| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 303/2025/0200/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/225 |
| Огноо | 2025-08-01 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Н.Зулаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/225
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Н.Зулаа,
Нарийн бичгийн дарга: М.Золбоот,
Хохирогчийн өмгөөлөгч: Б.Бурмаа,
Шүүгдэгч: Б.*******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Зулаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414006370255 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн ******* /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.*******ийг Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сум 9 дүгээр баг Шинэ суурьшлын бүсийн хажуугийн улсын чанартай авто зам дээр Хьюндай Портер-II (Hyundai Porter 2) маркийн 49-88 УКС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалтын "Замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино", мөн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7.а дахь заалтын "Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам дээр хөдөлгөөнд оролцож байсан 81-10 БНН улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг мөргөж, машин замын хажуу руу онхолдон улмаар тээврийн хэрэгслийн жолооч *******ын эрүүл мэндэд сээрний 4, 5 дугаар нугалмын их биеийн хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.*******ийн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт хх-ийн 20-22 дугаар хуудас, хохирогч *******ын мэдүүлэг, хх-ийн 66-67 дугаар хуудас, иргэний хариуцагч *******ын мэдүүлэг хх-ийн 79-80, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл хх-ийн 45-47 дугаар хуудас, шинжээч *******, ******* нарын мэдүүлэг хх-ийн 159-160, 164-165 дугаар хуудас, Энх-Нахиа ХХК-н шинжээчийн дүгнэлт хх-ийн 90-95 дугаар хуудас, Баянхонгор аймгийн авто тээврийн төв шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 25/01 дугаар дүгнэлт хх-ийн 103-110, Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 551 дугаартай дүгнэлт хх-ийн 39-41 дүгээр хуудас, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 96 дугаартай дүгнэлт хх-ийн 136-140 дугаар хуудас, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 06 дугаар сарын 12-ний өдрийн 76 дугаартай дүгнэлт хх-ийн 153-154 дугаар хуудас, Шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны 66 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчаас шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч Б.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү, шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар: Прокуророос санал болгож шүүгдэгч Б.******* хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жил хоёр сарын / 3 жил 2 сар/ хугацаагаар хасаж, нэг жил таван сарын / 1 жил 5 сар / хугацаагаар тэнсэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жил хоёр сарын / 3 жил 2 сар/ хугацаагаар хасаж, нэг жил таван сарын / 1 жил 5 сар / хугацаагаар тэнсэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдав.
Мөрдөн байцаалтын явцад шүүгдэгчээс хохирогчид 14.000.000 төгрөг эмчилгээний зардал нөхөн төлсөн бөгөөд хохирогч *******ын сэтгэцэд учирсан хор уршгийг 1 дүгээр зэрэглэлээр тогтоосон шинжээчийн 0825/076 дүгнэлт гарсан боловч хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг нэхэмжлэхгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.*******ийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Мөн хохирогч ******* нь энэ гэмтлийн улмаас эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн бөгөөд эрүүл мэндийн даатгалын санд 221148 төгрөгийн зардлыг шүүгдэгч Б.******* нь төлсөн байх тул Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч Б.*******ийн жолоочийн үнэмлэх хураан ирүүлснийг хэрэгт хадгалж шийдвэрлэв.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 16-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд 7, 8, 9 гэсэн заалтыг нэмж, уг хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8-д “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй” гэж нэмж хуульчилсан байгааг дурдах нь зүйтэй байна.
Мөн Улсын Их Хурлаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 5 гэсэн хэсгийг нэмсэн бөгөөд уг хэсгийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилж уг хэсэгт яллагдагчийн хүлээн зөвшөөрсөн прокурорын саналд нийт 12 зүйлийг тусгаж хэрэгт хавсаргахаар хуульчилсан багаа шаардлагыг хангасан байна гэж үзлээ.
Мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 7 гэсэн заалтыг нэмж прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад 6 зүйлийг тусгахаар хуульчилсныг цаашид анхаарах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл ийн 2 дахь хэсгийн 2.1 -д заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг баримтлан Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жил хоёр / 03 жил 2 сар / сарын хугацаагаар хасаж, нэг жил таван / 01 жил 5 сар / сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.*******эд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэг Б.******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн
шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-т зааснаар шүүгдэгч Б.******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жил хоёр / 03 жил 2 сар / сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан үеэс эхлэн тоолохыг Баянхонгор аймаг.дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар даалгасугай.
7. Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн учир хохирогч, иргэний нэхэмжлэгч байгууллагад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д
зааснаар хэрэгт шүүгдэгч Б.*******ийн “В’ ангиллын 244516 дугаартай жолоочийн үнэмлэх хураагдаж ирсэнийг хэрэгт хадгалсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын /яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8-д зааснаар гагцхүү Эрүүгийн хэр'эг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ