Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2023/01047

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2023/01047

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ... дугаар хороо, ... хотхон, ... тоот хаягт оршин суух, Д овогт Ц-ийн Х /РД: .../,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дүгээр байр, ... тоот хаягт оршин суух, Б овогт Б-ийн Б /РД: .../-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээнээс учирсан хохирол 2,900,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Х,

Хариуцагч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Хын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Ц.Х би 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн ... дугаар хороо, Зүүн нарангийн ... тоот хаягт байрлах Ч ХХК-ийн Д караокег захирал Б.Бтой харилцан тохиролцож ажлын байр түрээслэх гэрээ байгуулан түрээслэн ажиллуулж эхэлсэн. Гэтэл Б.Б нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр манай түрээсийн кара-окед ирж үндэслэлгүйгээр бидний гарахыг шаардсан ба гэрээний 2 дугаар зүйлийн 4-д, 3 дугаар зүйлийн 7-д тус тус зааснаар хоёр талын хэн алины санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар бол 2 сарын өмнө нөгөөдөө мэдэгдэхээр заасныг зөрчин түрээслэгч талыг хугацаанаас өмнө хөөн гаргаж бидэнд хохирол учрууллаа. Бид гэрээний 1 дүгээр зүйлд зааснаар нэг жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулна гэж тооцон засвар үйлчилгээ, бас бус зардлууд гаргасан ба гэрээ зөрчсөн тал болох түрээслүүлэгч Б.Боос хохирол болох 2,900,000 төгрөгийг нэхэмжилж байна. Тодруулбал, дуу суулгасан зардалд 750,000 төгрөг, буйдан 110,000 төгрөг, портерын хөлсөнд 60,000 төгрөг, хулдаасанд 130,000 төгрөг, засварын ажлын хөлсөнд 240,000 төгрөг, обойны үнэ 240,000 төгрөг, тенн 110,000 төгрөг, цавуу бусад жижиг хэрэгсэлд 120,000 төгрөг, нийт 2,900,000 төгрөгийг хариуцагч Б.Боос гаргуулж өгнө үү гэв.

 2. Хариуцагч Б.Бын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хариуцагч Б.Б миний бие 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Ц.Хтай өөрийн эзэмшдэг хоёр давхар обьект /нэг дүгээр давхарын караоке паб, хоёр дугаар давхарын 9 өрөөтэй жижиг дэн буудал/-ыг 1 жилийн хугацаатай сарын 5,500,000 төгрөгөөр тохирч түрээслүүлэхээр гэрээ хийсэн юм. 2022 оны 12 дугаар сарын 27-нд Хэрлэн над руу утасдаж түрээсээ багасга, хүн орохгүй байна гэсэн тэгээд би уулзаж ярилцъя гэж тохиролцсон. Уулзахаар очиход буудлын ресепшн авгай би дарааллан 5 өдөр гарч байна, энэ 2 бараг 2-3 хонож байж 1 удаа ирдэг юм, 00-н цаасаа ч авч өгөхгүй хүмүүст загнуулахгүйн тулд би өөрөө авч өгдөг гэсэн зовлон тоочоод сууж байсан. Тэгээд Хэрлэн рүү утсаар ярихад жаахан ажилтай явж байна орой уулзъя гэсэн. Би орой амжихгүй гээд маргааш нь уулзахаар болсон. Маргааш нь ирэхэд нөгөө ээлжний эмэгтэй мөн л зовлон тоочоод бид 2-т өдөртөө 50,000 өгдөг нь ядарсан бидэнд зүгээр юм, Би эхнэрийг нь ч хараагүй ямар хүн байдгийг нь мэдэхгүй. Би дарааллан 4 өдөр гарч байна өнөөдөр ч гарч байна гэж байсан. Урьд нь би өөрөө ажиллуулдаг байхдаа ресепчинд зөвхөн тооцоо хий гэж 60,000 төгрөгийн цалинтай ажиллуулдаг байсан. Тэгээд сууж байхад хуучны байнгын үйлчлүүлэгчтэйгээ тааралдахад танайх ямар хүнд түрээсэлсэн юм бэ арай хэтэрхий байна шүү гэж надад хэлж байсан. Уг нь түрээсэлж орохдоо гадна доторгүй засвар хийнэ янзын гоё болгоно гэж байсан юм. Гэтэл юун засвар, харин зөндөө их юм эвдсэн байсан. Цонх давхраараа хагархай, обой урагдсан, хаалга эвдэрсэн гэх зэрэг зөндөө эвдэрсэн юм байсан. Юун энэ хүн мөнгө нэхэмжлэх би бараг нэхэмжлэхээр байсан. Тэгээд сууж байтал Хэрлэн, түүний нөхөр Аюуш 2 ирсэн. Тэгээд ах нь түрээсээ багасгах боломжгүй, би зөндөө эмчилгээтэй, болохгүй бол ах нь өөрөө буцааж авъя гэхэд тэг гэсэн. Тэгээд та 2 ашиг зардлаа олж авч чадсан уу гэхэд нөхөр Аюуш нь олсон гэж хэлсэн. Харин авгай Хэрлэн нь нөхрийнхөө өөдөөс муухай хараад юм хэлээгүй, кара-окены зассан 2 өрөөний мөнгийг өгнө биздээ гэж надад хэлсэн би өгөхгүй, та 2 яах гэж давхар түрээсэлсэн юм гэж хэлсэн. Засвар хийсэн гээд байгаа 2 өрөө нь 3x3, 9х2м талбайтай, обойг нь наасан, жижиг 8 буйдан өнгөлсөн, хэдэн дуу суулгасан гэсэн байсан. Эдгээр нь 2,900,000 төгрөг гэх бөгөөд уг төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Ц.Х нь өөрөө больё гэж тохирсон, мөн гэрээгээ зөрчиж давхар караоке, пабыг бусдад түрээслүүлсэн. Би буудал, караоке, пабыг нийтэд нь 5,500,000 төгрөгөөр тохирч түрээслүүлсэн юм. Гэтэл караоке пабыг 4,500,000 төгрөгөөр давхар түрээсүүлсэн байсан. Цахилгааны 3 сарын төлбөр огт хийгээгүй /2022 оны 10, 11, 12 дугаар сар/ байсан. Манай обьект цахилгаанаар халдаг. Би 2022 оны 12 дугаар сарын 28-нд цахилгааны төлбөр хийгээгүй бол цахилгаан хязгаарлаад 1 өдөр хоноход л манайх паар хөлдөж 10-20 сая төгрөгний хохирол учрах байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ажлын байрны түрээсийн гэрээ, фото зургуудыг хавсаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зарлагын баримт, фото зураг, Хаан банк ХХК дахь Ц.Хын эзэмшлийн ... тоот дансны хуулгыг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Хариуцагч хариу тайлбарын хамт 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн түрээсийн гэрээ, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн бэлэн мөнгөн орлогын баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгчээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Х нь хариуцагч Б.Бт холбогдуулан түрээсийн гэрээнээс учирсан хохиролд 2,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Ц.Х би 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн ...  дугаар хороо, Зүүннарангийн ... тоот хаягт байрлах Ч ХХК-ийн Д караокег захирал Б.Бтой харилцан тохиролцож ажлын байр түрээслэх гэрээ байгуулан түрээслэн ажиллуулж эхэлсэн. Гэтэл Б.Б нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр манай түрээсийн кара-окед ирж үндэслэлгүйгээр бидний гарахыг шаардаж гаргасан. Бид нэг жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулна гэж тооцон засвар үйлчилгээ, бас бус зардлууд гаргасан. Дуу суулгасан зардалд 750,000 төгрөг, буйдан 110,000 төгрөг, портерын хөлсөнд 60,000 төгрөг, хулдаасанд 130,000 төгрөг, засварын ажлын хөлсөнд 240,000 төгрөг, обойны үнэ 240,000 төгрөг, тенн 110,000 төгрөг, цавуу бусад жижиг хэрэгсэлд 120,000 төгрөг, нийт 2,900,000 төгрөгийг хариуцагч Б.Боос гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь татгалзсан. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлага болох 2,900,000 төгрөгийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь Ц.Х нь өөрөө больё гэж тохирсон, мөн гэрээгээ зөрчиж давхар караоке, пабыг бусдад түрээслүүлсэн. Би буудал, караоке, пабыг нийтэд нь 5,500,000 төгрөгөөр тохирч түрээслүүлсэн юм. Гэтэл караоке, пабыг 4,500,000 төгрөгөөр давхар түрээсүүлсэн байсан. Цахилгааны 3 сарын төлбөр огт хийгээгүй /2022 оны 10, 11, 12 дугаар сар/ байсан. Манай обьект цахилгаанаар халдаг. Би 2022 оны 12 дугаар сарын 28-нд цахилгааны төлбөр хийгээгүй бол цахилгаан хязгаарлаад 1 өдөр хоноход л манай паар хөлдөж 10-20 сая төгрөгний хохирол учрах байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ажлын байрны түрээсийн гэрээгээр нэхэмжлэгч Ц.Х нь Ч ХХК-тай 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 0-1-8 тоот хаягт байрлах Ч ХХК-ийн Д паб, караокег 1 жилийн хугацаатай буюу 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд түрээслэхээр тохиролцож, Ч ХХК-тай Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулжээ. Гэтэл 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээнээс учирсан хохиролд 2,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа гэрээний оролцогч биш этгээд болох иргэн Б.Быг хариуцагчаар татжээ. Үүнээс дүгнэвэл нэхэмжлэгч Ц.Хын нэхэмжлэлийг хариуцвал зохих этгээд нь Б.Б биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 61,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Б-оос түрээсийн гэрээнээс учирсан хохиролд 2,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Х-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МӨНХТӨР