| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2023/00491/И |
| Дугаар | 102/ШШ2023/01231 |
| Огноо | 2023-03-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2023/01231
Нэхэмжлэгч ”ТС ББСБ” ХХК
Хариуцагч Ж.Мд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 48.672.787 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э
Хариуцагч Ж.М
Хариуцагчийн өмгөөлөгч О.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ”ТС ББСБ” ХХК, хариуцагч Ж.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 48.672.787 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:
3.Нэхэмжлэгч ”ТС ББСБ” ХХК, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна.
Хууль болон гэрээнд зааснаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээлэхээр заасны дагуу гэрээг хийсэн.
Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.3 дахь хэсэгт зааснаар эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэсний дагуу банк эрх бүхий этгээдийн зээлийн үйл ажиллагаа явуулах этгээдийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт зааснаар зээлдэгч зээлийн зориулалт, зээлийн хүү болон хугацаа, нөхцлийн талаар харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээх эрх олгосон.
Үүний дагуу зээлийн гэрээ байгуулсан тохиолдолд хариуцагч дээрх хуулийн заалтын дагуу зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгө түүний хүү буцаан төлөх үүргийг хүлээдэг.
Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй, зээлдэгчийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэсний дагуу шаардаж байна.
Энэ бүхнийг гэрээнд тодорхой заасан. Зээлдэгчийн хариуцлагыг мөн тодорхой заасан.
Үүний дагуу үндсэн зээл болон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шаардаж байна.
Зээл төлөлтийн үлдэгдэл төлбөр 17.320.044 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл үндсэн зээл, хүүгийн төлбөр 26.127.286 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг 20 хувиар бодоход 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 5.225.457 төгрөг нийт 48.672.787 төгрөгийг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү, гэжээ.
4.Хариуцагч Ж.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 0 дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулсан нь үнэн бөгөөд нэхэмжлэлд дурдсан үндсэн зээлийн үлдэгдэл болох 17.320.044 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.
Харин нэхэмжлэлд дурдсан хүү 26.127.286 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.225.457 төгрөг төлөх мөн барьцаагаар хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Өмгөөлөгчийн хэлсэн дээр нэмж хэлэхэд тодорхой хэмжээнд зээлээ авсан үнэн.
Барилга дээр ажил хийхэд энэ мөнгийг зарцуулна гэж зээлээ авсан.
Ажлаа хийж явах үед бизнесийн эрсдэл үүсэж мөнгөө төлөх чадваргүй болсон.
Өнөөдрийг хүртэл төлөх боломжтой үедээ зээлээ төлж байсан боловч алдагдалд орсон тул эрсдэлээс гарч чадахгүй байна.
Энэ хавраас ажлаа эхэлж байгаа тул зээлээ төлнө гэсэн бодолтой байна, гэжээ.
5.Хэрэгт цугларсан нотлох баримтууд:
6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Б.Эт олгосон “Итгэмжлэл”, 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0 дугаартай “Зээлийн гэрээ”, 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0 дугаартай “Барьцааны гэрээ”, 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 0 дугаартай “Итгэмжлэл”, Зээл хүсэгчийн өргөдөл, 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Мемориалын баримт, 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Мемориалын баримт, Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
8.Хариуцагчаас 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны Ж.Мийн Хаан банкны 0 дугаартай дансны хуулга, 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны Ж.Мн Хаан банкны 0 дугаартай дансны хуулгыг өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдснийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шаардах эрхийн үндэслэлээ “хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэж тайлбарлав.
3.Хариуцагч Ж.М нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа “Зээлийн төлбөрт 17.320.044 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Үлдэгдэл төлбөрийг зөвшөөрөхгүй. Хийхээр төлөвлөсөн ажилд эрсдэл гарч зээлээ төлж чадаагүй. Одоо хаварын ажил эхэлж байгаа болохоор төлнө. Барьцаа хөрөнгийн тухайд манай эхнэрийн нэр дээр байгаа учраас зөвшөөрөхгүй” гэж илэрхийлж байна.
4.Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч “ТС ББСБ” ХХК, хариуцагч Ж.Мэй 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 0 дугаартай “Зээл болон барьцааны гэрээ” байгуулж, өрхийн хэрэглээний зориулалтаар 30.000.000 төгрөгийг, сарын 3.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, олгосон зээлийн үнийн дүнгээс нэг удаа 1 хувийн зээл олгосны шимтгэл төлөх, гэрээний хугацаа хэтэрсэн тохиолдолд хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ.
6.Талууд гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Н.Мын өмчлөлийн Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Зүүн ард Аюушийн 0 дугаар гудамжны 0 дугаартай, 499 метр квадрат талбайтай, Г-0 улсын бүртгэлийн дугаартай газар мөн дүүрэг, хаягт байрлах 57.68 метр квадрат талбайтай, Ү-0 улсын бүртгэлийн дугаартай хувийн орон сууцыг барьцаалан “Барьцааны гэрээ”-г байгуулсан болох нь тогтоогдож байна.
7.Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.
8.Хавтас хэргийн 3,4 дүгээр хуудсанд авагдсан Улсын бүртгэлийн 0 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ, 0 дугаартай Санхүүгийн зохицуулах хорооноос 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр олгосон “Тусгай зөвшөөрлийн” гэрчилгээгээр “ТС ББСБ” ХХК зээлийн үйлчилгээний үйл ажиллагааг эрхлэх эрхтэй хуулийн этгээд болох нь батлагдаж байна.
9.Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1 дэх хэсэгт банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээхээр заасны дагуу зохигчид 30.000.000 төгрөгийг шилжүүлсэн авсан, өгсөн талаар хэн аль нь маргаагүй тул нэхэмжлэгч зээлийн төлбөрийг төлөхийг шаардах эрхтэй.
10.Хариуцагч зээлийн үнийн дүнг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байгаа боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, зээл эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн нь нотлох баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүг төлөх ёстой.
-Талуудын зээлийн тооцоололыг бодоход:
-Хариуцагч 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 17.320.044 төгрөг байгааг зөвшөөрч байна.
Тиймээс 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 2 жил, 6 сар, 11 хоног байна.
-17.320.044 төгрөг /үндсэн зээл/ х 3.5 % = 606.201.54 төгрөг / сарын хүү/
-606.201.54 төгрөг / сарын хүү/:30 /хоног/= 20.207 төгрөг /өдрийн хүү/
-2 жил /24 сар/х 606.201.54 = 14.548.837 төгрөг
-6 сар х 606.201.54=3.637.209.24 төгрөг
-11 хоног х 20207 = 222.277 төгрөг
-17.320.044 төгрөг + 18.408.323.24 төгрөг = 35.728.367 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 48.672.787 төгрөг-35.728.367.төгрөг=12.944.420 төгрөг мөн “Барьцааны гэрээ”-г Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2,166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасны дагуу талууд бичгээр байгуулсан хэдий ч мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх үндэслэл шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох нь хуульд нийцнэ гэж үзээд энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
11.Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 183 дугаартай “Тогтоол”-ын 8 дугаарт банк, банк бус, санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх” гэж заасны дагуу зээлийн төлбөрөөс нэмэгдүүлсэн хүү 5.225.457 төгрөгийг чөлөөлөх боломжтой байна.
12.Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.6 дахь хэсэгт зааснаар зээлд олгосон 30.000.000 төгрөгийн 1 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг банкинд төлсөн төлбөртэй хариуцагч маргаан үүсгэж шүүхэд хандаагүйг дурдах нь зүйтэй.
13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 471.514 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 336.591 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 153 дугаар зүйлийн 153.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Мээс зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 35.728.267 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ТС ББСБ” ХХК-д олгож, үлдсэн 12.944.420 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 471.514 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 336.591 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА
.