 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх-132-137х/ зэргээр тогтоодсон ба шүүх хуралдаанд зохигчид аль аль нь хүлээн зөвшөөрдөг. Гагцхүү хариуцагч Б.Лхагвадорж сэндвичин хавтангийн 16,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Э.Энхзул буцааж өгсөн гэдэг боловч нэхэмжлэгч үүнийг үгүйсгэдэг ба 5,000,000 төгрөгийг Э.Энхзулд баримтаар буцааж шилжүүлсэн нь тогтоогдоогүй. Б.Лхагвадоржийн өөрийн ХААН банкны 5011384114 тоот данснаас 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр АТМ-аас 5,000,000 төгрөг бэлнээр авсан дипозит хуулга /хх-89х/ байгаа боловч энэхүү баримтаар 5,000,000 төгрөгийг Э.Энхзулд өгсөн гэдгийг нотлох баримтыг шүүхэд өгөөгүй тул хариуцагч Б.Лхагвадоржоос сэндвичин хавтангийн 16,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Энхзулд өгөх нь зүйтэй гэж дүгнэв.

Ийнхүү шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 38,030,786 төгрөгийг дээрх байдлаар хангаж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэлээс үлдэх 80,649,001 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар:

4.1 Нэхэмжлэгч Э.Энхзулаас 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр №2160 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээнд заасан 12х20 харьцаатай засвар авто угаалгын сэндвичин барилгыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй тул гэрээнд заасан хохирлыг Б.Лхагвадоржоос нэхэмжилж 74,784,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгчээс засвар авто угаалгын сэндвичин барилга хугацаандаа ашиглалтад ороогүйгээс учирсан 74,784,000 төгрөгийн хохирлын баримт болгож Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын статистик гэсэн хар өнгөтэй албан бланк дээр тодорхойлолт гаргаж өгсөн /хх-7х/ бөгөөд уг албан бичигт Статистик хариуцсан мэргэжилтэн Б.Батхишиг гэсэн гарын үсэг зурсан Засаг даргын тамгын газрын тамга дарагдаагүй байна. Өөрөөр хэлбэл энэхүү албан бичгийн хууль зүйн хүчин чадалтай хүчин төгөлдөр баримт бичиг гэж үзэх үндэслэлгүй бөгөөд тамга тэмдэг дарагдаагүй, гарын үсэг зурсан Статистик хариуцсан мэргэжилтэн Б.Батхишиг гэх хүн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрыг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан гэж үзэх боломжгүй зэрэг нөхцөл байдлын улмаас шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Энэхүү баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Мөн нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын дээрээс дроноор авсан гэрэл зураг, тус суманд үйл ажиллагаагаа явуулж буй авто угаалгын  газрын 4 ширхэг гэрэл зураг болон 12х20 харьцаатай засвар авто угаалгын сэндвичин барилгын дуусгаагүй гэрэл зургуудыг шууд нотлох баримтаар үнэлэх боломжгүй, энэхүү гэрэл зургууд давхар хэрэгт хамааралтай буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлага хангасан бусад бичгийн нотлох баримтуудын хамт шүүх үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой байгааг дурьдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгчээс засвар авто угаалгын сэндвичин барилга ажил гүйцэтгэх гэрээнд заасан хугацаанд ашиглалтад ороогүйгээс учирсан ажил гүйцэтгэх гэрээний хохиролд 74,784,000 төгрөгийн хохирол учирсан гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

4.2 Нэхэмжлэгч Э.Энхзул нь Б.Лхагвадоржтой 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр №2160 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг байгуулан 12х20 харьцаатай засвар авто угаалга, 9.50х20 харьцаатай худалдаа үйлчилгээний зориулалттай сэндвичээр барилга угсралтын ажлын барилгын материалд 83,560,800 төгрөг /үүнээс сендвичин хавтангийн 16,000,000 төгрөг хасаад/ /хх-9х-17х,141х/ дансаар шилжүүлсэн болон бэлэн өгсөн бөгөөд энэхүү мөнгө барилгын материалаас 21,915,000 төгрөгийн барилгын материалыг Б.Лхагвадорж дутуу ирүүлсэн тул уг дутуу ирүүлсэн барилгын материалын үнэ болох 21,915,000 төгрөгийг хариуцагч Б.Лхагвадоржоос гаргуулахаар нэхэмжилдэг.

Нэхэмжлэгч Э.Энхзулаас барилгын бараа материал авахаар хариуцагч Б.Лхагвадорж руу мөнгө шилжүүлсэн, мөн Б.Лхагвадорж барилгын бараа материалын мөнгийг дансаар хүлээн авсан уг мөнгөөр нь барилгын материал захиалсан гэж шүүх хуралдааны үед мэтгэлцдэг боловч дансаар мөнгө шилжүүлсэн, хүлээн авсан банкны дипозит хуулгаас /хх-8-17х, 77х-89х/ өөр баримтыг зохигчид шүүхэд өгөөгүй учир энэхүү нэхэмжлэлийн үнийн дүнд шүүх дүгнэлт хийх боломжгүй байна. Учир нь мөнгө шилжүүлсэн дансны хуулгаас гадна барилгын ямар бараа материалыг 12х20 харьцаатай засвар авто угаалга, 9.50х20 харьцаатай худалдаа үйлчилгээний зориулалттай 2 сэндвичин барилгын алинд нь хэдэн тоо ширхэгээр, ямар хэмжээгээр, ямар барилгын материал орсон талаар баримт хэрэгт авагдаагүй, бараа материал хүлээлцсэн акт байхгүй, Б.Лхагвадорж 9.50х20 харьцаатай худалдаа үйлчилгээний зориулалттай сэндвичин барилгыг 80 хувийн гүйцэтгэлтэй дутуу гүйцэтгэлтэй орхиод явахад энэхүү барилгад ямар хэмжээтэй хэдэн ширхэг ямар барилгын материал орсон талаарх мэдээллийг нэхэмжлэгч шүүхэд баримтаар өгөөгүй тул энэхүү 2 сэндвчин барилгын алинд нь дансаар шилжүүлсэн мөнгөнөөс ямар барилгын материалыг барилгын талбайд буулгаж, барилгын угсралтын ажилд зарцуулж барилгад оруулсан эсэх нь тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэгчийн дутуу барилгын материалыг нэхэмжилсэн нэхэмжлэлд шууд үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй байна.

 Шүүх хуралдаанд талуудаас 2 сэндвчин барилгад хэдэн ширхэг тоо, хэмжээтэй ямар барилгын материал орсон талаар асуухад тодорхой хэлж мэдэхгүй, дансаар шилжүүлсэн мөнгөнөөс өөр тайлбарыг шүүхэд гаргаж өгөөгүй болохыг дурьдах нь зүйтэй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээнэ” гэж хуульчилсан бөгөөд шүүх хэрэгт авагдаагүй нотлох баримтаар дүгнэлт өгөх боломжгүй тул нэхэмжлэгчийн дутуу барилгын материалын үнэ болох 21,915,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.3. Энэхүү шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.1-т “9.50х20 харьцаатай худалдаа үйлчилгээний зориулалттай сэндвичин барилгын барилга угсралтын ажлыг Б.Лхагвадорж хугацаанд нь гүйцэтгээгүйн улмаас худалдааны төвийн лангуу түрээслэж олох ёстой байсан орлого болох 24,150,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн бөгөөд шүүхээс 13,800,000 төгрөгийг хариуцагч Б.Лхагвадоржоос гаргуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэлээс үлдэх 10,350,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас дээрх байдлаар нийт 107,049,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндсэн шаардлага 131,679,787 төгрөг үүнээс зохигчид ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй ажлын төлбөрийг буцааж нэхэмжилсэн 13,100,000 төгрөгийг хариуцагч төлөхөөр эвлэрэн хэлэлцсэн тул энэхүү 13,100,000 төгрөг хассан, энэ нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 131,679,787 төгрөг -13,100,000 төгрөг = 118,579,787 төгрөг болж байгаа ба 118,579,787 төгрөгөөс шүүхийн хангаж шийдвэрлэсэн 38,030,786 төгрөгийг хасахаар үндсэн нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нэхэмжлэлийн үнийн дүн нь 80,549,001 төгрөг болж байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын задаргаа нь 158,079,786 төгрөг болж байгаа бөгөөд нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагын нийт дүнгээ 131,679,787 төгрөг гэж тодорхойлж уг үнийн дүн болох 131,679,787 төгрөгт тохирсон улсын тэмдэгтийн хураамж 816,349 төгрөгийг төлсөн тул шүүх нэхэмжлэлийн нийт үнийн дүнг 131,679,787 төгрөгөөр тооцсон болно.

Энэ талаар шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асууж тодруулсан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн задаргааны нийлбэр 131,679,787 төгрөг болж байгаа тул хариуцагч Б.Лхагвадоржоос 131,679,787 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэж тодруулсан болохыг дурьдах нь зүйтэй юм.

 

5. Нэхэмжлэгч Э.Энхзул нь Б.Лхагвадоржтой 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр №2160 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг байгуулан 12х20 харьцаатай засвар авто угаалга, 9.50х20 харьцаатай худалдаа үйлчилгээний зориулалттай 2 сэндвичин барилгын барилга угсралтын ажлын төлбөрт гэрээнд зааснаар 26,000,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч Б.Лхагвадорж ажлын төлбөр 26,000,000 төгрөгийг хүлээж авсан дээр маргаагүй. Харин 26,000,000 төгрөгийн ажлын гүйцэтгэлээс 13,100,000 төгрөгийн ажлын гүйцэтгэлийг тухайлбал 9.50х20 харьцаатай худалдаа үйлчилгээний зориулалттай сэндвичин барилга гүйцэтгээгүй ажлын төлбөр 2,600,000 төгрөг, 12х20 харьцаатай засвар авто угаалгын барилгын гүйцэтгээгүй ажлын 9,500,000 төгрөгийг тус тус хариуцагч Б.Лхагвадорж буцааж нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул 13,100,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад эвлэрлийн гэрээг зохигчид байгуулсан. Иймд ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй ажлын төлбөрийг эргүүлэн нэхэмжилсэн 13,100,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 816,349 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Лхагвадоржоос 459,829 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Энхзулд олгохоор шийдвэрлэв.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШЗ2023/01227 дугаартай захирамжийн биелэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг нь дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 224 дугаар зүйлийн 224.1, 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.7, 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Б.Лхагвадоржоос 38,030,786 /гучин найман сая гучин мянга долоон зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Энхзулд олгож, нэхэмжлэлээс үлдэх 80,549,001 /наян сая таван зуун дөчин есөн мянга нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй  болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн

106.5 дахь хэсэгт заасныг үндэслэн “2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №2160 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний 3.1-т заасан барилга угсралтын ажлын төлбөрийн гүйцэтгээгүй ажлын төлбөр болох худалдааны төвийн 2,600,000 төгрөг, авто угаалгын газрын 9,500,000 төгрөг, нийт 13,100,000 /арван гурван сая нэг зуун мянга/ төгрөгийг хариуцагч Б.Лхагвадорж нэхэмжлэгч Э.Энхзулд буцаан төлөхийг хүлээн зөвшөөрсөн” гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд

хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 816,349 /найман зуун арван зургаан мянга гурван зуун дөчин ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Лхагвадоржоос 459,829 /дөрвөн зуун тавин есөн мянга найман зуун хорин ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Энхзулд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн

70.2 дахь хэсэгт зааснаар 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШЗ2023/01227 дугаартай шүүгчийн захирамжийн биелэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр болохыг дурьдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.АРИУНБОЛД