Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2023/01672

 

 

 

 

                                                                   

 

 

 

                             2023        04         03

          101/ШШ2023/01672

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, шүүгч Г.Б, шүүгч Б.Ц нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Ш.А /рд:/,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:  П,

 

Гэм хорын хохиролд 80,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Н.М, иргэдийн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч Ш.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд, түүний өмгөөлөгч С.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2022 оны 01-р сарын 07-ны өдөр хамаатан болох Ттэй үл ойлголцож цагдаа шүүх дээр тулав. Үүнд: мөрдөн байцаагч Мөнхчимэг нь хөнгөн гэмтэл учруулсан гэдэг дүгнэлт гаргаад прокурорт хэргийн материалыг явуулахад Баянзүрх дүүргийн прокурор О хүчиндэхийг завдсан гэдэг дүгнэлт гаргаж яллагдагчаар татсан. Миний бие болсон явдлыг үнэн зөвөөр удаа дараа хэлсэн боловч хүлээн аваагүй шүүхийн хэлэлцүүлэг хийх хүсэлт гаргаж прокурорт мөрдөн шалгах ажиллагаа хийгээ буцааж өгөөч гэсэн хүсэлтийг маань бас хүлээж аваагүй шууд шүүх хурлын товыг зарласан ингээд 2022 оны 05-р сарын 02-нд А шүүгч шүүж хуулиас гадуур чи чинь эхнэр хүүхдээсээ тусдаа хаа хамаагүй хэн дуртай хүүхнүүдтэйгээ унтаж хэвтэж яваа хүн байна хүмүүжих шаардлагатай гэж хэлээд шууд прокурорын хэлсэн 2.2 жил хорих ялаар яллаж байсан гэтэл хохирогч мэдүүлэхдээ энэ хүн намайг хүчирхийлээгүй сандал дээр сууж байсан гэж хэлээд байхад тоогоогүй мөн дээрээс нь хөнгөрүүлэх нөхцөлүүд хуулийн дагуу эдлэх боломж байхад эдлүүлээгүй. Ингээд хорих 461-р ангид хоригдол ялтан болж очоод ялтан хулгайчаараа дуудуулж 2 сар гаран хоригдсон. Нийслэлийн давж заалдах шүүхэд хандаж давааны шүүх хурал 2022 оны 06-р сарын 02-нд болж шүүгч О.Ч даргалж шүүгч Б.З, Ш.Б нар шүүж өмгөөлөгчийн тавьсан шаардлага хүсэлт дүгнэлт бидний гаргасан шийдвэрт нөлөөлөхгүй бид өөрсдийнхөө дүгнэлтийг гаргаж байна нотлогдоогүй үндэслэлгүй энэ хүнийг хорьсон байна Баянзүрх дүүргийн эрүүгийн анхан шатны шүүгч Ат даалгах нь прокурорт буцаасугай гэсэн бараг л тушаал гаргасан байсан энэ л үед миний бие үнэн гэж байдаг юм мөн хуулийн дээд байгууллага шүүхдээ итгэж баярлаж байсан гэтэл О прокурор эсэргүүцэж ялаа хамгаална гэдэг утгагүй зүйлтэй зууралдаж байв. Батлан даалтаар гаргахгүй гэж эсэргүүцэж байсан гэтэл хуулийн дагуу 2022 оны 07-р сарын 6-ны өдөр батлан даалтаар гарч билээ. Ингээд мөрдөн байцаагч солигдож мөрдлөг явуулсан юм байхгүй надаас байцаалт ч авахгүй прокурорт очив. Ингээд прокурорт удаа санал хүсэлт бичгээр өгсөн боловч хүлээн аваагүй дахин шүүх хурлын товыг зарлав. Ингээд 2022 оны 11-р сарын 02-нд шүүгч Бээжин прокурор О нар оролцож шүүхээс намайг гэм буруугүй гэдэг үнэн үнэн зөв шийдвэрийг гаргаж цагаатгасан билээ. Миний бие 2022 оны 01-р сарын 07-оос мөрдөн шалгуулж мөн дээрээс нь хүчингийн гэмт хэрэгт болж сэтгэл санаа нэр төр цаг хугацаагаараа хохирч мөн орлогогүй болсон. Шөнө бүр шорон зүүдэлж дахин ямар нэгэн юманд гүтгүүлчихвий гэсэн айдастай болж найз нөхөд хамаатнуудтайгаа холбоо барихаас ч ичиж санаа зовж өөрийгөө яг л шоронд байгаа юм шиг л хаалттай байлгаж байна. Иймд миний сэтгэл санааны болон олох ёстой орлого мөн энэ хэрэгтэй холбоотой зарцуулагдсан  зардлыг олгож өгөхийг хүсэж байна. Үүнд: Сэтгэл санааны хохирол 50 сая, өмгөөлөгчийн зардал 10 сая, хоригдсон 2 сарын хугацаанд 5, 6 сар учраас ажил ид ундардаг үе сард багадаа 10 саяыг олно. Тэгэхээр хоригдсон 2 сарын хугацаанд нийт 20 сая төгрөг олох байсан билээ. Миний бие нийт 80 сая төгрөг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийг маань хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

1а. 2022.1.7-с хилс хэргээр мөрдөн байцаагдсан. Прокурор нь хүчиндэхийг завдсан гэж зүйлчилсэн. Би бүх зүйлээ үнэнээр нь хэлсэн. 2 жилийн ял аваад 2 сар 7 хоног хоригдсон. Нийслэлийн шүүхээс намайг батлан даалтад гаргасан. Шүүх дээр прокурор уруу хүсэлт явуулахад хүлээж аваагүй. Улмаар хурал болсон. Хөнгөлөх нөхцөлийг хүртэл харгалзаж үзээгүй. Сэтгэл санааны хувьд маш их хохиролтой байгаа юм. Шөнө хүртэл зүүдэлж байсан. Би барилгын компанитай бөгөөд ажил бага үед 10 саяас багагүй орлого олдог. Сэтгэл санааны хохиролд 50 сая, өмгөөлөгчийн хөлс 10 сая, нийт 80 саяыг нэхнэ. Шүүгчийн туслахаас ямар баримт бүрдүүлэхийг асуусан. Би дараа нь гаргаж өгнө гэж ойлгосон. Тухайн үеийн гэрээ цуцлагдсан байдаг юм. Би хоригдсон тул гэрээгээ цуцалсан.

1б. Намайг давж заалдах шатны шүүхээс авсан. 2 сар гаран хоригдсон. Бүрэн нотлогдоогүй байхад ял өгсөн байсан. Давж заалдах шатны шүүх хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаасан. Мөрдөн байцаагч хуурамчаар хэргийн газрын үзлэг хийсэн болгож прокурорт өгсөн. Энэ талаар прокурор хэлсэн. Ажиллагааг хэт нэг талыг барьж хийлээ гэдгийг хэлсэн. Урьдчилан хэлэлцүүлэгт бүх зүйлийг хэлсэн. Шинжээч оролцож бүх зүйлийг хэлсэн. Бие дээрх гэмтэл нь өмнө нь бусадтай архидсан гэдэг. Шинжээч нь хазсан гэмтэл биш гэдэг. Сүүлд анхан шатны шүүгч үнэн зөв шийдвэр гаргаж хүчингийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй гэсэн. Манай хүн чанга яриад байхаар нь амыг дарснаар хөнгөн гэмтэл учруулсан гэж үзсэн. Сэтгэл санаа болон эдийн засгийн хохирол учирсан тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Прокурор ч гэсэн мөрдөн байцаагчийг шалгуулна гэж байсан юм. Өмгөөлөгчтэй байгуулсан гэрээнд тодорхой заасан байгаа юм. Мөнгөө бэлнээр болон дансаар эгч нь өгсөн. Би эрүүгийн хуралд оролцсон. 2.2 жилийн ял оноож хохироосон юм. Дараа нь цагаадсан. Хөнгөн гэмтлийн үед 2 сарын баривчлах өгөөд багтаасан. Гол юм нь хүчингийн гэмт хэрэгт гүтгэгдсэн талаар бид нэхэмжлэл гаргаж байгаа юм. Сэтгэл санааны хохирлыг өөрөөрөө нотолж байгаа юм. Өөр юугаар нотлох вэ. Нэхэмжлэгч өөрөө хэлээд байна. Өмгөөлөгчийн хөлсийг би татварт мэдүүлээгүй. Жилийн эцсээрээ явж байгаа юм. Би үйлчлүүлэгчдээ 2 удаа буцахад нь хэлж өгсөн гэв.

 

2.         Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Н.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчид холбогдуулсан хэрэг нь 2 зүйл ангитай байсан. Шалгагдаж байхдаа цагдан хоригдсон. Шүүх хүчиндэх гэмт хэрэг нь эргэлзээтэй байна гэсэн. Энэ хэрэгт прокурорын ур чадвар дутсан. Хүчингийн хэрэгт цагаадсан тул маргахгүй. Өмгөөлөгч эрүүгийн хэрэгт оролцсон талаар маргахгүй. Шаардлагад маргана. 80 саяын хувьд өмгөөлөгчтэй гэрээ хийсэн боловч мөнгө төлсөн баримтгүй. Мөнгөн дүн бодитоор гарсан байх ёстой. Хоригдсон нь нийлмэл гэмт хэрэг гэж хоригдсон. Цагдан хоригдсон нь 67 хоног тул хэрхэн тооцсон нь баримтгүй. Иймд хүлээж авахгүй. Сэтгэл санааны хохирол 50 саяыг хэрхэн тооцсон нь тодорхойгүй баримтгүй байна. 10 саяын орлого олдог байсан баримтгүй. Үйл баримтаа нотолж чадахгүй байна. 10 саяын ажил хийгдэх байсан гэдэг баримтгүй. Барилгын компани нь ямар ажил хийх байсан юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би бол шаардлага дээр ярьж байгаа юм. Хохирол нь баримттай байх ёстой. Өмгөөлөгч би өөрөө нотолж байна гэж байна. Энэ хэрэгт гэрч биш юм. Өмгөөлөгчийн гэрээнд маргаагүй бөгөөд мөнгө гарсан эсэх баримтгүй. Компанийн гэрээ гэх боловч үүнийгээ нотлохгүй байна. Баримтгүй нэхэж болохгүй. Цагдан хорьж хохирсон талаар маргаагүй боловч баримтгүй байна гэв.

 

3.         Нэхэмжлэгч нь шүүхэд: өмгөөлөгч, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх5/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ДШМ/583 дугаар магадлалын хуулбар /хх14-18/, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн яллах дүгнэлт /хх19-22/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх23/, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 4/1002 дугаар хариу мэдэгдэх хуудас /хх24/, өмгөөлөгч С.Энхбатын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 0213 дугаар хүсэлт /хх27/, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн 4/1227 дугаар хариу мэдэгдэх хуудас /хх28/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 2022/ШЦТ/1602 дугаар шийтгэх тогтоол /хх29-35/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/639 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх57-68/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

4.         Иргэдийн төлөөлөгч М.Б-н дүгнэлт: Нэхэмжлэгч Аы нэхэмжилж буй 80 сая төгрөг нь үндэслэлтэй боловч баримтгүй байна. Тухайн хүний гаргасан зардал болон орлогын баримт нь энэ удаа байхгүй байгаа тул нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр гэм хорын хохиролд нийт 80,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч Ш.А нь хууль бусаар эрүүгийн хэрэгт шалгагдсан, цагдан хоригдсон гэх үндэслэлээр гэм хорын хохиролд сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 10,000,000 төгрөг, цагдан хоригдсон хугацаанд олох байсан орлогод 20,000,000 төгрөг, нийт 80,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.         Төрийг төлөөлөн оролцож буй бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын төлөөлөгч Н.М нь эрүүгийн журмаар шалгасан, цагдан хоригдсон үйл баримтын талаар маргаагүй боловч учирсан гэх 80,000,000 төгрөгийн хохирол нь баримтаар нотлогдоогүй гэж маргасан.

 

4.         Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нэхэмжлэгч Ш.Ад холбогдох эрүүгийн 2206006300773 дугаар хэрэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хүчиндэхийг завдсан хэргийг Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлүүлэхээр шүүхэд шилжүүлэх тухай 423а дугаар яллах дүгнэлт үйлдсэн байна. /хх19-21/

4а. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 2022/ШЦТ/1602 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ш.Ад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, улмаар 900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ. /хх29-35/

4б. Энэхүү шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6-д нэхэмжлэгч Ш.Аыг нийт 67 хоног цагдан хоригдсон талаар заасан ба энэхүү шийтгэх  тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд дээрх үйл баримтын талаар шүүх хуралдааны оролцогч хэн аль нь маргаагүй.

 

5.         Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлийг 67 хоног цагдан хоригдсон үйл баримттай холбогдуулан тайлбарлаж байна.

5а. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/639 дүгээр шийтгэх тогтоолоор нэхэмжлэгч Ш.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэхийг завдах гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, улмаар торгох ялыг шилжүүлэн нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 2 сараар тогтоосон. /хх57-66/

5б. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ДШМ/583 дугаар магадлалаар дээрх 2022/ШЦТ/639 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар прокурорт шилжүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. /хх14-18/

5в. Энэ хугацаанд нэхэмжлэгч нь нийт 67 хоног цагдан хоригдсон үйл баримтын талаар гуравдагч этгээдийн төлөөгч маргаагүй.

 

6.         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсний улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана” гэж тус тус заажээ.

Тодруулбал, төрийн эрх бүхий байгууллагаас гэмт хэрэгт хэн нэгэн этгээдийг сэжиглэн шалгах үндэслэл тухайн үед байснаар мөрдөн шалгах ажиллагааг хуулиар олгосон эрх, үүргийн дагуу хэрэгжүүлсэн боловч хожим уг хэрэгт шалгагдаж байсан этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, цагаатгасан зэрэг тохиолдолд тус хэргийг шалгаж, шийдвэрлэсэн хэрэг бүртгэгч, мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай үйлдэл байсан эсэхийг үл харгалзан тухайн этгээдэд учирсан хохирлыг төр барагдуулах юм.

Түүнчлэн, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т “Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана” гэж зохицуулжээ.

Иймд нэхэмжлэгч Ш.Ад холбогдох хүчиндэхийг завдах гэмт хэргийн үйлдэл холбогдлыг дээрх 2022/ШЦТ/1602 дугаар шийтгэх тогтоолоор хэрэгсэхгүй болгож, хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул тэрээр өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй байна.

 

7.         Нэхэмжлэгчид учирсан гэх сэтгэл санааны хохирлын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “......................., нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон ..................... эрхтэй” гэж, мөн хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.

7а. Гэвч дээрх хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэхэмжлэгчид нөхөн төлөх хохирлын төрлийг тодорхойлсон бөгөөд үүнд сэтгэл санаанд учирсан хохирлыг нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн хохиролд оруулаагүй байна.

7б. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар “учруулсан хохирлыг арилгуулах” тухай зөрчигдсөн эрхийг сэргээх зарчмын хүрээнд нэхэмжлэгчид учирсан сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөхөд мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэсэн зарчим үйлчилнэ.

7в. Нэхэмжлэгч  Ш.Аы “намайг эрүүгийн хэрэгт үндэслэлгүй шалгасан, шүүхийн шийтгэх тогтоолоор ял ногдуулж, цагдан хорьсон зэргээс миний сэтгэл санаанд хохирол учирсан, үүнээс болж байнгын айдастай болсон” гэх агуулгатай тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар зохигчийн тайлбар нь нотлох баримт мөн боловч нэхэмжлэгчийн дээр дурдсан тайлбар нь нотлох баримт бус, харин нотлогдвол зохих нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага юм.

7г. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн сэтгэл санаанд учирсан гэх хохирол нь нотлогдоогүй, цаашлаад, 50,000,000 төгрөгийг хэрхэн тооцсон нь тодорхойгүй, хуульд сэтгэл санааны хохирлыг хэрхэн тооцох талаар зохицуулаагүй байх тул энэхүү шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

8.         Нэхэмжлэгчид учирсан гэх эд хөрөнгийн хохирлын хувьд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ш.Аы өмгөөлөгчөөр Ш., С.Э нар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр С.Э нар оролцжээ. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь эрүүгийн болон иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа авсан байна.

8а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмын дагуу шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэр гаргана. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбарыг нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.

8б. Нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцаа авах хөлсөнд 10,000,000 төгрөг төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Хэдийгээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь 10,000,000 төгрөг хүлээн авсан талаар тайлбарлаж байх боловч мөнгөн хөрөнгө олгосон гэх тайлбарыг санхүүгийн болон бусад бичмэл баримтаар нотлох учиртай. Иймд хууль зүйн туслалцаа авахад зарцуулах гэх 10,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангах боломжгүй.

8в. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учирсан бодит хохирол болон олох байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй. Гэхдээ энэхүү олох байсан орлого нь эргэлзээгүй баримтаар нотлогдох учиртай.

8г. Нэхэмжлэгч нь сард 10,000,000 төгрөгөөс доошгүй орлого олдог байсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй бөгөөд татвар төлж байгаагүй гэж тайлбарлаж байна. Цаашлаад, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгчийн туслах энэ талаар зөвлөгөө өгөөгүй тул холбогдох баримтыг сүүлд нь авчирна гэж ойлгож байсан гэх тайлбар үндэслэлгүй. Учир нь шүүх хэргийн оролцогчдод зөвлөгөө өгөх эрх, үүрэггүй бөгөөд нэхэмжлэгч нь өмгөөлөгчөөс хууль зүйн зөвлөгөө авч байна. Мөн дээрх үндэслэлээр шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэр гаргадаг. Эдгээрээс гадна цагдан хоригдсоны улмаас бусадтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдаж, олох байсан орлогоо олж чадаагүй гэх тайлбар нотлогдоогүй.

 

9.         Шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн нэхэмжлэгч нь хохирлоо шаардах эрхтэй боловч баримтаар нотлогдоогүй тул нэхэмжлэл үндэслэлгүй гэх дүгнэлтийг хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзээд шийдвэр гаргахдаа харгалзсан болно.

 

10.       Дээрх үндэслэлүүдийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэгт шалгагдсан, улмаар цагдан хоригдсон нь тогтоогдсон боловч учирсан гэх эдийн болон эдийн бус хохирлоо нотолж чадаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

11.        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

Энэ хэргийн хувьд нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Ш.Аы гэм хорын хохиролд нийт 80,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.             Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ГАНБОЛД

 

                                    ШҮҮГЧИД                                        Г.БЯМБАЖАРГАЛ

 

                                                                                             Б.ЦОЛМОНГЭРЭЛ