Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 269

 

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн даргаар Г.Алтанцэцэг

улсын яллагч Д.Уранчимэг,

хохирогч Б.Сүх-Очир,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэнгүүн /ҮД:2171/

шүүгдэгч Я.Чойсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Маньбадар овогт Ядамсүрэнгийн Чойсүрэнд холбогдох эрүүгийн 201725030066 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 27-ны  өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 5 дугаар сарын 20-нд Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, нас 34, хүйс эрэгтэй, боловсрол бага, мэргэжил мужаан, эрхэлсэн тодорхой ажил байхгүй, ам бүл 4, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 9 дүгээр гудамж 303Б тоотод оршин суух, гавъяа шагналгүй, 2003 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 311 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Маньбадар овогт Ядамсүрэнгийн Чойсүрэн /РД- КН83052070/

 

Холбогдсон хэргийн талаар: Я.Чойсүрэн нь 2002 оны Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Я.Чойсүрэн нь 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шөнийн 2 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэйн 9 дүгээр гудамжинд Б.Сүх-Очиртой "...манай эхнэрийг буруугаар ярьлаа..." гэх хуувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдаж улмаар түүнийг зодож биед баруун 7-р хавирганы суганы дунд шугамаар хугарал, уушигны няцрал, цээжний баруун хөндийд хий хуралдалт бүхий хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүгдэгч Я.Чойсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Надад сонсгож буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Сүх-Очирыг зодоогүй ээ. 2016 оны 12 дугаар сарын 03-ны орой манай хүргэн Сүх-Очир манай гэрт ирсэн. Манай эхнэр тухайн үед ажлаасаа ирээгүй байсан. Сүх-Очир бид хоёр дэлгүүр орж 2.5 литрийн пивоноос нэг савыг аваад мөн 0.5 литрийн пивоноос нэг нэгийг харих замдаа уугаад явах гэж байсан. Сүх-Очир бид 2 манай гэрт очоод авсан пиво ууж дуусгаад дахиад пиво авахаар дэлгүүр орж өмнөхийн адил 2.5 литрийн пивоноос нэг савыг 0.5 литрийн нэг нэг лазыг аваад манай гэрт ирээд байж байтал эхнэр араас 2 хүүхэдтэйгээ ирсэн. Тэгээд Сүх-Очир бид 2 пивоо ууж дуусаад Сүх-Очир харина гэхээр нь би суулгаж өгөхөөр хамт гарсан. Бид 2 гудамжаар хамт явж байгаад хоорондоо маргаж эхэлсэн. Бид 2 гудамжнаас гараад төв замын хажуу талд барилцаж авсан. Бид 2т зодолдсон зүйл байхгүй. Би Сүх-Очироос салаад Сүх-Очирыг таксинд суулгаад явуулсан. Тухайн үед Сүх-Очир уусан пивондоо маш их согтсон байсан. Газар унаж босч яваад байсан. Сүх-Очир бид хоёрын дунд урьд нь өр авлага, өш хонзонгийн зүйл байхгүй. Манай эхнэр Эрдэнэчимэг урьд өдөр нь найзуудтайгаа яваад гэртээ ирж хоноогүй юм. Тэр тухай Сүх-Очир мэдчихээд манай эхнэрийг алдваар хэлээд доромжлоод байхаар нь би Сүх-Очирыг загинасан. Тэрнээс өөр зодсон асуудал ерөөсөө байхгүй. Сүх-Очир өөрөө 3-4 удаа газар унасан. Би 2 удаа Сүх-Очирыг татаж босгосон, 2 удаа өөрөө боссон. Би дунд зэргийн согтолттой байсан. Өөрийн үйлдлийг удирдан хянах чадвартай байсан. Хүргэн Сүх-Очир гомдол саналгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40х/

хохирогч Б.Сүх-Очирын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 03-ны орой манай эхнэрийн ах Чойсүрэнтэй утсаар ярьж байгаад Чойсүрэнгийн гэрт ирсэн. Чойсүрэн бид хоёр эхлээд дэлгүүр орж 0.5 литрийн пивоноос 2 лаазыг аваад 2.5 литрийн пивоноос 1 савыг авч Чойсүрэнгиин гэрт нь хувааж ууж дуусаад дахиад дэлгүүр орж 0.5 литрийн пивоноос дахин 2 лаазыг аваад 2.5 литрийн пивоноос дахиад 1 савыг авч хоёулаа хувааж ууж дуусгасан. Чойсүрэнгийн эхнэр нь ажлаасаа ирээгүй, 2 хүүхэд нь ээжийнхээ ажил дээр хамт байсан. Бид хоёр пивоо ууж дуусаж байхад маргаж эхэлсэн. Чойсүрэнгийн эхнэр нь емнөх өдөр нь гэртээ ирж хоноогүй болохоор нь эхнэрийг нь жоохон буруу талаар хэлчихсэн чинь Чойсүрэн уурлаад байсан. Бид хоёр хэсэг маргалдаж байгаад болиод би харихаар болж Чойсүрэн намайг суулгаж өгөхөөр хамт гэрээс нь гараад замдаа дахиад муудалцаад эхэлсэн. Би тухайн үед нилээн согтсон байсан болохоор юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг мэдсэн бид хоёр барилцаад авсан зогсож байсан. Тэгээд хэсэг байж байгаад ухаан ортол би доошоо түрүүлгээ хараад газар хэвтихсэн байхаар нь босох гэтэл амьсгалж чадахгүй цээжээр их хөндүүрлэн өвдөж байсан. Тэр үед Чойсүрэн хажууд зогсож байхаар нь арай гэж босоод олигтой зүйл ярьж ч чадалгүй таксинд сууж яваад гэртээ ирсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-19х/

гэрч Я.Тунгалагтамирын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 04-ны шөнө 02 цагийн үед манай нөхөр Б.Сүх-Очир гаднаас зодуулсан байдалтай согтуу орж ирсэн. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад манай нөхөр Сүх-Очир "Чойсүрэнтэй муудапцаад" гэж хэлсэн. Би "түргэн тусламж дуудах уу" гэтэл манай нөхөр "хэрэггүй ээ, зүгээр зүгээр" гэж хэлээд унтаад өгсөн. Маргааш өглөө нь би ажилдаа яваад ажил дээрээ байж байтал манай нөхөр Чойсүрэн өвдөөд байна гээд надруу утасдахаар нь би гэртээ очоод нөхөр Б.Сүх- Очирыг аваад гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Томограф, цээжний рентгөн зураг авхуултал "хавирга нь хугарсан байна" гэж эмч нь хэлээд хэвтэж эмчлүүлэх шаардпагатай гэж хэлээд манай нөхрийг гэмтлийн эмнэлэгг хэвтүүлсэн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 22х/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №112 тоот дүгнэлтэд: Сүх-Очирын биед баруун 7-р хавирганы суганы дунд шугамаар хугарал, уушигны няцрал, цээжний баруун хөндийд хий хуралдалт, хийг соруулж авах мэс ажилбарын дараах байдал зэрэг гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. ШЭГЗТЖ-н 3.1.12 зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно.

5. Тухайн үед гэмтэл авсан гэх даруй эмнэлгийн тусламж авсан байгаагаас үзэхэд 2016.12.04-ний шөнө үүссэн байж болно. /хх-ийн 32-33х/

Гэмтэл согог судлалын үндэсний төв Өвчний түүх №28025 /хх-ийн 54-61 х/, 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 75-82х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглууж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг үндэслэн Я.Чойсүрэнд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Я.Чойсүрэнг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Чойсүрэн, хохирогч Б.Сүх-Очир нар нь “энэ хэргийг Я.Чойсүрэн үйлдээгүй, хохирогч Б.Сүх-Очир нь согтуу байсан өөрөө газар унахдаа энэ гэмтлийг авсан талаар” мэдүүлж байх хэдийч энэ хэрэгт гэрчээр байцаагдсан этгээд, хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг зэргээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар шалгавал зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн байна.  

 

Шүүгдэгч Я.Чойсүрэнд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн /ял  шалгах хуудас /хх-ийн 46х//, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх, хувийн байдал зэргийг нь харгалзан тохирох ял шийтгэлийг оногдуулав.

 

Хохирогч Б.Сүх-Очир нь шүүгдэгч Я.Чойсүрэнд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Маньбадар овогт Ядамсүрэнгийн Чойсүрэнг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я.Чойсүрэнд   10.000 /арван мянга/ нэгжээр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсгүүдийг тус тус баримтлан Я.Чойсүрэнд шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгуулын ялыг тогтоосон хугацаанд белүүлээгүй бол хорих ялаар сольсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Я.Чойсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.БАТГЭРЭЛ