Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 289

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга  И.Ууганзаяа,

Улсын яллагч Б.Батхишиг,  

Шүүгдэгч Э.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бордууд овогт Эрдэнэбилэгийн Энхбатад холбогдох эрүүгийн 1703000010013 дугаартай хялбаршуулсан хэргийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашаан 15 дугаар гудамж 781 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай гэх Бордууд овогт Эрдэнэбилэгийн Энхбат, РД:ПБ79021973.

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Э.Энхбат нь 2017 оны 7 дугаар сарын 18-ны орой 18 цаг 55 минутын орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 5-н буудлын замд “Тоёото Приус” маркийн 32-14 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасан “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас А.Анандын жолоодон явсан улсын дугааргүй мотоциклийг мөргөн А.Анандын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Энхбат нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Эрүүгийн 1703000010013 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Э.Энхбат нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 19 цаг өнгөрч байхад “Тоёота Приус” маркийн 32-14 УНМ дугаартай авто машиныг жолоодоод 5 буудал төвийн доод талаас гарцаар ороод нэгдүгээр эгнээгээс зүүн гар тийш эргэх гэж байхад дороосоо дээшээ явсан нэг хөх өнгийн мотоциклтой мөргөлдсөн. Нөгөө мотоциклтой хүн зүүн урд хэсэг рүү мөргөөд газарт унасан. Би Анандад нийт эмчилгээний зардал болон мотоциклын эвдрэлийн үнэлгээгээр гарсан мөнгийг төлж барагдуулаад хоорондоо учраа ололцоод одоо ямар нэг гомдол санал байхгүй болсон…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

            Хохирогч А.Ананд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр би ажлаа тараад 18 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 5-н буудлын замаар урдаасаа хойшоо лагер орох гээд 2-р эгнээгээр ойролцоогоор 30 гаран км цагийн хурдтай явж байхад замын ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш зам хөндлөн нэвтрэх гэж байгаа байдалтай нэг саарал өнгийн “Тоёота Приус” маркийн авто машин зогсож байсан ба би нөгөө машиныг хараад консоо базаад тоормоз, хаазаа өгөхөө мэдэхгүй хэсэг хөдөлгөөнөө сааруултал нөгөө машин хөдлөх шинжгүй байрандаа зогсоод байхаар нь араагаа 2-р араанд хийгээд урагшилтал нөгөө машин гэнэт урагшлаад хоорондоо мөргөлдсөн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹9279 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. А.Анандын биед баруун талын 10,11,12-р хавирганы хугаралтай, баруун ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно…” гэжээ. /хх-ийн 29 дүгээр хуудас/,

 

            Техникийн шинжээчийн ¹168 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...

  1. Тоёота приус маркийн 32-14 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Энхбат нь МУ-ын ЗХД-ийн 7.7 “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
  2. Мотоцикль жолоодож явсан А.Ананд нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна…” гэжээ /хх 31дүгээр хуудас/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-8/, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх 11-12/, тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай тэмдэглэл /хх 13/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 21/, “Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх 34-35/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 36/, хохирогчийн гомдол саналгүй гэсэн хүсэлт /хх47/, иргэний үнэмлэхний хуулбар /хх 42/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 50/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Э.Энхбат нь 2017 оны 7 дугаар сарын 18-ны орой 18 цаг 55 минутын орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 5-н буудлын замд “Тоёото Приус” маркийн 32-14 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасан “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас А.Анандын жолоодон явсан улсын дугааргүй “shangdong LD450” загварын мотоциклийг мөргөн 460.000 төгрөгийн гэмтэл, хохирогч А.Анандын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Энхбатын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Анандын мэдүүлэг, ШШҮХ-ийн шинжээчийн №9279 дугаартай дүгнэлт, Техникийн шинжээчийн ¹168 дугаартай шинжээчийн дүгнэлт, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэрэг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

          Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Э.Энхбатад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Э.Энхбатыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Э.Энхбатын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд энэ хуулийн тусгай ангид заасан торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Мөн шүүгдэгч Э.Энхбатад ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

Хэрэгт авагдсан хохирогч А.Анандаас бичгээр гаргасан хүсэлтдээ “хохиролд 2.000.000 төгрөг бэлнээр авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа. 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Энхбат нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                           

                                                                                                                   ТОГТООХ нь:

1. Бордууд овогт Эрдэнэбилэгийн Энхбатад автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхбатад 451 /дөрвөн зуун тавин нэг/ нэгжээр буюу 451.000 /дөрвөн зуун тавин нэгэн мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхбатад оногдуулсан 451 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 451.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.Энхбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхбат нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Энхбатад урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН