| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2022/04929/И |
| Дугаар | 102/ШШ2022/04438 |
| Огноо | 2022-12-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2022/04438
Нэхэмжлэгч Б.Э
Хариуцагч Д.Т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 3.330.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Д.Тт холбогдуулан 3.330.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Д.Э 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр автомашин худалдаж авахаар 2005 онд үйлдвэрлэгдсэн, “Тoyota harrier” маркийн автомашиныг Д.Таас худалдан авч, машины мөнгийг бүрэн төлж худалдах худалдан авах гэрээ хийж өөрийн нэр шилжүүлэн авсан.
Гэтэл тээврийн хэрэгслийг унаж явахад доголдол үүсэж авто тээврийн хэрэгслийг засварын газар оношлуулахад батарей муудсан, солих шаардлагатай гэдэг онош гаргасан тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрээнээсээ татгалзах нэхэмжлэлийг хоёр үндэслэлээр гаргасан.
Нэг дэх үндэслэл нь 282.000 километр туулсан машиныг 86.000 километр явсан машин гэж өөрчилж бага гүйлттэй машин, чанар элэгдлийн хувьд сайн машин гэж итгүүлэн өгсөн боловч гаалиар орж ирсэн бүрдүүлэлтээс харахад тээврийн хэрэгсэл 283.000 километр явсан байсан.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг ялимгүй зөрчсөн байна гэдэг үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан шаардлагыг гаргахад энэ шийдвэр саад болохгүй гэж дүгнэсэн.
Иймээс нэхэмжлэгч тээврийн хэрэгслийн батарей сольдог ‘’Мөнххада’’ ХХК-ийн засварын газарт очсон боловч 10.000.000 төгрөгөөр ч засварлах боломжгүй гэсэн бөгөөд гаднаас орж ирсэн өөрийнхөн маркийн автомашины сэлбэгийг тавих гэхээр олдохгүй байсан.
Тэгээд автомашины эд анги зардаг хүн Япон улс руу захиалж, батарейг оруулж ирснээр солиулсон.
Батарейг 3.200.000 төгрөгөөр худалдан авч, тавиулсан үйлчилгээний хөлс 130.000 төгрөг нийт 3.330.000 төгрөг болсон бөгөөд тухайн батерейг нэг, хоёроор нь салгаж тавих боломжгүй гэж хэлсэн тул комоор нь солиулсан мөнгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Д.Т 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Б.Эт автомашиныг зарсан.
Тухайн автомашиныг нэхэмжлэгч өөрөө аавтайгаа ирж, унаж үзэн шалгаад орон нутагт унах талаар ярилцаад авсан байдаг.
Авснаас хойш автомашин доголдолтой байна гэдэг асуудал яригдаж шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэл гаргахдаа автомашиныг буцаан өгөх талаар хандсан боловч шүүхээс гүйлтийг ухраасан талаар тогтоогоогүй. Өмнө зарахад тийм байсан уу? Дараа нь өөр болсон талаар тогтоогоогүй.
Батарейны гэмтлийн тухайд автомашиныг өмнө хэрхэн унаж явсан, сэнсийг ажиллуулахад цэвэрлэдэг байсан эсэх, тухай бүр арчиж цэвэрлэж байхгүй бол буруу ашигласантай холбоотойгоор гэмтэл үүссэн байж болохыг шууд Д.Ттай холбож, түүнийг буруутгах боломжгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байдаг.
Тээврийн хэрэгсэл ямар шалтгаанаас болж эвдрэлд орсон талаар шүүхээс шинжээч томилогдож дүгнэлт гарсан.
Шинжээчийн дүгнэлтээр гурван батарей муудсан тул солих шаардлагатай.
Автомашины батарей муудсан асуудал ашиглалтын явцад үүсдэг, анх худалдаж авахад батарей нурсан уу? Сүүлд Б.Э өөрөө нураасан талаар тогтоох боломжгүй учраас хэрэгсэхгүй болгосон.
Д.Тын хувьд шинжээчийн дүгнэлт гарсантай холбоотой “Доктор авто сервис”-т очиж гурван батарейг солиход гарах зардал, гурван батарейг салгаж авч болох талаар асуухад үйлчилгээний хөлс 100.000 төгрөг, нэг ширхэг батерей 70.000 төгрөг нийт 360.000 төгрөгөөр солих боломжтой гэж хэлсэн байдаг.
Нэгэнт муудсан учраас гурван батарейг сольж өгөх талаар Д.Тын зүгээс байр сууриа илэрхийлэхэд харамсалтай нь саналыг зөвшөөрөөгүй.
Орж ирсэн шинэ батарейгаар бүхэлд нь сольсон гэдэг асуудлыг нэхэмжлэгчийн төлөөлөгч ярьж байна.
Нэхэмжлэгч батарейг салгаж зарах боломжгүй гэж тайлбарлаж байгаа боловч салгаж зарж болдог гэдгийг өмнөх шүүх хуралдаанаар шинжээч хэлсэн.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримт дээр батарей нурсан нийт 34-28 ширхэг батарейг комоор нь сольсон гэжээ.
Салгаж солих бүрэн боломжтой гэж харагдаж байгаа тул бүтнээр нь сольсон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Анхнаасаа Д.Т цоо шинэ машин худалдаагүй.
Өмнө нь Япон улсад өөр хүн унаж байгаад Монгол улсад орж ирсэн машин.
Цоо шинэ машин бол өөр асуудал.
Мөн тэр үеийн автомашинуудаас харьцангуй хямд үнээр зарсан учраас хариуцагчийг буруутгах нь өрөөсгөл асуудал.
Иймээс нэхэмжлэгчийн хувьд унаж байсан автомашиныг авсан гэдгээ мэдэж байсан тул нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Автомашины 3 ширхэг батерейг хүний ёсны хувьд сольж өгч болж байна.
Комоор сольсон үнийг зөвшөөрөхгүй гэжээ.
4.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримт:
5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, “М” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Оношилгооны асуулга, “Ц shopын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Зарлагын баримт, “Ц shopын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай Баталгааны хуудас, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Хаан” банкны дугаартай дансны шилжүүлгийн мэдээлэл, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “Хаан” банкны дугаартай дансны шилжүүлгийн мэдээлэл, зарлагын баримт, нэхэмжлэх, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2022/0 дугаартай Магадлал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/0 дугаартай Шийдвэр, 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Д.Бд олгосон Итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай Албан бичиг
6.Хариуцагчаас иргэний үнэмлэхний хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Г.Нд олгосон Итгэмжлэл
7.Хариуцагчийн хүсэлтээр Баянгол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дугаартай Албан бичиг, нэхэмжлэх, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай Шинжээчийн дүгнэлт
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж шүүх үзсэн боловч гэрээний дагуу эрхийн доголдлын талаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж мөн автомашины батерей шинжээчийн дүгнэлтээр муудсан цаашид тээврийн хэрэгслийг унаж хэрэглэхэд батерейг солиогүй тохиолдолд автомашиныг унахад саад учруулах тул батерейг солиулж үнийг нэхэмжилж байна” гэж тайлбарлаж байна.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа “автомашины батерейг бүхэлд нь солиулсаныг зөвшөөрөхгүй. Хариуцагчийн зүгээс муудсан гэх 3 ширхэг батерейны үнийг төлөхөд татгалзах зүйлгүй” гэж илэрхийлэв.
4.Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Д.Тт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцлаж, 64.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2022/0 дугаартай Шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч гомдол гаргасныг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2022/0 дугаартай Магадлалаар шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна.
6.Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заажээ.
7.Харин талууд “Toyota harrier” маркийн суудлын автомашин худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн доголдлын талаар маргаж байна.
8.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээхээр заасанчлан гэрээний үүргийг зохигчдын хэн аль нь биелүүлэхийг шаардах эрхтэй.
9.Хэргийн баримт, талуудын тайлбараас харахад, 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 1279 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээч дүгнэлтэндээ “...автомашины хянах самбар дээр ассан анхааруулах шар гэрлүүд ямар шалтгаанаар ассан, ямар алдаа зааж байгааг шалгахад гибрид буюу өндөр хүчдэлийн батерейг солих гэсэн тайлбар гарч байгаа бөгөөд арлын дугаартай, улсын дугаартай тээврийн хэрэгслийн 3,4,5 дугаар батерейн хүчдэл бусад батерейн хүчдэлтэй харьцуулахад муу, батерейн цэнэгийн хэмжээ 54.5-61.5 хувь байхаас 58.0 хувь байна”,
Мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад зохигчид автомашины батерей муудсан байсан талаар маргаагүй зөвшөөрснөөр эрхийн доголдолтой эд хөрөнгө болох нь тогтоогдож байна.
10. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч эрхийн доголдолтой эд хөрөнгийг хүлээлгэн өгөөгүй болон батерейг иж бүрдлээр нь солих шаардлагагүй гэх нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа баримтаар нотлож үгүйсгэж чадахгүй байна.
11.Дээрх үйл баримтаар стандарт шаардлагад нийцсэн цэнэгтэй батерей бүрэн ажилласнаар автомашины хөдөлгүүр асах боломжтой бөгөөд нийт 17 батерейнуудын үзүүлэлтийг шалгахад 3,4,5 дугаар блокийн батерей 15.92-15.99 вольт, батерейнуудыг нэг бүрчлэн задлаж үзэх боломжгүй, хянах самбарын дэлгэцийн гол хэсэгт байрлалтай ханз үсэг бүхий бичлэглэлийг Япон хэлнээс Монгол хэл рүү хөрвүүлэхэд “Батерейны системийн эвдрэл” гэсэн тайлбар гарч, NIMH никель металл гидбрид батерейн хүчдэл 245 вольт, баталгаат хугацаа 3 жил буюу 100.000 километр гэж үйлдвэрлэгчээс тогтоосон гэх үзлэг шинжилгээний дүгнэлтээр маргаан бүхий автомашины батерейг солих шаардлага үүссэн болох нь тогтоогдож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн батерейг комоор нь буюу иж бүрдлээр солиулсан, нэг нэгээр нь солиулах боломжгүй гэх тайлбар үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
12.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч гомдлын шаардлагыг хуульд заасан хугацаанд гаргасан байна.
13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68.230 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 68.230 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Таас автомашины батерейны үнэд 3.330.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Эт олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68.230 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 68.230 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА