| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2025/0251/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/261 |
| Огноо | 2025-10-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Азжаргал |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/261
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагч Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Азжаргал, шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Азжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц.О-т холбогдох эрүүгийн 2539006250281 дугаартай хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Б сумын 6 дугаар баг ............. тоот хашаанд Ж.Ц Л.Ц нартай маргалдаж, улмаар Ж.Цнүүрэн тус газарт баруун гараараа 1 удаа цохиж, мөн Л.Ц нүүр хэсэгт цохих, өшиглөх зэргээр зодож, хохирогч Ж.Цэрүүл мэндэд “хамар ясны цууралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал”, хохирогч Л.Ц эрүүл мэндэд “баруун нүдний алимын салстад цус харвалт, баруун дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд, доод зовхинд зулгаралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Б сумын 6 дугаар баг ............. тоот хашаанд Ж.Ц Л.Ц нартай маргалдаж, улмаар Ж.Ц нүүрэн тус газарт баруун гараараа 1 удаа цохиж түүний эрүүл мэндэд “хамар ясны цууралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн Л.Ц нүүр хэсэгт цохих, өшиглөх зэргээр зодож, түүний эрүүл мэндэд “баруун нүдний алимын салстад цус харвалт, баруун дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд, доод зовхинд зулгаралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.О үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна, хохирогч Ж.Ц мэдүүлэг (хавтаст хэргийн 08-09 дүгээр тал), хохирогч Л.Ц мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дүгээр тал), Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ц.Т 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 429 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дугаар тал), Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ц.Т 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 430 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Ж.Ц “...Ц.О 5,000,000 төгрөг авч эмчилгээнд зарцуулсан нь үнэн болно. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэх хүсэлтийг хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 52 дугаар тал),
Хохирогч Л.Ц “...Ц.О 3,000,000 төгрөг авсан нь үнэн тул сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дугаар тал) тус тус байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокурорын санал болгож, шүүгдэгч түүний өмгөөлөгч нараас хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх үүрэгтэй бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шүүгдэгчийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Шүүгдэгч Ц.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН