| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2023/00759/И |
| Дугаар | 102/ШШ2023/01134 |
| Огноо | 2023-03-23 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2023/01134
Нэхэмжлэгч Ж.Д
Хариуцагч Б.Бд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 9.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Д, хариуцагч Б.Бөд холбогдуулан 9.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“В” салоны гүйцэтгэх захирал Ж.Д 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн үсчин, гоо сайхны сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Хөдөлмөрийн гэрээ” байгуулж тус байгууллагад Б.Бийг үндсэн ажилтнаар ажилд авсан.
“Хөдөлмөрийн гэрээ”-ний үндсэн нөхцлийн 1 дүгээр зүйлийн 1.9 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний үйлчлэх хугацааг харилцан тохиролцож 3 жилийн хугацаагаар байгуулж гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан.
Гэвч хариуцагч 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилдаа ирээгүй.
Хариу тайлбар өгөхдөө даргаа би ажилдаа очно, эгчид асуудал гарсан гэх тайлбартай захидал явуулсан.
Манай байгууллагын олох ёстой өдрийн орлого цаашлаад сарын орлого хэвийн үйл ажиллагаа явуулдаг үеэсээ тодорхой хэмжээнд буурман.
Энэ талаар Б.Бөд 12 дугаар сард утсаар залгаж хэлэхэд “би ажилдаа очихгүй” гэж захидал явуулсан.
Иймээс ажилтан Б.Б “Хөдөлмөрийн гэрээ”-ний 1 дүгээр зүйлийн 1.9, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтуудыг зөрчсөн учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас гэрээний үүүргийн дагуу 10,11,12 дугаар саруудын дундаж орлого 9.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хөдөлмөрийн гэрээ 1999 оны хууль, “Хөдөлмөрийн гэрээ”-г 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хийсэн.
Тус хуулийн буюу 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэж заасан.
Энэ гэрээ энэ заалтыг зөрчсөн. Талууд харилцан хугацаагаа тохиролцоно гэж заасан боловч тухайн заасан заалтад ямар хугацааны улмаас яагаад, ямар шалтгааны улмаас хугацаатай байгуулж байгаа гэдгийг зөрчиж гэрээ байгуулсан.
Шинэ хууль буюу 2021 оны Хөдөлмөрийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар бусад тохиолдолд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан байх ёстой.
Гэтэл энэ гэрээ хугацаа зөрчиж байгуулагдсан зохицуулалттай. Нэхэмжлэлийн шаардлагыг ойлгохгүй байна.
10,11,12 дугаар сарын буюу хариуцагчийн ажиллаагүй байсан үеийн сарын дундаж орлого 9.000.000 төгрөгийг нэхэмжилж байх шиг байна.
Энэ саруудад ийм орлого олно гэдгээ яаж тодорхойлж байгаа бэ?
Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд заасныг зөрчиж 2022 онд ажлаасаа гарч байгаа тул 2021 оны Хөдөлмөрийн тухай хууль үйлчилнэ.
Тухайн үед ажилтан ажил олгогч нарын хооронд байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-г аль ч цагт цуцлах эрхтэй.
Цуцалснаас үүдсэн гэм хорын хохирлын асуудал байна.
“Хөдөлмөрийн гэрээ”-гээр үүссэн гэм хорын хохирлыг авна гэдэг үг, үсэг байхгүй. Яг юу нэхэмжилж байгааг ойлгохгүй байна.
“Хөдөлмөрийн гэрээ”-г 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэж заасан.
Гэрээг хугацаанаас өмнө цуцлахад энэ байгууллагад ямар гэм хор учирсан бэ? гэдэг асуудал яригдах ёстой.
Учирсан гэм хороо талуудын хооронд байгуулсан гэрээнд тусгайлан заасан бол авах эрх нь нээгдэнэ.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл “Хөдөлмөрийн гэрээ”-ний 1 дүгээр зүйлийн 1.9, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг судлахаар “Вилла” салон хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн хууль тогтоомж болон энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд эрэгтэй, эмэгтэй үс засалтаар үйлчлүүлэгчийн сэтгэлд нийцүүлэн засаж, хохирол гаргасан тохиолдолд өөрөө бүрэн хариуцна гэж заасан.
Хохирол гарсан бол өөрөө хариуцан гэдэг нь ямар хохирол гарсан бэ?
Гэтэл нэхэмжлэлийн шаардлага 10,11,12 дугаар сарын дундаж орлого.
Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн дотоод журам, гэрээ, хамтын гэрээг мөрдөж ажиллана гэсэн үүрэг бий.
Хэрвээ мөрдөж ажиллаагүй бол ямар гэм хор учирсан бэ? Хохирол өгөх асуудал яригдах юм бол “Хөдөлмөрийн гэрээ”-тэй холбоотой гомдлоо гаргаж байна.
“Вилла” салоны захирал Ж.Д гэдэг хүн 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш хариуцагч ажилдаа ирээгүй гэжээ.
Энэ өдрөөс хойш маргаан үүсэж Б.Б ажилдаа ирэхгүй юм байна гэдгийг мэдсэн байна.
Гомдол гаргахад хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана.
2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2 дахь хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдсэн өдрөөс хойш 90 хоногийн дотор маргааныг үүсгэх буюу гомдлоо гаргана.
2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш тоолох юм бол 10 дугаар сарын 24-ний өдөр, 11 дүгээр сарын 24-ний өдөр, 12 дугаар сарын 24-ний өдөр буюу байгууллагын шаардах эрхийн хугацаа дууссан.
Анх нэхэмжлэлээ 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан.
Гэрээтэй холбоотой асуудал яригдаж байна. Шүүхээр шууд хянан шийдвэрлүүлэх маргаан гэж байна.
Маргааны талаар авч үзэхэд ажил олгогч хохирлоо эд хөрөнгийн хохирол төлүүлэх тухай ажил олгогчийн нэхэмжлэл гэж байна.
Яг ямар эд хөрөнгийн хохирол учирсан бэ? Олох ёстой байсан орлого гэж байгаа бол ажилдаа ирээгүй тул олох ёстой байсан орлогыг өгөх талаар гэрээнд заагаагүй байж юуг үндэслэж нэхэмжилж байгаа нь тодорхой бус байна.
Хөдөлмөрийн эрхлэлтийн маргаан таслах комисс 20-оос доош ажилтай байвал хөдөлмөрийн эрхлэлтийн маргаан таслах комисс биш сум, дүүргийн маргаан зохицуулах гурван талт хороогоор ороорой гэдэг зохицуулалт байдаг.
Маргаан таслах комиссоор орох эсэх талаар үзэхэд яг юуг үндэслэсэн бэ? Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байхгүй. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ үнэхээр орлогоор асуудлаа тодорхойлж байгаа бол ажил олгогч эд хөрөнгийн бүрэн хариуцлагыг жагсаалтаар баталж, журам гаргаж тухайн хүнтэй эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж, ажлаа шууд орхиж явж болохгүй.
Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгээр зохицуулна гэж.
Гэтэл онцгой нөхцөлтэй гэж байна. Энэ гэрээ онцгой нөхцөлтэй гэрээ биш.
Онцгой нөхцлийн гэрээг удирдах албан тушаалтантай хийх гэрээ.
Хариуцагч удирдах албан тушаалтан биш энгийн нэг үсчин.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан. Онцгой нөхцөлтэй байсан ч тухайн гэрээ хугацаагүй байх ёстой.
Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нь гэрээнд агуулаагүй. Яг юунаас үүдэлтэй гэрээгээр нэхэж байгаа нь тодорхой бус, ажлаа хаяж явснаас үйлдэлтэй техник хэрэгсэл, эд хөрөнгө устгасан байсан ч , үүрэг өгөөгүй ч гэсэн ажилдаа ирээгүй бол хязгаарлагдмал хариуцлага хүлээж цалин хөлсөөр гэм хороо төлөх байх.
Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй.
Ганцхан хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хавтаст хэргийн 17 хуудсанд нэхэмжлэгч өөрөө өөрийгөө тодорхойлсон.
Хавтаст хэргийн 16 дугаар хуудсанд “Хөдөлмөрийн гэрээ”-ний 135 дугаар зүйл. 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд зарим үүрэг бүхий хариуцлага буюу жирэмсэн эмэгтэй хүмүүсийн зохицуулалт байдаг.
Талуудын хүлээх хариуцлага гэдэг дээр хэрвээ сахилгын асуудал үүссэн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу цуцална.
Сахилгын шийтгэлийг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ногдуулна.
Өнөөдөр Б.Б ажлаа хаяж явсан бол ажлаас халсан тушаал хаана байна бэ? Тушаал байхгүй.
Юуг үндэслэж нэхэмжил гаргаж байгаа нь тодорхой бус.
Хариуцагчийг ажиллаагүй байхад ийм орлого олох ёстой байсан гэдгийг хэн нотлох бэ? Орлого олоогүй байсан ч юмуу? хэн ч мэдэхгүй.
Бүх баяр ёслол дууссан. Үзлэг хийсэн тэмдэглэл байна.
Хариуцагч “би ажилдаа очихгүй” гэдгээ 2022 оны 10 дугаар сараас эхлэн удаа дараа мэдэгдсэн.
Гэвч нэхэмжлэгчийн зүгээс хоёулаа онцгой нөхцөлтэй гэрээ байгуулсан гэдэг.
Энэхүү үйл баримтаас харахад хариуцагч залуу хүүхэд. Хууль мэдэхгүй гэдгийг далимдуулан нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэрээ байгуулж, байгуулсан гэрээгээ барьж нэхэмжлэх зохицуулалт гэрээнд нь байхгүй.
Иймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.
3.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:
4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Г.Бд олгосон “Итгэмжлэл”, 2022 оны “Цалингийн тодорхойлолт”, 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх Хас банкны 0 дугаартай дансны хуулга, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх Хас банкны 0 дугаартай дансны хуулга, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх Хас банкны 0 дугаартай дансны хуулга, 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн мемориалын ордер, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээ”, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “В” ХХК-ийн “Тодорхойлолт”
5.Хариуцагчаас иргэний үнэмлэхний лавлагаа, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”, хариу тайлбар, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх Хас банкны 0 дугаартай дансны хуулга, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх Хас банкны 0 дугаартай дансны хуулга, 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр М.Сд олгосон “Итгэмжлэл”
6.Нэхэмжлэгчийн хүсэлтээр 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэл
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шаардах эрхийн үндэслэлээ “хариуцагч ажилдаа ирээгүй, гэрээгээ зөрчсөн учраас байгууллагад учруулсан олох ёстой орлогоо нэхэмжилж байна” гэж тайлбарлав.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа “нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, юу шаардаад байгаа нь ойлгомжгүй. Хариуцагч ажлаасаа гарлаа гэдгээ мэдэгдсэн, гомдол гаргах хугацаа өнгөрсөн, хөдөлмөрийн гэрээгээр тохирсон зүйл байхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж илэрхийлж байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.
5.2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч Б.Б, “В” ХХК-тай “Хөдөлмөрийн гэрээ” байгуулж, Зайсан старын “В” салонд үсчингээр 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай, сарын үндсэн цалингийн хэмжээ 50-60 хувь байхаар, ажиллах нөхцөл энгийн, ажлын цаг 11-21 цаг, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэхээр гэрээ хийгдсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
6.Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Хөдөлмөрийн гэрээ”-г “В” ХХК-тай хариуцагч байгуулсан талаар маргахгүй байна.
7.Зохигчдын тайлбар, хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ж.Д, хариуцагч Б.Б нарын хооронд хүсэл зоригоо илэрхийлж, хууль зүйн үр дагаврыг бий болгосон хэлцэл хийгдээгүй буюу харин “Вилла” ХХК, хариуцагч Б.Бийн хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн болох бичгийн баримтаар нотлогдож байна.
8.Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээ нь иргэний эрх зүйн үүргийн нэг төрөл бөгөөд бусад гэрээний адил Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан нийтлэг үндэслэлд хамаардаг.
9.Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох баримтаар нотлож чадаагүй мөн шаардах эрхгүй этгээд байх тул шүүх 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан “Хөдлөмөрийн гэрээ”-г дүгнэх боломжгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
10.Энэ шийдвэр нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд дахин нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдах нь зүйтэй.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158.950 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар сарын 42.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Дгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Бөд холбогдох хохиролд 9.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158.950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА