Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2023/01188

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2023/01188

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ... дүгээр хороо, өөрийн байранд байрлах, Г ХХК /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар байр, ... тоот хаягт оршин суух, Б овогт Х-гийн Х /РД: .../-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,483,075.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмардорж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Мягмардоржийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Х.Х нь 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Г ХХК-тай ... дугаартай кредит картын гэрээ байгуулан 1,000,000 төгрөгийг бэлэн авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэйгээр авсан. Зээлдэгч Х.Х нь кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй 37 сарын хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээл 999,235.59 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 831,662.37 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 391,642.51 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 260,535.35 төгрөг, нийт 2,483,075.82 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч Х.Хгаас зээлийн гэрээний үүрэгт 2,483,075.82 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Х.Хн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадоржийн гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч байна. Хариуцагчийн зүгээс үндсэн зээлийн 999,235.59 төгрөг, мөн зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг гэрээгээр тохирсноор 1 хувь буюу 9,992 төгрөг, нийт 1,009,227 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. Харин нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 1,473,848 төгрөгийг үндэслэлгүйгээр шаардаж байх тул зөвшөөрөх боломжгүй. Учир нь нэхэмжлэгч нь миний зээлийн үндсэн төлбөрөөс сарын 3.5 хувийн хүүг тооцсон байна. Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээнд сарын 3.5 хувийн хүүг тооцоогүй, мөн би зээлийн эрх хэтрүүлээгүй гэх тайлбарыг бид өмнө нь гаргасан боловч дахиж тооцоолол хийж үзээд нэхэмжлэлийн шаардлагаас 252,700 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч байна, үлдэх 2,230,375.82 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 170419025 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ, зээлийн тооцооллын хүснэгт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШЗ2020/01880 дугаар захирамж, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШЗ2021/04974 дүгээр захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/01249 дүгээр шийдвэр, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 28-26/7484 тоот албан бичгийг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргаж өгсөн болно.

 

4. Хариуцагч Х.Х нь шүүхэд хариу тайлбараа гаргасан.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Х.Хд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,483,075.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Х.Х нь 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Г ХХК-тай ... дугаартай кредит картын гэрээ байгуулан 1,000,000 төгрөгийг бэлэн авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэйгээр авсан. Зээлдэгч Х.Х нь кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй 37 сарын хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа гэж тодорхойлжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг татгалзсан ба татгалзлын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлжээ. Үүнд, Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч байна. Хариуцагчийн зүгээс үндсэн зээлийн 999,235.59 төгрөг, мөн зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг гэрээгээр тохирсноор 1 хувь буюу 9,992 төгрөг, нийт 1,009,227 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. Харин нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 1,473,848 төгрөгийг үндэслэлгүйгээр шаардаж байх тул зөвшөөрөх боломжгүй. Учир нь нэхэмжлэгч нь миний зээлийн үндсэн төлбөрөөс сарын 3.5 хувийн хүүг тооцсон байна. Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээнд сарын 3.5 хувийн хүүг тооцоогүй, мөн би зээлийн эрх хэтрүүлээгүй гэх тайлбарыг бид өмнө нь гаргасан боловч дахиж тооцоолол хийж үзээд нэхэмжлэлийн шаардлагаас 252,700 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч байна, үлдэх 2,230,375.82 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 170419025 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ, зээлийн тооцооллын хүснэгт, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Х.Хтай 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Г/КР/170419025 дугаартай кредит картын гэрээ байгуулан 1,000,000 төгрөгийг бэлэн авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэйгээр авсан нь тогтоогдож байна.

 

6. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1-д ... бэлэн бус гүйлгээний жилийн хүү 24 хувь, бэлэн мөнгө авсны жилийн хүү 42 хувь, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, эргэн төлөх өдөр 15 өдөр гэж заасан тул хариуцагч хүү, нэмэгдүүлсэн төлөх үүрэгтэй. Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анз хэрэглэхгүй. гэж, талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.1-д заасны дагуу нэхэмжлэгч Г ХХК нь нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй, хариуцагч гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.

 

7. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болох байсан боловч хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй ба нэхэмжлэгч нь үндсэн зээлийн төлбөрт 999,235.59 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 831,662.37 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 391,642.51 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 260,535.35 төгрөг, нийт 2,483,075.82 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

 

8. Иймд хариуцагч Х.Хгаас зээлийн гэрээний үүрэгт 2,483,075.82 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 54,980 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Хгаас зээлийн гэрээний үүрэгт 2,483,075.82 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 54,980 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР