Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2023/01010

 
2000 оны 00 сарын 00 өдөр Дугаар 102/ШШ2000/0000 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...

Хариуцагч:....

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,132,339.16 /хоёр сая нэг зуун гучин хоёр мянга гурван зуун гучин есөн төгрөг арван зургаан мөнгө/ гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А....,

Хариуцагч Л....,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ... ББСБ ХХК-ийн төлөөлөгч Д.... шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч А.... нэхэмжлэлийг дэмжиж гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Л.... нь манай компанитай 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр ... дугаартай хэрэглээний зээлийн зориулалттай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Гэрээ байгуулагдсанаар зээлдэгч нь Цахим зээлийн эрх нээх гэрээний 1.3.2, 1.3.12-т тус тус заасан цахим данс ашиглах, зээл авах эрх нээгдсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасны дагуу Л....ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу ...аппликейшний ... дугаартай зээлийн дансанд 2021 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 1,408,000 төгрөгийн зээлийн олголтыг хийсэн. Цахим зээлийн эрх нээх гэрээний 2.3 дахь хэсэгт ББСБ-аас санал болгох зээлийн хугацаа нь 14 хоног, 30 хоног, 60 хоног болон бусад гэсэн сонголттой байх ба зээлдэгч зээл авах тухай бүрт зээлийн хугацааг өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоно хэмээн заасан байдаг. Зээлдэгч Л.... нь 2021 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 1,408,000 төгрөгийн зээлийн хугацааг 60 хоног байхаар сонгож, зээлээр олгосон мөнгийг өөрийн цахим покетын дансанд хүлээн авсан. Цахим зээлийн эрх нээх гэрээний онцлог нь зээлдэгч зээлийн гэрээний хүрээнд эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл болон үйлчилгээний төлбөр болох шимтгэлийг хугацаандаа төлсөн тохиолдолд зээлийн хүү төлдөггүй. Харин эргэн төлөлтийн хугацаандаа үндсэн зээл, шимтгэлийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоногоос эхлэн зээлийг ашигласан хариу төлбөр болох хүү, түүний 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээдэг. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, шимтгэлийг төлөх үүрэгтэй боловч зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессежээр, түүний хувийн аппликейшн дэх цэс рүү мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчсөн тул 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,406,332.73 төгрөг, шимтгэл 97,100 төгрөг, үндсэн хүү 538,875.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82,530.55 төгрөг, нийт 2,124,839.16 төгрөг болж байна. Үүн дээр нотариатын зардал 7,500 төгрөг нэмэгдсэнээр хариуцагч Л....оос нийт 2,132,339.16 төгрөг гаргуулахаар шаардаж байна. Зээлийн шимтгэлийн хувьд бид Олон улсын ...системийг хэрэглэдэг учир уг системийг ашиглан зээлийг судалж, шийдвэрлэдэг бөгөөд үүнтэй холбоотой гардаг зардал юм. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү...гэв.

2.Хариуцагч Л.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Лхагвасүрэн овогтой ... би ... ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,406,332.73 төгрөгт бодогдсон хүү гэх 538,875.9 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ковидын хуулиар банк, ББСБ-уудын аливаа зээлд хүү болон торгууль бодохгүй гэж заасан. Эднийх анх зээл өгөхдөө хүү, алданги авахгүй, хураамж авна гэчихээд дараа нь зээлээ сунга гэж сунгуулдаг. Миний хувьд нэхэмжлэгчтэй гэрээ байгуулж зээл авсан нь үнэн. Шимтгэл төлнө гэж мэдээгүй. Зээлийн хүүг зөв, буруу бодсоныг нь шүүхээр шийдүүлэхийг хүсье. Анх зээл авахад хүү нэмж авна гэж бодоогүй...гэв.

3.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан баримтууд болох: Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-5-6/, Зээлийн дансны хуулга /хх-9/, Цахим зээлийн эрх нээх гэрээ /хх-11-13/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.

4.Хариуцагч тал тайлбар, татгалзлаа нотлохоор шүүхэд аливаа бичмэл нотлох баримт гаргаагүй.

5.Шүүхийн санаачилгаар буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шүүгчийн 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар захирамжаар зохигчдоос нэмэлт нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /хх-31/, захирамжийн дагуу нэхэмжлэгч тал зээлийн дансны хуулга /хх-34/, зээлийн олголт, төлөлтийн банкны хуулга /хх-35/ зэрэг баримтуудыг, хариуцагч тал өөрийн Голомт банк ХХК дахь харилцах дансны хуулга /хх-42/ зэрэг баримтыг тус тус нотлох баримтаар гаргасан.

Шүүх хуралдаанаар зохигчдын аман болон бичгээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх ... ББСБ ХХК-ийн Л....од холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ зээлийн гэрээг бичгээр байгуулж зээл олгосон ба зээлийн төлбөрийг буцаан төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй учир үндсэн зээлийн үлдэгдэл 1,406,332.73 төгрөг, зээлийн хүү 538,875.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82,530 төгрөг, шимтгэл 97,100 төгрөг гаргуулахаар шаардана гэж тодорхойлсон.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 1,406,332.73 төгрөгийг буцаан төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн бусад шаардлагыг эс зөвшөөрөн, татгалзлын үндэслэлээ гэрээгээр тохирсны дагуу уг зээлийг хүүгүй гэж ойлгосон, нэмэгдүүлсэн хүү, шимтгэл төлнө гэж мэдээгүй гэж тайлбарлав.

4.Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Цахим зээлийн эрх нээх гэрээ, зээлийн дансны хуулга, зээлийн олголт, төлөлтийн банкны хуулга, Л....ын Голомт банк дахь харилцах дансны хуулга, зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

5.1.Талуудын хооронд 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр ... тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч ... ББСБ ХХК нь зээлдэгч Л....од цахим зээлийн эрх нээх, зээлдэгчийн хүсэлтийн дагуу цахимаар зээл олгох, зээлдэгч нь авсан зээлийг түүний хүү, шимтгэлийн хамт хугацаанд нь буцаан төлөх, зээлийн дээд хэмжээ нь 10,000,000 төгрөгөөс хэтрэхгүй байх, санал болгох зээлийн хугацаа нь 14, 30, 60 хоног болон бусад гэсэн сонголттой ба зээлийн үндсэн хүүгийн хэмжээ нь ББСБ-аас жил бүр шинэчлэн баталсан журмын дагуу аппликейшнд тооцогдсон дүн байхаар зааж, зээлдэгч зээл авах хүсэлт гаргах болон авсан зээлээ эргэн төлөх тухай бүрт аппликейшнд тухайн зээлд ногдох хүү, шимтгэлийн хэмжээг харуулахаар зааж, цахим зээлийн хүсэлт илгээн баталгаажуулснаар зээл болон түүний хүү, шимтгэлийг хэмжээг хүлээн зөвшөөрч, ашигласан хугацаандаа ногдох зээлийн нийт төлбөрийг ойлгосон гэж үзэхийг заажээ.

5.2.Зээлдэгч Л.... 2021 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ...цахим аппликейшн ашиглан 1,408,000 төгрөгийг зээлдүүлэгч ... ББСБ ХХК-иас шилжүүлэн авч, үндсэн зээлийн 1,406,332.73 төгрөг төлөөгүй ба хуримтлагдсан зээлийн үндсэн хүү 3,5%-иар тооцож хугацаа хэтэрсэн 333 хоногийн 538,875.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0,7%-иар тооцон 82,530.54 төгрөг, шимтгэл 97,100 төгрөг, нийт 2,124,839.15 төгрөгийг төлөөгүйг шаарджээ.

6.Нэхэмжлэгч ... ББСБ ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 327 дугаар бүхий Санхүүгийн зохицуулах хорооноос олгогдсон Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний дагуу банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.

7.Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүсэж, зээлдүүлэгч ... ББСБ ХХК нь зээлдэгч Л....од 1,408,000 төгрөгийг 2021 оны 3 дугаар сарын 07-ны өдөр түүний Голомт банк ХХК дахь харилцах дансанд шилжүүлсэн болох нь дансны хуулга, зээлдүүлэгчийн гаргасан зээл олголт, төлөлтийн банкны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдсон тул нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ бизлүүлсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

5.Цахим зээлийн эрх нээх гэрээнд талууд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон шимтгэл тооцох, зээлдэгч цахим зээл авах үед түүний аппликейшнд зээлийн хүү болон шимтгэлийн тооцоолол гарах талаар тусгасан байна.

6.Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.3 дахь хэсэгт зааснаар зээлдүүлэгч зээлийн хүүгийн хэмжээг нийтэд мэдээлэх үүрэгтэй ба талуудын байгуулсан Цахим зээлийн эрх нээх гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлд заасан стандарт нөхцөл бүхий гэрээ юм. Цахим зээлийн эрх нээх гэрээнд аппликейшн ашиглан зээл олгохдоо зээлийн хүүгийн болон шимтгэлийн хэмжээг тухайн зээлдэгчийн хэрэглэх аппликейшнд харуулна гэж заасан боловч тухайн хүүгийн хэмжээ нь хэд байхыг тусгайлан гэрээгээр тохиролцож заагаагүй байна.

7.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргасан зээлийн дансны хуулгад сарын зээлийн хүүг 1-3.5% гэж заасан нь ойлгомжгүй, зээлдэгчид зээл олгох үед хэдэн хувийн хүү тооцсон гэдэг нь тодорхой бус, улмаар нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувь байхаар тохиролцсон гэж нэхэмжлэгч тал тайлбарлах боловч зээлийн үндсэн хүү хэдэн хувь болох нь тодорхой бус, шимтгэл хэдэн хувь тооцох нь мөн тодорхойгүй байна.

8.Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж, 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж тус тус хуульчилсан ба ... ББСБ ХХК, Л.... нарын байгуулсан Цахим зээлийн эрх нээх гэрээгээр хуулийн дээрх зохицуулалтад заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг тусгайлан зааж бичгээр байгуулсан гэрээнд тусгаагүй учир зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэтэрсэн хүүг гэрээний талууд тохиролцоогүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 1,406,332.73 төгрөгийг хангаж, үлдэгдэл 718,506.45 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

9.Шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 49,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хангагдсан нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид тооцогдох 37,451 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л....оос 1,406,332.73 /нэг сая дөрвөн зуун зургаан мянга гурван зуун гучин хоёр төгрөг далан гурван мөнгө/ гаргуулан нэхэмжлэгч ... ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлээс 718,506.45 /долоон зуун арван найман мянга таван зуун зургаан төгрөг дөчин таван мөнгө/-ийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 37,451 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА