| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Билгүүн |
| Хэргийн индекс | 181/2022/03915/И |
| Дугаар | 181/ШШ2023/00897 |
| Огноо | 2023-03-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 181/ШШ2023/00897
| 2023 03 24 | 181/ШШ2023/00897 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Н.Т-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтыг гаргуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н , түүний өмгөөлөгч Б.Д,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариунзаяа нар оролцов.
(Хариуцагч товлон зарлагдсан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдаанд ямар нэгэн санал, хүсэлт ирүүлээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч С ХХК-д холбогдуулан эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтыг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
...хүү Н.Т нь 2015 онд зарын дагуу "С " ХХК-ийн борлуулалтын ажилтантай холбогдож, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орон сууцны захиалга авч байгаа эсэх талаар лавлахад "...энэ онд юм уу эсхүл дараа жил орон сууц баригдана, одоогоор захиалга авахгүй, эргэж холбогдоорой... гэсэн гэдэг. Тэрээр АНУ-д явах виз гарсан тул 2015 оуны 12 дугаар сард борлуулалтын ажилтантай дахин холбогдож, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баригдах орон сууцнаас 2 өрөө орон сууц захиалах, мөн гадаад Улсад удаан хугацаагаар явах бол хэрхэн орон сууц захиалах талаар асуухад ...ирээд уулз." гэсэн гэдэг. Ингээд хэлсэн хаягаар нь буюу 11 дүгээр хороолол, Номин дэлгүүрийн дэргэдэх оффис руу нь очиж, борлуулалтын ажилтантай уулзахад ... гадаад Улсад удаан хугацаагаар явах бол орон сууцны захиалга авах үед өөрийн ойрын хүнээ явуулж, бидэнтэй уулзуулах, тэдний туслалцаатайгаар орон сууцаа сонгох, үүний дараа орон сууцны урьдчилгаа төлбөрөө төлснөөр орон сууцны захиалга баталгаажна. Гол нь орон сууцны захиалга авах үед бидэнтэй холбоотой байж, ойр ойрхон асууж лавлаж асууж байгаарай. гэсэн гэдэг. Ингээд 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр АНУ-руу явж, тэр үеэс хойш Сонгинохайрхан дүүрэгт баригдах орон сууцны талаарх мэдээллийг өөрийн аав, ээж нараасаа авч байсан юм.
2018 оны хавар хүүтэйгээ холбогдож, Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, UB Vista хотхонд орон сууц ашиглалтад орж байгаа талаар хэлж, улмаар ярилцаад тус орон сууцны 7а байрны 35 тоотод байрлах 58.6 м.кв талбай бүхий 2 өрөөг сонгож, 1 м.кв-ын үнийг 1,890,000 төгрөгөөр тооцож, худалдаж авахаар болсон.
Ийнхүү харилцан тохиролцсоны дагуу уг орон сууцны захиалгын нийт үнэ 110,754,000 төгрөгөөс урьдчилгаа төлбөрт 30,000,000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр С ХХК-д шилжүүлж, 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр аав, ээж хоёр нь нүүж орсон.
Орон сууцны үлдэгдэл төлбөрт 2020 онд 11 удаагийн гүйлгээгээр 39,000,000 төгрөг, 2021 онд 12 удаагийн гүйлгээгээр 36,000,000 төгрөг, 2022 онд 2 удаагийн гүйлгээгээр 6,000,000 төгрөг нийт 81,000,000 төгрөг, бүгд 111,000,000 төгрөг төлж, хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн.
Ингээд хүү Н.Т нь уг орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж авах, өмчлөх эрхээ Улсын бүртгэлд бүртгүүлэх талаар хүсэлтээ аав, ээждээ хэлж, үүнийг нь С ХХК-д уламжилсан боловч орон сууцны төлбөрийг бүрэн авсан атлаа өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотой баримт бичгийг өгөхгүй байгаа юм. Энэ нь Үндсэн хуульд заасан эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрх болон Иргэний хуулийн 100, 101 дүгээр зүйлд заасан өмчлөх эрхийг зөрчиж хязгаарласан үйлдэл гэж үзэж байна.
Иймд орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Н.Т ийн нэр дээр Улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичиг гаргуулахыг хариуцагч "С " ХХК-д даалгах нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, хянан шийдвэрлэж өгнө үү. гэв.
2. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хулан нэхэмжлэлийн шаардлагад дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:
...Н.Т болон С ХХК нар нь 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр № SS-2018-СОМ-019 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулсан билээ. Нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний урьдчилгаанд 30,000,000 төгрөгийг төлж, орон сууцандаа 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нүүж орсон боловч гэрээний төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан болох нь тогтоогдож байна. Үүнд: Тус гэрээний 3.3-т Захиалагч нь гэрээ байгуулсан өдөр орон сууцны нийт үнийн дүнгийн 30 хувийг төлөх бөгөөд (10 хувийг Хавсралт №1-т заасан хуваарийн дагуу төлнө) үлдэгдэл 60 хувийг Хаан банкны санхүүжилтээр төлнө. Зээл хөөцөлдөж эхэлснээс хойш ажлын 10 өдрийн дотор гүйцэтгэгчид төлнө. Орон сууц ашиглалтад орж, эзэмшлийг захиалагчид шилжүүлэхийн өмнө захиалагч төлбөрийг 100 хувь бүрэн төлж дуусгасан байна.
Гэрээний Хавсралт №1. Төлбөр төлөх хуваарь
| Төлбөр төлөх он сар | Төлөлт | Тайлбар |
| 2018.03.26 | 33,226,200 | Урьдчилгаа 30% |
| 2018.04.26 | 1,000,000 | Банкны урьдчилгаа бүрдүүлэлт |
| 2018.05.26 | 1,000,000 | |
| 2018.06.26 | 9,075,000 | |
| 2018.07.01 | 66,452,400 | 8%-ийн зээлийн санхүүжилт |
Нэхэмжлэгч нь № SS-2018-СОМ-019 тоот Орон сууц захиалгын гэрээ-ний 3.3, Хавсралт №1-т заасан Төлбөр төлөх хуваарь-ийг хэтрүүлсэн нь, гэрээний 3.6-т заасан алданги тооцох үндэслэлийг бүрдүүлсэн байна.
Нэхэмжлэгч гэрээний урьдчилгааг 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр шилжүүлж үлдэгдэл төлбөрийг Төлбөр төлөх хуваарь-ийг хэтрүүлэн 2020 оны 3 дугаар сарын 5-наас эхлэн төлсөн. Гэрээний 5.6-т Захиалагч нь орон сууцны захиалгын үнийг заасан хуваарийн дагуу төлөлгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг хугацаа хэтрүүлсэн хоног тутам тооцож төлөх үүрэгтэй-т заасны дагуу 2018 оны 4 дүгээр сарын 26-наас 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцоход 679 өдрөөр үүргийн гүйцэтгэлийн хугацааг хэтрүүлсэн байна.
Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 80,754,000 төгрөгөөс 1 өдрийн алдангийн хэмжээ 403,770 төгрөг байх бөгөөд Иргэний хуулийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алдангийг тооцоход нийт алдангийн хэмжээ 40,377,000 төгрөг болно.
Нэхэмжлэгч нь харилцан тохиролцсоны дагуу гэрээний төлбөрийг 2020, 2021, 2022 онуудад хуваан төлсөн гэх боловч харилцан тохиролцсон тухай ямар нэг баримт хэргийн материалд авагдаагүй байна. Дээрх нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгчийн гэрээгээр хүлээсэн үүргийн зөрчилтэй холбоотой гэрээний 7.3-т заасан нөхцөл байдал үүсэх боловч хариуцагчаас хэргийн бодит нөхцөл байдлыг харгалзан алдангийн дүн дээр тохиролцох саналтай байна.
Иймд нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй байна. Хэрэв алдангийн хэмжээний талаар тохиролцож, нэхэмжлэгчээс хэргийн талаар эвлэрэн хэлэлцэх санал гаргаагүй бол хариуцагч Сөрөг нэхэмжлэл гарган үндсэн хэргийн хамт сөрөг нэхэмжлэлээ шийдүүлэх хүсэлтэй байна.
Нэхэмжлэгч манай компанид ирж уулзаад, харилцан зөвшилцөх талаар уулзалт хийгээгүй. Манай талаас бичиг баримт гаргаж өгөхийг татгалзаагүй байхад шүүхэд хандсан. ... гэжээ.
3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: шүүхэд төлөөлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, мөнгөн гүйлгээтэй холбогдсон харилцаанд төлөөлөх эрх олгосон итгэмжлэлүүд, Н.Т ийн Хаан банк дахь 5171044184 дугаартай дансны /2020.3.4, 2020.4.28, 2020.7.1-2020.8.1, 2020.12.28, 2020.11.27, 2021.3.29, 2021.7.1-2021.8.1, 2021.9.25/ хуулгууд, Ц.Н ийн Хаан банк дахь 5619225075 дугаартай дансны /2021.10.31, 2021.12.1, 2021.12.31, 2022.1.31, 2022.3.7, 2021.4.28, 2021.6.5, 2021.6.29, 2021.9.4/ хуулгууд, мөнгөн шилжүүлэг, гүйлгээний /2018.4.6, 2020.3.5, 2020.3.27, 2020.4.28, 2020.5.28, 2020.6.27, 2020.7.27, 2020.8.27, 2020.9.28, 2020.10.26, 2020.11.27, 2020.12.28, 2021.1.29, 2021.3.4, 2021.3.29, 2021.4.28, 2021.6.5, 2021.6.29, 2021.9.25, 2021.10.13, 2021.12.1, 2021.12.31, 2022.1.31, 2022.3.7/ баримтууд, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШЗ2022/12692 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хувилсан хувь, Н.Т ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн 17, 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2-46/3860, 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 2-43/324 дугаартай тодорхойлолтууд, данс захиран зарцуулах тухай итгэмжлэлийн хуулбар, Геологийн сургуулийн хичээл сонголтын хуудасны хуулбар /хх 4-35, 60-64, 79-81/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас нотлох баримтаар: С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Н.Т тэй байгуулсан 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн №SS-2018-COM-019 дугаартай Орон сууц захиалгын гэрээ, түүний хавсралтын хуулбар /хх 39, 51-57/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт үгүй болно.
Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...С ХХК-тай орон сууц худалдан авахаар харилцан тохиролцсны дагуу үүргээ биелүүлж, үнийг бүрэн төлсөн атал эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхгүй байна... хэмээн шаардах эрхийн үндэслэлээ тайлбарласан.
3. Хариуцагч нь шаардлагыг эс зөвшөөрч ...нэхэмжлэгч нь 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгын гэрээний хавсралт №1-т заасан хуваарийн дагуу төлбөр төлөх хугацааг хэтрүүлснээс алданги төлөх үүрэг үүссэн. Уг үүргээ биелүүлээгүй тул орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөх боломжгүй байна. Өнгөрсөн хугацаанд манай компанид ирж, харилцан зөвшилцөх талаар уулзалт хийгээгүй... /хх 49-50, 74/ хэмээн татгалзжээ.
4. Шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар, шинжлэн судалсан мөнгөн гүйлгээ /хх 7-33/-ний баримтуудаар С ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо UB Vista хотхоны 57А блок, 9 давхар, 35 тоот хаягт байрлах 58,6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон, 2018 оны 4 дүгээр сарын 6-наас 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хүртэлх хугацаанд төлбөрийг хэсэгчлэн төлж дууссан, 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр орон сууцыг нэхэмжлэгчийн эцэг, эхэд хүлээлгэн өгч одоог хүртэл амьдарч буй талаарх үйл баримт тогтоогдож байх ба энэ тухайд зохигч маргаагүй.
5. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзэхээр заасан бөгөөд талуудын хооронд мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Энэхүү гэрээний худалдагчийн гол үүрэг нь эд хөрөнгийн эзэмших, өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагчийн хариу үүрэг нь эд хөрөнгийн үнийг төлөх явдал юм.
6. Хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөр төлөх хугацааг хэтрүүлснээс алданги төлөх үүрэг үүссэн, уг үүргээ биелүүлээгүй үндэслэлээр орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтыг шилжүүлэхээс татгалзсан.
Гэвч энэхүү татгалзал нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүйн гадна, уг асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй болно.
Нөгөөтээгүүр, хариуцагчаас гаргаж өгсөн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн №SS-2018-COM-019 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-нд зурагдсан гарын үсэг Н.Т ийнх биш хэмээн нэхэмжлэгч талаас маргадаг боловч дээр дурдснаар орон сууц худалдах-худалдан авах гэрээ бодитоор байгуулагдсан үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй тул энэ нь үндсэн маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзэв.
Иймд Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо UB Vista хотхоны 57А блок, 9 давхар, 35 тоот хаягт байрлах 58,6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэх болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.
7. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасан зарчимд нийцүүлэн хуваарилав.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хулан нь 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтад гарын үсэг зурсан /хх 78/ боловч товлон зарлагдсан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, үүнтэй холбоотой шүүхэд ямар нэгэн санал, хүсэлт ирүүлээгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо UB Vista хотхоны 57А блок, 9 давхар, 35 тоот хаягт байрлах 58,6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэх болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтыг нэхэмжлэгч Н.Т т хүлээлгэн өгөхийг хариуцагч С ХХК-д даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН