| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2022/00338/И |
| Дугаар | 136/шш2023/00164 |
| Огноо | 2023-03-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 136/шш2023/00164
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, шүүгч Д.Наранцэцэг, А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Б /РД:***********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г /РД:*************/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын төлбөрт 483,300 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З,
Хариуцагч: Ж.Г,
Иргэдийн төлөөлөгч: Н.Э,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Б Ж.Гд холбогдуулан гэм хорын төлбөрт 483,300 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2022 оны 07 дугаар сарын 06-ны өглөө...У хот яваад 2023 оны 07 дугаар сарын 13-ны шөнө гэртээ ирэхэд дээд айлаас ус алдсан байсан. Энэ талаар тодруулахад 56 тоот нь 07 дугаар сарын 07-ны өдөр ус алдсан гэсэн. Ус алдсанаас болоод эд хөрөнгөд 2,149,750 төгрөгийн хохирол учруулсан.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад байраа Практикал даатгалд даатгуулсан. Даатгалаас нөхөн төлбөрт 1,789,750 төгрөг авсан болохоор одоо хохирол 483,300 төгрөг нэхэмжилнэ гэв.
Хариуцагч Ж.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай гэрээс ус алдсан нь үнэн. Гэхдээ үүнээс болж ** тоотод ус орсон болох нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдоогүй байгаа тул зөвшөөрөхгүй гэв.
Талууд шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: ..гэм хорын төлбөрт нэхэмжлэлийн шаардлага 483,300 төгрөгийг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 120,825 төгрөг, 05 дугаар сарын 14-ний өдөр 120,825 төгрөг, 06 дугаар сарын 14-ний өдөр 120,825 төгрөг, 07 дугаар сарын 14-ний өдөр 120,825 төгрөгийг хуваарийн хариуцагч Ж.Г нэхэмжлэгч Б.Бд төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Зтай эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Иргэдийн төлөөлөгч Н.Э төлбөрийг 4 хувааж төлөхөөр тохиролцсон нь талууд эвлэрч хэрэг маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ж.Гд холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 483,300 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талууд эвлэрч, дараах байдлаар гэрээ байгуулжээ.
Б.Бгын нэхэмжлэлтэй Ж.Гд холбогдох гэм хорын хохиролд 483,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ж.Г нэхэмжлэлийн шаардлага 483,300 төгрөгийг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 120,825 төгрөг, 05 дугаар сарын 14-ний өдөр 120,825 төгрөг, 06 дугаар сарын 14-ний өдөр 120,825 төгрөг, 07 дугаар сарын 14-ний өдөр 120,825 төгрөг төлөхөөр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан.
Талуудын дээрх эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэг, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хариуцагч Ж.Г нэхэмжлэлийн шаардлага 483,300 төгрөгнөөс: 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 120,825 төгрөг, 05 дугаар сарын 14-ний өдөр 120,825 төгрөг, 06 дугаар сарын 14-ний өдөр 120,825 төгрөг, 07 дугаар сарын 14-ний өдөр 120,825 төгрөгийг хувиарийн дагуу нэхэмжлэгч Б.Бд төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Зтай эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,319 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 7,574 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Зохигч шүүхийн тогтоолын сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Шүүхийн тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ
ШҮҮГЧИД Д.НАРАНЦЭЦЭГ
А.ЦЭРЭНХАНД