Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 130/ШШ2023/00241

 

 

 

 

 

 

 

 

2023 3 10

130/ШШ2023/00241

 

 

 

 

 

         

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “ЭӨ” ХК-ний /гүйцэтгэх захирал М.Т /. Хаяг: Б аймаг, Ө  сум  0 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг

 

Хариуцагч: И.Н. Хаяг: Б аймаг, Ө  сум 5 дугаар  баг, 00 айлын орон сууц, 0 тоотод оршин суух

Нэхэмжлэлийн шаардлага: Дулааны эрчим хүчний төлбөр 552,684 төгрөг, алданги 276,342 төгрөг, нийт 829,029 төгрөг гаргуулахыг хүссэн тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С ,

Хариуцагч И.Н ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч  “ЭӨ” ХК нь хариуцагч И.Н д холбогдуулан түүнээс дулааны эрчим хүчний төлбөр 552,684 төгрөг, алданги 276,342 төгрөг, нийт 829,029 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж, тодорхойлсон байна. Үүнд:

1.1 Хариуцагч  И.Н  нь “ЭӨ” ХК-тай дулааны эрчим хүчээр хангах, эрчим хүчийг хэрэглэх тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 552,684 төгрөгийн үнэ бүхий дулааны эрчим хүч худалдаж авсан.

1.2 Уг гэрээний 3.1 дэх хэсэгт зааснаар харилцагч дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг сар бүрийн 30-ны өдөр хүртэл төлсөн байх ёстой. Гэтэл хариуцагч И.Н  худалдаж авсан сүүлийн 15 гаруй сарын дулааны эрчим хүчний үнийг огт төлөөгүй. Манай компанийн зүгээс хариуцагчид энэхүү 2020 оны 01, 02, 03, 04, 10, 11, 12 дугаар сард 15 хоног, 2022 оны 7 сар 15 хоног тус тус худалдаж авсан дулааны эрчим хүчний төлбөр 552,684 төгрөгийг төлөхийг удаа дараа төлөхийг шаардсан боловч төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна.

1.3 Хариуцагч И.Н  нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги нэмж нэхэмжилнэ. Тус гэрээний 3.1-т зааснаар хариуцагч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон. Үүнээс гадна Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хүртэл хувтай тэнцэх алданги ногдуулж болохоор хуульчилсан.

1.4 Хариуцагчийн дулааны төлбөрийг төлөөгүй 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацааны алдангийг тооцоход 1,358,578 төгрөг болж байна. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%-иас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үнийн дүнгийн 50%-иар тооцоход алданги нь 276,342 төгрөг болж байна.

1.5 Хариуцагч шүүхийн шийдвэрийн дагуу дулааны төлбөрөө төлж ирж байгаа. Тэрээр 2018-2020 оны дулааны эрчим хүч худалдан авч хэрэглэсний 18 гаруй сарын төлбөр 642,642 төгрөгийг гэрээний дагуу хугацаандаа төлөөгүй байсан тул манай компани шүүхэд хандсанаар Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өрийн 0 тоот шийдвэр, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 0 дугаар магадлалаар И.Н гаас 963,963 төгрөг гаргуулж манай компанид олгохоор шийдвэрлэж байсан юм.

1.6 Одоо 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 2022 он дуустал төлбөрийг нэхэмжилж байгаа. Хариуцагч бол 2016 онд Эрчим Б ХК-ний 3 ажилтан ирээд халаалтыг тасалсан болохоор төлбөрөө төлөхгүй байх үндэслэл байгаа гэж хэлж байгаа боловч 2020 онд шүүх хуралдааны үед ийм тайлбар огт хэлээгүй. Ийм зураг бүхий юм гаргаж ирээгүй. 2016 онд тасалсан бол 2020 оны шүүх хуралдааны үед хэлэх ёстой шүү дээ. Тэгэхээр хариуцагчийн гаргасан энэ тайлбар 2020 оны шийдвэрээр үгүйсгэгдэж байна. Шүүхээр нэгэнт тогтоосон үйл баримтыг дахин нотлох шаардлага байхгүй.

1.7 Иймд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.-т “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасан. Хариуцагч И.Н гаас дулааны эрчим хүчний үндсэн төлбөр болох 552,684 төгрөг, алданги 276,342 төгрөг, нийт 829,026 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч И.Н гийн хариу тайлбар, татгалзал:

2.1 Миний бие Н  орон сууцанд оршин суудаг. Би тус орон сууцанд 2014 онд орох үед “ЭӨ” ХК-тай дулаан худалдах худалдан авах гэрээ хийсэн боловч эрчим хүчээр хангахгүй байна. Уг гэрээнд сард 36,036 төгрөг төлөхөөр тохирсон. 2014 онд дулаан худалдах худалдан авах гэрээ хийсэн боловч тухайн гэрээнд талууд харилцан тохиролцож сунгалт хийгээгүй.

2.2 Тухайн гэрээнээс хойш дахиж гэрээ байгуулаагүй, гэрээнд сунгалт хийгээгүй, сунгалтын хугацаа дууссан. Нэхэмжлэгч “ЭӨ” ХК нь тухайн гэрээг дур мэдэн сунгалт хийж байна. Манай байр хүйтэн дулаан алддаг ба дулааны шугамыг гэрт бага насны хүүхэд сууж байхад дур мэдэн 3 хүн ирж инженерийн шугамыг нь өөрчилж, тасалсан тул халаалт авч чадалгүй зутруу өвөлжин өдий хүрлээ, дулаанаар хангахгүй байгаа гэж үзэж байна.

2.3 Тус “ЭӨ” ХК-д удаа дараа хүсэлт гаргасан боловч хэлэлцээгүй. Гэрээний 3.1-т зааснаар хариуцагч нь төлбөр төлөөгүй тохиолдолд үнийн үнийн 0,1-0,5 хувиар тогтоосон бөгөөд яг хэдэн хувиар тогтоосныг доогуур нь зурж тэмдэглээгүй тул алданги төлөхгүй гэж үзэж байна. Миний хувьд халаалтын үндсэн төлбөр болох 552,684 төгрөгийг төлөхөд татгалзахгүй, харин алдангийг би төлөхгүй гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Дулааны эрчим хүчээр хангах, эрчим хүчийг хэрэглэх тухай 21 дугаартай гэрээ, И.Н гаас авах төлбөр болон алданги бодсон тухай ня-богоос гаргасан тооцоо, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/16 дугаар албан бичгээр өмгөөлөгч А.С д олгосон итгэмжлэл, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 00 дугаартай шийдвэр, “ЭӨ” ХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтыг нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн байна.

4.Хариуцагчаас шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээс өмнө нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар, 2014 онд халаалтын шугамыг тасалсан гэх 3 хуудас фото зураг зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

5.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох хариуцагч И.Н гаас дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 552684 төгрөг, алданги 72072 төгрөг, нийт 624756 /зургаан зуун хорин дөрвөн мянга долоон зуун таван зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЭӨ” ХК-нд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 204270 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч  И.Н  нь “ЭӨ” ХК-тай дулааны эрчим хүчээр хангах, эрчим хүчийг хэрэглэх тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 552,684 төгрөгийн үнэ бүхий дулааны эрчим хүч худалдаж авсан. И.Н  нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги нэмж нэхэмжилнэ. Хариуцагч И.Н  нь шүүхийн шийдвэрийн дагуу дулааны төлбөрөө төлж ирж байгаа. Иймд дулааны үндсэн төлбөр, алдангийг гаргуулах хүсэлтэй байна гэж тайлбарлажээ.

7.Хариуцагч И.Н  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... 2014 онд дулаан худалдах худалдан авах гэрээ хийсэн боловч тухайн гэрээнд талууд харилцан тохиролцож сунгалт хийгээгүй. Манай байр хүйтэн дулаан алддаг ба дулааны шугамыг гэрт бага насны хүүхэд сууж байхад дур мэдэн 3 хүн ирж инженерийн шугамын өөрчилж, тасалсан тул халаалт авч чадалгүй зутруу өвөлжин өдий хүрлээ. Миний хувьд үндсэн мөнгө болох 552,684 төгрөгийг төлөхөд татгалзахгүй, алдангийг би төлөхгүй, гэрээ байгуулаагүй гэж маргажээ.

8.Хавтаст хэрэгт авагдсан ЭӨ ХК болон И.Н  нарын хооронд байгуулагдсан гэрээгээр 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хангагч нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл халаалтын улирлын 7 сарын хугацаанд дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэгч нь халаалтын төлбөрт /сарын 42 м.кв талбайд 858.00 төгрөгөөр тооцож сард 36.036.00/ төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, талуудын хооронд Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан ба гэрээ хүчин төгөлдөр байх шаардлагыг хангасан байна. Тус гэрээний төгсгөлд уг гэрээг жил тутам сунгаж бичилт хийгдсэн байх бөгөөд уг гэрээний хугацаа 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгагдсан байна. /хх-ийн 5-6 дугаар тал/

9.Хэрэгт авагдсан иргэн И.Н гаас авах төлбөр, алданги бодсон хүснэгт болон талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр хэрэглэгч И.Н  нь 2010 оны 01 сараас 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, мөн тэрээр 2022 онд нэхэмжлэгч “ЭӨ” ХК-тай дулааны эрчим хүчээр хангах, эрчим хүчийг хэрэглэх тухай гэрээ байгуулаагүй хэдий ч 2022 оны халаалтын улиралд дулааны эрчим хүч худалдаж авсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдсон бөгөөд эрчим хүчний төлбөрт нийт 552,684 төгрөгийн төлбөрийг төлөөгүй буюу гэрээ болон Эрчим хүчний тухай хуульд заасан үүргээ зөрчсөн нь тогтоогджээ.

10.Хариуцагч дулааны төлбөрийг төлөөгүй үндэслэлээ 2014 онд дулааны шугамыг гэрт бага насны хүүхэд сууж байхад дур мэдэн 3 хүн ирж инженерийн шугамын өөрчилж, тасалсан мөн хангагч байгууллага гэрээнд заасан үүргээ зөрчсөн гэж тайлбарлах боловч хангагч байгууллагаас шаардлага хангаагүй дулаан түгээсэн, эсхүл хангагч байгууллагаас бусад байдлаар гэрээнд заасан үүргээ зөрчсөн үйл баримт хэрэгт авагдсан шууд нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

11.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1.-т хэрэглэгч нь хэрэглэсэн дулааны эрчим хүчний үнийг бичилт хийснээс хойш 5 хоногийн дотор төлөх үүрэгтэй. Сардаа багтааж төлөгдөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,1-0,5 хувиар тооцож алданги төлөхөөр харилцан тохиролцсон ба хариуцагч И.Н  нь алданги 0,1-0,5 хувиар тогтоосон бөгөөд яг хэдэн хувиар тогтоосныг доогуур нь зураагүй тул алданги төлөхгүй гэж тайлбарладаг боловч Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна” гэж заасан тул 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сар дуустал хугацааны төлбөр болох  144,144 төгрөгт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги тооцоход 72072 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, хариуцагчийн 204,270 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, талуудын хооронд  байгуулагдсан 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Дулааны эрчим хүчээр хангах эрчим хүчийг хэрэглэх тухай гэрээний хугацаа 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгагдсан байх тул тухайн хугацаа хүртэл алданги тооцож, харин уг хугацаанаас хойш талууд гэрээ байгуулаагүй байх тул тухайн хугацаанаас хойш хугацааны алдангийг хариуцагчаар төлүүлэх үндэслэлгүй болно.

12.Хэрэглэгч нь Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.2, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй байх тул хариуцагч И.Н гаас дулааны эрчим хүчний төлбөр 552.684 төгрөг, гэрээ болон Эрчим хүчний тухай хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги 72,072 төгрөг нийт 624,756 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, илүү нэхэмжилсэн 204,270 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,447 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ 624,756 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 19,393 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг тус тус баримтлан хариуцагч И.Н гаас дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 552684 төгрөг, алданги 72072 төгрөг, нийт 624756 /зургаан зуун хорин дөрвөн мянга долоон зуун тавин зургаан/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ЭӨ” ХК-нд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 204270 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24447 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Н гаас улсын тэмдэгтийн хураамжид 19,393 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЭӨ” ХК-д олгосугай

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.Ж