| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 303/2025/0232/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/246 |
| Огноо | 2025-08-29 |
| Зүйл хэсэг | 17.11.1., |
| Улсын яллагч | Б.Байгаль, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/246
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Б.Байгаль,
Нарийн бичгийн дарга: М.Золбоот,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514004580314 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн Мөнхтулга, /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.******* Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Богд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 23-15 БНХ улсын дугаартай “Норд” маркийн тээврийн хэрэгслийг жолоодох явцдаа Нийтийн эзэмшлийн цахилгаан холбооны хэрэгсэл болох Богд сумын агаарын кабелын 3 ширхэг шонг болгоомжгүйгээр мөргөж гэмтээсний улмаас 620,000 /зургаан зуун хорин мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.******* хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл хх-ийн 09 дүгээр хуудас, согтуурал шалгах багажаар шалгасан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт хх-ийн 12-13 дугаар хуудас, хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* мэдүүлэг, хх-ийн 16-17 дугаар хуудас, гэрч *******ын мэдүүлэг хх-ийн 17-18 дугаар хуудас, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд хх-ийн 25-30 дугаар хуудас, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 732 дугаартай шийтгэврийн хуулбар 32-34 дүгээр хуудас зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчаас шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү, шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар: Прокуророос санал болгож шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 16-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд 7, 8, 9 гэсэн заалтыг нэмж, уг хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8-д “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй” гэж нэмж хуульчилсан байгааг дурдах нь зүйтэй байна.
Мөн Улсын Их Хурлаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 5 гэсэн хэсгийг нэмсэн бөгөөд уг хэсгийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилж уг хэсэгт яллагдагчийн хүлээн зөвшөөрсөн прокурорын саналд нийт 12 зүйлийг тусгаж хэрэгт хавсаргахаар хуульчилсан багаа шаардлагыг хангасан байна гэж үзлээ.
Мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 7 гэсэн заалтыг нэмж прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад 6 зүйлийг тусгахаар хуульчилсныг цаашид анхаарах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1-т заасан нийтийн эзэмшлийн цахилгаан тоног төхөөрөмжийг болгоомжгүйгээр устгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн ******* долоон зуун / 700 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган / 700.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8-д зааснаар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ