Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/242

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Азжаргал, орчуулагч О.Н , шүүгдэгч М.Б-д  түүний өмгөөлөгч Л.Батжав /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Азжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б-д холбогдох эрүүгийн 2539006520285 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн М.Б нь өөртөө шийтгэл оногдуулахгүй байх давуу байдлыг бий болгох зорилгоор 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгаас Б явах чиглэл буюу А0119 төв магистрал зам дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Форд П-150 загварын 86-78 УЕС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, уг тээврийн хэрэгслийг зогсоон шалгасан Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.О-ын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт шалгалт хийх албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 170,000 төгрөгийг өгөхөөр түүнд үйлдлээрээ санал болгож хахууль өгөхийг завдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн талаар маргахгүй тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно” гэж тус тус байр сууриа илэрхийлсэн бол,

Шүүгдэгч “Гэм буруугийн талаар ойлгосон. Маргах асуудал байхгүй, дахин ийм алдаа гаргахгүй байж чадна” гэж мэдүүлсэн болно.

Нэг.Хэргийн үйл баримтын талаар болон гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлийн талаар:

1.1.Хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт

Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн М.Б нь өөртөө шийтгэл оногдуулахгүй байх давуу байдлыг бий болгох зорилгоор 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгаас Б явах чиглэл буюу А0119 төв магистрал зам дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Форд П-150 загварын 86-78 УЕС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, уг тээврийн хэрэгслийг зогсоон шалгасан Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.О-ын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт шалгалт хийх албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 170,000 төгрөгийг өгөхөөр түүнд үйлдлээрээ санал болгож хахууль өгөхийг завдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

-Хохирогч О.О-ын “...Би өнөөдөр буюу 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр томилгоот хуваарийн дагуу 15 цагаас 18 цагийн хооронд Хэрлэн сумын 1-5-аар багт албаны КИА РИО маркийн 00-52 ХЭН улсын дугаартай тээврийн хэрэгслээр эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч С.Б-ын хамт үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Хэрлэн сумын 5 дугаар баг АО119 төв магистрал зам дээр 17 цаг 56 минутад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэх хугацаанд Хэнтий аймгаас Б  хот руу гарах чиглэлээс ирж байсан Форд П-150 маркийн 86-78 УЕС дохин зогсоон шалгах үед БНХАУ-ын 2 иргэн байсан ба жолооч М гэх *******тэй жолооч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан бөгөөд надад жолоодох эрхийн үнэмлэх байхгүй ээ гэж хэлээд М  гэх *******тэй жолооч надад мөнгө өгөх гэж оролдсон ба гартаа арван мянгатын монгол мөнгөн дэвсгэрт нугалаад барьчихсан өгөх гээд байсныг цагдаагийн газрын 102-т мэдэгдэж холбогдох албан тушаалтнуудад мэдэгдэн хүлээлгэн өгч ажилласан... Хуулийн дагуу шалгуулмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар тал),

-Тухайн үед би цагдаагийн албаны тээврийн хэрэгсэл дотор суурин станцаар жижүүрээс дуудлага хүлээж авч байсан. Энэ үед эргүүлийн цагдаа О.О нь хар өнгийн тээврийн хэрэгсэл шалгаж байгаад намайг дуудсан. Яваад очиход цагдаа О.О-ын зогсоогоод шалгаж байсан хар өнгийн тээврийн хэрэгсэлд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 2 иргэн байсан ба цагдаа О.О нь надад энэ жолооч нь Монгол Улсад тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхгүй юм байна. Тэгснээ надад бэлэн мөнгө өгөх гэж оролдож байна гэж хэлсэн. Тэгээд энэ талаар жижүүр лүү мэдэгдээд уг тээврийн хэрэгслийг нь би жолоодоод энгэрийн камер ажиллуулаад нөгөө Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 2 иргэнийг тээврийн хэрэгслийн ард талын суудалд суулгаад Цагдаагийн газарт авчирч ёс журмын эргүүл болон ерөнхий эргүүлд танилцуулж холбогдох албан тушаалтнаар шалгуулахаар илтгэх хуудас бичиж өгсөн. Мөн цагдаа О.О өгөх гэж оролдсон мөнгийг хүлээлгэж өгсөн, хүлээлгэж өгөх явцад тухайн мөнгө нь арван мянган төгрөгийн дэвсгэрт 17 ширхэг байсан юм. Тухайн үед бол Цагдаагийн албаны цахим системээс үнэмлэхтэй эсэхийг нь хайлт хийж үзсэн боловч мэдээллийн санд мэдээлэл байхгүй байсан. Гадаад улсын иргэний бүх төрлийн мэдээллийг Монгол Улсад түр оршин суух паспортын дугаараар хайлт хийж үзэх боломжтой... Би сүүлд очсон болохоор уг Хятад Улсын 2 иргэнтэй тулж харьцаагүй. О.О анх зогсоогоод тулж харьцсан. Гэхдээ би сүүлд очоод тухайн тээврийн хэрэгслийн жолооч нүдний шилтэй иргэнээс хаанаас хаашаа явж байгаа, хаана амьдарч юу хийж байгаа талаар нь асуухад би Б эд уурхай дээр ажиллаж байгаа манай жолооч аймагт үлдсэн одоо Б  рүү явж байна гэж хэлсэн. Монгол хэл мэдэж байсан ба миний ярьж байгааг ойлгоод асуусан асуултад хариулаад байсан. Тухайн үед бол жолоодох эрхийн үнэмлэхээ шалгуул, үнэмлэх байгаа юу, гэж асуухад байхгүй гэж хэлж байсан. Монгол хэрэглээний үгийг бол сайн ойлгож мэддэг байсан. Энгэрийн камерын бичлэгт Монгол хэл ойлгоод хариулаад байгаа нь харагдана...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дугаар тал),

-Гэрч С.Б-ын “...Би өнөөдөр буюу 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр томилгоот хуваарьт эргүүлийн дагуу албаны 15 цагаас 18 цагийн хооронд Хэрлэн сумын 1-5 дугаар багт албаны КИА РИО маркийн 00-52 ХЭН улсын дугаартай тээврийн хэрэгслээр үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Хэрлэн сумын 5-р баг АО119 төв магистрал зам дээр 17 цагийн орчимд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэх хугацаанд эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.О-ын хамт үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Хэнтий аймгаас Б  хот руу гарах чиглэлд Форд П-150 маркийн 86-78 УЕС дугаартай тээврийн хэрэгслийг дэд ахлагч О.О нь дохин зогсоон шалгах үед БНХАУ-ын 2 иргэн байсан ба жолооч М  гэх *******тэй жолооч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан ба дэд ахлагч О.О нь намайг дуудаж М  гэх энэ жолооч эрхийн үнэмлэхгүй байхгүй гээд надад мөнгө өгөх гэж оролдлоо гэж хэлсэн. Би тухайн гадаад улсын жолооч зорчигч 2-ыг арын суудал дээр нь салгаж суулгаж цагдаагийн газрын 102-т мэдэгдэж холбогдох албан тушаалтнуудад мэдэгдэн хүлээлгэн өгсөн... Голоор нь нугалсан арван мянгатын дэвсгэрүүд харагдаж байсан. Нийт 170,000 төгрөг буюу 17 ширхэг арван мянгатын дэвсгэрт байсан... М  гэх *******тэй иргэн нь ойр зуурын хэрэглээний үг мэдэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар тал),

-Гэрч О.О-ын “...Би Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасагт эргүүлийн цагдаа ажилтай. Миний хувьд 2023 оны 4 дүгээр сараас Хэнтий аймгийн Цагдаагийн газарт ажиллаж байна. Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасагт эргүүлийн цагдаагаар бол 2025 оны 6 дугаар сараас одоог хүртэл ажиллаж байна... Цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу би 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 15 цаг 00 минутаас 18 цаг 00 минутын хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт байрлах 1, 2, 3, 4, 5 дугаар багуудад Цагдаагийн газрын албаны тээврийн хэрэгсэл болох Киа Рио маркийн 00-52 ХЭН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хамт үүрэг гүйцэтгэдэг цагдаа, цагдаагийн дэд ахлагч С.Б-ын хамтаар үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байхад буюу 17 цаг 56 минутын үед замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг А0119 төв магистрал зам дээр ажиллаж байхад Хэнтий аймгийн төвийн 5 дугаар багаас Б руу гарах чиглэлд явж байсан хар өнгийн тээврийн хэрэгслийг зогсооход Форд П-150 маркийн 86-78 УЕС улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Уг тээврийн хэрэгсэлд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хоёр иргэн байсан ба уг тээврийн хэрэгслийг М гэх *******тэй Хятад Улсын иргэн нь жолоодож байсан. Уг иргэнээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байгаа эсэхийг асуухад байхгүй гэж хэлээд надад шууд хуйлсан бэлэн монгол мөнгөн дэвсгэрт өгөх гэж оролдсон. Тэгэхээр нь би дахин танд олон улсын жолооны үнэмлэх байгаа юу гэж асуухад харин байхгүй гэж хэлээд мөн нөгөө хуйлсан байсан мөнгөө удаа дараа өгөх гэж оролдсон. Тухайн үед би энгэрийн камераа ажиллуулаад Хятад Улсын иргэнтэй харьцсан надад мөнгө өгөх гэж байгаа үйлдэл нь камерын бичлэгт бичигдсэн байгаа. Тэгээд жижүүрийн шуурхай удирдлагын 102 тусгай дугаарын утсанд мэдэгдэж холбогдох албан тушаалтнаар шалгуулахаар Maxi B  гэх жолоочийг надад өгөх гээд байсан хуйлсан мөнгө болох арван мянган төгрөгийн 17 ширхэг дэвсгэрт болон гадаад паспортын хамтаар хүлээлгэн өгсөн... Би анх тээврийн хэрэгслийг зогсоогоод Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам код-д заасны дагуу өөрийн цол ******* албан тушаалыг хэлж, бичиг баримтаа шалгуулах талаар тээврийн хэрэгслийн жолоочид хууль ёсны шаардлага тавьсан. Жолоо барьж явсан Хятад улсын иргэн миний хэлж ярьж байгаа зүйлийг шууд ойлгоод хариулж байсан. Энгэрийн камерын бичлэгт дэлгэрэнгүй харагдана. Тухайн үед бол жолоочийг торгох талаар бол ямар нэг зүйл огт хэлээгүй, цаашлаад бэлэн мөнгөөр торгох талаар ямар нэг зүйл яриагүй. Тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан учраас Цагдаагийн газар луу авч явахаар болсон. Мөн намайг ажил үүргээ гүйцэтгэж байхад бэлэн мөнгө /хахууль/ өгөх гэж удаа дараа оролдсон учраас холбогдох албан тушаалтнаар шалгуулахаар авчирсан. Цагдаагийн газрын гадаа ирээд би уг тээврийн хэрэгслийн жолооч М-д надад өгөх гэж оролдсон мөнгөө машинаасаа авчих гэж хэлэхэд аан зоос уу, гэж хэлээд машиныхаа урд талын хайрцгаас надад өгөх гэж оролдсон мөнгөө аваад Цагдаагийн газар луу орсон. Ороод надад өгөх гэж байсан хуйлсан мөнгийг нь нэг бүрчлэн хүлээлгэн өгөхөөр дэлгэхэд нийт 17 ширхэг арван мянган төгрөгийн монгол мөнгөн дэвсгэрт байсан. Форд П-150 маркийн 86-78 УЕС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан М нь Монгол хэлээр асуудалгүй ярьж ойлголцож байсан ба Цагдаагийн газрын гадаа ирээд албаар монгол хэл ойлгохгүй болж эхэлсэн. Анх зогсоож шалгаад ярилцахад миний хэлсэн зүйлийг шууд л ойлгож надтай асуудалгүй ярьж байсан. Мөн орчуулагч байгаа юу гэхэд шууд ойлгоод утсаар хүнтэй ярьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-65 дугаар тал),

-Гэрч Д.Б-ын “...Би Б  тосгоны зүүн урд талд байрлах хуучнаар Дэлгэрхааны уурхайд “Баян чулуут” ХХК-д туслах ажилтан хийдэг юм. Өнгөрсөн жил манай компанитай “Ариун жонш” ХХК нь туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм. Тэгэхэд буюу 2024 оны 10 дугаар сараас тухайн хятад “Ариун жонш” ХХК-иас жонштой шороо авдаг гээд Дорноговь аймаг Б  хоёрын хооронд ирж очоод явдаг байсан. Би яг нарийн зүйлийг нь мэдэхгүй байна. Намайг Б  дээр байхад М  хятадын хамт явж байгаа хятад нь манайд ажиллаж байгаа Жинха гэх хятад руу утсаар залгаад цагдаа дээр саатуулагдчихлаа гэж хэлсэн гэсэн тэгээд Жинха намайг хамт явчих гэхээр нь Жинхатай хамт цагдаа дээр ирсэн юм. Тэрнээс бол энэ хоёрын талаар нарийн зүйлийг мэдэхгүй байна...Манай уурхай нь жоншны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг...Энэ хоёр хятад манай уурхай дээр ажилладаггүй, М  нь бол өнгөрсөн жилийн үлдсэн шороогоо авна гээд яваад байгаа гэсэн, харин гэх хятадыг нь бол огт мэдэхгүй...Баримт бичиг нь бүрэн байх, хаврын шалгалтаар аймгийн Тагнуулын байгууллага ирж шалгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр тал),

Гэрч F-ийн “...2025.06.21-ний өдөр 1 сарын визээр Хятад Улсаас Монголд орж ирсэн. Монголд байдаг уурхайн ажил маань юу болж байгаа талаар шалгах гэж ирсэн. Өчигдөр Б тосгонд байж байгаад Б ээс аймгийн төв рүү жоохон ажил хөөцөлдөхөөр ирээд буцаж явсан юм... Б  тосгонд манай найз жоншны үйлдвэртэй юм. Найзтайгаа уулзахаар ирчихсэн байсан юм... B  манай найзын уурхайг торгох гэж байгаа юм бол энэ мөнгийг авч болно хэрэв торгохгүй бол энд нь үлдээе гэсэн утгатай юм ярихад шалгаж байсан цагдаа хахууль өгөх гэж байна гэж байна гэж буруугаар ойлгосон байх тэрнээс бол манай найз B тухайн цагдаад мөнгө өгөх гэсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар тал),

-Яллагдагч М -гийн “...Би өмнө нь яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Би энэ тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, тогтоолтой холбоотой ямар нэг санал хүсэлтэй, хэргээ хялбаршуулаад түргэн шуурхай шийдүүлэх хүсэлтэй байна... Миний буруу өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 89-90 дүгээр тал) зэрэг баримтууд болно.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирүүлсэн цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...жолооч баруун гартаа мөнгөн дэвсгэрт хуйлаад барьчихсан цагдаагийн алба хаагчид өгөх гээд баруун гараа 3-4 удаа цагдаа алба хаагч руу явуулав... тээврийн хэрэгслийн жолооч баруун гартаа барьсан байсан хуйлсан мөнгөө цагдаагийн алба хаагчид дахин өгөхөөр 3 удаа баруун гараа цагдаагийн алба хаагч руу явуулав...” гэж тэмдэглэгдсэн байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн М.Б нь өөртөө шийтгэл оногдуулахгүй байх давуу байдлыг бий болгох зорилгоор 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгаас Б явах чиглэл буюу А0119 төв магистрал зам дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Форд П-150 загварын 86-78 УЕС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, уг тээврийн хэрэгслийг зогсоон шалгасан Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.О-ын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт шалгалт хийх албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 170,000 төгрөгийг өгөхөөр түүнд үйлдлээрээ санал болгож хахууль өгөхийг завдсан байна.

1.2.Гэм буруутайд тооцох хууль зүйн дүгнэлтийн талаар:

Прокуророос шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна гэж дүгнэлээ.

Гэхдээ прокурор хэргийн үйл баримтыг дүгнэхдээ “шүүгдэгчийг өөрийн үйлдлээрээ санал болгож хахууль өгөхийг завдсан” гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаагүй байна.

Тодруулбал, албан тушаалтанд хахууль өгсөн боловч авахаас татгалзсан бол хахууль өгөхийг завдсан этгээдийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлд зааснаар зүйлчилнэ.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч М Б (М ) нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хохирогч О.О 170,000 төгрөгийг өгөх гэсэн боловч хохирогч буюу албан тушаалтан авахаас татгалзсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд шүүгдэгчийг хахууль өгөхийг завдсан гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч М Б (М )-г  гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч М Б (М )-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгөхийг завдсан” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг Хахууль өгөхөөр завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

2.1.Шүүгдэгч М Б (М )-г өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгөхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4,000 (дөрвөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 (дөрвөн сая) төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх саналыг гаргасан бол,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх үндэслэл байгаа. Тиймээс шүүх хуульд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, эсхүл хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү” гэх утга агуулга бүхий саналыг гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийг улсын яллагчаас 4000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал гаргасан нь хэдийгээр үндэслэлтэй боловч түүнийг “Хахууль өгөхийг завдсан” гэж дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэхээр завдсан этгээдэд оногдуулах ял нь төгссөн гэмт хэрэгт оногдуулах ялаас ямагт бага байх ёстой бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхээр завдсан этгээдэд оногдуулах ялын доод хэмжээг зохицуулаагүй боловч завдсан үйлдэлд оногдуулах ялын доод хэмжээг тусгай ангид заасан ялын доод хэмжээнээс доогуур оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ. Харин шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх шаардлагагүй гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч М Б (М )-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 2,000 (хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Ялтнаар торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

2.2.Бусад шийдвэрийн талаар

Шүүгдэгч М Б (М ) нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 170,000 төгрөгийг улсын орлого болгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч М Б (М )-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгөхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М Б (М )-г нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 2,000 (хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Шүүгдэгч М Б (М )-с энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах өдөр хүртэл хэрэгт хадгалсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 170,000 (нэг зуун далан мянга) төгрөгийг улсын орлого болгосугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            А.МӨНХСАЙХАН