Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2021/ДШМ/695

 

Б.О, Б.Т, П.Б, В.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Оюунбат,

шүүгдэгч Б.О,

шүүгдэгч Б.О, Б.Т нарын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа

шүүгдэгч П.Б-ийн өмгөөлөгч О.Аззаяа,

шүүгдэгч В.Б-ийн өмгөөлөгч Л.Сарангэрэл,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/594 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч В.Б-ийн өмгөөлөгч Л.Сарангэрэл, шүүгдэгч Б.О нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн шүүгдэгч Б.О, Б.Т, П.Б, В.Б нарт холбогдох эрүүгийн 2014250005233 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Б-ийн О, 1984 оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суудаг, /РД: ... /,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1348 дугаартай шийтгэх тогтоол, Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 282 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн;

2. Б овгийн Б-ийн Т, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суудаг, /РД: ... /;

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д тус тус зааснаар нийт 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн;

3. Б овгийн В-ийн Б, 1984 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /;

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан хэрэгсэхгүй болсон;

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 380 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д тус тус зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

4. И овгийн П-ийн Б, 1986 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

1. Шүүгдэгч Б.О нь:

- 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн ... дугаар хороо, “М” сургуулийн байранд байрлах гоо сайхны газраас хумсны лак 115 ширхэг, кассетны хөгжим, сиди, үсчний халаад 2 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж, иргэн Ч.О-д 3.703.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2010 оны 11 дүгээр сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “N” телевизийн захирлын өрөөнөөс “Sony” загварын зөөврийн компьютер, “Sony” загварын мэргэжлийн камер, бэлэн 1.850.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж, иргэн Б.А-д 4.850.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2013 оны 7 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хороо, ... дугаар хорооллын ...  дүгээр байрны ... тоотод үйл ажиллагаа явуулдаг “А” группийн өрөөнөөс “IMAC i5” загварын иж бүрэн компьютер 2 ширхэг, суурин “IMAC i7” загварын 21 инчийн иж бүрэн компьютер 1 ширхэг, “MacBook pro core 2 duo” загварын зөөврийн компьютер /шинэ/, “МасВоок рго Retina i7” загварын 15 инчийн зөөврийн компьютер, цүнх, “Apple airport extrme” загварын роутэр, шинэ “speaker” 1, виски, “Iphone” зориулсан дуран, “wireless card”, “usb card”, “display card” тус бүр нэг ширхэг, бэлэн мөнгө 273.400 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж, иргэн Б.Б-т 10.063.400 төгрөгийн хохирол учруулсан,

- 2013 оны 6 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Л” төвийн байрнаас “Асеr” загварын зөөврийн компьютер, “Canon” загварын зургийн аппарат, процессорын хард, интернетийн модем, бэлэн мөнгө 198.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж, иргэн З.Н-т 2.073.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Т-тай бүлэглэн 2013 оны 10 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Д” ХХК-ийн санхүүгийн өрөөнөөс 14 ширхэг зөөврийн компьютер, процессор, дижитал камер, чемодан, савхин куртик, спорт цүнх, компьютерын хард зэрэг эд зүйл хулгайлж, иргэн М.Б-д 17.929.405 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч В.Б-тэй бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “U” ХХК-ийн нягтлан бодогчийн өрөөнөөс бэлэн мөнгө 37.820.000 төгрөг, “МТ” колонкийн бензиний 110.000 төгрөгийн талон зэрэг эд зүйл хулгайлж, иргэн Д.Г-д 38.275.000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 6 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн болон дангаараа бусдын орон байранд нэвтэрч, эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт,

2. Шүүгдэгч Б.Т нь Б.О-тай бүлэглэн 2013 оны 10 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Д” ХХК-ийн санхүүгийн өрөөнөөс 14 ширхэг зөөврийн компьютер, процессор, дижитал камер, чемодан, савхин куртик, спорт цүнх, компьютерын хард зэрэг эд зүйл хулгайлж, иргэн М.Б-д 17.929.405 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

3. Шүүгдэгч В.Б нь Б.О-тай бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “U” ХХК-ийн нягтлан бодогчийн өрөөнөөс бэлэн мөнгө 37.820.000 төгрөг, “МТ” колонкийн бензиний 110.000 төгрөгийн талон зэрэг эд зүйл хулгайлж, иргэн Д.Г-д 38.275.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

4. Шүүгдэгч П.Б нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газар: В.Б, Б.Т, Б.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, П.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос М овогт П-ийн Б-т 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, прокуророос шүүгдэгч Б овогт Б-ийн Т-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилж, Б.Т-ыг бүлэглэн бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т холбогдох хэргийг Өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгож,  Б овогт Б-ийн О, Б овогт В-ийн Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, М овогт П-ийн  Б-ийг шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Б.О-ыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, В.Б-ийг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Б-т 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.О-т Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1348 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12 жилийн хорих ял дээр энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн Б.О-ын бүгд биечлэн эдлэх ялыг 15 жил, 6 сарын хугацаагаар тогтоож,

Б.О, В.Б нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.О-ын энэ хэрэгтээ урьд цагдан хоригдсон нийт 1011 хоног, В.Б-ийн энэ хэрэгтээ урьд цагдан хоригдсон нийт 236 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож,

хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, Б.Т нь нийт 273 хоног цагдан хоригдсон, Б.О, Б.Т, В.Б, П.Б нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

хэрэгт Б.О-ын эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, ... гудамж ... тоот хашаа 607 м.кв кадастрын зурагтай эзэмшлийн №... дугаартай гэрчилгээтэй газар хашаа, В.Б-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаартай Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ... дүгээр гудамжны ... тоот эрхийн улсын бүртгэлийн Г-... дугаартай бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг нь тус тус битүүмжлэгдэн ирсэн бөгөөд хохирол төлбөрт хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус шилжүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-аас нийт 42.491.602,5 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Ч.О-д 3.703.000 төгрөг, хохирогч Б.А-д 4.850.000 төгрөг, хохирогч А.Б-т 10.063.400 төгрөг, хохирогч З.Н-т 2.073.000 төгрөг, хохирогч М.Б-д 8.664.702,5 төгрөг, хохирогч Ч.Ж-д (“U” ХХК) 19.137.500 төгрөгийг тус тус, Б.Т-аас нийт 8.664.702,5 төгрөгийг гаргуулж хохирогч М.Б-д, В.Б-ээс нийт 19.137.500 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Ж (“UBТ” ХХК)-нд тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч В.Б-ийн өмгөөлөгч Л.Сарангэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолоор Б-д холбогдох хэсэг нь ямар нэгэн өчүүхэн төдий ч хулгай хийсэн гэх эргэлзээ төрүүлэхүйц нотлох баримтгүй байхад үнэхээр хүнийг яаж хилс хэрэгт холбогдуулж хилсээр ял шийтгэж болдгийг харуулсан ноцтой баримт боллоо гэж үзэж байна. Шүүхийн тогтоолд "U" ХХК-д 2014 оны 9 дүгээр сарын 8-аас 9-нд шилжих шөнө хулгайч орж сейфийг эвдэж эд зүйлс алдагдсан гэж тэмдэглэжээ. Мөрдөн байцаагч, прокурорууд 7 жил мөрдөхдөө энэ компанид хулгай орсноос хэдэн төгрөгийн хохирол учирсныг бодитоор тогтоогоогүй, шүүгч Шинэбаяр 3 удаа мөрдөн байцаалтад буцаахдаа хохирлыг нарийвчлан тогтоогоогүй байна гэж буцааж байжээ. Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс хэргийг хэлэлцээд хохирол тогтоох шаардлагагүй бөгөөд байгаа нотлох баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлүүлэхээр буцааснаар анхан шатны шүүх байгаа нотлох баримтад тулгуурлан асуудлыг шийдвэрлэхдээ Б гэм буруутай болохыг нотолсон баримтгүйгээр хилсээр шийтгэсэн.  Шүүхийн тогтоолд В.Б хулгайн гэмт хэрэг үйлдсэн талаар гэрч Б-ийн зөрүүтэй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн өгсөн мэдүүлгийг үндэслэжээ. “О 2014 оны 9-р сард, өдрийг нь санахгүй байна 20 цагийн үед Скайтелийн утсаар над руу яриад уулзъя гэсэн. О манай гэрт ирээд намайг авсан. “Танай компани авто ломбардтай юм байна. Мөнгөтэй юу хулгай хийх үү” гэсэн. Би ажлаасаа гарсан хулгай хийхгүй мөнгөтэй эсэхийг нь мэдэхгүй байна гээд А-ийн гэрийн гадаа буусан. Тэр шөнө А-ийнд хоносон. “U” ХХК-ийн захирал Б манай аавын талын хамаатан. ...Б-ын ээж манай ээж рүү яриад “Компанид хулгай ороод 40 сая төгрөг алдагдсан байна” гэж ярьсан тул би О-аас асуухад “Юу ч байхгүй байсан. Ломбардын эзэн нь өөрөө идчихээд худлаа ярьж байгаа. Юу ч байхгүй байсан” гэх мэдүүлгийг нотлох баримтад дурджээ.Энэ мэдүүлэг хулгай хийснийг харсан этгээдийн мэдүүлэг биш учир мөрдөн шалгах ажиллагаагаар түүний мэдүүлгийн дагуу шалгалт хийжээ. 2014 оны 9-р сарын 8-нд 20 цагийн үед утсаар ярьсан талаар Скайтел компаниас лавлагаа авчээ. Гэвч 2014 оны 9-р сарын 8-ны 20 цагт утсаар ярьсан нь тогтоогдсонгүй. “Би А-ийн гэрт хоносон” гэсэн мэдүүлгийг шалгахад гэрч А “2014 онд би өөр газар амьдардаг байсан. Б манайд хоносныг санахгүй байна” гэж мэдүүлснээр болон Скайтелийн утасны лавлагаагаар 2014 оны 9-р сарын 8-аас 9-нд шилжих шөнө 03 цагт Б Бага тойрууд байсан гэсэн тодорхойлолтоор тус тус Б А-ийн гэрт хоноогүй нь тогтоогдсон. Гэрч Б, О нар КТМС-ийн ойролцоо байсан бөгөөд миний үйлчлүүлэгч Б КТМС-ийн ойролцоо байсныг шалгасан боловч тогтоогдоогүй.

Шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан Б-ийн мэдүүлэг эргэлзээтэй болох нь дээрх баримтаар тогтоогдсон. Энэхүү “U" ХХК-ийн захирлын хамаатан Б-ийн мэдүүлэг худал болох нь 2017 оны 2-р сарын З-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүх дээр гэрч Б мэдүүлгээсээ буцсанаар тогтоогдоно. Тэрээр “Ахлах төлөөлөгч Хасбаатар Сансарын 805-р анги дээр намайг 2016 оны 5-р сарын 1-ний өглөө 9 цагт дуудаж, намайг нэгжиж эд зүйл хурааж, өглөө 9 цагаас орой 22 цаг хүртэл байлгахдаа зодох, хэл амаар доромжлох зэргээр дарамталж байсан. Намайг ах Б шөнийн 22 цагт ирж авсан. Миний машиныг түлхүүрийн хамт өгөөгүй бөгөөд маргааш өглөө ирж байцаалт өгөөд ав гээд явуулсан. Маргааш нь мөрдөн байцаагч Мөнхтулга мэдүүлэг аваад "U" ХХК-ийн хулгайн талаар мэдэх зүйлээ ярь гэхэд би “Мэдэхгүй” гэсэн. Байцаагч Хасбаатарыг дуудаж “Энэ чинь ярихгүй байна” гэж хэлэхэд Хасбаатар цаас авч ирж байцаагчид өгсөн. Байцаагч түүнийг хуулж бичээд, уншаад гарын үсэг зур гээд надад өгөхөд би уншаад “Ингэж хэлээгүй учир зурахгүй” гэсэн. Байцаагч “Засаж бичлээ. Би яарч байна. Уншихгүй зур” гэж дарамталж байгаад надаар гарын үсэг зуруулсан” гэжээ. Энэ мэдүүлэг үнэн эсэхийг шалгаж Б-ийн ахыг байцаасан /7хх 222/. Ах Б нь “Дүүгээ 2015 оны 5 дугаар сарын 01-ний 22 цагт Сансар дахь 805-р анги дээр очиж авахад “Намайг зодсон” гэж хэлсэн” гэж мэдүүлжээ. Гэрчээс мэдүүлэг авахдаа хүнлэг бус хэрцгий хандсан нь гэрч Б-ын мэдүүлгээр давхар батлагдсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6, 7, 13, 14, 15 дахь хэсгүүдэд заасны дагуу мэдүүлгийг нотлох баримтад тооцох үндэслэлгүй байна. Түүнчлэн Б-ийн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар дангаараа нотлох баримт болж чадахгүй.  Гэтэл шүүх “Би ийм мэдүүлэг өгөөгүй” гэж мэдүүлсэн Б-ийн удаа дараагийн мэдүүлгийг үл хэрэгсэн Б-д ял оногдуулахдаа хохирол нь тогтоогдоогүй байхад их хэмжээний хохирол учруулсан гэж ялыг хүндрүүлэхийн зэрэгцээ их хэмжээний хохирол төлүүлэхээр үндэслэлгүй шийдвэрлэсэн.

Гэрч Н 2014 оны 9 дүгээр сарын 14-нд өгсөн мэдүүлэгтээ “...Улаанбаатар банкнаас 2014 оны 9 дүгээр сарын эхээр 58 сая төгрөг авсан. Түүнийг алдсан. ...” гэж мэдүүлсэн /1хх 55/. Үүнийг баталж гэрч Г.Н “...Улаанбаатар банкнаас 58 сая төгрөг авсан. 40 гаруй сая төгрөг үлдсэн гэж Н нягтлан бодогч хэлсэн. ...” гэж мэдүүлсэн /1хх 57/. Гэрч Ж “Төв компаниас 2014 оны 9 дүгээр сарын 02-нд 50 сая төгрөг авч нягтлан бодогч Н-т өгсөн” гэж мэдүүлсэн. Гэрч Н дахин мэдүүлэхдээ “...Төв компаниас 50 сая төгрөг авсан. ...” гэж анхны мэдүүлгээс зөрүүтэй мэдүүлэг өгчээ.

"U” ХХК-ийн гэрчилгээг харахад "U" ХХК нь аливаа нэгэн компанитай хамааралгүй бие даасан Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани гэж тогтоогдож байна /8хх 156/. Гэрч "U" ХХК-ийн нягтлан бодогч У “...Би “U” ХХК-д 2013 оны 11 дүгээр сард орсон. ...” гэжээ /8хх 150/. Гэрч У нь "U" ХХК-д 2013 оны 11 дүгээр сард нягтлан бодогчоор ажилд орсон атлаа 2014 оны 9 дүгээр сарын 02-нд "Ж" ХХК-ийн 50 сая төгрөгийг "U" ХХК-ийн авто ломбардын Ж-д өгчхөөд Н-ээр гарын үсэг зуруулсан байна. Дээрх өгүүлбэр эргэлзээ төрүүлсээр байтал үүнийг нарийвчлан шалгаж 2014 оны Дүүргийн санхүүгээр баталгаажсан "U" ХХК-ийн тайланд 2014 оны 9 сард хаанаас хэдэн төгрөгийн санхүүжилт авсан болох, хулгайд хэдэн төгрөг алдсан болохыг яаж тайлагнасныг шалгаагүй байна. Б-ийн эхний мэдүүлэг үнэн гэж үзвэл О “Мөнгө байхгүй байна” гэж 2 удаа хэлсэн гэсэн мэдүүлэг нь үндэслэлтэй байх ёстой байтал яагаад энэ мэдүүлгийг үнэн зөв гэж үзсэнгүй вэ. Шүүхийн шинжилгээний Үндэсний төвийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 05-ны 1113 тоот дүгнэлтэд хэргийн газраас олдсон гарын хээ Б-ийн гарын хээтэй тохирохгүй байна гэжээ. Дээрх нөхцөл байдлыг хянан үзэж, шийтгэх тогтоолоор В.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15, 34.1 дүгээр зүйлүүдэд заасны дагуу хэрэгсэхгүй болгон цагаатгаж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, В.Б-ийн хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэрч гэх П.Б нь намайг хулгайн хэрэгт холбогдуулж худал гэрчийн мэдүүлэг өгсөн. ...Эрүүгийн төлөөлөгч Хасбаатар нь П.Б-ийг зодож, дарамталж, толгой хага цохиж худал мэдүүлэг дээр гарын үсэг зуруулсан гэж шүүхэд мэдүүлсэн. Гэрч гэх П.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн худал мэдүүлгийг гэрч Алзахгүй нь “П.Б тэр үед манайд ирээгүй. Би огт санахгүй байна” гэж мэдүүлсэн. Мөн энэ хулгайн хэргийг мэдэж, гэрчилж байгаа П.Б нь мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхэд зөрүүтэй мэдүүлэг өгч байгаа нь П.Б энэ хэргийн талаар мэдэж байгаа, энэ хэрэг гарах үед “U” ХХК-д ажиллаж байсан нь хулгайн хэргийг П.Б өөрөө үйлдсэн байх магадлалтай гэж үзэж байна. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2011 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 84 дугаартай “Санд 201-158-БГД дугаараар кодлон оруулсан 7 ширхэг гарын мөрний 2 дугаартай гарын мөр нь санд MN000710007884 дугаар орсон сэжигтэн Я-ын О-ын, 8 дугаар хурууны хээтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээр тохирч байна. Я.О-ын 6 дугаар хурууны хээ нь санд 2009-056-БГД дугаараар кодлон оруулсан гарын мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна” гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн №1640 дугаартай “Б.О-ын гарын хээний дардас нь “U” ХХК-ийн нягтлан бодогчийн өрөөнд орсон хулгайн хэргийн газраас олдсон шинжилгээнд тэнцэх 3 ширхэг мөртэй тохирохгүй байна” гэх дүгнэлт гарсан. Иймд хийгээгүй хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.О, Б.Т нарын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.О-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Б-ийн гэрчилснээр гэм буруутайд тооцсон. Гэтэл Б-ийн мэдүүлэг нь эргэлзээтэй, эх сурвалжаа тогтоосон зүйл байдаггүй болохыг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 594 дугаартай шийтгэх тогтоолоор Б.О нь 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэн. Шийтгэх тогтоол гарсны дараа Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн их суудлын хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэлэлцэж, Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн үеэс эхлэн тооцох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрвөл эрүүгийн хариуцлага, яллагдагчаар татаж болохгүй гэж заасан. Б.О-ын үйлдсэн хэрэг 2008 оноос 2014 оны 9 дүгээр сард байдаг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан тул ялаас чөлөөлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч П.Б-ийн өмгөөлөгч О.Аззаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...П.Б-ийг анхан шатны шүүхээс худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан. Анхан шатны шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй, яллагдагч П.Б ямар хэрэгт яллагдаж буйгаа мэдэхгүй байсан. Хэрэв худал мэдүүлэг өгсөн гэж үзэж байгаа бол юу гэж мэдүүлсэн нь худал вэ гэдгийг тогтоогоогүй, зөвхөн П.Б-ийн мэдүүлгээр ялласан гэж үзсэн тул цагаатгах байр суурьтай оролцсон. Энэхүү байр суурь өнөөдрийг хүртэл хэвээр байгаа. Хэрэв давж заалдах шатны шүүхээс П.Б-ийг цагаатгах үндэслэлгүй, гэм буруутай гэж тооцсон нь үндэслэлтэй гэж үзвэл хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. П.Б нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх ял шийтгэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Оюунбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бүх нотлох баримтуудад үндэслэж хэргийг шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шийтгэх тогтоолд улсын яллагч Б.Б гэсэн нь техникийн шинжтэй алдаа гэж үзэж байна. Шүүх хуралдаанд би оролцсон. Анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө хэргийн материалтай танилцсан. Тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн бол хуульд зааснаар ял шийтгэл оногдуулна. Санал гаргасныг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй байна. Нэмж нэгтгэх ялын талаар гаргасан саналаа сайн санахгүй байна. Тусгаарлалтад орсон тул гэрээсээ шүүх хуралдаанд оролцож байна. Прокурорын ялын санал дээр бүлэглэн гэж гаргаагүй, журамлаж гаргасан. Шийтгэх тогтоолд бүлэглэн гэж алдаатай гаргасан байна. Б.Т нь Б.О-тай бүлэглэж агуулах саванд нэвтэрсэн. Шүүх хуралдаанд энэ талаар зөв дүгнэж байсан. Гэвч шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй, шийтгэх тогтоолд дүгнэж гаргахдаа ийм байдлаар гаргасан байна. Яллах дүгнэлтийг 2018 онд прокурор Чимгээ үйлдсэн. Яллах дүгнэлтийнхээ хүрээнд яллах чиг үүргийг хэрэгжүүлж явсан. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.О, Б.Т, П.Б, В.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх, шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Прокуророос Б.О, Б.Т, В.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, П.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн дараах ноцтой алдаануудыг гаргасан байна. Үүнд:

1. Баянзүрх дүүргийн Прокурорын газрын Хяналтын прокурорын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 180608645 дугаартай тогтоолоор Б.О-т холбогдох хэргээс “2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Австрали улсын иргэн Ж-ийн эд зүйлсийн хулгайлж 3.708.461 төгрөгийн хохирол учруулсан” гэх хэргийг тусгаарлаж бусад хэргүүдэд яллах дүгнэлт үйлдсэн байхад анхан шатны шүүх 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1610 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэхдээ шүүгдэгч Б.О-ыг дээрх үйлдэлд холбогдуулан шүүхэд шилжүүлсэн байна.

Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаснаа гэм буруугийн хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхдээ дүгнэлт хийж засахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэргийг хянах хэмжээ хязгаарыг зөрчжээ.  

2. Шүүгдэгч нарт холбогдох хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын Их хурлаас Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг шинээр баталсантай холбогдуулан хууль буцаан хэрэглэх, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тоолох, гэмт хэрэгт тооцох эсэх, гэмт хэргийн хүндрүүлэх шинж, тухайн шүүгдэгч тус бүрээр Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох, оногдуулсан ялын төрөл хэмжээ, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу тодорхойлсон эдэлбэл зохих ялын хэмжээ, шүүгдэгч нарын үйлдэлд хамаарах Өршөөл үзүүлэх тухай хуулийн зохицуулалт байгаа эсэх гэх мэт бүхий л асуудлуудад тодорхой хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хэт ерөнхий байдлаар шийтгэх тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Хууль ёсны зарчим”, шүүхийн шийдвэр “Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцэхгүй гэж үзнэ.

 3. Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэрэгт “бүлэглэн” гэх хүндрүүлэх шинжийг хуульчлаагүй, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамааруулахаар хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Б.О, В.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо “...бүлэглэн...” гэж гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчмыг зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 5 жил, тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдүүлэх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 1 жил байхаар мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан. Мөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолох, дахин гэмт хэрэг санаатай үйлдвэл сүүлчийн гэмт хэрэг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрт шинээр тоолох хуулийн зохицуулалтыг хэрхэн хэрэглэх талаар хуулийн тодорхой зохицуулалтууд байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч хөөн хэлэлцэх хугацааны талаар ямар нэгэн хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй байна. Тухайлбал, шүүгдэгч В.Б, Б.О, Б.Т нарын холбогдсон гэмт хэрэг нь 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх цаг хугацаанд хамаарч байх бөгөөд тэдгээрийг буруутгаж буй гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэзээнээс тоолох, гэмт хэрэг үйлдсэнээс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх, шүүгдэгч П.Б-ийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон байх бөгөөд тус гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх , прокуророос шилжүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн  254.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх нь эрх зүйн байдлыг хэрхэн дээрдүүлж байгаа талаар тус тус дүгнэлт өгөөгүй байна.

5. Түүнчлэн, шүүгдэгч В.Б, Б.О, Б.Т нарын үйлдсэн гэмт хэрэг нь Монгол Улсын Их Хурлаас 2015 онд баталсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч байх бөгөөд анхан шатны шүүх Б.Т-ын холбогдсон гэмт хэргийг тус хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосон атлаа ижил зүйл хэсгээр яллаж буй Б.О, В.Б нарын холбогдсон гэмт хэргийг тус хуульд хамруулаагүй талаарх болон ялыг ялгамжтай оногдуулах болсон үндэслэлээ тодорхой дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “...шүүгдэгчид ...хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл ...-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана.” гэж заасанд нийцэхгүй.

6. Шүүгдэгч Б.О, В.Б нарын урьд шүүхээр хорих ял шийтгүүлсэн бөгөөд хорих ялыг тэнссэн хугацааны дотор дахин гэмт хэрэг үйлдсэн асуудлын талаар ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй, энэ талаар анхан шатны шүүхэд прокуророос санал, дүгнэлт гаргаагүй байна.

Тухайлбал, шүүгдэгч В.Б нь урьд Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 28 дугаартай  шийтгэх тогтоолоор бусадтай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж байжээ.

В.Б нь шүүхээс тэнсэж, хянан харгалзсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар өмнөх шийтгэл тогтоолоор оногдуулсан ялыг шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялтай нэмж нэгтгэх асуудалд дүгнэлт хийлгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор нь шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар санал, дүгнэлт гаргаагүй орхигдуулж, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй бөгөөд давж заалдах шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлэн өөрчлөх боломжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

Дээрх нөхцөл байдлыг анхан шатны шүүх тогтоогоогүй байхад давж заалдах шатны шүүх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийх, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх эсэх, түүнчлэн шүүгдэгч нарт оногдуулах ялыг нэмж нэгтгэх эсэх асуудлыг шийдвэрлэж анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдлын талаар дүгнэлт хийх эрхгүй, анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг тогтоохдоо нотлох баримтыг шалгах, үнэлэх журмыг баримталсан эсэх талаар дүгнэлт өгөхөөс бус бие дааж үйл баримт тогтоох, өөрчлөх, процесст шинжилгээ хийхгүйгээр үйл баримтын үнэн зөв эсэхэд үнэлэлт өгөх эрхгүй  байхаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй тохиолдолд давж заалдах шатны шүүхээс цаашид дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсдэг.

Давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Б.О, Б.Т, П.Б, В.Б нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хяналтын прокурор М.Оюунбатыг оролцуулахаар томилсон байхад анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, шийтгэх тогтоолд “Улсын яллагч Б.Бат-Эрдэнэ” гэж бичсэн байх бөгөөд анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд улсын яллагчаар хэн гэх прокурор оролцсон болох нь тодорхой бус байгааг дурдав.

Мөн шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.О, В.Б, Б.Т нарын цагдан хоригдсон хугацааг буруу тооцсон болохыг анхааруулан тэмдэглэв.

Иймд давж заалдах шатны шүүх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/594 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.О, Б.Т, П.Б, В.Б нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэх хүртэл шүүгдэгч Б.О, В.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч П.Б, Б.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/594 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.О, Б.Т, П.Б, В.Б нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэх хүртэл Б.О, В.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, П.Б, Б.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ