Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/260

 

 

2025       10           06                                       2025/ШЦТ/260

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:321/2025/0243/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.******даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул,

Улсын яллагч Э.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б,

Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ********** овгийн ************ ********** холбогдох 2539000000264 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.********* нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар багт 2025 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.*******тай хэрүүл маргаан үүсгэж, түүнийг цээж хэсэгт хөлөөрөө өшиглөж улмаар үснээс нь зулгаан дарж гараараа нүүр хэсэгт нь 2 удаа цохисоны улмаас хохирогч Д.*******гийн биед нэг шүдний булгарал, 3 шүдний сулрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.********* нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар багт 2025 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.*******тай хэрүүл маргаан үүсгэж, түүнийг цээж хэсэгт хөлөөрөө өшиглөж улмаар үснээс нь зулгаан дарж гараараа нүүр хэсэгт нь 2 удаа цохисоны улмаас хохирогч Д.*******гийн биед нэг шүдний булгарал, 3 шүдний сулрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

1.Хохирогч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Миний бие Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар багт мал маллан амьдардаг. 2025 оны 07 дугаар сарын 18-ны орой миний хамтран амьдрагч *********ын аймагт байдаг найз нь гэх ******гэх хүн ирээд тухайн орой тэр хоёр 1 шил "Хараа" *******тэй 0,75 граммын архи хувааж уугаад унтсан. Маргааш нь буюу 19-ний өглөө ********* надад хандан сумын төв рүү явчихаад ирье гэж хэлээд найзтайгаа цуг машинтай яваад өгсөн. Тэгээд 16 цагийн үед буцаж ирэхдээ тэр 2 нилээн архи уучихсан орж ирээд дахин 1 шил "Хараа" *******тэй 0,75 граммын архи тэр хоёр хувааж уугаад найз нь болох ******унтаад өгсөн. Би хоол хийгээд ******** сэрээгээд хоол идүүлсэн. ******хоол идчихээд гэр лүүгээ явлаа гээд яваад өгсөн. Харин манай хүү хонио эргүүлнэ гээд бас гараад явсан байсан. Тэгтэл ********* намайг толгой, хөл угааж өг гэхээр нь би чадахгүй тугалаа хаших ажилтай байна гээд гарах гэтэл гэрээс гаргахгүй байсан. Намайг орон дээр сууж байхад баруун хөлөөрөө миний цээж рүү өшиглөхөөр нь би гараараа түлхтэл ********* газар унасан. Тэгээд босч ирээд намайг яадаг муу янхан, гичий вэ? гэж хэлээд зүүн гараараа миний үснээс зулгааж дарж байгаад баруун гарaapaa нүүр хэсэг рүү 2 удаа цохисон. Тэгтэл аманд нэг юм мэдэгдэхээр нь гаргаж ирээд хартал миний үүдэн доод талын 1 шүд унасан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/,

 

2.Насанд хүрээгүй гэрч С.*********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр 16 цаг өнгөрөөгөөд гэртээ иртэл ********* ах найзтайгаа архи уугаад сууж байсан. Харин ээж маань хоол хийж байсан. Би гэртээ 30-40 минут болоод буцаад хониндоо явсан. Ингээд 20-30 минутын дараа ирэхэд ********* ах болон цуг архи ууж байсан ах 2 байхгүй байсан. Гэртээ ортол ээж зүүн талын орон дээр амнаас нь цус гарчихсан байдалтай байсан. Юу болсон талаар нь асуутал ********* ах чинь цохичихлоо гэж хэлсэн ба доод нэг шүд нь уначихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,

 

3.Гэрч О.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ажлаас залгаад зодуулсан хүн ирлээ та хүрээд ирээч гэхээр нь би очтол 5 дугаар багийн иргэн Д.******* байсан. Юу болсон талаар нь асуутал миний хамтран амьдрагч зодчихлоо гэсэн. Тэгээд үзлэг хийтэл үүдэн доод 1 шүд уначихсан байсан дээд 2 доод 1 шүд хөдөлчихсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

 

4.2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 447 дугаартай Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.********** “...Д.*******гийн биед нэг шүдний булгарал, 3 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Ерөнхий хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулсан тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% тогтонги алдагдуулна..." гэх дүгнэлт /хх-ийн 20-21-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинжээр үйлдсэн хэмээн буруутган яллажээ.

 

Иймд шүүгдэгч Д.*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

          2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.*********ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Д.*********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*********т оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв. 

 

          3.Гэм хор, хохирлын талаар:

        

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч “...Д.*********аас нэхэмжилсэн 2,000,000 төгрөгийг төлж барагдуулсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх нотариатаар батлуулсан хүсэлт ирүүлсэн байна. Иймд шүүгдэгч Д.*********ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

          4.Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч ********* овгийн ********* *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*********т 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*********т оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*********т мэдэгдсүгэй.

 

 5.Шүүгдэгч Д.*********т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

 6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.ЭНХБААТАР