| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2025/0250/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/264 |
| Огноо | 2025-10-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/264
2025 10 20 2025/ШЦТ/264
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2025/0250/Э
********* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.М,
Улсын яллагч Д.Ч,
Хохирогч А.********* /онлайнаар/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б,
Шүүгдэгч Э.****** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ********* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ******** овгийн *********** ******д холбогдох эрүүгийн 2439001890159 дугаартай хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Э.****** нь 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ********* аймгийн ********* сум, 5 дугаар баг, Үзүүр толгойн 4-416 тоотод байрлах Д.*****гийн гэрт ямаа самнах зорилгоор ирж, зөвшөөрлөөр нэвтэрсэн байхдаа 10,800 кг 1 шуудай ноолуур, "ХААН" банкны виза карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, "ХААН" банкны *********** дугаартай данснаас 5 удаагийн зарлага гаргаж, Д.*****д нийт 1,919,700 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч Э.****** 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн *********** дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Парадис” зочид буудлын 5 давхрын 501 тоот өрөөнд хохирогч А.********* унтаж байх үеэр шунахайн сэдлээр түүний эзэмшлийн "айфон 16 промакс" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 4,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлүүдийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
1.Шүүгдэгч Э.****** 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ********* аймгийн ********* сум, 5 дугаар баг, Үзүүр толгойн 4-416 тоотод байрлах Д.*****гийн гэрт ямаа самнах зорилгоор ирж, зөвшөөрлөөр нэвтэрсэн байхдаа 10,800 кг 1 шуудай ноолуур, "ХААН" банкны виза карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, "ХААН" банкны *********** дугаартай данснаас 5 удаагийн зарлага гаргаж, Д.*****д нийт 1,919,700 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1.Хохирогч Д.*****гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би урьд шөнө ирэхдээ 10,800 кг ноолууртай ирээд нөгөө эрэгтэй машин дотроос оруулаад гал тогооны өрөөнд угаалгын машины урд талд тавьсан юм. Би өглөө хүүхдээ хүргэж өгөх гээд гарахад байсан. Буцаж ирээд гэрээ цоожлоод явах үедээ ноолуураа анзаараагүй. Түүнийгээ санаад хажуу айлын Туул ах руу залгаад гал тогооны цонхоор харуулахад юу ч байхгүй байна гэж хэлсэн... нөхрийг нь ********* гэж дуудаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,
2.Хохирогч Д.*****гийн дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...10 кг 800 гр ноолуур, "ХААН" банкны энгийн виза карт 1 ширхэг тус тус алга болсон. Мөн миний виза картнаас 5 удаагийн гүйлгээгээр 75,700 төгрөгийн гүйлгээ хийсэн байсан. 2024 оны 04 дүгээр сарын 15- ны өдөр алдагдсан. ********* аймгийн ********* сумын 5 дугаар багийн нутаг Үзүүр толгойн 4-416 тоот хашаанд байх миний амьдардаг байшингаас алдагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17, 20-21-р хуудас/,
3.Гэрч Х.*********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...****** бид хоёр замын машин гуйж суугаад ********* сумын төвд очсон ба төвд очоод байж байтал ****** би ойрхон дэлгүүр орчоод ирье гээд 15 орчим минутын дараа ирсэн. Бид цааш замын унаанд сууж ********* аймагт очоод бид хоёр бага зэрэг маргалдсан байсан болохоор би ахынхаа гэрт очоод ****** хотруу явлаа гээд машинаас буусан. ****** дэлгүүр явлаа гэж хэлээд ирэхдээ нэг цагаан шуудайтай юм барьж ирсэн ба би тэрийг нь хөнжил, гудас хувцас юм болов уу гэж бодсон. Би шуудайтай юмыг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,
4.Хөрөнгийн үнэлгээний Бодит үнэлгээ ХХК-ийн шинжээчийн 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 175 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-41-р хуудас/,
5.Хохирогч Д.*****гийн Хаан банкны *********** дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /хх-ийн 43-44-р хуудас/,
6.Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 54-61-р хуудас/,
2.Шүүгдэгч Э.****** нь 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Парадис” зочид буудлын 5 давхрын 501 тоот өрөөнд хохирогч А.*********ыг унтаж байх үеэр шунахайн сэдлээр түүний эзэмшлийн "айфон 16 промакс" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 4,200,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1.Хохирогч А.*********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өчигдөр шөнө буюу 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр БЗД-ийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Paradise" зочид буудалд амарсан юм. Тэгээд өнөөдөр өглөө сэрхэд унтахаасаа өмнө дэрэн дээр тавьсан байсан "IPhone 16 Pго Мах” загварын гар утас маань байхгүй болчихсон байсан. Би ресейпшн эгчээс утсаа асууж үзэхэд "чиний өрөөнд 501 тоотын үйлчлүүлэгч залуу ороод байхаар нь би охиноо чиний өрөөг цоожлуулсан" гэж хэлсэн. Би 501 тоотын үйлчлүүлэгч гэх залуутай уулзаж өөрийнхөө өрөө рүү орсон эсэхийг лавлаж асуухад 00-ын өрөө хайж гарсан, манай өрөө рүү ороогүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 162-163-р хуудас/,
2.Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 164-165 тал/,
3.Гэрч С.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би энэ өдөр ажилтай явж байсан тухайн өдөр буудал орсон асуудал байхгүй. Энэ хяналтын камер дээрх хүн манай найз ******** ****** ********* гэх регистрийн дугаартай мөн байна. Бид хоёр 2017-2020 оны хооронд найзалж нөхөрлөсөн. Хамт дуудлагын компанид ажилладаг байж байгаад ****** ажлаасаа гараад алга болсон тэрнээс хойш холбогдоогүй. Миний регистрийн дугаарыг ашиглаад энд тэнд яваад байгаа сурагтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 168-169-р хуудас/,
4.Хөрөнгө, үнэлгээний "Арвижих эстимэйт үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн БЗД-50 дугаартай "Iphone 16 pro max" загварын гар утас 4,200,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 173-181-р хуудас/,
5.Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 182-186 тал/
6.Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 187-189 тал/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой.
Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар нь тухайн эд хөрөнгө өмчлөгчийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй байх, уг хөрөнгийг шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.
Шүүгдэгч Э.****** нь 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ********* аймгийн ********* сум, 5 дугаар баг, Үзүүр толгойн 4-416 тоотод байрлах Д.*****гийн гэрт ямаа самнах зорилгоор ирж, зөвшөөрлөөр нэвтэрсэн байхдаа 10,800 кг 1 шуудай ноолуур, "ХААН" банкны виза карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, "ХААН" банкны *********** дугаартай данснаас 5 удаагийн зарлага гаргаж, Д.*****д нийт 1,919,700 төгрөгийн хохирол,
Мөн 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Парадис” зочид буудлын 5 давхрын 501 тоот өрөөнд хохирогч А.*********ыг унтаж байх үеэр шунахайн сэдлээр түүний эзэмшлийн "айфон 16 промакс" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 4,200,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Эдгээр үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж хуульчилжээ.
Иймд шүүгдэгч Э.******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг санаатай, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг санаатай, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.******гийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 201-р хуудас/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгчийн хэрэг үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Э.******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Э.******д ********** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/1113 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял, ********* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 332 (гурван зуун гучин хоёр) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож 1 (нэг) сар 11 (арван нэг) хоногийн хорих ялуудыг энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 (хоёр) жил 7 (долоо) сар 11 (арван нэг) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******д оногдуулсан 2 (хоёр) жил 7 (долоо) сар 11 (арван нэг) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
3.Гэм хор, хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Э.******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.*****д 1,919,700 (нэг сая есөн зуун арван есөн мянга долоон зуу) төгрөг, А.*********т 4,200,000 (дөрвөн сая хоёр зуун мянга) төгрөгийн хохирол тус тус учруулсныг төлөөгүй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.******гаас 1,919,700 (нэг сая есөн зуун арван есөн мянга долоон зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Д.*****д, 4,200,000 (дөрвөн сая хоёр зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч А.********* нарт тус тус олгуулж шийдвэрлэлээ.
4.Бусад асуудлын талаар:
Энэ эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.****** 109 (нэг зуун ес) хоног цагдан хоригдсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ********* овгийн ********** ******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг санаатай, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******д 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Э.******д ********** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/1113 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял, ************ дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 332 (гурван зуун гучин хоёр) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож 1 (нэг) сар 11 (арван нэг) хоногийн хорих ялуудыг түүнд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 2 (хоёр) жил 7 (долоо) сар 11 (арван нэг) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.******д оногдуулсан 2 (хоёр) жил 7 (долоо) сар 11 (арван нэг) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******гийн цагдан хоригдсон 109 (нэг зуун ес) хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.******гаас 1,919,700 (нэг сая есөн зуун арван есөн мянга долоон зуу) төгрөгийг гаргуулж, хохирогч Д.*****д, 4,200,000 (дөрвөн сая хоёр зуун мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч А.********* нарт тус тус олгосугай.
8.Энэ эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.****** 109 (нэг зуун ес) хоног цагдан хоригдсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ********* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР