Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/218

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Н.Зулаа,

Нарийн бичгийн дарга: Б.Уянга,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Л.Бор нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Зулаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414002460182 тоот хэргийг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ы ******* /РД:*******/,  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Эхлэл” дэлгүүрээс хохирогч *******гийн эзэмшлийн “Iphone XR” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:.... Би тогтоолтой танилцсан, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг / хх-ийн 133/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээж байна гэв.

3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:... Би Баянхонгор аймгийн 2 дугаар багт байрлах Эхлэл миний маркет хүнсний дэлгүүрт худалдагч хийдэг. Тэгсэн өдөр 16 цагийн үед би лангуун дээр гар утсаа тавьсан байсан. Манай дэлгүүрт хүн ихтэй ажил ихтэй байж байгаад гар утсаа цэнэглэнэ гэж бодож байгаад цэнэглэх гээд утсаа хайсан чинь миний гар утас байхгүй байсан. Тэгээд цагдаад дуудлага өгөөд хяналтын камер шүүсэн чинь 16 цаг 40 минутын үед хар куртик улаан малгайтай цамцтай хүн аваад гарч байсан бичлэг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,

..... Би алдсан өдрөө өөрийн гар утсаа авсан учраас нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй. ...би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 36/,

4. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:... 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр би жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдрийн 17 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг Эхлэл хүнсний дэлгүүрээс Iphone маркийн гар утас алдлаа гэх дуудлага мэдээлэл ирсэн. Тухайн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг Эхлэл хүнсний хяналтын камерыг шүүхэд хар өнгийн куртик, дотуур нь улаан малгайтай цамцтай 30 орчим насны эрэгтэй хүн тухайн хүнсний дэлгүүрийн кассны тавцан дээрээс кассчин эмэгтэй хүнтэй тооцоо хийж байх хооронд гар утсыг нь аваад халаасандаа хийж байгаа бичлэг байсан. Тэгээд тухайн хүнийг олж тогтоох чиглэлээр эргүүлийн чиглэл маршрутад явж байхад 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 21 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есен-Эрдэнэ 9 дүгээр баг Есөн-Эрдэнэ захын МТ клонкын хажууд явж байхад нь олж тогтоон, тухайн гар утсыг хаана байгаа талаар асуухад ******* тухайн үед надад гар утас байхгүй би аваагүй гэж байгаад чиний гар утас Эхлэл хүнсний дэлгүүрээс авч гарч байгаа бичлэг чинь байгаа шүү гэхэд хар өнгийн куртикны халааснаас Iphone ХR маркийн гар утсыг гаргаж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,

5. Шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 53 дугаартай:... Iphone XR маркийн үнэ 650.000 төгрөг,

Шинжилгээний объектын нийт үнэ цэнэ 2024 оны 04 дүгээр сарын 04-ны байдлаар 650.000 / Зургаан зуун тавин мянга / төгрөг болохыг тодорхойлов ....гэх дүгнэлт /хх-ийн 44/ болон Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 19/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-22/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Эхлэл” дэлгүүрээс хохирогч *******гийн эзэмшлийн “Iphone XR” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 650.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч *******, гэрч ******* нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, уг үйл баримтыг бичлэг бүхий СД зэргээр нотлогдсон байна гэж үзлээ.

Дээрх үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн гар утсыг шунахай сэдэлт, болон амар хялбар аргаар мөнгө олох гэсэн сэдэлтийн  улмаас хулгайлсан байна гэж шүүх дүгнэж түүний гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байх тул шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ******* нь гар утсыг хүлээн авсан талаарх нотлох баримтыг хэрэгт хавсаргасан тул шүүгдэгч ******* хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчмыг баримтлан 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялын доод хэмжээг  оногдуулж шийдвэрлэлээ.

Энэ хэргийн учир  шүүгдэгч *******ын 42 хоног  цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцлоо.

Хэрэгт шүүгдэгч *******ын үйл баримтын бичлэг бүхий СД-ийг хуулбарлан эд мөрийн баримтаар тооцож ирүүлснийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон      

ТОГТООХ нь :

 1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг зургаан  / 06 / сарын хугацаагаар  хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын энэ хэргийн учир цагдан хоригдсон дөчин хоёр / 42 / хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч ******* нь хэргийн учир хохирогчид  төлөх төлбөргүй, хэрэгт  шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар СД 1 ширхэгийг хураан ирүүлснийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Д.БАТЦЭНГЭЛ