Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/247

 

 

 

 

 

   2025        09          25                                     2025/ШЦТ/247

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв, хохирогчийн өмгөөлөгч Б.Жавхлан, шүүгдэгч Э.Г  , түүний өмгөөлөгч Г.Баярсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Г  холбогдох эрүүгийн 2439000000081 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Э.Г  нь согтуурсан үедээ 2024 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө 04 цагийн орчим Хэнтий аймгийн Б сумын 6 дугаар баг Ж  15 тоотод хохирогч Г.У гэзгийн хүүхдүүдийг доромжилсон гэх шалтгааны улмаас түүний нүүр хэсэгт өшиглөх, алгадах зэргээр зодож хохирогч Г.У эрүүл мэндэд "баруун доод 7 дугаар шүдний цөгц хэсгийн хугарал" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2439000000081 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Д.Чулуунпүрэв: “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж,

Хохирогчийн өмгөөлөгч: “Улсын яллагчийн уншиж судлуулах нотлох баримт давхардсан тул судлуулснаар тооцуулна” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан: “Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно, хэргийн материалаас нотлох баримт судлуулахгүй” гэж тус тусын байр суурийг илэрхийлсэн болно.

Шүүгдэгч Э.Г  : “...үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэжээ.

1.Шүүгдэгч Э.Г  ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Э.Г нь согтуурсан үедээ 2024 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө 04 цагийн орчим Хэнтий аймгийн Б сумын 6 дугаар баг Ж  15 тоотод хохирогч Г.У гэзгийн хүүхдүүдийг доромжилсон гэх шалтгааны улмаас түүний нүүр хэсэгт өшиглөх, алгадах зэргээр зодож хохирогч Г.У эрүүл мэндэд "баруун доод 7 дугаар шүдний цөгц хэсгийн хугарал" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

-Хохирогч Г.У “...Би 2024 оны 01 дүгээр сарын 19-ний орой нутгийн залуучууд болох Ч  А нартай спорт зааланд сагсан бөмбөг тоглохоор төлөвлөсөн байсан боловч тухайн үед спорт заал хариуцсан хүн нь сумын төв дээр байхгүй байсан болохоор Хэнтий аймгийн Б сумын 6 дугаар баг Ж  15 тоотод байх манай гэрт очиж 2 ширхэг Сэнгүүр нэртэй 2.5 литрийн пиво хувааж уугаад унтацгаахаар болсон. Тэгээд тухайн 2 том савтай пивоо Ч , А нартай хувааж уух гээд сууж байсан чинь Ч  А нар хамаатны ах болох Б гэх ахыг дуудсан. Тэгсэн чинь гаднаас Б ах, эхнэр Х,  З ү нарын хамтаар 2 том савтай пиво бариад манай гэрт орж ирсэн. ...Тухайн үед би 4 том савтай пивоноос 3 аягыг л уусан. Харин А,   Ч, Б ах, З ү нар 4 том савтай пивыг хувааж уугаад дууссан чинь дахин дэлгүүрээс 2 том савтай пиво, 1 шил 750 граммын савлагаатай Эдэн нэртэй архи авч үүрийн 04 цагийн үед яриад сууж байхдаа ...Ч А гэнэт уурлаад чи тэгээд атаархаад байгаа юм уу гээд над руу дайраад байхаар нь би тухайн үедээ уучлалт гуйгаад байдлыг намдаасан. Тэгээд би гэрээс З үтэй гараад тамхи татаад зогсож байсан чинь З ү миний зүүн хацар уруул хэсэгт алгадсан чинь А намайг ардаас ирээд хавсраад унагаасан. Тухайн үед би ганцаараа байсан болохоор айгаад дуугүй өнгөрөөсөн. Тэгээд гэрт ороод сууж байсан чинь Баяраа, А, Ч, А нар хамаатнууд болохоороо хоорондоо гэзгийн хүүхдүүдийг хэн доромжлоод байгаа юм бэ гээд ярилцаж байснаа гэнэт над руу дайраад Б ах миний зүүн дух хэсэгт цохисон чинь ЧА босож ирээд миний зүүн нүд хэсэгт гараараа цохисон. Тэгсэн чинь А миний толгойны ар дагз хэсэг рүү цохиод, миний толгойг доош дараад байж байхад миний баруун шанаа, хацар хэсэгт Б ах гуталтай хөлөөрөө өшиглөсөн чинь миний баруун шүд хугарчих шиг болсон. Мөн толгой эргээд ухаан алдах дөхсөн. Тэгээд би өндийгөөд “за одоо больё, та нар олуулаа, би ганцаараа” гээд би хөнжлөө нөмрөөд орон дээрээ буруу хараад хэвтсэн чинь Ч  Б ах, З ү, Хэрлэн нар манай гэрээс гараад гэр, гэр лүүгээ явсан. Харин А манайд үлдсэн. Тухайн үед толгой өвдөөд байсан болохоор би унтчихсан. ...Би маш их гомдолтой байна.” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 07-08 дугаар тал),

-Гэрч Д.А-ийн “...Би 2024 оны 01 дүгээр сард амралтаараа гэртээ ирээд байхад буюу 2024 оны 01 дүгээр сарын 19-ний орой Ч  У  хоёртой спорт зааланд тоглох гэхэд заал цоожтой байгаад больсон. Тэгээд Ч  У  бид 3 пиво уухаар болж 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво авч У ын гэрт очиж уусан. ...Бид нар 2.5 литрийн Сэрүүн нэртэй 1 сав пиво авч ирээд бүгд уугаад согтсон. Тухайн үед У  арай илүү согтоод Г  , Х  хоёрын дунд элдвийн юм яриад тэр хоёрыг хооронд нь маргалдуулаад Х  явлаа гээд гарахад нь З ү араас нь гарсан. Тэгтэл уух юм дуусаад Г  , Х , У , Ч А нар дахин дэлгүүр явж 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво, 0.75 литрийн Эдэн нэртэй архи авч ирээд уусан. Тэгж байхад У , З ү нар гарч тамхилна гээд гарахаар нь араас нь бид нар бүгдээрээ гарахад тэр хоёр гадаа тэврэлдээд зогсож байхаар нь би за бүгдээрээ оръё гэж хэлээд гэрт ороод Ч этэй юм яриад сууж байхад У  гаднаас орж ирээд Ч ийг хөлөөрөө жийгээд дараа нь цохих гэхэд нь ЧА бултаад У ыг барьж аваад хөмөрч унагаасан. Тэгэхэд нь Г   У ыг салгаад зүүн орон дээр аваачиж дарсан, би Ч ийг салгасан. Тэгээд У ыг Г   орон дээр босгохгүй дараад хэвтэж байхад нь У  Г  ын зүүн шанаа хэсэг рүү гараа хагас атгаад 1 удаа цохисон тэгэхэд нь Г уурлаад У ыг зүүн шанаа хэсэг рүү нь баруун гараараа 1 удаа алгадсан. Тэгтэл У  шүүгээнээсээ хутга авах гэхэд нь би тэгж болохгүй гээд хутгыг нь нуусан... Харагдах шарх, сорви харагдаагүй зүгээр байсан. Надад хэлэхдээ шүд өвдөөд байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 11-13 дугаар тал),

-Гэрч Г.З үгийн “...2024 оны 01 дүгээр сарын 19-ний орой 21 цагийн орчимд манай 10 жилийн ангийн найз ЧА над руу утсаар залгаад хаана байгаа юм бэ андаа уулзалдах уу чи У ын гэрт хүрээд ир энд У , А,   Г   бид хэд пиво ууж байна чи нэг юм аваад ирээ гэхээр нь би 2.5 литрийн савлагаатай Сэрүүн нэртэй пиво авч очоод хамт ууцгаасан. Тэгтэл Г  ын эхнэр Х  нөхрийгөө авахаар ирсэн. Тэгээд бид нар 2 дахь пивоо ууж дуусаад У  намайг гарч тамхилах уу гээд бид хоёр гараад тэврэлдээд зогсож байхад гэрээс бүгд гараад ирсэн. Тэгтэл У  бид хоёрыг хоорондоо зодолдож байна гэж ойлгосон уу яасан А ирээд бид хоёрыг салгаад бүгд гэртээ ороод үлдсэн пивоо ууж дуусгаад дахин дэлгүүрээс архи, пиво авч ирэхээр Г  , Х , У , ЧА нар яваад гэрт А бид хоёр үлдсэн. Тэгтэл тэр хэд дараахан нь 2.5 литрийн пиво 2 савыг, 0.5 литрийн Эдэн гэдэг нэртэй архи авч ирээд Г  , У , А,   ЧА нар хувааж уусан. Би маргааш хадмындаа очно гээд эхний 2 пивоноос уугаад дахиж уугаагүй. Х  архи пивоноос огт уугаагүй. Тэгээд би Х тэй гэрийн гадаа машин халаах зуураа юм ярьж байгаад орж ирэхэд Ч ийг У  сандал дээр сууж байхад нь өшиглөсөн гээд муудчихсан У ыг зүүн орон дээр Г   дараад хэвтэж байсан. ЧА сандал дээр сууж байсан. Тэгээд намайг харж байхад Г   У ын дээрээс дараад суучихсан чи болиоч гээд зүүн гараараа У ын баруун хацар хэсэг рүү зөөлхөн алгадаж байсан. Дараа нь баруун гараараа зүүн хацар хэсэг рүү нь 1 удаа алгадсан. Тэгээд би эргээд Х тэй гарч машин дотор хэсэг юм ярьж байгаад орж ирэхэд У  та нарын хэн намайг өшиглөсөн бэ гээд гэрийнхээ зүүн орон дээр Г  т даруулаад орилоод хэвтэж байсан. Тэгээд би цаг хартал 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өглөөний 03 цаг өнгөрч байхаар нь за за би харилаа гээд ганцаараа гэр рүүгээ явсан. Гэрт А,   Ч  Г  , Х , У  нар үлдсэн. Маргааш өглөө нь У ын аав манай гэрт ирээд миний хүүг хэн зодсон бэ гээд асуугаад явж байхаар нь би түрүүлээд гэртээ ирсэн намайг байхад нэг их сүртэй зодоон маргаан болоогүй гэж хэлээд явуулсан...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 16-18 дугаар тал),

-Гэрч Б.Х ийн “...Би гэртээ байж байхад манай нөхөр залгаад хүрээд ирэх үү уух юм дууссан гэхээр нь яваад очиход Ч  А,   У , Г  , З ү нар байсан. Тэгээд нөхрийгөө аваад явах гэхэд тэд нар дахин архи, пиво авч ирж уух юм яриад намайг машинаа бариад дэлгүүр явж өгөөч гэхээр нь би Ч  У , Г   гуравтай хамт явж 2 том пиво, 1 шил архи аваад эргэж очоод тэд нартай хамт хэсэг суусан. Тэгтэл У  манай нөхөр бид хоёрт хандаж “би танай эхнэрийг авч суух байсан юм, та хоёр яаж яваад суучихдаг юм” гээд миний өмнө болоод өнгөрсөн амьдралыг яриад манай нөхөр бид хоёрыг муудалцуулаад манай нөхөр над руу уурлаад байхаар нь би гараад машинаа асаагаад явах гэхэд араас З ү гарч ирээд надтай хэсэг юм яриад сууж байгаад эргээд гэрт орсон. Тэгтэл З ү, У  хоёр тамхи татна гээд гараад явсан. Араас нь А гараад удалгүй орж ирэхдээ У  Ч ийг сандал дээр сууж байхад нь хөлөөрөө жийгээд унагаасан. Тэгтэл ЧА уурлаад У ыг тонгорч унагаагаад хувцасны шүүгээний наана унасан. Тэгэхээр нь Г   У ыг салгаж гэрийнх нь зүүн талын орон дээр дарж хэвтсэн, А нь Ч ийг салгаж холдуулсан. Тэгтэл манай нөхөр Г  ыг У  хараагаад баруун гараараа зүүн шанаа хэсэг рүү 1 удаа алгадсан. Тэгэхээр нь Г   уурлаад чи ахыгаа яаж байгаа юм бэ гээд зөрүүлээд зүүн хацар хэсэг рүү нь 1 удаа алгадаад хоорондоо зүүн орон дээр даралцаж байгаад Г   босоход араас нь У  “би та нарыг эрүүлдээ ална, цэрэгт байхдаа 50 цэрэгт зодуулж байгаагүй, яахаараа та нар намайг дээрэлхээд байгаа юм бэ” гээд шүүгээнээсээ хутга авахад нь А тэгж болохгүй гээд хутгыг нь цаашаа хийлгэсэн...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 21-22 дугаар тал),

-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ц.Т-ын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 70 дугаартай “1.2.Г.У биед баруун доод 7-р шүдний цөгц хэсгийн хугарал, зүүн нүдний алимд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.5.Дээрх гэмтлүүдээс баруун доод 7-р шүдний цөгц хэсгийн хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр 5 хувь тогтмол алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, зүүн нүдний алимд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт (I хавтаст хэргийн 33-34 дүгээр тал),

-Шинжээч Ц.Т-ын “...Тухайн гэмтэл нь алгадуулах үед үүсэх боломжтой. Учир нь гарын алганы дотор чигчий хуруу талын зузаан булчин нь хүний шүд хэсэгт цохих юм бол хүний шүд хугарах боломжтой... Цөгц хэсгийн хугарал гэдэг нь амны хөндийд ил харагдахуйц буйлны ирмэгээс доош байрласан хэсгийн шүдний хугарлыг хэлнэ... Тухайн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 132 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1347 дугаартай “1.Г.У  /РД: СП01281..../-ын сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. 2.Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. 3.Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна” гэх дүгнэлт (II дугаар хавтас хэргийн 18-19 дүгээр тал),

-Шүүгдэгч Э.Г  ын яллагдагчаар өгсөн “...Би 2024 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө У  агсраад намайг нэг удаа цохихоор нь би зөрүүлээд 2 удаа алгадсан. Би У ын нүүр рүү өшиглөж гэмтээгээгүй...гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 45-46, 130 дугаар тал)  зэрэг баримтууд болно.

Хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл шүүгдэгч Э.Г   нь согтуурсан үедээ 2024 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө 04 цагийн орчим Хэнтий аймгийн Б сумын 6 дугаар баг Ж  15 тоотод хохирогч Г.У тай хамт архидан согтуурсан бөгөөд улмаар хоорондоо муудалцан “гэзгийн хүүхдүүдийг доромжилсон” гэх шалтгааны улмаас түүний нүүр хэсэгт өшиглөх, алгадах зэргээр зодож хохирогч Г.У эрүүл мэндэд "баруун доод 7 дугаар шүдний цөгц хэсгийн хугарал" бүхий хөнгөн хохирол учруулсан байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хууль зүйн дүгнэлт:

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл, гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаар дээрх гэмт хэргийн шинжийг хангана.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Э.Г   нь хохирогч Г.У эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед баруун доод 7-р шүдний цөгц хэсгийн хугарал, зүүн нүдний алимд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Э.Г   нь өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч Э.Г  ыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Э.Г   тухайн үед үүссэн маргааны улмаас хохирогчийн нүүр хэсэгт алгадах, өшиглөх идэвхтэй үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд баруун доод 7-р шүдний цөгц хэсгийн хугарал, зүүн нүдний алимд цус хуралт бүхий хөнгөн хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Э.Г  ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1347 дугаартай: “1.Г.У  /РД: СП0128...../-ын сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. 2.Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. 3.Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна.” гэх дүгнэлт (II дугаар хавтас хэргийн 18-19 дүгээр тал) гарчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт  хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт ”Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” 25 дугаартай тогтоолд заасны дагуу хохирогч Г.У сэтгэцэд Нэгдүгээр зэрэглэлийн хор уршиг учирчээ.

Шүүхээс гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо тус жишиг аргачлалын 4-т нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтэд Нэгдүгээр зэрэглэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр (=792,000*4.99) тооцож 3,952,080 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 Шүүгдэгч Э.Г   нь хохирогч Г.У сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 3,952,080 төгрөгийг 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хохирогчийн Голомт банк дахь 5275130826 тоот дансанд шилжүүлсэн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж гэж дүгнэлээ.

Харин хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Э.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, 6.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон. Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх саналыг,

Хохирогчийн өмгөөлөгчөөс: “Хохирол төлбөрөө барагдуулж авсан тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулахад татгалзах зүйлгүй” гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Шүүгдэгч Э.Г нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу дээр маргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг дэмжиж байна” гэж тус тусын санал, тайлбар гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Г  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Ялтнаар торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Бусад шийдвэрийн талаар:

Шүүгдэгч Э.Г   нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Э.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Шүүгдэгч Э.Г   энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН