Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Маанийн Мөнхтөр |
Хэргийн индекс | 102/2022/03813/И |
Дугаар | 102/ШШ2023/00958 |
Огноо | 2023-03-09 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2023/00958
2023 оны 03 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2023/00958 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ... дүгээр хороолол, Нарны зам гудамж, ... дугаар байр, ...тоот хаягт оршин суух, Б овогт З-тын Ц /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, ... дүгээр байр, ... тоот хаягт оршин суух, У овогт Х-ын Ө /РД: .../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 76,500,000 төгрөг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Номин-Эрдэнэ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,
Хариуцагч Х.Ө,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч З.Ц-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Номин-Эрдэнийн гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч З.Ц нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагч Х.Ө-тэй ... дугаар Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ-г байгуулсан. Уг гэрээгээр Нийслэлийн Баянгол дүүргийн ... хороо, ... айлын Ө.Р хотхоны ... ээлжийн ... блокны ... орц, ... давхар, ... тоотод байрлах ... талбай бүхий 2 өрөө байрны И.Ц.К ХХК-тай байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээний захиалагчийн эрхийг Х.Өээс З.Ц руу бүрэн шилжүүлэн авч Х.Өд гэрээний төлбөрт 76,500,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө буюу 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр бүрэн төлж барагдуулсан. Гэвч орон сууц захиалгын гэрээний гүйцэтгэгч болох И.Ц.К ХХК нь дээрх 2 өрөө орон сууцыг давхардуулж өөр хүнд худалдсан байсан. Энэ талаар мэдсэн даруйдаа давхардуулж зарсан хүнтэй болон И.Ц.К ХХК-тай очиж уулзан утсаар холбогдон шаардлагатай бүхий л арга хэмжээг авсан. Гүйцэтгэгч компанийн зүгээс өөр давхарын ижил талбай бүхий орон сууцаар сольж өгье, хохиролгүй болгож өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ авч шийдэж өгөөгүй, утсаар залгахад утсаа авахгүй, оффисын хаягаар очиж уулзахад хүн байхгүй нөхцөл байдал үүсээд байна. Энэ талаар Х.Өд мэдэгдсэн, тэрээр үүссэн нөхцөл байдлын талаар бүрэн мэдэж байгаа ба бид удаа дараа холбогдсон боловч сүүлдээ утсаа авахгүй болсон. 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр И.Ц.К ХХК-д мэдэгдэл шуудангийн хаягаар хүргүүлсэн, гэвч одоог хүртэл хариу өгөөгүй. Мөн эрх шилжүүлэх гэрээний зүйл болох орон сууц захиалгын эрхийг хэрэгжүүлж, орон сууцанд захиалгын гэрээнд заагдсан цаг хугацаанд орох, орон сууцыг цаашид эзэмших ашиглах захиран зарцуулах эрх нь эргэлзээтэй хэрэгжих боломжгүй болсон гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээнээс татгалзаж, Х.Өд бүрэн шилжүүлсэн 76,500,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Уг нэмэгдүүлсэн шаардлагад З.Ц 2022 оны 01 дүгээр сарын 26-ний өдөр 76,500,000 төгрөгийг Х.Өд шилжүүлсэн ба уг мөнгийг нэхэмжлэгч З.Ц нь олохын тулд тухайн үед цалингийн зээл авсан байдаг. Уг зээлийн хүү нь 2023 оны 01 дүгээр сарын байдлаар 2,980,651 төгрөг болсон. Шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа 2022 оны 07 дугаар сард гаргасан ба З.Ц нь өөрөө хөдөө орон нутагт ажилладаг учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр оролцох боломжгүй учраас итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Номин-Эрдэнийг томилсон, хууль зүйн зөвлөгөө авахаар өмгөөлөгч оролцуулсан, итгэмжлэгдсэн төлөөлөгчид 1,000,000 төгрөг, өмгөөлөгчид 1,500,000 төгрөг төлсөн бөгөөд банкны зээлийн хүүгийн хамт нийт 5,480,651 төгрөг болсон тул нэхэмжлэлийн шаардлага 76,500,000 төгрөгөө дээрх үнийн дүнгээр нэмэгдүүлж нийт 81,980,561 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна гэв.
2. Хариуцагч Х.Өийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Миний бие Х.Ө нь 2021 оны 07 дугаар 23-ны өдөр зар дээрээс Ч.Ж гэх иргэнтэй холбогдож И.Ц.К ХХК-ийн барьж буй Баянгол дүүргийн ... хороо, ... айлын орон сууцны ... давхарт С тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг худалдан авсан. И.Ц.К ХХК-ийн тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан хаягт Ч.Жтай миний бие хамт очиж орон сууц захиалах гэрээг шилжүүлэн авч, байрны үнэ 70,000,000 төгрөгийг бүрэн төлсөн юм. Улмаар гэрээний 5.2-т Захиалагч гүйцэтгэгчээс зөвшөөрөл авснаас бусад тохиолдолд орон сууцыг хүлээн авах хүртэл хугацаанд орон сууцыг бусдад бэлэглэх, шилжүүлэх, худалдах, барьцаалах, түрээслэх арилжих эрхгүй гэж тохиролцсон тул гүйцэтгэгч кампани болох Ивээлт цамхагХХК-тай холбогдон орон сууцыг зарах тухайгаа хэлж мэдэгдэн гүйцэтгэгч зөвшөөрснөөр 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр захиалсан тус байрыг нэхэмжлэгч З.Цаас приус 30 загварын автомашиныг 17,000,000 төгрөгт тооцож, үлдэх 59,500,000 төгрөгийг бэлэн авахаар тохиролцож И.Ц.К ХХК-ийн одоогийн оффис болох Меру товер-т З.Ц гэх хүний хадам ээж, З.Ц, мөн зуучийн компанийн ажилтан н.Э, түүний туслах эмэгтэй, мөн миний бие уулзалдсан. Ингээд би энэ хүнд зарах болсон тухайгаа хэлэхэд та 2 гэрээгээ хоорондоо хийчихээд дараа нь З.Цыг гэрээ авчирч нэрээ оруулж болно гэж хэлээд зөвшөөрсөн.Тэгээд бид 4 Зайсан Оргил худалдааны төвийн нотариат дээр очиж эрх шилжүүлэх гэрээг төлбөрийг 100 хувь төлсөнөөр хийсэн байсан. З.Ц гэх хүнд зарах үед тухайн байр ямар ч асуудал байгаагүй бөгөөд би угаас З.Цыг танихгүй, хуурч хохироох ямар ч бодол санаа агуулаагүй. З.Ц дараа нь надтай 2022 оны 05 дугаар сард холбогдож өөр бусад хүнд давхардуулан зарсан байна гээд Н.Б гэх хүний И.Ц.К ХХК-тай 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хийсэн Барилгын ажлын хөлсөнд тооцож орон сууцны захиалгын гэрээ-г харуулсан. Ингэх үедээ З.Ц компанитай холбогдож байгаа, чи надад төлбөргүй гэсэн бичиг бичиж өгвөл компани надад өөр адилхан байр өгнө гэнээ гэж хэлээд 05 дугаар сард Тооцоогүй гэсэн бичиг бичүүлж авсан. Иргэний хуулийн 123 дугаар зүйлд зааснаар Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ, шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ. гэж заасан. Ажил гүйцэтгэгч И.Ц.К ХХК болон захиалагч Х.Ө бидний хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн орон сууц захиалгаар барих гэрээний 4.6-д Гүйцэтгэгч нь орон сууцыг зарах болон захиалга давхардуулан авахгүй байх үүрэгтэй гэх үүргээ үүрэг гүйцэтгэгч зөрчиж З.Цын байрыг Н.Бд давхардуулан гэрээлснээрээ И.Ц.К ХХК нь өөрөө хариуцах учиртай. Энэ үндэслэлээр нэхэмжлэгч З.Ц эрх шилжүүлэх хэлцлээс татгалзах эрхгүй.
2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээний 4.1-д ...шилжүүлж байгаа эрх нь гэрээ байгуулах үед бусдад худалдагдаагүй, барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, түрээслүүлээгүй, өмчлөлийн ямар нэгэн маргаангүй болно. Иргэний хуульд заасан биет байдлын болон эрхийн зөрчилгүй шилжүүлж буй эрхэд хамаарах үл хөдлөх эд хөрөнгийг эрх шилжүүлэгч тал хүлээлгэн өгөх үүрэгтэй. гэж заасан бөгөөд Х.Өээс З.Цт 2022 оны 01 дүгээр сарын 26-нд эрхээ шилжүүлэхэд энэхүү гэрээ хүчин төгөлдөр, эд хөрөнгө эрхийн доголдолгүй байсан тул захиалагч буюу шилжүүлэгч би үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд Өлзийгэрэл миний бие хохирол учруулаагүй, үүргээ биелүүлсэн, зохих ёсоор биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх эрхтэй. Хэрэв Н.Бгээс өмнө хэлцэл хийсэн шаардах эрх бүхий этгээд, түүнчлэн үүрэг гүйцэтгэгч уг эрхээ шилжүүлэхээр хэд хэдэн этгээдтэй хэлэлцэн тохирсон бол шаардах эрх эзэмшигчтэй хамгийн түрүүнд хэлэлцэн тохирсон этгээд үүрэг гүйцэтгэгчийн өмнө шаардах бүрэн эрхтэй байна. Түрүүлж тохирсон этгээдийг тогтоох боломжгүй бол үүрэг гүйцэтгэгчид түрүүлж мэдэгдсэн этгээдэд шаардах эрх шилжсэн гэж үзнэ. Энэ гэрээний хувьд бид хэн аль нь үүргээ биелүүлснээр бидний хооронд шаардах эрх дууссан, харин энэхүү эрх шилжүүлэх гэрээтэй хамтатган хэрэглэгдэх гэрээ бол И.Ц.К ХХК-тай байгуулсан орон сууц захиалгаар барих 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн гэрээ бөгөөд үүрэг гүйцэтгэгч И.Ц.К ХХК энэхүү гэрээний 4.6-д заасныг зөрчсөн тул үүрэг гүйцэтгэгчээс төлбөрийг шаардах эрхтэй. И.Ц.К ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 28-нд Н.Бд өөр гэрээгээр С тоот орон сууцыыг давхардуулан шилжүүлэх, захиалах гэрээ хийсэнд эрх шилжүүлэгч, Х.Ө миний буруу байхгүй. Ц.С захирал нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр надад 76,500,000 төгрөгийг 14 хоногийн дотор төлж барагдуулахаар баталгааг цагдаагийн байгууллагад шалгагдаж байх явцдаа хийж өгсөн. Тухайн орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулах үүргийг И.Ц.К ХХК хүлээсэн, миний хувьд ийм үүрэг байхгүй болно. Хариуцагчаар үүрэг гүйцэтгэгч И.Ц.К ХХК-ийг татахгүй байгаа учрыг гэрээний 6.1-д заасан ...20 хувь төлбөр хариуцлагаас нэхэмжлэгч зугтах гэж, эсхүл эрх шилжүүлэх гэрээний үүрэг, үндэслэл ээ зөрчиж байна гэж харж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд И.Ц.К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хэрэгт авагдсан орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээнд дурдагдаад байгаа хаяг байршил дээр байгаа ... айлын орон сууцын барилгыг бид барьж гүйцэтгэж байгаа. Яагаад барьж байгаа гэж байна гэхээр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд хийгдэж байгаа барилга, орон сууц юм. Энэ орон сууц барилга руу улс нийслэлийн төсвийн хөрөнгөөр инженерийн дэд бүтцийг оруулах үүрэгтэй. Гэр хорооллын газрыг газар эзэмшиж байгаа иргэд чөлөөлөх үүрэгтэй. Бид чөлөөлсөн улс, нийслэлийн төсвөөр инженерийн шугам сүлжээнд холбогдсон газар дээр зөвхөн барилга барих үүрэгтэй. Бид өөрсдөөс шалтгаалах бүх зүйлээ хийсэн байдаг. Улс, нийслэлийн төсвөөр хийгдэх инженерийн шугам, сүлжээний ажлууд хийгдээгүйгээс болоод барилга өнөөдөр бүрэн боссон ч цэвэр, бохир, дулаан байхгүй учраас ашиглалтад оруулах ямар ч боломжгүй байна. Далд ажлууд хийгдээгүй ийм байдалтай 2 жил өнгөрч байна. Анх энэ маргаан бүхийн орон сууцыг Ч.Ж гэдэг иргэнтэй тус компани гэрээ байгуулсан. Орон сууц ашиглалтад орохгүй удааширсан учраас 2021 оны 06 дугаар сард Ч.Ж орон сууцыг захиалсан байсан. Ч.Ж нь инженерийн шугам сүлжээ орох нь тодорхойгүй юм байна гэдгийг мэдэж аваад орон сууц захиалгынхаа гэрээг Х.Өд шилжүүлсэн байгаа юм. Х.Ө нь тухайн үед эрх шилжүүлэх гэрээгээр биш орон сууц захиалгын гэрээг И.Ц.К ХХК-тай байгуулсан байгаа юм. Х.Ө нь гэрээг өөр дээрээ байлгаж байгаад З.Цт шилжүүлсэн байна. Бид орон сууцыг улс, нийслэлийн төсвөөр хийгдэх ажил бүрэн хийгдэж дуусвал орон сууцыг барьж дуусгах нь тодорхой. Тухайн үед захиалагч эрх шилжүүлэх гэрээгээрээ байна уу? орон сууц захиалгаар бариулах гэрээгээрээ байна уу? хэн эрхийг эдэлж байгаа юм тэр хүнд нь орон сууцыг өгөх үүрэгтэй. Бид хариуцагч Х.Өийг шаардах эрхээ шилжүүлсэн юм байна гэж ойлголоо. Гэрээнд бид тодорхой заагаад өгсөн. Орон сууц захиалгаар бариулах гэрээний 5.2-т зааснаар И.Ц.К ХХК-д шаардах эрхээ өөр бусдад шилжүүлж байгаа гэдгээ мэдэгдсэн тохиолдолд дараагийн хэлцэл хүчин төгөлдөр баримтаар явна. Бидэнд цаашаа хэн нь байх юм. Нэхэмжлэгч байх юм уу? эсвэл нэхэмжлэгч нь бид гэрээнээсээ татгалзаж байна. Мөнгөө авъя гээд шүүх шийдээд эсвэл Х.Өийн захиалгын гэрээ хүчин төгөлдөр үлдэх юм бол бид Х.Өд орон сууцыг хүлээлгэж өгөх юм уу гэдэг нөхцөл байдал үүсэх байх, өөрөөр хэлбэл орон сууц ашиглалтад ороход тухай С тоот орон сууцыг өмчлөх эрх бүхий гэрээтэй этгээд нь хэн байна, түүнд нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөх болно гэв.
4. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээ, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Х.Өийн тодорхойлолтыг нотлох баримтын шаардлага хангуулан хавсаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хаан банк ХХК дахь З.Ц-ын эзэмшлийн ..., ... тоот дансны хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгчээ.
5. Хариуцагч нь шүүхэд хариу тайлбарын хамт Ц.Сгийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн баталгаа, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 28ё1-2/5917 тоот албан бичиг, тус хэлтэст Х.Өийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гаргасан өргөдөл шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШЗ2022/15049 дүгээр захирамж, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШЗ2022/16643 дугаар захирамж, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШЗ2022/19070 дугаар захирамж, Хас банк ХХК дахь Х.Өийн эзэмшлийн ... тоот дансны хуулга, И.Ц.К ХХК, Х.Ө нарын хооронд 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн орон сууц захиалгаар барих гэрээ, Хаан банк ХХК дахь Х.Өийн эзэмшлийн ... тоот дансны хуулга, З.Ц, Х.Ө нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан 0147 тоот тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ, нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн.
6. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШЗ2022/18718 дугаар захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 6/9902 тоот албан бичгийг нотлох баримтаар гаргуулж шүүхийн журмаар нотлох баримт цуглуулсан.
Шүүх зохигчдын тайлбар, нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч З.Ц нь хариуцагч Х.Өд холбогдуулан орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 76,500,000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 5,480,651 төгрөг, нийт 81,980,561 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч З.Ц нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагч Х.Өтэй ... дугаар Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ-г байгуулсан. Уг гэрээгээр Нийслэлийн Баянгол дүүргийн ... хороо, ... айлын Ө.Р хотхоны ... ээлжийн ... блокны ... орц, ... давхар, ... тоотод байрлах ... талбай бүхий 2 өрөө байрны И.Ц.К ХХК-тай байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээний захиалагчийн эрхийг Х.Өээс З.Ц руу бүрэн шилжүүлэн авч Х.Өд гэрээний төлбөрт 76,500,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө буюу 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр бүрэн төлж барагдуулсан. Гэвч орон сууц захиалгын гэрээний гүйцэтгэгч болох И.Ц.К ХХК нь дээрх 2 өрөө орон сууцыг давхардуулж өөр хүнд худалдсан байсан, мөн орон сууц захиалгын гэрээнд заагдсан цаг хугацаанд орох, орон сууцыг цаашид эзэмших ашиглах захиран зарцуулах эрх нь эргэлзээтэй хэрэгжих боломжгүй болсон гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээнээс татгалзаж байна. З.Ц 2022 оны 01 дүгээр сарын 26-ний өдөр 76,500,000 төгрөгийг Х.Өд шилжүүлсэн ба уг мөнгийг нэхэмжлэгч З.Ц нь олохын тулд тухайн үед цалингийн зээл авсан байдаг. Уг зээлийн хүү нь 2023 оны 01 дүгээр сарын байдлаар 2,980,651 төгрөг болсон. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ч.Номин-Эрдэнийг томилсон, хууль зүйн зөвлөгөө авахаар өмгөөлөгч оролцуулсан, итгэмжлэгдсэн төлөөлөгчид 1,000,000 төгрөг, өмгөөлөгчид 1,500,000 төгрөг төлсөн бөгөөд банкны зээлийн хүүгийн хамт нийт 5,480,651 төгрөг болсон тул нэхэмжлэлийн шаардлага 76,500,000 төгрөгөө дээрх үнийн дүнгээр нэмэгдүүлж нийт 81,980,561 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна гэжээ.
3. Хариуцагч Х.Ө нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дараахь үндэслэлээр татгалзсан. Үүнд: 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр захиалсан байраа нэхэмжлэгч З.Цаас приус 30 загварын автомашиныг 17,000,000 төгрөгт тооцож, үлдэх 59,500,000 төгрөгийг бэлэн авахаар тохиролцож И.Ц.К ХХК-ийн одоогийн оффис болох Меру товер-т З.Ц гэх хүний хадам ээж, З.Ц, мөн зуучийн компанийн ажилтан н.Э, түүний туслах эмэгтэй, мөн миний бие уулзалдсан. Ингээд би энэ хүнд зарах болсон тухайгаа хэлэхэд та 2 гэрээгээ хоорондоо хийчихээд дараа нь З.Цыг гэрээ авчирч нэрээ оруулж болно гэж хэлээд зөвшөөрсөн.Тэгээд бид 4 Зайсан Оргил худалдааны төвийн нотариат дээр очиж эрх шилжүүлэх гэрээг төлбөрийг 100 хувь төлсөнөөр хийсэн байсан. З.Ц гэх хүнд зарах үед тухайн байр ямар ч асуудал байгаагүй бөгөөд би угаас З.Цыг танихгүй, хуурч хохироох ямар ч бодол санаа агуулаагүй. З.Ц дараа нь надтай 2022 оны 05 дугаар сард холбогдож өөр бусад хүнд давхардуулан зарсан байна гээд Н.Б гэх хүний И.Ц.К ХХК-тай 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хийсэн Барилгын ажлын хөлсөнд тооцож орон сууцны захиалгын гэрээ-г харуулсан. Ингэх үедээ З.Ц компанитай холбогдож байгаа, чи надад төлбөргүй гэсэн бичиг бичиж өгвөл компани надад өөр адилхан байр өгнө гэнээ гэж хэлээд 05 дугаар сард Тооцоогүй гэсэн бичиг бичүүлж авсан. Ажил гүйцэтгэгч И.Ц.К ХХК болон захиалагч Х.Ө бидний хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн орон сууц захиалгаар барих гэрээний 4.6-д Гүйцэтгэгч нь орон сууцыг зарах болон захиалга давхардуулан авахгүй байх үүрэгтэй гэх үүргээ үүрэг гүйцэтгэгч зөрчиж З.Цын байрыг Н.Бд давхардуулан гэрээлснээрээ И.Ц.К ХХК нь өөрөө хариуцах учиртай. Хэрэв Н.Бгээс өмнө хэлцэл хийсэн шаардах эрх бүхий этгээд, түүнчлэн үүрэг гүйцэтгэгч уг эрхээ шилжүүлэхээр хэд хэдэн этгээдтэй хэлэлцэн тохирсон бол шаардах эрх эзэмшигчтэй хамгийн түрүүнд хэлэлцэн тохирсон этгээд үүрэг гүйцэтгэгчийн өмнө шаардах бүрэн эрхтэй байна. Түрүүлж тохирсон этгээдийг тогтоох боломжгүй бол үүрэг гүйцэтгэгчид түрүүлж мэдэгдсэн этгээдэд шаардах эрх шилжсэн гэж үзнэ. И.Ц.К ХХК-ийн захирал Ц.С нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр надад 76,500,000 төгрөгийг 14 хоногийн дотор төлж барагдуулахаар баталгааг цагдаагийн байгууллагад шалгагдаж байх явцдаа хийж өгсөн. Тухайн орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулах үүргийг И.Ц.К ХХК хүлээсэн, миний хувьд ийм үүрэг байхгүй болно. Хариуцагчаар үүрэг гүйцэтгэгч И.Ц.К ХХК-ийг татахгүй байгаа учрыг гэрээний 6.1-д заасан ...20 хувь төлбөр хариуцлагаас нэхэмжлэгч зугтах гэж, эсхүл эрх шилжүүлэх гэрээний үүрэг, үндэслэл ээ зөрчиж байна гэж харж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд, хариуцагч Х.Ө нь 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр И.Ц.К ХХК-тай орон сууц захиалгаар барих гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Баянгол дүүргийн ... хороо, ... айлын Ө.Р хотхоны орон сууцны барилгын ... ээлжийн Б блокийн ... орц, ... давхарын С тоот 40 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцыг 70,000,000 төгрөг захиалан бариулах, захиалагч нь төлбөр төлөх, гүйцэтгэгч нь орон сууцыг 2021 оны 04 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээжээ. Улмаар хариуцагч Х.Ө нь энэхүү гэрээний захиалагчийн эрхээ 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ... дугаар гэрээгээр З.Цт шилжүүлсэн, энэхүү гэрээгээр эрх хүлээн авагч З.Ц нь эрх шилжүүлэгч Х.Өд 76,500,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээжээ. Мөн маргаан бүхий Баянгол дүүргийн ... хороо, ... айлын Ө.Р хотхоны орон сууцны барилгын ... ээлжийн Б блокийн ... орц, ... давхарын С тоот 40 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцыг улсын комисс хүлээж аваагүй, хаяг олгогдоогүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 6/9902 тоот албан бичиг, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
6. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч З.Ц, хариуцагч Х.Ө нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна.
7. Зохигчид гэрээ байгуулсан талаар болон гэрээний үүрэгт нэхэмжлэгч З.Ц 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 17,000,000 төгрөгт тооцож Тоёота приус загварын 60-44 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн, үлдэх 59,500,000 төгрөгийг дансаар шилжүүлж, нийт 76,500,000 төгрөгийг төлж барагдуулсан талаар маргаагүй болно.
8. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж буй үндэслэлээ орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүй, мөн орон сууцыг Н.Б гэх иргэнд давхардуулан худалдсан гэх 2 үндэслэлийг заажээ. Гэвч зохигчдын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээ, мөн Х.Ө, И.Ц.К ХХК-иудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээний 2.1-д гүйцэтгэгч барила угсралтын ажлыг 2021 оны 04 дүгээр улиралд багтаан дуусгавар болгоно гэж заасан, өөрөөр хэлбэл орон сууцыг барьж дуусгаж ашиглалтад оруулах үүрэг бүхий этгээд нь хариуцагч Х.Ө биш харин И.Ц.К ХХК байна. Мөн нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцыг давхардуулан өөр этгээдэд худалдсан гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар гэрээнээс учирсан хохирол шаардаж болох хэдий ч гэрээнээс татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч хохирол шаардах эрхгүй юм.
9. Иймд дээр үндэслэлүүдээр нэхэмжлэгч З.Ц-ын хариуцагч Х.Өд холбогдуулан гаргасан орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 76,500,000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 5,480,651 төгрөг, нийт 81,980,561 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 540,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч З.Ц-ын хариуцагч Х.Өд холбогдуулан гаргасан орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 76,500,000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 5,480,651 төгрөг, нийт 81,980,561 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 540,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР