| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2006004600874 |
| Дугаар | 2021/ДШМ/696 |
| Огноо | 2021-07-22 |
| Зүйл хэсэг | 116.1., 11.4.1., |
| Улсын яллагч | М.Отгонжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2021/ДШМ/696
А.Д, А.Н нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Отгонжаргал,
яллагдагч А.Д, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа
яллагдагч А.Н-ийн өмгөөлөгч П.Учралгэрэл,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЗ/1468 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Ариунцэцэгийн бичсэн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 33 дугаартай эсэргүүцэлд үндэслэн А.Д, А.Н нарт холбогдох 2006 00460 0874 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
С овгийн А-ын Д, 1996 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, “А” эмнэлэгт хүний их эмч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ... /;
Х овгийн А-ийн Н, 1999 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Төмөр замын дээд сургуулийн 4 дүгээр түвшний оюутан, ам бүл 5, эцэг, эх, хоёр дүүгийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... гудамж, ... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;
А.Д нь 2019 оны 12 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянзүрх зах” худалдааны төвийн гадна талд хохирогч А.Н-той “Холд, зайл гэсэн” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар зүүн гаран тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь зүүн сарвууны чигчий хурууны алганы шивнүүр ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
А.Н нь 2019 оны 12 дугаар сарын 14-өөс 15-нд шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянзүрх зах” худалдааны төвийн гадна талд хохирогч А.Д-тэй “Зайл гэсэн” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь баруун дээд нэгдүгээр шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газар: А.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр, А.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих дор дурдсан зарим байдлыг гүйцэд тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 875 дугаартай магадлалын тодорхойлох хэсгийн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч /хохирогч/ А.Н “...хоёулаа харилцан зодолдсон. ...тухайн үед миний зүүн гарын савхан яс хугарсан. А.Д намайг гараараа цохиход нь би зүүн гараараа хаахад миний гарыг цохисон. Тухайн шөнөдөө гэмтлийн эмнэлэгт очиж зураг авхуулахад зүүн гарын савхан яс хугарсан байсан. Тэгээд нэг хэсэг гараа гибсдүүлж яваад гибсээ авхуулаад гадагшаа явсан. ...тухайн үед миний зүүн гарны савхан яс хугарсан. ...Тухайн шөнөдөө гэмтлийн эмнэлэгт очиж зураг авхуулахад зүүн гарын савхан яс хугарсан байсан. ...” /хх 17, 18, 52/, гэрч М “...тэгээд Н, Д нар харилцан бие биеийгээ цохилцоод зодолдсон. ...Н тэндээ гараа бариад үлдсэн. ...гэмтлийн эмнэлэг рүү очиж гараа үзүүлж гибсдүүлсэн гэсэн...” /хх 20/, цагаатгагдсан этгээд /хохирогч/ А.Д “...Н эхлээд намайг нэг цохиход өөрийн рефлексээрээ урдаас нь гар далайсан, гэвч оновчтой цохиж чадаагүй гэж үзэж байна. ...” /хх 59/, шинжээч эмч М.Золжаргалын “...чигчий хурууны алганы шивнүүр яс руу цохих, цохигдох хүч үйлчилсний улмаас дээрх гэмтэл учирна. Гараа зангидаж байгаад аливаа нэг биетийг цохиход өөрийнх нь чигчий хурууны алганы шивнүүр яс хугарах боломж бага байдаг...." /хх 69/ гэх мэдүүлгүүдийг өгсөн байна. Дээрх хэрэгт авсан нотлох баримт, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдийг үнэн зөв гэж дүгнэж яллах дүгнэлт үйлдсэн атлаа гэмт хэрэг гарсан байдлыг сайтар шалгаж тогтоогоогүй, шүүхээс хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй, эргэлзээтэй байна. Хэрэгт авагдсан Зөвлөгөө авах бичиг, хохирогч А.Н-ийн гэмтлийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт гэмт хэрэг болсон цаг хугацаанаас хойш 3 сар 16-29 хоногийн дараа тус тус гарсан байна. Мөрдөн шалгах ажиллагаанд явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт цагаатгагдсан этгээд А.Д 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө 03 цагийн орчим хохирогч А.Н-ийн эрүүл мэндэд зүүн сарвууны чигчий хурууны алганы шивнүүр ясны далд хугарлыг учруулсан эсэхэд цаг хугацааны хувьд илэрхий эргэлзээтэй байхад түүнийг шалгахгүй орхигдуулсныг тодруулах...” гэсэн үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан магадлал бүрэн биелэгдээгүйгээр хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн гэж дүгнэж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж, яллагдагч А.Д, А.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор М.Ариунцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: “...Мөрдөн байцаалтын явцад хохирогч А.Н“...Маргалдаж байгаад харилцан зодолдсон. А.Д намайг тухайн үед хэрхэн, яаж зодож цохисон талаар мэдэхгүй байна. ...Ямар ч байсан миний урдаас цохилцоод л байсан. Би А.Д-ийн нүүр тус газарт гараараа хэд хэдэн удаа цохисон. Хэд цохисныг би мэдэхгүй байна. ...Тэгээд баарнаас гараад М-ийн араас таксинд сууж дагаж яваад Баянзүрх захын гадаа ирээд М-тэй уулзаж байсан юм. ...Тухайн үед миний зүүн гарын савхан яс хугарсан. А.Д намайг гараараа цохиход нь би зүүн гараараа хаахад миний гарыг цохисон. ...Тухайн шөнөдөө гэмтлийн эмнэлэгт очиж зураг авхуулахад зүүн гарын савхан яс хугарсан байсан... Би А.Д-ийг цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан талаар огт мэдээгүй ...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 4092 дугаартай “А.Н-ийн биед зүүн сарвууны чигчий хурууны алганы шивнүүр ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. ...” гэх дүгнэлт, гэрч Э.М-ийн “...Манай ангийнхан “I L” гэдэг нэртэй бааранд орсон. ...А.Н-той таарсан. Тухайн үед миний сууж байсан бааранд А.Д ирээд, таксинд суугаад ...Баянзүрх дүүргийн захын гадна ирж зогссон. ...А.Н нь А.Д-д хандаж “Бид хоёр юм ярьж байна, чи цаашаа байж бай” гэсэн. ...Тэгээд Н, Д хоёр харилцан бие биеийгээ цохилцоод зодолдсон. Би тэр хоёрын хэн, хэнийгээ яаж цохисон эсэхийг одоо санахгүй байна. ...Би тэгээд больцгоо гээд салсан. ...А.Д ганцаараа таксиндаа суугаад яваад өгсөн. Харин А.Н тэнд гараа бариад үлдсэн. ...А.Н нь тухайн үед намайг хүргэж өгчихөөд гэмтлийн эмнэлэг рүү очиж гараа үзүүлсэн гэсэн. ...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд авагдсан байдаг. Өөрөөр хэлбэл хэрэг учрал болсон 2019 оны 12 сарын 14-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 15-нд шилжих шөнөөс хойш 3 сар өнгөрсний дараа буюу 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр А.Н-ийг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан. Дүрс оношилгооны эмч С.Чулуунсүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Зөвлөгөө авах бичиг”-т А.Н-ийн зүүн сарвууны 2 байрлалын рентген зургаар зүүн гарын чигчий хурууны алга ясанд зөрүү багатай, хөндлөн сэлтэрсэн хугаралтай” 2019.12.15 /СД-1ш/” гэж бичсэн байдаг. Хохирогч нь гэмт үйлдэл болсон өдөр Гэмтэл согог судлалын Үндэсний төвд үзүүлж, гарын рентген зураг авхуулсан байдаг ба энэ талаарх үйл баримтыг СИДИ-нд хуулбарлан авсан. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Н нь уг СИДИ-г мөрдөгчид өгснөөр хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан байдаг. Мөн дүрс оношилгооны эмч С.Чулуунсүх “...Шинжээч эмч М.Золжаргалын 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн илгээх бичиг хүргүүлсэн. А.Н-ийн зүүн сарвууны 2 байрлалын рентген зурагт зүүн гарын чигчий хурууны алганы шивнүүр яс нь зөрүү багатай сэлтэрсэн хугаралтай байсныг уншиж зургийн хариуг бичгээр эмчид нь өгсөн. ...” гэж мэдүүлсэн.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу дээрх ажиллагааг хийхэд хохирогч А.Н-ийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр зэргийн гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн нь болох нь эргэлзээгүйгээр, нэг мөр тогтоогдож байна. Гэтэл анхан шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 875 дугаартай магадлалд заасан ажиллагаа буюу “А.Д нь 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө 03 цагийн үед хохирогч А.Н-ийн эрүүл мэндэд зүүн сарвууны чигчий хурууны алганы шивнүүр ясны далд хугарал бүхий гэмтлийг учруулсан нь цаг хугацааны хувьд эргэлзээтэй байхад түүний шалгахгүй орхигдуулсныг тодруулах” гэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.
Прокурор М.Отгонжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийн материалтай танилцахад гэмт хэрэг гарсан цаг хугацаанд хохирогч А.Н-д гэмтэл учирсан болох нь гэрч М, А.Н нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон гэж үзэж байна. Хэрэг 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө гарсан боловч тухайн үед хохирогч А.Н нь А.Д-ийг цагдаагийн байгууллагад хандсаныг мэдэхгүй байсан учраас тэр үедээ ямар нэгэн байдлаар цагдаагийн байгууллагад хандаж, зодуулсан талаараа гомдол гаргахгүй явж байгаад сүүлд 4 дүгээр сарын 06-ны өдөр хохирогчоор тогтоогдсон байгаа. Хохирогч А.Н-ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан. Энэ дүгнэлт нь хохирогчийн мэдүүлэг болон хэрэг гарах үед байсан гэрч М-ийн мэдүүлгээр нотлогддог. Хохирогч А.Н нь 2019 оны 12 дугаар сарын 14-ний шөнө Гэмтэл согог судлалын Үндэсний төвд очиж үзүүлсэн байдаг. Иймд прокурор М.Ариунцэцэгийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.
Шүүгдэгч А.Д-ийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн давж заалдах шатны шүүхийн 875 дугаартай магадлалд заагдсан ажиллагаанууд огт хийгдээгүй анхан шатны шүүхэд шилжсэн. Иймд анхан шатны шүүх үнэн зөв дүгнэлт хийсэн. Хохирогч А.Н хэрэг нь шүүх рүү шилжих гэж байх явцад буюу 3 сар 19 хоногийн дараа “Би энэ хүнд цохиулсан” гэсэн байдаг. Хохирогчид учирсан хүндэвтэр гэмтлийг А.Д учруулсан уу, өөр хүн учруулсан уу гэдэг нь эргэлзээтэй. ...” гэв.
Шүүгдэгч А.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би болсон үйл явдлыг маш сайн санаж байна. Би А.Н гэх залууг цохих оролдлого хийгээгүй. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна. ...” гэв.
Шүүгдэгч А.Н-ийн өмгөөлөгч П.Учралгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас А.Д, А.Н нар нь 2019 оны 12 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянзүрх зах” худалдааны төвийн гадна талд таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, харилцан зодолдож, хэн хэнийхээ эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэмт хэрэг гарсан байдлыг сайтар шалгаж тогтоох гэсэн үндэслэл зааж, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан магадлал бүрэн биелэгдээгүй байхад хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн гэж дүгнэж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул прокурор М.Ариунцэцэгийн 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 33 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЗ/1468 дугаартай захирамжийг хүчингүй болгож, А.Д, А.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЗ/1468 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч А.Д, А.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл яллагдагч А.Н, А.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Ц. ОЧ