Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 29 өдөр

Дугаар  2021/ДШМ/710

 

 

 

 

   2021             7             29                                        2021/ДШМ/710

 

Б.Нд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч М.Алдар, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Бямбадагва,

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч П.Гансүх,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж, шүүгч Б.Дашдондов, Б.Батаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/317 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбатын гаргасан давж заалдах гомдлоор Б.Нд холбогдох 1908040490113 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б.Н, 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр ...................... аймагт төрсөн, ........ настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, нөхөр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Дэнжийн 0 дугаар гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:зп00000000/;

 

Шүүгдэгч Б.Н нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 5 дугаар байрны 7 тоот түрээсийн байранд 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд гэмт хэргийн хохирогч болох үедээ 16 нас 11 сар 23 хоногтой байсан насанд хүрээгүй У.Солонгыг, 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл хугацаанд гэмт хэргийн хохирогч болох үедээ 17 нас 10 сар 3 хоногтой байсан насанд хүрээгүй Г.Ныг тус тус хүүхэд гэдгийг нь мэдсээр байж, хоёр хүнийг худалдаалж биеийг нь үнэлүүлж орогнуулан, хүн худалдаалах гэмт хэргийн байнга, тогтвортой үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Б.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Б.Н-ийг хүн худалдаалах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6 дахь заалт болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Баатархүүгийн Нандин-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6 дахь заалтад заасан “бэлгийн мөлжлөг” үйлдэх гэмт хэргийг хохирогчийн биеийг үнэлүүлж, ашиг олох зорилгоор 18 насанд хүрээгүй хүнийг албадан оруулж, 2 хүний эсрэг, байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нэс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 7.026.800 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ШБМХ/2019 4502 гэж хаягласан уутанд хийсэн 1, 2, 3 гэж дугаарласан салфетка, хэрэглэсэн бэлгэвч 2 ширхэг, цагаан өнгийн салфетканд боосон траст гэсэн бичигтэй бэлгэвчний уут 1 ширхэг, нийлэг уутанд хийсэн тэмдэглэлийн дэвтрийн цааснууд 3 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Нд авсан хувийг баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн түүнийг цагдан хорьж, мөн урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ талаарх холбогдох баримтыг Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбат давж заалдах гомдолдоо: “...Миний үйлчлүүлэгч Б.Н нь анх удаа Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст 2019 оны 8 дугаар сарын 3-ны өдөр гэрчээр байцаалт өгөх үедээ хохирогч болох Г.Н, У.С нарыг насанд хүрээгүй гэдгийг мэдээгүй талаар мэдүүлсэн байдаг. /1хх 79/ Мөн 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хохирогч У.С нь надад өөрийгөө 21 настай гэж танилцуулсан. /1хх 248/ Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/317 дугаар шийтгэх тогтоолд миний үйлчлүүлэгч Г.Н хохирогч нарыг бэлгийн харьцаанд албадан оруулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлд заасан бэлгийн мөлжлөгт оруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй болох нь хохирогч У.С, Г.Н нарын хохирогчоор өгсөн мэдүүлэгт өөрсдийн хүслээр, сайн дураараа ашиг олох зорилгоор биеэ үнэлсэн гэдгийг мэдүүлсэн байдаг. /1хх 68, 71, 90, 218/

Мөн хэргийг мөрдөн байцаалт болон прокурорын хяналт, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд мэдэгдээгүй шинээр илэрсэн нөхцөл байдал буюу хохирогч У.С, Г.Н нар нь насанд хүрээгүй гэдгийг шүүгдэгч Б.Н мэдээгүй байсан талаар өгүүлсэн бичиг анхан шатны шүүх дээр ирсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу миний үйлчлүүлэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлд заасан бэлгийн мөлжлөг үйлдсэн гэх гэмт хэргийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг биеэ үнэлэхийг зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэх зүйлээр зөвтгөн шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтас хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлгээр албадан оруулсан шинж байхгүй байна. Хохирогч нар мэдүүлэгтээ “...бид нарыг янз бүрээр дарамталсан асуудал байхгүй. Өөрсдийн сайн дураар биеэ үнэлсэн. ...” гэж мэдүүлдэг. Хэрэгт эргэлзээ бүхий нөхцөл байдал байна. Хохирогч нар яагаад мэдүүлгүүдээ өөрөөр өгөх болов. 3 дугаар хавтаст хэргийн 103-104 дүгээр хуудсанд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гэж хаягласан боловч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан гэж ойлгож байна. 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдөр гаргасан гомдол байдаг. Хохирогч нар мэдүүлэгтээ “... бид нарыг албадан бэлгийн харьцаанд оруулсан зүйл байхгүй. Өөрсдийн сайн дураараа явсан. ...” гэж мэдүүлдэг. Тухайн цаг хугацаанд шүүгдэгч Б.Н жирэмсэн байдаг. Жирэмсэн хүн энэ гэмт хэргийг үйлдэж байгаа нь эргэлзээтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Г.Н анхан шатны шүүхээс ял аваад явсны дараа ар гэр, ах дүү нар нь мэдсэн байдаг. Дансны хуулгад У.Сос Батбаатарт хаягласан мөнгө байдаг. Утасны дугаар нь Батбаатарын нэр дээрх утасны дугаар байдаг. Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд миний үйлчлүүлэгч энэ гэмт хэргийг үйлдсэн байх үндэслэлгүй байна. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Б.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх 2019 оны 5 дугаар сарын эхээр тус хэрэг болдог байрыг би өөрөө амьдрахаар түрээсэлж авсан. Уг байранд анх орж эхэлснээс хойш шөнө хаалга нь онгойх, хүүхэд уйлах чимээ их сонсогдох болсон. Тэгээд 2019 оны 5 дугаар сарын дунд хүртэл амьдарсан боловч сүүлдээ тэсэхээ больж, хадам эгчдээ хэлсэн. “...Сүнстэй байр юм шиг байна. Энэ байрыг эзэнд нь буцааж өгье. ...” гэж хэлэхэд “...наад байраа буцааж өгч хэрэггүй. Сайхан байр шүү дээ. ...” гэж хэлсэн. Манай хадам эгч массажны газар ажиллуулдаг эгч байдаг. “...Би өөрөө массажны газар ажлуулчихья, чи 5 жилээр түрээсэлж авсан юм чинь буцааж байрыг өгч яах юм бэ. ...” гэж надад хэлсэн. Тэгээд массажны газар ажиллуулж эхэлсэн. Орлого данс нь миний нөхрийн дансаар орж гардаг байсан. Анх цагдаагийн байгууллагаас 2019 оны 8 дугаар сард намайг дуудсан. Яваад очиход 7-8 цагдаа, шинжээч нар байсан. Тэр мөчөөс эхэлж би нөхрийнхөө болон хадам эгчийнхээ дарамтад орж эхэлсэн. “...Чиний нэр дээр байрыг чинь түрээсэлсэн учраас чи массажны газар ажиллуулж байсан. Нөхөр болон өөрийг нь оролцож зохион байгуулсан гэж хэлэх юм бол хүүхдүүдийг чинь өгөхгүй. Чи нэгэнт ажил хийдэггүй юм чинь хүүхдүүдийг чинь өгөх ямар ч боломжгүй. ...” гэж хэлсэн. Давж заалдах гомдолтой холбогдуулан хэлэх тайлбаргүй. ” гэв.

 

Прокурор Б.Бямбадагва тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Г.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэн өөрчилсөн. Уг шийтгэх тогтоолыг прокурор хүлээн аваад үндэслэл бүхий байна гэж үзээд эсэргүүцэл бичээгүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрсөн. Хохирогч нарыг янз бүрээр мэдүүлэг өгсөн гэж тайлбар хэлсэн. Хохирогч нар тогтвортой мэдүүлэг өгдөг. 2-3 удаа мэдүүлэг өгсөн. Хохирогч нарыг насанд хүрээгүй гэдгийг шүүгдэгч Б.Н мэдээгүй байсан гэж давж заалдах гомдолд дурдагдсан. 1 дүгээр хавтас хэргийн 63-65 дугаар хуудсанд насанд хүрээгүй хохирогч У.С нь “...би насанд хүрээгүй гэдгээ Б.Нд хэлсэн. ...” гэж, 1 дүгээр хавтас хэргийн 55-57 дугаар хуудсанд хохирогч Г.Нын “...би Б.Нд 2001 онд төрсөн гэдгээ хэлсэн. Намайг 17 настай гэдгийг мэдсэн. 2019 оны 8 дугаар сард 17 настай байсан. ...” гэж тус тус мэдүүлсэн. Хохирогч нар мэдүүлгээ тогтвортой өгдөг. 2019 оны 8 дугаар сард гэмт хэрэг үйлдэгдэж байхад Б.Н жирэмсэн байсан учраас энэ хэргийг үйлдэх боломжгүй гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс тайлбар хэлдэг. Шүүгдэгч Нандин-Эрдэнийн бэлгийн харьцаанд орсон эсэх асуудлыг яриагүй. Шүүгдэгч Б.Н энэ хэргийг зохион байгуулж, орон байраар хангасан. Зар тавьж, хүмүүсийг ажилд аваад эргээд бэлгийн харьцаанд орох хүмүүсийг массаж хийлгэнэ гэж зар тавьж ажлаар хангаж байсан. Ийм учраас, шүүгдэгч Нандин-Эрдэнийн жирэмсэн байсан нь тухайн үед гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхэд нөлөөлөхгүй. Тухайн хэрэг 2 жилийн хугацаанд явж байхад шүүгдэгч Б.Н “...манай нөхөр Батбаатар энэ талаар мэдэхгүй. Би Батбаатарын дансыг өөрөө ашигладаг байсан. Энэ У.Сос орж ирж байгаа мөнгө нь У.С биеэ үнэлж олсон мөнгө юм. ... ” гэж тогтвортой мэдүүлдэг. Түүний нөхөр Батбаатар мэдэхгүй гэдэг талаараа мэдүүлдэг. Энэ хэрэг анхан шатны шүүхээр 2 удаа хэлэлцэгдсэн. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлдэг. Ар гэрийнхэн нь гэмт хэрэгт холбогдсон талаар мэдээгүй гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс тайлбар хэлсэн. Гэр бүлийн хүн Батбаатар байсан. Яагаад дансаар орлого гэсэн мөнгө, төгрөг орж гарсан талаар мэдүүлэг өгч байсан. Анхан шатны шүүх хуралдааны явцад өмгөөлөгч нь “...Батбаатар та хоёрын харилцаа ямар байгаа бэ. ...” гэж асуухад “...намайг ийм юм хийдэг гэдгийг хэрэгт холбогдсоноос хойш мэдсэн. Тэгээд бид хоёрын харилцаа тааруу байгаа. ...” гэж мэдүүлдэг. Энэ нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй гэж заасан. Анхан шатны шүүх хуралдаан болох үед насанд хүрээгүй 2 хохирогчийн гаргасан өргөдөл нь хэлэлцэгдээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.Н нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 5 дугаар байрны 7 тоот түрээсийн байранд 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд гэмт хэргийн хохирогч болох үедээ 16 нас 11 сар 23 хоногтой байсан насанд хүрээгүй У.С, 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл хугацаанд гэмт хэргийн хохирогч болох үедээ 17 нас 10 сар 3 хоногтой байсан насанд хүрээгүй Г.Н нарын биеийг үнэлүүлж ашиг олох зорилгоор бэлгийн мөлжлөг гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Г.Н “...2-3 цагийн дараа Б.Н ирээд надад бүтэн биеийн массаж хийхийг зааж өгөөд “чи насандаа биш царайтай учраас манай ажилд тохирно, болж байна, гайгүй тогтвортой ажиллаарай, хэдэн төгрөгийн бараа харчихаад ажлаас гарчихгүй биз дээ” гэж хэлсэн. ...2019 оны 8 дугаар сарын 1-ний өдөр ажилд орохоор ирээд Б.Нтэй уулзахад гулгаа массаж, бариа болон тусгай үйлчилгээ буюу биеэ үнэлнэ гэж надад хэлсэн. Б.Нд 2001 онд төрсөн гэдгээ хэлсэн. ...Нийт 280.000 төгрөг олж, 140.000 төгрөгийг Б.Нд өгсөн, үлдсэн мөнгийг өөрөө авсан. ...” /1хх 55-56/,

насанд хүрээгүй хохирогч У.С “...тэгэхэд Б.Н эгч өөрийгөө танилцуулаад надад хийх ажлыг танилцуулсан, “чи ерөнхийдөө манайд ажиллавал гол төлөв эрэгтэй хүмүүстэй харьцна, бүтэн биеийн массаж, бариа хийнэ, чи гулгаа массаж гэж сонссон уу, манайх өдөрт дунджаар 100.000 төгрөгөөс дээш орлоготой байдаг, ажил хийснээрээ цалингаа авна, чамд мөнгө хэрэгтэй байгаа бол шууд ажилдаа орж болно, олсон орлогоо хоёулаа 50 хувиар хувааж авна” гэж надад хэлсэн. ...Бүтэн биеийн массаж, гулгаа массаж, бариа, биеэ үнэлж бэлгийн харьцаанд орох ажил хийдэг байсан. Өдөрт дунджаар 200.000 төгрөг олдог, тус мөнгийг Б.Нтэй 50 хувиар нь хувааж авдаг байсан. Би Б.Нэс цалингаа өдөрт нь бэлнээр болон дансаар авдаг байсан. ...” /1хх 64-65/,

гэрч Г.Н “...Б.Нтэй уулзаж ямар ажил хийх талаараа асуухад надтай ярилцаж байгаад бусдад биеэ үнэлж, бэлгийн харьцаанд орно, гулгаа массаж хийнэ, танай гэрийнхэн асуувал манай хүүхдийг харж байгаа гэж хэлчихэж болно, энэ миний гэр байгаа юм гэж хэлсэн. Мөн Б.Н олсон орлогоо 50, 50 хувиар нь хувааж авна, өдөр болгон олсон орлогоо авна гэж хэлсэн учир би өөрөө сайн дураараа зөвшөөрөөд ажилд орсон. Би тус газарт гулгаа массаж, бүтэн биеийн бариа, тусгай үйлчилгээ буюу бусдад биеэ үнэлж, бэлгийн харьцаанд ордог байсан. ...” /1хх 75/,

гэрч Л.Ц “...Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 5 дугаар байрны 7 тоотыг Б.Нд 2019 оны хавар түрээсийн гэрээ байгуулж, 2019 оны 11 дүгээр сарын эхэн үе хүртэл түрээслүүлсэн. ...Манай байранд охидууд биеэ үнэлж байна гэж хүмүүсээс сонссон тул байраа түрээслэхээ больсон. ...” /2хх 250/,

шүүгдэгч Б.Н “...2019 оны 6 дугааар сарын 20-ны өдрийн орчим би түрээсэлж байгаа байрандаа “бариа засал, массаж”-ны газар байгуулж, үйл ажиллагаа явуулж эхлэх зорилгоор фэйсбүүк орчинд ажлын зар гэсэн группд нэгдэж “бариа засалч, бие үрэгч” ажилд авна гэж зар байршуулсан. Тус зарын дагуу У.С холбогдож, надтай уулзсан. Би У.Сд хийх ажлыг нь анх танилцуулахдаа бие үрэлтийг 10.000 төгрөг, бариа засал 60.000 төгрөгийн ханштайгаар үйлчилгээ үзүүлнэ, олсон орлогоо 50 хувиар хувааж авна гэж амаар тохиролцож ажилд оруулсан. ...Би тус байранд тогтмол байдаггүй, охидуудтайгаа утсаар холбогдож өдрийн орлогоо хувааж авдаг байсан. ...” /2хх 248/ гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 8-17/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 25-28, 30-32, 35-38/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 33, 39/, нас тоолсон тэмдэглэл /1хх 41, 43/, “Хас” банкны 5001124974 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 45-52/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 395 дугаартай дүгнэлт /3хх 4/, орон сууц хөлслөх гэрээ, итгэмжлэл, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /3хх 15-18/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйл/Хүн худалдаалах/-ийн 1 дэх хэсэгт “Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн; тээвэрлэсэн; орогнуулсан; дамжуулсан; хүлээн авсан бол ...” гэж,

мөн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйл/Бэлгийн мөлжлөг/-ийн 1 дэх хэсэгт “Хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж; эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан бол ... гэж” тус тус гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.

 

Хүн худалдаалах гэмт хэргийн нэг шинж болох бэлгийн мөлжлөг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлд заасан бэлгийн мөлжлөг гэмт хэргийн төсөөтэй болон ялгаатай шинжүүдийг өрсөлдөх хэм хэмжээний онцлогоор ялган зааглаж, хэргийг зүйлчлэх нь хууль хэрэглээний хувьд чухал байна гэж үзэв.

 

2015 оны Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн 13.1 дүгээр зүйлд “хүн худалдаалах” гэмт хэргийг хуульчлахдаа НҮБ-ын Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенцын нэмэлт Палермогийн протокол, Хүн худалдаалахтай тэмцэх тухай Монгол Улсын хуулийн агуулгад нийцүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн зарим заалтыг тайлбарлах тухай 2008 оны Улсын Дээд шүүхийн 12 дугаар тогтоол, Эрүүгийн хуульд заасан хууль тогтоогчийн тайлбарыг тус тус гэмт хэргийн обьектив талын шинжид багтаан хуульчилсан онцлогтой.

 

Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг Нэгдсэн үндэстний байгууллагын конвенцын нэмэлт болох Хүн, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхэд худалдахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх тухай протоколын 2 дугаар зүйлийн “а”-д “хүн худалдаалахаас урьдчилан сэргийлэх ба түүнтэй тэмцэх, ингэхдээ эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хувьд тусгайлан анхаарал тавих;”, 3 дугаар зүйлийн “a”-д “...Мөлжих гэдэгт наад зах нь бусдын биеийг үнэлүүлэх буюу бэлгийн харилцаанд оруулан мөлжих бусад хэлбэрүүд, ...зэргийг ойлгоно;” гэж,

мөн Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, хүүхдийг садар самуунд сурталчлахын эсрэг хүүхдийн эрхийн тухай конвенцид оруулах нэмэлт протоколын 1 дүгээр зүйлд “Энэхүү Протоколд зааснаар оролцогч улсууд хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх болон хүүхдийг садар самуунд сурталчлахыг хориглоно.”, 2 дугаар зүйлийн “b”-д “хүүхдийн биеийг үнэлэх гэж шан харамж буюу бусад аливаа төлбөрийн хэлбэрээр хүүхдийг бэлгийн харилцаанд ашиглахыг хэлнэ;” гэж тус тус заажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн “бэлгийн мөлжлөг” гэсэн шинжийг болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлд заасан “бэлгийн мөлжлөг” гэсэн гэмт хэргийн ойлголтыг тодорхойлохдоо дээрх олон улсын гэрээ конвенц, нэмэлт протоколыг харгалзан үзэх нь өрсөлдөх хэмжээний ялгаа заагийг тогтооход ач холбогдолтой байна.

 

Эндээс үзвэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн “бэлгийн мөлжлөг” гэсэн шинж болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлд заасан “бэлгийн мөлжлөг” гэсэн гэмт хэргийн ойлголт нь Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг нэгдсэн үндэстний байгууллагын конвенцын нэмэлт болох Хүн, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхэд худалдахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх тухай протоколын 3 дугаар зүйлийн “a”-д “...Мөлжих гэдэгт наад зах нь бусдын биеийг үнэлүүлэх буюу бэлгийн харилцаанд оруулан мөлжих бусад хэлбэрүүд, ...зэргийг ойлгоно;” гэснээр тодорхойлогдоно.

 

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн “бэлгийн мөлжлөг” гэсэн шинж болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлд заасан “бэлгийн мөлжлөг” гэсэн гэмт хэргийн ойлголт нь тус тус бэлгийн мөлжлөг гэсэн нэг ойлголтоор илэрхийлэгдэнэ.

 

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бэлгийн мөлжлөг гэсэн шинж нь хүн худалдаалах гэмт хэргийг үйлдэх санаа зорилго, хохирогчийн зорчих эрхийг хязгаарласан шинжтэй уялдаатай хэрэглэгдэх байдлаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлд заасан бэлгийн мөлжлөгөөс ялгагдана.

 

Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг нэгдсэн үндэстний байгууллагын конвенцын нэмэлт болох Хүн, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхэд худалдахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх тухай протоколын 3 дугаар зүйлийн б-д дээрх аргуудын аль нэгийг ашигласан тохиолдолд хохирогч өөрийг нь “а” хэсэгт заасан байдлаар мөлжих гэж байгааг зөвшөөрсөн эсэхийг үл харгалзан хүн худалдаалах гэмт хэрэгт тооцохоор томьёолжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлд заасан бэлгийн мөлжлөг үйлдэх гэмт хэргийн хувьд албадан оруулсан гэсэн шинж байх боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн зарим зүйл, хэсэгт болон зарим зүйл, хэсгийн тодорхой шинж болгон заасан бэлгийн мөлжлөгийн хувьд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн байдлыг болон хохирогч зөвшөөрсөн эсэхээс үл харгалзан бэлгийн мөлжлөг гэж үзэх нь дээрх конвенцийн агуулгад нийцнэ.

 

Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт бэлгийн мөлжлөг гэсэн шинжийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлд бэлгийн мөлжлөг гэсэн гэмт хэргийг тус тус зэрэгцүүлэн эрүүжүүлснээс хууль хэрэглээний хувьд төвөгтэй байдлыг үүсгэсэн байх тул олон улсын гэрээ конвенцийн агуулга, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төсөөтэй гэмт хэрэг хоорондын ялгаатай байдлаар шүүгдэгчид ашигтайгаар хэргийг зүйлчлэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Н нь насанд хүрээгүй хохирогч У.С, Г.Н нарыг орон байраар хангаж, ажилд авах нэрээр биеийг нь үнэлүүлж, орлогоо хувааж авах талаар хохирогч нартай харилцан тохиролцож, улмаар өөрийн ашигладаг 96090695 дугаараар “www.mglchat.com” гэх нийтийн мэдээллийн сүлжээнд “халуухан хөөрхөн охид бүх төрлийн массаж хийж байна, 8-ди массаж хийнэ” гэсэн зар тавьж, зарын дагуу холбогдсон хүмүүстэй хэзээ, хаана, ямар хугацаанд уулзаж, төлбөртэй бэлгийн харьцаанд орох асуудлыг зохион байгуулж, хохирогч нарын байршин биеэ үнэлж буй Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 5 дугаар байрны 7 тоотыг өөрийн нэрээр орон сууц хөлслөх гэрээ байгуулан түрээсэлж, тэднийг бусадтай бэлгийн харьцаанд орсон төлбөрийг бэлнээр эсхүл дансаар авч, дараа нь ашиг хувиарлах зэргээр хуулиар хориглосон үйл ажиллагааг эрхлэхдээ тэдний зорчих эрхийг хязгаарлахгүйгээр 18 насанд хүрээгүй, хоёр, түүнээс олон хүнийн эсрэг, байнга тогтвортой биеийг нь үнэлүүлэн бэлгийн мөлжлөг гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс Г.Н “Бэлгийн мөлжлөг” гэмт хэргийг “хохирогчийн биеийг үнэлүүлж, ашиг олох зорилгоор арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг албадан оруулж, хоёр, түүнээс олон хүний эсрэг, байнга тогтвортой үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Г.Н гэмт хэргийн хохирогч болох үедээ насан хүрээгүй байсан У.С, Г.Н нарын биеийг үнэлүүлсэн, ингэхдээ ашиг олох зорилготой байсныг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6-д тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Н 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь энэ хэм хэмжээний агуулгад нийцсэн төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

 

2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлд Биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэргийг тодорхойлж, гэмт хэрэгт тооцжээ.

 

Шүүгдэгч Б.Н 2019 онд гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд Бэлгийн мөлжлөг, Хүн худалдаалах, Биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэргүүд нь гэмт хэрэг үйлдэх санаа зорилго, сэдэлт, хохирогчийн эрхийг зөрчих болон зарим эрхийг хязгаарлах, ашиг орлого олох, гарах хууль зүйн үр дагавар зэргээрээ ялгаатай болно. 

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбатын гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Нандин-Эрдэний шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 125 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор заав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/317 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Н өмгөөлөгч Г.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

 

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                       

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР