Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2021/ДШМ/693

 

С.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Отгончимэг,

шүүгдэгч С.М-ы өмгөөлөгч Г.Ичинхорол,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШЗ/1367 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ж.Отгончимэгийн бичсэн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 35 дугаартай эсэргүүцэлд үндэслэн шүүгдэгч С.М-д холбогдох 2108 00854 0742 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

З овгийн С-ийн М, 1994 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч ажилтай, “Б” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... гудамж, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

С.М нь 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд эхнэр Ц.О-тай хардалтын улмаас маргалдан зүүн нүд рүү нэг удаа цохиж, зүүн хөл рүү нэг удаа өшиглөж зодож, биед зүүн нүдний зовхи болон гуянд хаван цус хуралт бүхий гэмтэл үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: С.М-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүх хуралдаанд шүүгдэгч С.М-аас “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх”-ийг шүүхээс тодруулан энгийн үг хэллэгээр буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, торгох ял тохиролцсон байна, торгох ялыг биелүүлэхгүй бол үүсэх үр дагаврыг ойлгосон уу гэж тодруулан тайлбарлаж, 2-3 удаа асуухад “Мэдэхгүй байна” гэж хариулсан бөгөөд энэхүү байдал нь шүүгдэгч “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгоогүй гэж үзэх үндэслэл тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч С.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор Ж.Отгончимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.М-аас хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийн дагуу хянаад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзэж, хүсэлтийг нь хүлээн авч, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаарх санал, хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч С.М-д танилцуулахад зөвшөөрсөн тул гарын үсэг зуруулсан. Шүүгдэгч С.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан. Шүүх хуралдаанд шүүгдэгч С.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, саналгүй, шүүгдэгч С.М нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, улмаар үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг шийдвэр гаргах боломжтой нөхцөл байдал тогтоогдсон байхад хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдтэй нийцэхгүй байна. Мөн анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагааны явцад “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэх үндэслэл болох хуулийн заалтыг удирдлага болгосон, шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг удирдлага болгоогүй нь ойлгомжгүй болжээ. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч С.М-ы өмгөөлөгч Г.Ичинхорол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын гаргасан эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгдэгч С.М-ы хувьд прокурорын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан. Хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж өгсөн. Энэ талаар мөн анхан шатны шүүх хуралдаан дээр яригдсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байхад үр дагаврыг ойлгоогүй гэх үндэслэлээр анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу өршөөлд хамрагдахгүй байх хуулийн нөхцөлд шүүгдэгч С.М хамаарагдахгүй байна. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд шүүгдэгч С.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч С.М нь 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоот гэртээ эхнэр Ц.О-тай хардалтын улмаас маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи болон гуянд хаван цус хуралттай гэмтэл үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 96/-ийг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт гаргасан байна. Мөн шүүгдэгч С.М-г Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндэслэл журмыг танилцуулсан байна /хэргийн 83-86 дахь тал/.

Шүүгдэгч С.М-ыг яллагдагчаар татах, яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулах, мэдүүлэг авах, эрх үүргийг тайлбарлах бүхий л ажиллагаанд өмгөөлөгч Г.Ичинхоролыг байлцуулсан баримт авагджээ.  

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас С.М-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгчид танилцуулж, шүүгдэгч зөвшөөрч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

С.М-ы холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байх ба тухайн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан шаардлагууд бүрэн хангагдсан эсэхийг хянах бөгөөд энэ шаардлагууд хангагдаагүй тохиолдолд л шүүх хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэхийг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зохицуулсан.

Шүүгдэгч С.М нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэм буруугаа ойлгосон. ...Торгох ялыг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар сольж болох талаар тайлбарлаж өгсөн. ...” /хх 117-118/ гэж мэдүүлсэн байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокуророос гаргасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан шийдвэр гаргах бүрэн боломжтой байсан бөгөөд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Иймд давж заалдах шатны шүүх прокурор Ж.Отгончимэгийн бичсэн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 35 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШЗ/1367 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШЗ/1367 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч С.М-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч С.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ