Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар   2025/ШЦТ/248

 

 

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнцэцэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр, шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г-д холбогдох эрүүгийн 2539000000189 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

             

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь 2025 оны 5 дугаар сарын 13-наас 14-ний өдөрт шилжих шөнө Хэнтий аймгийн Н  сумын 4 дүгээр баг .................  тоотод орших О.Т-ы монгол гэрт буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж тухайн гэрийн авдар дээр байсан Б.С-ын Samsung A52 маркийн гар утас мөн баруун талын орны хажууд байсан О.Т-ы Samsung A12 маркийн гар утсыг авч, 319,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2539000000189 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: “Яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлуулж, шүүгдэгч Г.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Миний үйлчлүүлэгч болон өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн тухайд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно” гэж тус тусын байр сууриа илэрхийлжээ.

Шүүгдэгч Г.Г шүүхэд хандаж мэдүүлэг өгөөгүй болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.Г нь 2025 оны 5 дугаар сарын 13-наас 14-ний өдөрт шилжих шөнө Хэнтий аймгийн Н  сумын 4 дүгээр баг .................  тоотод орших О.Т-ы монгол гэрт буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж тухайн гэрийн авдар дээр байсан Б.С-ын Samsung A52 маркийн гар утас мөн баруун талын орны хажууд байсан О.Т-ы Samsung A12 маркийн гар утсыг авч, 319.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-Насанд хүрээгүй хохирогч Б.С-ын “...Би сумын төв дээр нагац эгч болох С  гэрт амьдардаг бөгөөд манай аав, ээж хоёр хөдөө мал харж амьдардаг юм. 2025 оны 5 сарын 13-ны өдөр найз ах О.Т-ы гэрт очиж хонохоор 17 цагийн үед очсон. О.Т  ахтай цуг утсаараа тоглож байгаад 11 цаг /23 цаг/ өнгөрөөгөөд Т  ах бид хоёр унтсан. Би унтахдаа утсаа цэнэглэгчид залгаад авдар дээр тавьчхаад унтсан юм. Тэгтэл 2025 оны 5 сарын 14-ний буюу маргааш өглөө 09 цагийн үед Т  ах намайг сэрээгээд хоёулангийнх нь утас алга болчихсон байна шүү дээ гээд тэр хавиар нэлээн хайгаад бид хоёрын утас хоёулаа олдоогүй цэнэглэгчээс нь салгаад аваад явчихсан байсан. Мөн Т  ахын унтсан орон доогуур нь байсан Улаан шонхор нэршилтэй хайрцагтай тамхи алга болчихсон байсан. Тэгээд бид хоёр цагдаа дээр очиж мэдэгдсэн. ...Би тухайн утсыг 2024 оны 6 сард манай ах өгсөн. Samsung A 52 маркийн хар өнгийн кэйстэй, цагаан өнгийн 128 гб багтаамжтай ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй утас байсан. Тухайн утас нь намайг авах үед 400,000 төгрөгийн үнэлгээтэй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 07-08 дугаар тал),

-Насанд хүрээгүй хохирогч О.Т-ы “...Манай аав, ээж хоёр дүүгийн хамт Улаанбаатар хотод ажил хийдэг бөгөөд би ганцаараа Н  сумын төвд Дэрвэн ..............  тоотод амьдардаг юм. 2025 оны 5 сарын 13-ны өдөр манай найз дүү болох С манайд ирээд бид хоёр өдөржингөө утсаараа "Mobile legend" тоглож байгаад орой 00 цагийн үед унтахаар хэвтээд би баруун талын орон дээр С хойд талын орон дээр унтсан. Би унтахдаа гар утсаа өөрийн орны хажуу талд уртасгагч залгуур авчирч байгаад цэнэглээд унтсан юм. Тэгтэл маргааш өглөө нь буюу 2025 оны 5 сарын 14-ний өглөө 09 цагийн үед сэрээд утсаа хайтал байхгүй байсан. Тэгээд С сэрээгээд утсыг нь хайлгатал бас л олдохгүй байсан. Мөн миний унтсан орон доогуур байсан Улаан шонхор нэршилтэй хайрцагтай тамхи байхгүй болчихсон байсан. Тэгээд бид хоёр гэрийн гадуур болон дотуур баахан хайж байгаад бүр олдохгүй болохоор нь цагдаад хандсан... Би тухайн утсыг 2022 онд авч байсан хэдэн төгрөгөөр авснаа санахгүй байна. Миний утас урд талын шил нь цуурсан Samsung A12 маркийн хар өнгөтэй, кэйсгүй 32 гб багтаамжтай утас байсан дотор нь миний өөрийн дугаар буюу 88650912 дугаартай явж байсан... Тухайн үед манай гэр дотроосоо цоожгүй байсан боловч хаалга гажилттай тул онгойход их хэцүү байдаг юм. Тухайн өдөр манайхаар ирнэ гэж хэлсэн хүн байхгүй. Саарал Приус-20 маркийн машинтай манай гэрээр орж гардаг гэвэл нутгийн ах болох хөдөө байдаг Г.Г гэх ах манайхаар хааяадаа орж гардаг... Би тухайн Г ахыг сэжиглэж байна. Яагаад гэвэл миний утас алга болдог орой согтуу явж байна гэж хүнээс сонссон. Нэг удаа Г ах хэлэхдээ согтохоороо юу ч хамаагүй хийдэг гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дүгээр тал),

-Гэрч Ц.Л “...Би нөхөр хүүхдийн хамтаар Хэнтий аймгийн Н  сумын 3-р багт Уртын гол гэх газар мал маллан амьдардаг бөгөөд 2025 оны 5 сарын 13-ны өдөр манай нөхөр болох Г.Г нь О багийн төвийн хойно байх өөрийн адуунаасаа хүнд гүү барьж өгч зарахаар 17 цагийн үед гэрээсээ өөрийнхөө саарал өнгийн Приус-20 маркийн машиныг унаад явсан. Тэгээд орой ирэх байлгүй гэж бодоод хүлээгээд байж байтал ирэхгүй байхаар нь би унтаад өгсөн харин маргааш нь буюу 2025 оны 5 сарын 14-ний өглөө 08 цагийн үед гэртээ орж ирээд шууд унтаад өгсөн. Тэгтэл удалгүй 14 цагийн үед хүрч ирсэн тэгээд хоёр утасны талаар яриад байсан. ...Г аваад нуучихсан юм гэж хэлж байсан... Би тухайн утаснуудыг хараагүй... Өглөө ирэхдээ бол эрүүл байсан... Манай нөхөр тухайн үед өөрийн эзэмшлийн 56-59 БНН улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Приус-20 маркийн машинтай явж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар тал),

-Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 29 дүгээр тал),

-Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 30, 31 дүгээр тал),

-Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн дүгнэлт (хавтаст хэргийн 34-43 дугаар тал),

-Шүүгдэгч Г.Г-ийн яллагдагчаар өгсөн: “...Би 2025 оны 5 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Н  сумын төвд байх биллъяарданд хуурай ах Тулгаа, найз М нарын хамт байж байгаад шөнийн 01 цагийн үед биллъяард тоглоод гарч ирээд Т ы гэр рүү очсон юм. Намайг очих үед Т ы монгол гэрт Т , С хоёр унтаж байхаар нь би сэрээх гэтэл сэрэхгүй байхаар нь авдар дээр нь цэнэглэж байсан 2 гар утсыг аваад гарчихсан юм. Тухайн үед би ганцаараа байсан. Тэгээд би буудалд очиж хоночхоод өглөө нь хөдөө гэртээ очоод унтаж байтал цагдаа ирээд утасны талаар ярихаар нь би шөнө нь авсан 2 утсаа гаргаж өгсөн. Ийм л зүйл болсон... Би Т , Содоо нараар тоглох гээд л тухайн гар утсыг нь авчихсан юм. Худалдан борлуулах зорилго байгаагүй ба би тухайн утаснуудыг ашиглаагүй... Т , С хоёр надтай төрөл садны холбоогүй ба нэг нутгийн л хуурай ах дүү нар... 1 нь хар өнгийн кейстэй утас, нөгөө нь ягаан өнгөтэй кейсгүй дэлгэц нь хагархай утас байсан... Би Т ы гэрт очих үедээ хадам ээж болох Хосбаярын эзэмшлийн Приус-20 маркийн 56-59 БНН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан ба гар утсыг аваад мөн тухайн тээврийн хэрэглээ жолоодоод явсан... Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Буруу зүйл хийсэн гэдгээ ухаарч ойлгож байна хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар халдаж, хохирол, хор уршиг учруулсныг “Хулгайлах” гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тогтоожээ.

“Хулгайлах” гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжтэйгээр хуульчилжээ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ба үүнд хохирлын хэмжээ шаардахгүй юм.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Г.Г нь 2025 оны 5 дугаар сарын 13-наас 14-ний өдөрт шилжих шөнө Хэнтий аймгийн Н  сумын 4 дүгээр баг .................  тоотод орших О.Т-ы монгол гэрт буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж тухайн гэрийн авдар дээр байсан Б.С-ын Samsung A52 маркийн гар утас мөн баруун талын орны хажууд байсан О.Т-ы Samsung A12 маркийн гар утсыг авч, 319,000 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон тул түүнийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Г нь тухайн 2 гар утсыг нууцаар авч, өөрийн гэртээ аваачиж, захиран зарцуулах боломжийг бүрдүүлснээр түүний үйлдсэн гэмт хэрэг төгссөн гэж үзнэ.

Прокуророос шүүгдэгч Г.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэж гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчилсэн нь зөв, тохирчээ.

Шүүгдэгч Г.Г нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Г.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...гар утсыг минь буцааж өгсөн тул санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх нотариатаар батлуулсан хүсэлт (хавтаст хэргийн 99 дүгээр тал),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...алдсан утсыг минь буцааж өгсөн тул санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх нотариатаар батлуулсан хүсэлт (хавтаст хэргийн 100 дугаар тал) тус тус байх тул шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Г.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Улсын яллагчаас “шүүгдэгч Г.Г-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учруулсан хохирол, хохирогч нарын гар утсыг буцааж өгсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, тухайн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тус тус дурдуулах саналтай байна” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Миний үйлчлүүлэгч Г.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцсон тул ялын бодлогын талаар дүгнэлт хэлнэ. Хувийн байдал хохирол төлбөр барагдуулсан зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаас доогуур хорих ялаар шийтгэж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан.

Шүүгдэгч Г.Г нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг төлсөн, бусдад төлөх хохирол, хор уршиггүй, үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авч шүүгдэгч Г.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтов.

 

Бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Г 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               А.МӨНХСАЙХАН