Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 131/ШШ2023/00229

 

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, Өргөө хороолол, 4-75 тоотод оршин суух, 1984 онд төрсөн, эмэгтэй, ******* овогт *******ийн *******,

Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ******* 16 дугаар гудамж, ******* тоотод оршин суух, 1984 онд төрсөн, эмэгтэй, ******* овогт *******ын ,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,000,000 төгрөг, сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүний үнэ 2,236,000 төгрөг, нийт 11,236,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч:Б.******* /цахим/,

Хариуцагч: Г. /цахим/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бадамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Г.т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 4,000,000 төгрөг, сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүний үнэ 2,236,000 төгрөг, нийт 11,236,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие Г. болон түүний нөхөр нарт 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохирч аман гэрээ байгуулан зээлдүүлсэн. Тухайн үед Г.тэй Сибирийн эрүүл мэнд шууд худалдааны бизнест хамтран ажиллаж байсан ба түүний *******аас захиалсан бүтээгдэхүүний үнийн дүнд 975,000 төгрөгийг суутгаж үлдэгдэл 4,025,000 төгрөгийг тэдний хүү болох Баттогтохын Тэмүүлэн гэсэн дансанд шилжүүлэн өгсөн. Мөнгө авснаас хойш нэг ч удаа тохирсон хүү тооцож өгөөгүй бөгөөд тун удахгүй бүх мөнгийг өгнөө гэсэн хариу өгч ирсэн. Мөн тэр үед сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүний захиалгыг нь *******аас авч өгч шуудангаар явуулж байсан ба 6 сард захиалсан барааны нийт 2,236,000 төгрөгийг өгөөгүй болно. Тухайн захиалгыг дараах хүмүүсийн нэр дээр авч өгсөн. Үүнд: Түвшинсайхан-595140 төгрөг /хадам эгч/, *******-653440 төгрөг /аав/, -658480 төгрөг, /эгч/, Г.Ганчимэг-328980 төгрөг /дүү/. Ийнхүү өөрийн зээлсэн мөнгө болон бараа бүтээгдэхүүний үнэ төлбөрийг жил гаран хугацааны турш өгнө гэж худал хэлсээр одоог болтол нэг ч төгрөг өгөөгүй тул хариуцагч Г.ээс өөрийн зээлсэн мөнгө болох 5,000,000 төгрөг хүү 4,000,000 төгрөг, бараа бүтээгдэхүүний үнэ 2,236,000 төгрөг нийт 11,236,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарлаж байна.

1.2. Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г. болон түүний нөхөр нарт 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохирч аман гэрээний дагуу зээлдүүлсэн. Тухайн үед зээлийн гэрээ байгуулалгүйгээр мөнгийг өгсөн нь миний буруу. Гэтэл Г. 2 жилийн хугацаанд 5,000,000 төгрөгийг зээлж нэг ч төгрөгийн хүү төлөөгүй. Сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүний үнэ 2,236,000 төгрөг нь Г. надад хамааралгүй талаар хэлж байна. Тус бүтээгдэхүүнийг надаар дамжуулагдан Г.ийн гарт хүргэгдэг. Зээлийн гэрээний үүрэгт 7,000,000 төгрөгийг надад өгөх шаардлагатай гэв.

2. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

2.1.  2021 оны 3 дугаар сард Б.******* над руу утсаар холбогдож Сибирийн эрүүл мэндийн сүлжээ хийхийг санал болгож миний нөхөр бид хоёрыг элсүүлж ажиллуулсан. Тэр үед короно вирусын хөл хорионы үе байсан бөгөөд би төрөөд удаагүй гэртээ хүүхэд хардаг байсан. Улмаар Б.******* тус сүлжээнд амжилттай ажиллаж олон мянган оноо хийхийг өдөр бүр ухуулж байсан тул ах, дүү, хамаатан саднаа ч элсүүлсэн. 3 дугаар сард анх элсэж бөөн захиалга хийж бид өөрсдийн мөнгөө дууссан. Захиалсан бараагаа зарах гэсэн боловч хөл хорионы үе болж бараа зарагдахгүй байсан тул 4 дүгээр сард захиалга хийх боломжгүй болсон. Б.******* өөрөөс нь мөнгө авах санал тавьж бид 5,000,000 төгрөг зээлж 4, 5 сарын захиалга хийсэн. Энэ хугацаанд бараа хуримтлагдсаар байсан. Уг 5,000,000 төгрөгийг Сибирийн эрүүл мэндэд дэмжлэг болгож зээлсэн. Тэр үед ямар ч хүүгийн тухай ярилцаж тохиролцсон зүйл болоогүй. Уг захиалсан бараа одоо хүртэл зарсаар хүнд бэлэглэсээр дуусаж байна. Улмаар бараа хуримтлагдаж эргэлтийн мөнгөгүй болж 6 дугаар сард ******* хотын Сибирийн эрүүл мэндийн агуулахаас зээлээр бараа захиалах болсон. Иймд хадам эгч өөрийн аав гэх мэт хүмүүсийн захиалгыг зээлээ хийж 2,236,000 төгрөгийн өрөнд орсон. Энэ хугацаанд Б.*******д олон удаа уг сүлжээг хийхгүй байя гэсэн боловч найз нь машины болзол хангах гээд байна та нар тус болчих гэсээр эцэст нь ийм зүйлд хүрсэн. ******* хотын Сибирийн эрүүл мэндийн агуулахын хариуцагч болох Лхамсүрэн, Энхцэцэг нартай холбогдож цувуулж төлөхөөр тохиролцож эхний төлөлт болох 200,000 төгрөгийг төлсөн. Иймд Б.******* бид хоёрын асуудалд энэ хамааралгүй. ...Би 5,000,000 төгрөгийг ямар ч хүүтэй зээлнэ гэж тохиролцоогүй байсан. Удалгүй 2021 оны 8 дугаар сард ээж маань элэгний хорд хавдраар өвчилж хүнд хагалгаанд орж одоог хүртэл эмчилгээнд хэвтэрт байгаа. Зээлсэн мөнгөө уг шалтгааны улмаас төлж чадахгүй удахад хүү нэхэж өөрийн нөхрийн хоршоонд элсэж уг мөнгийг хүүтэй төлөхийг шаардсан би зөвшөөрөөгүй. Иймд Б.*******д 5,000,000 төгрөгийг төлж барагдуулна. Харин хүү төлөх ямар ч боломжгүй гэж тайлбарыг гаргасан.

2.2.  Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг зарж худалдан борлуулахаар буюу сүлжээний бизнест намайг болон нөхрийн хамт элсүүлсэн. 5,000,000 төгрөгийг хүүтэй зээлээгүй. Уг мөнгийг би сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн авахад зориулсан. Мөн нөхрийнхөө хошоонд элсэх талаар ярьж байсан. Би 5 хүүхэдтэй ба 5,000,000 төгрөгийг хугацаа тохирч төлж чадна. Харин сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулахаар өөрийн нэр дээр захиалга хийсэн. Тийм учраас Б.*******д хамааралгүй гэж тайлбарыг гаргасан.

3. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хариуцагч Г.тэй холбогдсон facebook зурвасын гэрэл зураг, Б.Лхамсүрэн, Ё.Энхцэцэг нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Хаан банкны дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас Баттогтохын Мөнхболорын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хуульд заасан журмаар хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл үндсэн төлбөр 5,000,000 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх зээлийн гэрээний хүүгийн төлбөр 4,000,000 төгрөг, сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүний үнэ 2,236,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохирч аман гэрээ байгуулсан.

2.2. Г.тэй сибирийн эрүүл мэнд шууд худалдааны бизнест хамтран ажиллаж байсан ба түүний ******* хотоос захиалсан бүтээгдэхүүний үнийн дүнд 975,000 төгрөгийг суутгаж үлдэгдэл 4,025,000 төгрөгийг түүний хүүгийн Б.Тэмүүлэн гэсэн дансанд шилжүүлэн өгсөн.

2.3. Мөн надаар дамжуулан сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн захиалсан барааны үнэ 2,236,000 төгрөгийг өгөөгүй гэж тодорхойлсон.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд:

3.1. Б.******* нь надад 5,000,000 төгрөгийг сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн худалдан авахад дэмжлэг болгож зээлүүлсэн.

3.2. Тэр үед ямар ч хүүгийн тухай ярилцаж тохиролцсон зүйл болоогүй ба зээлийн гэрээг бичгээр хийгээгүй тул хүү төлөх ямар ч боломжгүй. Харин зээлсэн 5,000,000 төгрөгийг төлж барагдуулна.

3.3. ******* хотын сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүний агуулахаас зээлээр 2,236,000 төгрөгийн бараа захиалга хийсэн. ******* хотын сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүний агуулахын борлуулагч Б.Лхамсүрэн, Ё.Энхцэцэг нартай холбогдож бараа захиалгын мөнгийг цувуулж төлөхөөр тохиролцож эхний төлөлт болох 200,000 төгрөгийг төлсөн. Энэ асуудал Б.*******д хамааралгүй гэж маргаж байна.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч Б.******* 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч Г.тэй амаар зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг зээлүүлсэн. (хавтаст хэргийн 16 дугаар хуудас)

4.2. Нэхэмжлэгч сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн захиалсан үнийн дүнд 975,000 төгрөгийг суутгаж, үлдэгдэл 4,025,000 төгрөгийг дансаар хариуцагчид шилжүүлэн өгсөн.

4.3. Хариуцагч Г. ******* хотын сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүний агуулахын борлуулагч Бадмаабазарын Лхамсүрэнгээс өөрийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр 2,236,000 төгрөгийн бүтээгдэхүүн захилгыг зээлээр хийж, Б.Лхамсүрэнд 200,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан Б.Мөнхболорын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон бүтээгдэхүүн захилгын хуудас зэрэг баримтаар тогтоогдож байхаас гадна зохигчид энэ талаар маргаагүй.

5. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн буюу хариуцагч нь зээл 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлсэн, уг мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт болон сибирийн эрүүл мэндийн бараа захиалгын үнийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэг хариуцагчид үүссэн эсэх нь маргааны зүйл болж байна.

6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч нь зээлдэгчид хэлэлцэн тохиролцсон мөнгийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн, харин зээлдэгч нь тохирсон хугацаанд буцаан төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь зээлийг шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн, хариуцагч нь мөнгийг аваагүй талаар маргаагүй, зээлийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай байх тул нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн төлбөрийг шаардах эрхтэй байна.

7. Харин Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно., 282.3-т Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж тус тус зохицуулсан.

Хэдийгээр, нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрийг сарын 5 хувийн хүүтэйгээр тохиролцсон гэж тайлбарлаж байх боловч хариуцагч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд шаардсан 4,000,000 төгрөгийн зээлийн хүү төлөх боломжгүй гэж хүлээн зөвшөөрөөгүй, мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул нэхэмжлэгч нь хүү авах эрхээ алдсан байна.

8. Түүнчлэн, нэхэмжлэгчийн зүгээс ...надаар дамжуулан сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн захиалсан барааны үнэ 2,236,000 төгрөгийг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа боловч хариуцагч Г. нь ******* хотын сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүний агуулахын борлуулагч Б.Лхамсүрэнгээс өөрийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр 2,236,000 төгрөгийн бүтээгдэхүүн захилгыг зээлээр хийж, Б.Лхамсүрэнд 200,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан бүтээгдэхүүн захилгын хуудас болон Б.Мөнхболорын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байх тул нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Г.ээс сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн захиалсан барааны үнэ 2,236,000 төгрөг нэхэмжлэх эрхгүй байна.

9. Иймд хариуцагч Г.ээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 5,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх зээлийн хүүгийн төлбөр 4,000,000 төгрөг, сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн захиалсан барааны үнэ 2,236,000 төгрөг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна., 60 дугаар зүйлийн 60.1-д Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 194,726 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.ээс 5,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 94,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Г.ээс зээлийн гэрээний үндсэн төлбөр 5,000,000 /таван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх зээлийн хүүгийн төлбөр 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг, сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн захиалсан барааны үнэ 2,236,000 /хоёр сая хоёр зуун гучин зургаан мянга/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 194,726 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.ээс 94,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БАТДОРЖ